Хорин хэдэн нас хүртлээ би хөгшин хүмүүс яагаад тийм зөрүүд, мэдэмхий байдгийн учрыг эрээд олдоггүй байлаа. Хорвоод маш олон янзын амьдралын хэлбэр, үй түмэн боломж байхад яагаад хөгшид өөрийнхөө мэдэж байгаа мэдлэгийн хүрээнд багтаж амьдралыг шийдэх гэдэг, дээрээс нь тэрийгээ бусдад тулгадгийг ойлгохын аргагүй байв. Гэтэл одоо жаахан мэдэж авч байх шиг байна. Ерөнхийдөө хоёр дахь амьдралын эхэн үе гэж хэлж болох гуч гэдэг насанд хүрээд харахад нас тогтсон хүмүүсийн хэлдгээр амьдрал гэдэг “хүн мэдэж ядах юмгүй” гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болдог юм байна.
Бага байхдаа хавийн хүмүүсийг уурыг бардаг байсан навсгар найз маань том болоод ч өөрчлөгдсөн юмгүй амьдарч байдаг. Хөршийн айлын авгайн урт гарт нөхөр арван жилийн дараа ч гэсэн засрал хүмүүжлээ олоогүй байдаг. Зөвхөн үүгээр зогсоно гэж үү. Найзын маань явдалтай амраг нь аанай л хүүхэмсүү нэгэн байж, хийсэн юмгүй мөртлөө гадна талдаа хэлбэрдээд байдаг байсан найз маань урьдын л адил дорвитой хийсэн бүтээсэн зүйлгүй бахь байдгаараа амьдарч байдаг нь амьдралын үнэн билээ. Бага байхдаа сурлагаар тааруу байсан найз маань Эдиссон юм уу Эйнштейн шиг хожуу үеийн ухаантан болж нэр алдраа дуурсгаж байгааг харах юм уу, хүн гэж хэлэхэд хэцүү байсан ангийн анд минь хожим хойно ухаан сууж том бизнесмен болж амжилтанд хүрсэн ч юм уу, үерхэж байгаа залуугийн сэжигтэй үйлдлүүд нь дараа нь мэдэхнээ санамсаргүй явдлууд давхацсан олон ангит кинотой ижил зүйл байсан гэх мэт 180 градус эргэсэн зүйлтэй бодит амьдрал дээр тааралдах нь тун ховор.
Таамаглаж байснаас өөр нөхцөл байдал үүсч байдаг нь амьдралын жам боловч ямар зүйлд бооцоо тавих нь ашигтай болохыг цаадуул чинь мэдэж байдаг. Ээдрээтэй хорвоод амьдрахдаа бага зэрэг туйлширсан үзэл бодолдоо хөтлөгдөж түргэн шуурхай шийд гаргах нь нэг талаас үр дүнтэй ч байж мэднэ.
Олон хүмүүс мэдээжийн амьдралаар амьдарч байгаа нь тэр хэмжээгээрээ өөрт ногдсон амьдралын өгөгдлийг давж гарч , сөрж явах хэцүү гэдгийг илтгэнэ. Өдөр тутмын амьдралдаа сэтгэл хангалуун биш, өнөө маргаашаа чадан ядан өнгөрөөж амьдардаг хүмүүс бүх зүйл үндсээрээ өөрчлөгдөж байгаа олон ангит киногоор дамжуулж сэтгэлээ тайтгаруулдаг. Гэвч хүмүүс олон ангит киног үзэж сэтгэлийнхээ гүнд найддаг шиг амьдралын эргэлт тийм ч амар ирдэггүй юм.
Би өөрөө л амьдралдаа эргэлт хийх ёстой
Б охин дунд сургуульд байхдаа л эцэг эхдээ ахлах сургуульд тэнцэж орж чадахгүй байх гэж бодогдтол хичээл номондоо муу байсан бөгөөд тэд нь энэ талаар найдлага тавихаа больсон байжээ.
