Шийдвэрлэх мөчид замхарч оддог эмэгтэйчүүд
Research компанид ажилладаг нэг танил маань өөрөө ч гэсэн цагтаа оюутан байсан мөртлөө үе үе эмэгтэй оюутнуудыг ойлгох арга алга гэдэг юм. Эмэгтэй оюутнуудаар цагийн ажил хийлгээд харж байхад тэд ихэнхдээ үнэнч, хичээл зүтгэлтэй ажилладаг ч гэсэн хааяа ойлгохын аргагүй байдал гаргаж түүнийг бухимдуулдаг гэнэ.
Тэр бүсгүйн хийдэг ажил нь гадны компаниас захиалга авч судалгаа хийх бөгөөд судалгаанд оролцох хүмүүсийг цуглуулж ярилцлага хийж бүтээгдэхүүний талаарх санал бодлыг нь цуглуулах ажил байлаа. Нэг удаа ярилцлагатай өдөр оролцох хүмүүс рүү утасдаж урьдчилан баталгаажуулахад нэг эмэгтэй оюутантай холбогдож чадахгүй байсан гэнэ. Албаар утсаа авахгүй байгаа мэт санагджээ. Хэд хэд залгасны эцэст арай гэж нэг юм холбогдоход өнөөх оюутан "Яг энэ цагт би тасалж болохгүй чухал хичээлтэй л дээ. Гэлээ ч би ярилцлагандаа ормоор байна. Гэтэл манай ангийнхан энэ удаагийн хичээлийг тасалж болохгүй гээд байна. Би яах вэ?"
Хариуд нь танил эмэгтэй маань агшин зуур ингэж хашгирахыг хүссэн гэдэг. "Тэгээд надаар яалгах гээд байгаа юм бэ?"
Үнэндээ хүмүүс сонголт хийхээс залхуурдаг. Энэ нөхцөл байдалд цагийн ажилдаа очих уу, хичээлдээ суух уу гэдгээ хурдхан шийдчихээд эрүү шүүлтнээс бушуухан ангижирч хийсэн сонголтынхоо хариуцлагыг нь үүрээд явах нь наад захын асуудал шүү дээ. Research компанийн ажилтанг ч бодсон ирэхгүй бол оронд нь оролцох гээд хүлээгээд байгаа хүнийг бодсон ч тэр. Гэтэл эмэгтэйчүүд хааяа үүн шиг яах гээд байгаа нь мэдэгдэхгүй, сонголтоо хойшлуулсаар байгаад бусад хүмүүсийг ч гэсэн хохироож орхидог. Эрчүүд эмэгтэйчүүдээс млүү юм бодох дургүй байдаг ч гэсэн, сонголт хийх агшинд шийд гаргах нь хурдан учраас иймэрхүү байдлаар бусдыг хөлдөө чирдэггүй.
Бүх эмэгтэйчүүд биш ч олонх нь ямар нэг сонголттой тулгарахаараа айж бэргэсээр байгаад байдлыг улам сунжруулж орхидог нь үнэн.
Бодох хугацаа хэрэгтэй байсан болохоор тэгсэн гэж хэлдэг ч гэсэн ийм эмэгтэйчүүд эцэст нь зөв сонголтоо хийж чадахгүй тэгс ингэс хийгээд урсгалын дагуу хөвж явах гэдэг.
Ямар ч л байсан миний буруу биш!
А бол нэг жилийн турш "хайраасаа болж шаналж байгаа гэмгүй нэгэн бүсгүй" билээ. Одоогийн найзалж байгаа залуу нь урьд үерхэж байсан охинтойгоо харилцаагаа таслахгүй үргэлж л ямар нэг асуудал гаргаж байдаг билээ. Нэг сарын өмнө бүр ноцтой хэрэг гарч тэр хоёр шөнө хамт байсан нь ил болоход А тэр залуугаасаа сална хэмээн шүд зуун амлалт өглөө. Гэтэл хэдэн өдрийн хойно найз залуутайгаа буцаад л эвлэрчихэв.
Тэгээд найзууддаа "Тэр маань хэлж байна. Тэр шөнө нөгөө охинтойгоо юу ч болоогүй гэнэ ээ. Надад хайртай гэдгээ хэлж шөнөжин тэр охиноос өөрийгөө мартахыг гуйсан гэнэ. Тэгээд цаашид ийм алдаа гаргахгүй гэж хэлсэн. Тэгж их царайчлаад байхад нь би яах юм бэ?" гэж үнэхээр өөр ямар ч арга байгаагүй мэт тайлбарлалаа.
Нэг сарын дараа найзынх нь болзоот залуу урьднын найз охиноо мартаж чадахгүй нь гэж салах тухай мэдэгдэл хийж эцэст нь тэр хоёр бүр салчихлаа. А дахиад л "Би ямар буруутай болоод ингэж байгаа юм бэ? Би ямар гэм хийсэн юм бэ? Би ямар ч буруугүй шүү дээ" гэж найзууддаа уйлагналаа.
Өнгөцхөн харахад А ямар ч буруугүй мэт харагдаж байгаа ч тэр найз залуугийнхаа үнэнч бус байдлыг мэдсэн үедээ өмнө байгаа асуудлаа өөрөө биш эсрэг талын хүнээр шийдвэрлүүлж том алдаа гаргасан. Уучлах уу, салах уу гэсэн бодохоос ч аймшигтай хоёр сонголтын зам дээр зогсохдоо өөртөө амарыг нь, хууртагдсан сэтгэлийг нь тайвшруулах "уучлах" гэдэг сонголтыг хийсэн. Тийм учраас сэтгэлийн мухарт эргэлзээ байсаар байхад нөгөө хүндээ итгэхээр шийдсэн билээ. Шийд гаргах эрхээ дайсандаа өгдөг командлагч цаазын ял авах ёстой. Гэтэл амьдралынхаа жолоодогч болох би гэдэг хүн шийд гаргах эрхээ эсрэг талын хүндээ өгсөн нь яагаад гэм буруу биш гэж.
Эмэгтэйчүүд сонголт хийхийг шаарддаг нөхцөл байдлаас зугтаахын тулд өөрийгөө яаж ч золиослоход бэлэн байдгийг нь харахад гайхмаар. Гэвч тэглээ гээд ашиг нь юу юм бэ? Эцсийн үр дүн, зовлон шаналал нь тэр бүсгүйн хувь заяа болоод л үлдэж байна шүү дээ. Нас тогтсон хэдий ч намбагүй үнэ хүндгүй хүн гэж байдаг ба тэдний нийтлэг чанар бол сонголтоо өөрөө хйидэггүй, өөрөө юманд хариуцлага хүлээдэггүйд байгаа юм. Ийм хүмүүст амьдралын явцад буруудаж, гажсан зүйл бүгд бусыдн буруугаас болсон байдаг. Амьдралын бүх зүйлүүд би өөрөө сонгохоос нааш дэргэд ирдэггүй гэдгийг хатуу санаж явцгаая.