Эхэллээ шүү гэж хэлээд залуухан сэтгүүлч бүсгүй сонгодог загварын бор ширээн дээрх дуу хураагуурынхаа товчлуурыг дарав.
-Урьд нь олны танил дуучин Саруултай ярилцдаг байсан бол өнөөдөр бас удахгүй нярайлах гэж байгаа бие давхар Саруул бүсгүйтэй ярилцах гэж байна. Төрөхөөс өмнөх бэлтгэл хэр байна даа?
-Дажгүй шүү. Нөхөр маань бүх бэлтгэлийг аль хэдийн хангачихсан. Хангай шиг түшигтэй хань маань байгаа болохоор юунд ч санаа зовохгүй тайван, тааваараа байж чадаж байна.
-Нөхөр гэснээс та одоогоос 5 сарын өмнө загвар өмсөгч Хашчулуутай гэрлэж нилээдгүй шуугиан тарьж байсан. Энэ хугацаан дахь шинэ залуу гэр бүлийн амьдрал хэр байв?
-Хоёр биедээ хайртай хосудуын жишгээр л амьдарч байна даа. Одоо л шинэ гэр бүлдээ бүрэн утгаараа уусч эхлэж байх шиг. Нөхрөө орой шоуныхаа бэлтгэл зураг авалтаа тараад ирэхэд нь гадуур хувцсыг нь тайлж өгч байхдаа айлын эхнэр болсноо мэдэрдэг болсон. Аз жаргал маань дэнддээд байх шиг санагддаг шүү.
-Сонсоход сайхан байна. Гэвч гэр бүл л юм хойно маргалдах юм гарч байна уу?
-Одоогоор гараагүй ээ. Хий хоосон тунирхаж эрхлэнэ үү гэхээс айхтар хэрүүл гээчийг нь үзээгүй л явна. Үзэх ч үгүй байх. Дээрээс нь намайг бие давхар болохоор Хашаа урдуур хойгуур бөндгөнөж гүйгээд л байгаа ш дээ. /инээв/
***
/2 хоногийн өмнө/Шөнийн 4 цагийг заах цагийн зүү хүртэл ганцаардмал бүсгүйд хорсолтой санагдана...Хонх арайхийн дуугарлаа. Айсандаа бүх өрөөнийхөө гэрлийг асаачихаад нулимс мэлтэлзсэн нүдээр зурагт мэлэрч суусан давхар биетэй эмэгтэй энэ л жингэнэсэн дууг хүлээж байсан тул ухасхийн очиж хаалгаа тайлж өглөө.
-Саруулаа хурдан ор засаадах.
Халимаг үс, туяарсан шаргал царай уруулынхаа дээгүүр өөртөө зохисон шингэн сахалтай цэвэрхэн залуу үнэртэй ус вискиний үнэр холилдуулан орж ирээд ийн хэлэв.
-Хаанаас ирж байгаа юм?
-Чамд хамаагүй.
-Ахиад нөгөө хүүхнийхээс үү?
-Чи бид хоёр хамааралтай хүмүүс билүү? Миний хаагуур хэнтэй явсныг яагаад тэгтлээ сонирхоод байгаа юм? Айн?
-Чи заавал жирэмсэн хүнийг бараг үүр цайтал сэрүүн хонуулах хэрэг байсан юм уу? Чи нөхрийнхөө үүргийг гүйцэтгэнэ гэж надад амлаа биз дээ.
Гэнэт залуугийн уур хүрэв бололтой эмэгтэй руу тулж хүрч ирээд хоёр мөрнөөс нь сэгсчин -Чи ер нь хэн юм? Зүгээр л нэг муу биеэ үнэлэгч байж яагаад миний хэрэгт оролцоод байгаа юм хэмээн хашгичлаа. Айсандаа нүдээ ч цавчиж чадалгүй бүсгүй -Муу ч сайн ч би чиний эхнэр гэж амандаа дуулдах төдий шивэгнэв.
