Баярын өглөө цаанаа л нэг ид шидээр дүүрэн эхэлж байх шиг санагдсан юм. Эргэн тойрноо хартал шигтгээ адил цан хүүрэг ч ганцаараа гялалзсан юм биш, өөр олон юм гэрэлтэж байгааг анзаарлаа. Ногоон гацуурын солонгон чимэглэл, нимгэн хөшиг нэвтлэн өрөөг гийгүүлэх нарны туяа гээд л...Тэр дундаас өнгөрөгч оныхоо өөрт бэлэглэсэн аз жаргалд талархаж, басхүү ирэх онд түүнээс ч олон сюрприз, баяр баясгаланг амьдралаас амсана гэх итгэл дүүрэн хүмүүсийн инээмсэглэл хамгаас илүү цацарч байв.
Тийм ээ, амьдрал яахын аргагүй гайхалтай, гэнэтийн бэлэгнүүдээр дүүрэн байдгийг бид мэднэ. 2010 оны надад өгсөн хамгийн том бэлэг бол интернетийн цонхыг нээгээд санан санан байж zayaz.net гэсэн хаягийг бичдэг уншигч ТА НАР минь билээ.
Тиймээс ч өөртөө хүсдэг бүх сайн сайхныг эрхэм бүсгүй танд чин сэтгэлээсээ ерөөе. Та бүх гоморхол, гуниг, атаархал, сэтгэлийн шархаа хуучин онтойгоо хамт үдээд, 2011 оныг цоо шинэ хуудсаар эхлүүлээрэй. Тэр хуудсан дээр өмнө нь хувь тавилангаа "сийрүүлдэг" байсан хуучин үзгээрээ биш, цоо шинэ үзгээр эхний үсгээ тавиарай. Алдаа болгон амжилтыг, уналт бүр сэргэлтийг зөгнөдөг юм шүү. Хамтдаа олон олон шинэ онуудыг угтана гэдэгт итгэж байна танд.
Он солигдох мөчид энэ хорвоогийн хамгийн сайхан хувь тохиол таны алган дээр буух болно. Шинэ оны мэнд хүргэе!
Ухаалаг бүсгүй таныг хүндэтгэсэн Заяаз