***
/6 сарын өмнө/
Бүх юмыг нь цав цагаанаар тохижуулсан өрөөнд өөд өөдөөсөө харан суусан хижээл насны эр, залуухан бүсгүй хоёрын хувцас хэтэрхий тод, эрээн мяраан болж үзэгдэнэ.
-Авахуулахад хэтэрхий оройтсоон. Аль хэдийн 2 сар өнгөрчихсөн.
-Чи тэгээд энийгээ мэдсэн юм бол эртнээс авахуулж байхгүй яасан юм?
-Миний анхны хүүхэд шүү дээ. Таны ч гэсэн мах цусны тасархай.
Хижээл насны эр хүндээр санаа алдаад, салгалсан гараар тамхи асааж татав.
-Ямартай ч би наад хүүхдэд чинь хамаагүй гэж ойлго.
Энэ үгэнд цочирдсон бүсгүйн уруул нь яах ийхийн зуургүй өмөлзөөд ирэв. Амнаасаа утаа баагиулан суух эр одоо л тайвшрав бололтой, харцаа төв болгож байгаад пиджакныхаа дотор халааснаас шинэхэн дансны дэвтэр гаргаж ирэв.
-Чиний нэр дээр нээгээд дотор нь хэдэн саяыг эхний ээлжинд хийчихсэн байгаа. Би хойшид жилд нэг удаа энэ данс руу чинь мөнгө шилжүүлж байх болно. Сар болгон гэвэл элдэв хэл аманд орооцолдож магадгүй. Хэрэг болох юм байвал хэлнэ биз. Бас продакшнтай гэрээгээ цуцлаарай. Надтай ойр байсны хэрэггүй.
-Та яаж ингэж чадаж байна аа? Би ямар таны хүүхдийг мөнгөөр төрүүлж өгч байгаа юм уу? Та анхнаасаа намайг яах гэж өвөртөө оруулсан юм?
-Хөөе хөөе. Би харин ч чамд зөөлөн хандаж байна шүү. Яс юман дээрээ чамайг хэн ингэж харж үзэх юм. Чи өөрөө ч гэсэн дуртай л байсан биз дээ. Би ч жаргасан, чи ч алдарт хүрсэн. Одоо болоо юм биш үү? гэж хэлээд түүнийг хаалгаар гарах гэтэл бүсгүй -Хүлээж бай л даа хэмээн чангаар орилов.
-Би хүүхдийнхээ эцгийг тэгээд хэн гэж хэлэх болж байна? Эцэггүй хүүхэд төрүүлснийг хүмүүс мэдвэл миний карьер навс унана ш дээ. Та намайг хоолноос минь салгах гээ юу?
-Хүүхдийн чинь эцэг болоод тоглочихмор хөөрхөн авъяастай хүүхдүүд цаагуур чинь өчнөөн байгаа ш дээ. Чамд би мөнгийг нь өглөө, алдар нэрийг нь өглөө. Үлдсэнийг нь өөрөө зохицуул. Бас наад хүүхдээрээ түрий барьж манай гэрийг үймүүлэх гэсний хэрэг байхгүй шүү. Чи бид хоёрын хэн нь илүү эрх мэдэлтэйг санана биз?
Бүсгүйд хэлэх үг үлдсэнгүй. Ирээдүйн зам нь хов хоосон харагдаж байв. Өөрийгөө л зүхэхээс яахав. Хийсэн үйлийн үрээ үүрэхээс яахав. Цав цагаан өрөөг одоо ганцхан л өнгө булингартуулж байх шиг. Хуурамч алдар нэрийн хувхай зүс.
***
-Саруул эгчээ баярлалаа. Ёстой гоё ярилцлага боллоо. Дүү нь одоо өөр нэг сурвалжлагатай болохоор түрүүлээд явлаа.
-За за пока гээд дуучин бүсгүйг үсээ илбэхэд нь сэтгүүлч гэнэт санав бололтой гарыг нь барьж аваад
-Өө нээрээ. Таны бөгжний талаар асуухаа мартчихаж. Очир алмаз гэсэн ш дээ тэ. Та сэтгүүлийн нүүрний зурган дээр аль болох бөгжтэй гараа урдаа бариарай. Окэй.
-Хуурай дүү захиж байхад биелүүлэхээс яахав гээд тэр цовоо нь аргагүй инээлээ.
-За баярлалаа найдлаа шүү. Дараа уулзъя.
***
Алтлаг өнгийн туузаар гоёмсог чимэглэсэн уутан дотор "Мянганы эмэгтэйчүүд" сэтгүүлийн шинэхэн дугаарыг хийн тавьсан байлаа. Саруул угаалгын өрөөнөөс дутуу зангидсан халаадаа нэг гараараа барьсаар гарч ирээд, зөөлөн сэвсгэр буйдан дээр тухлан суулаа. Тэгээд өнөөх сэтгүүлийг уутнаас нь гарган нүүр хуудсыг анхааралтай харав.
Өөдөөс нь цүндгэр хэвлийгээ ядам хуруундаа бөгжтэй зүүн гараараа илэн хажуулдаж зогссон царайлаг залуу бүсгүй ширтэж байлаа. Шүдээ гарган ялдамхан нь аргагүй инээмсэглэжээ. Зурагны доор "Очир алмазын "гялбаа"-гаар инээмсэглэл гар хоёроо чимсэн бүсгүй А.Саруул" хэмээн гарчигласан байв. Түүнд таалагдав. Яахын аргагүй энэ зургийг бөгж, инээмсэглэл хоёр нь тодруулсан байв.
Түүний бөгжний шигтгээг бөөрөнхийлөөд сум заан "жинхэнэ очир алмаз гэнэ" гэсэн үгээр хачирлажээ.
Саруул амандаа "Харин инээмсэглэл нь жинхэнэ билүү?" хэмээн бувтнав. Зургаа дахиад нэг хартал харц нь хичнээн гунигтай байгааг олж харав. Тэр зүгээр л амныхаа урд талд "инээдэг баг" барьжээ. Хуурамч...бүгд хуурамч ш дээ гээд тэр нүүр хуудаснаас өөрийнхөө инээмсэглэл дээр үзгээр урвайсан уруул зураадахлаа.
-Одоо л хамаагүй жинхэнэ харагдаж байх чинь хэмээн тэр зангирсан хоолойгоор чанга чанга инээснээ эхэр татан уйллаа.
Гунигтай харц, гунигтай инээмсэглэл, хэвлийн дэх үрийн гунигтай хувь заяа... түүнийг илсэн гаран дахь хуримын бөгжний жинхэнэ очир алмаз. Тэр ч бас мөн чанартаа хуурамч байх...
2011.01.09