-Ямар хайр сэтгэлээр суусан биш дээ гээд тэр бүсгүйн мөрийг тавив. Тэгээд паркетан шалыг чихруулан удаанаар цааш гал тогооны өрөө рүү алхах зуураа
-Хэн хэн нь нэр төрөөс л болж гэрлээ биз дээ. Чи эцэггүй хүүхэд гаргаж нэрээ баасдахгүй гээд, харин би гэж нэг гэнэн амвтан гайгүй алдартай дуучин хүүхэнтэй холбогдож олны танил болчих санаатай. Муу өлөгчин чинь анхнаасаа санаатайгаар жирэмсэн гэдгээ нуусан байгаа юм даа. Бас хардах гээд байгаа юм аа, даварчихсан эм.
-Гэхдээ л би чам шиг бэлэвсэн хөгшин хүүхнүүдийн зугааг нь гаргаж яваагүй юм шүү гээд амьсгаа нь дээрдсэн бүсгүй нулимсандаа хатсан хоолойгоор бахирав. Залуу галын өрөөнөөс нэг лааз шар айраг барьж орж ирээд хяслантай нь аргагүй хэд инээснээ хэвлий рүү нь чичлэн
-Би чиний наад өнчин хүүхдийн чинь эцэг нь болох гэж байхад дуугүй байсан чинь дээр байх шүү хэмээв. Шар айргаа залгилангаа буйдан дээр налайн суусан эрэгтэй хэсэг чимээгүй байснаа
-Хөөе, чи арай надад хайртай болчихсон юм биш биз дээ? Айн? Тавхан сар хамт байхдаа ганц нэг өрөвдөөд цуг унтчихсан чинь арай дурлачихсан юм биш биз. Эгч гуай ингэж тохироогүй ш дээ. Мэдэж байгаа биз дээ гэж хэлээд өнөөх эр футболкоо тайлан ханхар цээжээ ил гаргасаар унтлагын өрөө рүү ороод явчихав.
-Тийм ээ, хайртай болчихсон ш дээ гэж Саруул зориггүйхэн, аяархан хэлээд хэвлийгээ илэв.
***
-Хоёулаа яриагаа таны карьер луу жаахан хандуулах уу. Саруул эгчийг одоо манай улсад танихгүй мэдэхгүй хүн гэж бараг байхгүй болжээ. Хоёрхон жилийн хугацаанд ингэж нэрд гарч чадсан нууцаасаа хуваалцаач.-Нууц гэж нэрлэхэд арай хүнддэх байх аа. Хүн тууштай байж чадвал заавал ямар нэг юманд хүрдэг юм байна гэдгийг л энэ өдрүүдэд сайн ойлгосон гэж хэлж болно. Миний дуучин болох эрмэлзэл 2 жилийн өмнө зөвхөн мөрөөдөл төдий л байсан. Харин нэг эгч маань надад "Аялгуу" продакшныг санал болгосноор дуучны замнал маань эхэлсэн гэх үү дээ. Тодорхой зорилготой, түүнийхээ төлөө хөдөлмөрлөж чадвал урлагийн босго тийм ч өндөр биш шүү дээ.
-Хагас жилийн өмнө таныг захиралтайгаа сөргөөцөлдөөд "Аялгуу"-гаас хөөгдсөн гэсэн сенсаци газар авч байлаа. Одоог хүртэл таны гэрээгээ цуцалсан шалтгаан нууц хэвээр байгаа. Энэ талаар?
-Хөөгдсөн гэсэн яриа гарахад би үнэхээр гайхсан. Миний "Аялгуу"-тай хийсэн гэрээний хугацаа дууссанаас биш өөр ямар ч асуудал байгаагүй. Бас зарим сэтгүүлчид намайг захиралтай учиртай гэсэн утгатай мэдээнүүд бичсэн байсан. Энэ бол ор үндэсгүй худал мэдээлэл гэдгийг дашрамд хэлчихье.
Үргэлжлэл бий...