-Би хайртай бүсгүйдээ лаг болж харагдах гээд хүнтэй уралдаж 28 мантуун бууз нэг дор идэж байсан юм байна. Дахиад цаана нь 3-ыг идэх зай байсан боловч сургуулийн цайны газрын мантуун бууз дуусчихсан л даа. :) /26 настай Э/
-Би 4 сар уулзаагүй найз залуутайгаа уулзахдаа хамаг мөнгөө шавхаад 10-аад шинэ дотоожнууд авч байсан. Өөрт зөндөө байсаар байхад заавал шинийг авна гэж зүтгээд Victoria's secret-д 120$-оор хөрөнгө оруулсан юм даа. //
-Би нэг залууд дурлачихаад анхаарлыг нь татахын тулд гутлынхаа өсгийг цементэнд цохиод албаар хугалж байсан. Ямар ч байсан догонцоод явж байгаа над дээр ирээд тэр "Танд туслах уу?" гэж асуусан л юм даа. /24 настай Ө/
-Миний хайрынхаа төлөө хийсэн хамгийн тэнэг зүйл бол Улаанбаатараас Дархан луу нүүсэн явдал. Дарханы хөөрхөн охинд дурлачихаад тийшээ л нүүхгүй бол уулзаж чадахгүй юм шиг санагдаад шууд л тэнд амьдрах ч газаргүй мөртлөө хамаг юмаа аваад нүүж байсан. Гэхдээ одоо бид хоёр хамтдаа сайхан амьдарч байгаа шүү. /27 настай Г/
-Би нэг залууд таалагдах гээд албаар РОК стильтэй болж байсан.Үсээ хараар будаж тайруулаад, хумс уруул хоёроо хөхөөр будаж, араг ясны зурагтай футболк өмсөөд л. Тэгээд тамхи татдаггүй мөртлөө хажууд нь тамхи татдаг юм шиг жүжиглэх гэж зовсон шүү. Бүр хэлээ цоолж байсан гээд л бодчих. Тэрэнд тийм л охин таалагддаг байх гэж бодсон юм. Гэтэл тэр надад "Чиний өмнөх байдал чинь надад таалагддаг байсан" гэж хэлэхээр нь буцаад хэвэндээ орсон. /20 настай Ө/
-Би эмэгтэй мөртлөө хайртай залуугаа харах гээд КАРАТЕ-ны дугуйланд элсэж байсан. Одоо ч шаггүй тулалддаг болсон шүү. /24 настай У/
-Би жаахандаа байрныхаа ахад сайн болчихсон юм. Царайг нь хармаар байхад тагтан дээрээ гарч ирэхгүй болохоор нь "Ганаа, ганаа" гэж чангаар дуудчихаад нуугдаж байсан. Бас хэд хэдэнд удаа хонхыг нь дарчихаад зугтаж байсан. Яагаад юм бүү мэд. /25 настай Г/
-Би нэг бүсгүйд анхны харцаар дурлачихсан юм. Гэвч би түүний нэр, сурдаг их сургуулиас нь өөр юуг нь ч мэдэж амжаагүй болохоор бүтэн долоо хоног сургуулийнх нь бүх ангийн багш нартай уулзаж, учирлаад бүгдэнгийнх нь нэрсийн жагсаалтаас хайсан. Аз болж тэр минь ховор нэртэй байсан учир олсон юм даа. /23 настай Х/
-Би хуучин нөхөртэйгөө үүрд амьдарна гэж боддог байсан учраас нуруун дээрээ түүний нэрийг шивүүлсэн. Нуруугаа харах болгонд дурсамж минь сэдэрдэг шүү. /28 настай Н/
-Юу ч хийж чадаагүй, зүгээр л хүлээгээд байсан минь хамгийн тэнэг үйлдэл юм уу даа. /22 настай Э/
Харин уншигч таны хайрынхаа төлөө хийсэн хамгийн тэнэг зүйл юу вэ? Бидэнтэй хуваалцаарай.