10 жилийн боловсрол олгодог мэргэжлийн сургуульд орсныхоо дараа ч тэрээр хичээл номондоо анхаарлаа төвлөрүүлдэггүй, урсгалаар явсаар байв. Шинэ гар утас авахын тулд Түргэн хоолны газарт цагийн ажил хийж байсан Б нэг өдөр өөрөөс нь 3 насаар эгч, их сургуульд сурдаг хамаатны эгчийнх нь долоо хоногт 2-хон удаа айлын хүүхдэд хичээл заагаад авдаг мөнгө нь өөрийнх нь бүтэн сар ажиллаж авдаг цалингаас их болохыг мэдээд хүнд цохилтонд орлоо. Тэр үед л Б одооноос эхэлж сурлагандаа шамдахгүй бол 3 жилийн дараа ч гэсэн одоогийнхтойгоо адил хэдэн сар ажил хийж байж арай гэж нэг гар утас худалдаж авч чадахтай үгүйтэй амьдрах юм байна гэдгийг ухаарлаа.
Эхэндээ амаргүй байсан ч тэр цагаас эхлээд Б хичээл ном гэдгийг харин ч нэг хийж эхэлжээ. Сурлагаар хоцорсон хүүхдүүд ордог мэргэжлийн сургуульд явж байсан ч гэсэн тэрээр шидэт саваагаар саваадуулсан мэт хичээл номондоо шамдаж байсан бөгөөд түүнийг хүмүүс ингэж байгаад болино биз гэж бодож байлаа. Гэтэл 2 жилийн дараа Б охин тэр сургуулийн түүхэнд анх удаагаа улсын ноймер нэг их сургуульд элсэлтийн шалгалт өгөх эрх авахад түүний талаарх хүмүүсийн үнэлэлт дүгнэлт өөрчлөгдлөө.
Хэдийгээр элсэлтийн шалгалтын оноо дутаж эцсийн шалгаруулалтаар уг сургуульд орж чадаагүй ч гэсэн амьдралдаа туйлын эргэлтийг хийж чадсан өөртөө итгэх итгэл нь түүнд өмнөхөөс нь өөр амьдралыг бэлэглэлээ.
Дараа нь өөр дунд зэргийн сургуульд орж суралцсан тэрээр өөртөө ахин нэг шинэ зорилго бий болгов. Ажил үйлс нь өөдрөг яваа нэг том корпорацид ажилд орохыг шунах болсон тэрээр арай даруухан газар сонго гэж гэж хэлж байсан эргэн тойрныхоо хүмүүсийн зөвлөгөөг ч үл хайхран нааш цааш гүйж тэр компанийн шаардаж байгаа тусгай зөвшөөрөл, үнэмлэхийг авчээ. Нэмэлт хичээл дээрээ маркетингийн талаар судалж, мэргэжлийн үнэмлэх авч, англи хэлээ ч сайжруулсан тэрээр эцэст нь ноймер нэг их сургууль төгсөөгүй л бол анкет ч хүлээж авдаггүй гэх тэр корпорацид ажилд орох тал дээр ялалт байгуулж чадсан юм.
Одоо чадварлаг залуу боловсон хүчин болж зав чөлөөгүй амьдарч байгаа тэрний дүр төрхөөс хичнээн хичээгээд арван зургаатай залхуу охины дүр төрхийг олж харахгүй биз ээ.
Яг одоо ирээдүйг тань зөгнөн хэлж байгаа эргэн тойрны хүмүүсийнхээ илэн далангүй харц, үг үнэн эсэхийг шалгаад үз.
“Би арван жилийн дараа ямар амьдарч байх бол?”
Магадгүй хорин настай эмэгтэй танд хүмүүсийн зөгнөж байгаа ирээдүй өөрийн чинь бодож байгаатай харьцуулахад хамаагүй эгэл жирийн өрөвдөлтэй болохыг мэдэж авах байх. Гэлээ гээд эргэн тойрны хүмүүстээ гомдох хэрэггүй. Тэд өнөөг хүртэл өөрсдийг нь ямар нэгэн онц гойд зүйлгүй, байдаг л нэг амьдралын зам руу газарчилж өгсөн тэр л туршлагаараа таны ирээдүйг дүгнэж байгаагаас өөр зүйл байхгүй. Бас огцом эргэлт л гарахгүй бол бодитоор та ийм үнэлгээний ойр хавиас нэг их холдож чадахгүй, “мэдэж ядах юмгүй” ирээдүйд амьдрах нь гарцаагүй бөгөөд нас ахих тусам аажим аажмаар ингэж амьдрах ч бас л муугүй юм байна гэж боддог болох вий.
