2011/01/10

Энэ сарын Charming Girl- С.Төгс

Charming Girl булан маань сар бүр уншигчдаа Монголын үзэсгэлэнт басхүү ухаалаг охидтой, тэдний дотоод ертөнцийн өчүүхэн ч болов хэсэгтэй танилцуулдаг билээ. Энэ жилийн анхны Charming-аар одоо Германы Берлин хотод сурч байгаа загвар өмсөгч бүсгүй С.Төгс оролцлоо.
Image hosting by IMGBoot.com
Нэр: Саруулын Төгс
Нас: 19
Орд: Хонь
Ажил/мэргэжил: High definition make up artist
Image hosting by IMGBoot.com

Хүнээс сонсч байсан хамгийн сайхан үг:
Өдөр бүр л гоё гоё үгс сонсч, хэлсэн хүмүүст нь баярлаж явдаг. Гэхдээ миний сонсч байсан хамгийн гоё үг нь “Чи миний таарч байсан охидуудаас хамгийн ухаалаг нь юм аа. Сэтгэхүй чинь их таалагдлаа” гэсэн үг. Угаасаа ч гаднах төрхөөс илүү дотоод хүнийг минь магтахад илүү дуртай байдаг. Аан бас, чи “Victoria’s secret-ийн бүсгүйчүүлд том өрсөлдөгч болох нь байна шүү” гэдэг үгэнд маш их баярлаж байсан юм байна. Арай хэтрүүлэгтэй хэлсэн ч гэлээ эмэгтэй хүн юм хойно ийм үгэнд баярлалгүй яахав.

Бухимдлаа яаж тайлдаг вэ:
Монголд байхдаа найзуудтайгаа уулзаад, хамтдаа инээлдэж, ямар нэг хөгжилтэй “солиотой” юм хийж байхад л бухимдал аяндаа гарчихдаг байсан. Берлинд тэгтлээ итгэж, ойлголцдог найзтай болж амжаагүй л байна. Гэхдээ энд ирснээсээ хойш биеэ хөгжүүлж байгаа. Тиймдээ ч тэр үү бухимдал төрөхөөр биеийн тамираа хийгээд л тайвширчихдаг болсон. Удахгүй бас хийн буудлаганд явах санаатай байгаа.
Image hosting by IMGBoot.com
Эмэгтэй хүний үнэ цэнэ юунд оршдог гэж боддог вэ:
Өөрөө өөрийгөө хүндэлдэг эмэгтэй бусдыг хүндэлдэг. Бусдад ч бас хүндлэгддэг. Эмэгтэй хүн дотроосоо гэрэлтэж байх тусмаа гаднаа сайхан харагддаг учраас дотоод ертөнцдөө анхаарал тавьдаг эмэгтэй үргэлж үнэ цэнэтэй байдаг байх.


Чин сэтгэлээсээ дурлаж байсан уу? Тухайн үеийн мэдрэмж?
Үзсэн. Сайхан, онцгүй мэдрэмжийн аль аль нь олон төрсөн. Гэвч мэдээж сайхан нь давуу л даа. Хэцүүг нь мэдрээгүй үед гоёыг нь ч бас сайн мэдрэхгүй байсан байх гэж бодож байна. Амьдралдаа ядаж ганц удаа хүнийг үнэн сэтгэлээсээ хайрласан хүнийг азтай гэдэг юм билээ. Тэгэхээр би ч өөрийгөө азтай хүн гэж боддог шүү.
Image hosting by IMGBoot.com

Төгс эрэгтэйн талаарх таны ойлголт:
Тэвчээртэй, хөгжилтэй, бас тууштай. Сайн муу ямар ч үед намайг түшиж, надтай хамт инээж, намайг инээлгэж, тайвшруулж чадах эр хүн.

Дурласан эрийнхээ хувьд ямар эмэгтэй нь байхыг хүсдэг вэ?
Бүх зүйл нь. Тэр хүний амьдралын хагас нь байхыг хүсдэг. Мөн хамгийн сайн найз нь байхыг хүсдэг.

Таны хэзээ ч биелэхгүй нууцхан хүсэл/мөрөөдөл:
Биелэхгүй юмыг мөрөөдөх утгагүй ч гэсэн хааяа үл үзэгдэгч болж үзэхсэн гэж бодогддог.
Image hosting by IMGBoot.com


Нүдэнд харагдах Төгсөө, таны дотор байдаг Төгсөө хоёр хоорондоо хэр ялгаатай вэ?

Хүний нүдэнд ямар харагддагаас их шалтгаалах байх. Жишээ нь би олон хүнд их зантай харагддаг гэсэн. Хэрэв үнэхээр тийм бол миний гаднах доторхоосоо их зөрүүтэй юм байна. Би найзуудтайгаа инээж ханиаж, энгийн л амьдрах дуртай. Тэрнээс гадна би их сэтгэлийн хөдөлгөөнтэй, хэлэх гэснээ шууд л хэлчихдэг зантай. Ер нь амьдралыг хүндрүүлэх дургүй, юмыг аль болох л хөнгөнөөр бас эерэгээр хүлээж авахыг хичээдэг.

Таны амьдралын “багана”?
Миний амьдралын багана бол гэр бүл найзуудаас минь өгсүүлээд миний хайрлаж хүндэтгэдэг бүх хүн. Хэзээд л тийм байсан ч, Берлинд ирснээсээ хойш үүнийгээ улам их мэдэрч байна.

Image hosting by IMGBoot.com

Өөрийгөө ямар нэг киноны дүртэй адилтгавал?
Саяхнаас гарч эхлээд байгаа Кристина Агулера, Шер хоёрын тоглосон Burlesque кино надад их таалагдсан. Тэр киноны гол дүр Али гэдэг охин надтай төстэй байж болох юм. Юу хүсч байгаагаа мэддэг, түүнийхээ төлөө тууштай тэмцдэг. “Санаанд чинь багтаж байвал чи түүндээ заавал хүрнэ” гэж нагац ах маань надад хэлж байсан. Энгийн хэрнээ ихийг бодогдуулсан үг шүү.

Үлгэр жишээ авдаг эмэгтэй?
Ээж эмээ хоёроосоо үлгэр жишээ авдаг. Би эмээ өвөөтэйгөө их ойр өссөн болохоор тэднийхээ эрх зээ охин нь. Үүндээ ч өөрийгөө азтайд тооцдог шүү. Миний ээж эрч хүчээр дүүрэн, хөгжилтэй, боловсролтой тэвчээртэй бас ухаалаг эмэгтэй. Эмэгтэй хүн хэн нэгнээс хараат бус, өөрөө өөрийгөө авч явж чаддаг байх ёстой гэдгийг ээжийгээ хараад л мэддэг. Image hosting by IMGBoot.com
Мөн ардын жүжигчин, зохиолч урлаг судлаач найруулагч Оюуныг би шүтэж явдаг. Манай өвөөгийн төрсөн эгч л дээ. Би түүн шиг амьдрахыг, түүн шиг эмэгтэй болохыг хүсдэг. Хэнээс ч хараат бусаар, хүчирхэгээр, өөрийнхөө хийх дуртай юмаар амьдралаа босгож, түүнийгээ гартаа атгасан эмэгтэй. Их феминист эмэгтэй юм даа. Ганц харсан л бол ахиж санаанаас гардаггүй, дотроосоо гэрэлтсэн, их хөгжилтэй хүн байсан.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино