Гүн хөх өнгийн "тэнгэр" дээр нүд гялбуулам жижигхэн "одод" анивчина. Харин "одтой тэнгэр"-ийн орчлоор нил ягаан, цэнхэр өнгөнүүд утааран тайзны засал чимэглэлд Космополитаны хэв шинжийг шингээсэн харагдав. Космо-гийн хэв шинж юу юм гэж үү? Энэ бол "Fun Fearless Female" буюу хөгжилтэй, юунаас ч эмээдэггүй эмэгтэйн бардам, эрхэмсэг өнгө төрх. Ирмүүн агентлаг Монголдоо анх удаа дэлхийн хэмжээний шоуг зохион байгуулахаар зориг шулуудан, өнгөрсөн Лхагва гаригийн үдэд тэнгэрийн, дэлхийн оддыг нэг дор цуглууллаа.
Суперстар Николийг ирэхгүйн сургаар олон хүн тасалбраа буцаах болов уу гэсэн таамаглал байсан ч, 7000 хүний багтаамжтай шинэхэн баригдсан Спорт цогцолбрын танхим үзэгчдээр дүүрэн байлаа.
Cosmo Love Show-ийн гэрлийн үзүүлбэрд нүд баясаж суутал, тайзны хоёр том дэлгэцээр гарах үзэгэлэнтэй эмэгтэйн дүрд харц булаагдсан нь DJ Alissa байлаа. Түүний сетээр шоу эхэлсэн юм.
Хуримын хувцастай, Майкл Жексоны өмсгөлтэй, баллетийн хөнгөн шаахайтай гэх мэт бүжиг бүр дээрээ өөр дүрүүдэд хувилах "TODES"-ийнхны уян налархай хөдөлгөөн үзүүлбрүүдийг холбож, шоунд сүр нэмж байлаа. Тэд нэг хүн шиг. Бүх үйлдэл нь зэрэг, эмх цэгцтэй, хүчтэй, "далайцтай". Төгс янаглал, хайр дурлал, хүсэл тачаал, эр зоригийн талаархи бодлыг төрүүлсэн Todes тодрохгүй байхын аргагүй байв.
Герман улсад төрсөн ч монгол цустай монгол хүн гэдгээрээ бахархдаг Азийн дива Урнагийн ямар ч чамин содон хөгжмөөр хачирлаагүй байгалийн "ориг" хоолой араг үүрээд, аргалд явсан жинхэнэ Монгол бүсгүйн гоо үзэсгэлэнг санагдуулав.
Сопрано хоолойны гайхамшгийг зүрхнээс зүрхэнд мэдрүүлсэн дэлхийд хосгүй Олег Безинский, түүний дуунд түрлэг нэмсэн дуучин Баярцэцэг хоёр бас болоогүй ээ жижиг хэмжээний романсыг үзэгчдэд хүргээд амжсан.
Киви, Болд, Universe Best Songs-ийн дуучдаас ч ая дуугаа өргөн Cosmo-гийн Монгол хувилбрыг бидэнтэй хамт өлгийдөн авсан. Тоглолтын туршид үзэгчдийн гомдлын үгсийг урсгаж байсан нэг зүйл бол микрофон. Асар том заалны хойморт зассан жижгэвтэр тайзны хоёр тал дахь том дуу өсгөгчийг эс тооцвол уран бүтээлчдийн хоолойг сонсгох хэрэгсэл байсангүй. Түүнээс болоод хөгжмөө хичнээн чангалсан ч дуу нь тээр доор дуулдаж, чихээ сортойлгон, нилээд хичээл зүтгэл гаргаж байж тоглолтыг мэдрэх боломжтой байлаа. Энэ нь өндөр үнээр тасалбар авсан үзэгчдийн бухимдлыг бага зэрэг хүргэсэн юм.
Гэвч анхны удаа дэлхийн хэмжээний мега оддыг урьж авчирахаар хичээн ажилласан Ирмүүний хамт олны хөдөлмөр тоглолтоос үнэртэж байсныг хэлэх хэрэгтэй.
Ингэж Бөмбөрцгийн сая сая "FFF"-үүдийн хамгийн сайн найз болсон Cosmo манайд мэндэлсэн юм.