Анхнаасаа бүх авъяас чадвар, чиг хандлага нь эзнийгээ амжилт руу хөтөлж явахаар зохион байгуулагдсан хүний хувьд бол хувь заяаныхаа дагуу амьдарсан ч гэсэн нилээд дажгүй амьдралаар амьдрах магадлал өндөр байдаг. Гэхдээ ийм хүмүүст хүртэл ямар нэгэн салбарыг гартаа атгасан хүн болъё гэвэл зайлшгүй хийх ёстой зүйл байдаг бөгөөд тэр бол хэдэн хормын өмнө хэлсэн “эргэлт гаргах” явдал юм.
Хорин нас бол амьдралдаа эргэлт гаргахын тулд эргэн тойрны зайгаа томсгох хамгийн боломжтой нас байдаг. Үйл хөдлөлийнхөө талбайн хэмжээг, сонголтынхоо хүрээг хүссэнээрээ томсгох боломжтой, ингэснээрээ хариуцлага гэдэг юм хамгийн бага бууж ирэх нас. Нийгмийн зүгээс дээд зэргийн эрч хүч болон чадвар шаарддаг нас болох гучаад насны амьдралын эргэлт нь ерөнхийдөө хориод насны хичээл зүтгэл дээр суурилсан байдаг юм.
Хорь, гучтай залуу байхдаа хүмүүсийн дүгнэж байсан дүгнэлтийг эвдэж бүтээн байгуулсан амжилт, хуримтлуулсан туршлага гэдэг бол нэг насны амьдралын тань дурсамж, өөртөө итгэх итгэлийн үндэс суурь болж өгдөг. Амжилтанд хүрсэн ихэнх хүмүүс ингэж мэдэж ядах юмгүй амьдралдаа эргэлт гаргаж чадсан хүмүүс билээ.
Төрөлхийн дуу хоолой нь гоё биш учраас нэвтрүүлэгч болж чадахгүй гэгдэж байсан эмэгтэй телевизийн мэдээний ерөнхий нэвтрүүлэгч хүртэл болж, сурсан мэдсэн юмгүй учраас хир таарсан цайны газар ажиллуул гэж хэлэгдэж байсан гэрийн авгай компани байгуулж СЕО болж байсан түүхийг мэдэх үү. Төрөлхийн нэрэлхүү зантай учраас ганц оймс ч зарж чадахгүй дээ гэж хэлэгдэж байсан охин автомашины шилдэг борлуулагч болсон түүх ч байдаг.
Хорвоогийн хүмүүсийн тогтсон үзлийн дагуу мэдээжийн замаар явах магадлал 97 хувьтай, амьдралдаа эргэлт хийсэн хүн 3 хувьтай байдаг. Ухаан саруул, эрхтэн бүтэн хорин настан та ч гэсэн үүнийг хангалттай хийж дөнгөнө. Эргэлт гарч байгаа нь харагддаггүй кино залхуутай байдаг шиг эргэлт хийгдэхгүй байгаа амьдрал сохирхолгүй байдаг. Танд үнэхээр амьдрахыг хүсч байгаа амьдрал байдаг бол хүмүүсийн мэдээжийн дүгнэлтэнд сэтгэлээ шархлуулалгүй сэмхэн эргэлт хийхэд бэлд. Гэхдээ бодит байдлаас бүр тасарч болохгүй. Зохиолч болно гээд гэнэт зүв зүгээр байсан ажлаасаа гарч гэртээ үзэг барин суух зэрэг алдаа гаргаж болохгүй гэсэн үг. Амьдралын эрсдэл эргэлтийг заавал шаарддаг боловч, зорилго нь л эрсдэл дагуулсан байж болохоос биш түүнд хүрэх арга нь эрсдэлтэй байж болохгүй.
“Гэнэт нэг өдөр” сүргийг манлайлж эхэлсэн бүх хүмүүс үнэн хэрэг дээрээ аажим аажмаар, удлаан хугацааны туршид эргэлтэнд бэлдэж, хувь заяагаа сөрж явж чадсан хүмүүс гэдгийг битгий март.