2011/01/04

Их зан эзэндээ садаа

"Мөсөн хатагтай" байхаа больж хайлагтун. Та хэний ч хүрэхийн аргагүй өндөрт ургасан цэцгээр өөрийгөө төсөөлдөг бол, танд хэн ч хүрч чадахгүй байсаар хагдарна. Хөөрхийлөлтэй биш байна гэж үү?
Image hosting by IMGBoot.com

"Эмэгтэй хүн чинь наанаа түлхээд байгаа юм шиг мөртлөө, цаагуураа өөр лүүгээ татасхийгээд байвал л эр хүний сонирхлыг өдөөдөг юм". Намайг 15 настай байхад ах минь эмэгтэй хүний дурлалын №1 дүрмийг ингэж айлдаж билээ.
Гэтэл бид хааяа татах гэхээр ИХ ЗАН зуураад, түлхсээр байгаад л өөрөөсөө бүрмөсөн холдуулчихдаг. Мэдээж эмэгтэй хүнд цензур байх ёстой. Гэвч бид их зангаасаа болоод өөрийн цензуртээ таарахаар хүн байсан ч тоохгүй байгаа царай гаргадаг. Эсвэл хүмүүсийг өөрийн хэр хэмжээг харуулах боломж олголгүй шууд л хөлнийх нь урдуур "халдашгүй хэрэм" босгочихдог.
Тэгэхээр өөрийгөө үнэлэх үнэлэмж, их зан хоёрыг ялгах хэрэгтэй бололтой.
Өөрийгөө хүндэлдэг эмэгтэй бусдын сэтгэлийг ч бас хүндэлдэг. Мөн бусдад боломж олгож өөрийгөө нээлттэй байлгаж чаддаг. Хүн бүрт чин сэтгэлээсээ эелдэг ханддаг ч, онцгой нэгэнтэй нь илүү дотносож чаддаг, эрчүүдийн хооронд зааг ялгаатай харьцаж чаддаг эмэгтэй юм.
Харин дэмий их зантэй эмэгтэй бол сайн ч, муу ч ялгаагүй бүгдэд нь хаалт тавьчихдаг. Төгс эр таарвал дотносч яагаад болохгүй гэж хэмээн боддог ч тийм хүн таарсан ч олж харахгүй гэдгээ мэддэггүй. Гайхалтай сайхан хайртай учрах тухай мөрөөддөг. Гэвч тэд хайр гэдэг зүгээр сууж байхад хүрээд ирдэггүй, тодорхой хэмжээгээр өгч байж эргүүлж амсдаг зүйл гэдгийг төдийлөн мэддэгүй мэт. Үүгээрээ нүд нь боолттой хүнтэй төстэй. Жинхэнэ хайр нь ирээд боолтыг нь тайлж өгөхийг хүлээдэг.

Тэгсэн хэрнээ өөрөөсөө дулимаг гэж боддог байсан танил эмэгтэй нь мөрөөдлийнх нь эртэй гэрлэснийг хараад гайхшаа бардаг. Үнэндээ танилтай нь гэрлэсэн учраас л тэр эрийг анзаарч харсан болохос өөр дээр нь хүрч ирсэн бол бас л үг дуугүй түлхэж орхих байсан биз.

Бидний дотоод гүн дэх мөн чанар их зантай үргэлж зөрчилддөг аж. "Намайг хүмүүс юу гэж бодох бол? Би энэ хүнтэй цуг явбал хүмүүст ямар харагдах бол?" гэдэгт хэт их санаа зовсноос сонголтоо өөрийн хүслээр биш, бусдын нүдээр хийх нь бий. Энэ үед үнэндээ сэтгэл зүрхээ сонсохоос илүү, их зан минь бидний сонголтод нөлөөлдөг. Үнэхээр сэтгэл татагдаад байсан ч "Би ийм хүнтэй дотносоод байхдаа яадаг юм. Надад хавьгүй дээр залуус олдоно" гэж бодоод л хамраа сөхөж эхлэнэ дээ.

Эхэндээ их зангаас болоод хүлээж авахгүй байсан байдал нь сүүлдээ эр хүнтэй дотносох талаар бодохоо ч болиход хүргэдэг. Үнэхээр олон залуусыг хойноосоо "гүйлгээд" л байх нь таатай санагддаг байж болох л юм. Гэвч хэрэв үгүй бол, та чин сэтгэлийн сайхан харилцааг хүсч байгаа л бол өөрчлөлт хийх хэрэгтэй.
Хүнд боломж олгож сурах нь дэмий их зангаа сөнөөхийн нэг том шат юм. Ирсэн хүн бүрт биш харин цаанаасаа таныг ямар нэг юмаараа эрхгүй татаад байгаа хүмүүсийн сэтгэл рүү жаахан ч атугай өнгийгөөд үзээрэй . Их зан эзэндээ садаа...
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино