2010/11/15

Хулан /Б.Шүүдэрцэцэг/

12-р хэсэг

Золтуяа хүссэн ёсоороо сургуулиасаа ойрхон байр хөлсөлж, мөнгийг нь Бадралаар төлүүлж дөнгөсөндөө хачин их баяртай байлаа. Түүнийг гэрээсээ яаран дайжихад нөлөөлсөн бас нэг явдал тэр нэгэн өглөө болсон юм. Бадралтай буудалд амраглачихаад гарч явахдаа аавтайгаа тааралдсаны маргааш нь билээ. Түүнийг цайгаа уухаар гал тогоондоо ортол тэр шөнө гэртээ хоноогүй аав нь гаднаас ороод иржээ. Харваас шартчихсан, гар нь чичрэн гоожуураас цэв хүйтэн ус шунаглан залгилснаа усны цоргоо ч хаасангүй. Согтуу нь гараагүй, манантай нүдээр охиноо нэг л эвгүй ширтсэнээ майжгий явган сандал авч сандайлаад: -Чи яагаад төрсөн эцгээ ад үзээд байна гэж хараажийн хэрүүл гуйсан өнгөөр заналтай хэлжээ. Бүсгүй ууж байсан хар цайгаа түлхээд: -Би хичээлдээ явлаа гээд бостол эцэг нь: -Завхарсан хог. Чамтай тэр буудалд банзалдаж явсан бүдүүн амьтны машиных нь дугаарыг би харсаан. Надтай аятайхан байхгүй бол та хоёрын булайг нь дэлгээд авгайд нь хэлнэ шүү. Алив шар тайлах юм өгөөдөх гэлээ. Эцгийгээ арай ч ингэнэ чинээ санаагүй бүсгүй цочсондоо царай нь зэвхийрэн: -Юу? Та чинь бүр иймдээ тулаа юу? Ичээч, та хүмүүсээс ичээч. Биднийг яаж явуулж байгаа билээ. Ээжийг яаж явуулж байгаа билээ. Муу хар архичин гэж уурандаа хоолой нь зангирч, гар нь чичирсээр цүнхээ шүүрэн авч онгойлгоод гартаа тааралдсан хэдэн халтар төгрөгийг гарган шидэлж: -Май, май. Ингээд тэр хар усандаа хахаж цацаж үхвэл таарна хэмээн хашгичаад өлгүүрээс хувцсаа шүүрэн гарах гэтэл эцэг нь араас нь: -Хөөе, энэ чинь Ганц “Ерөөл”-нд ч хүрэхгүй хоёрхон мянган төгрөг байна ш дээ гэж хашгирсныг ч тоосонгүй хаалгаа саван гарчээ. Аз болоход хоёр дүү нь, ээж нь явцгаачихсан цаг таарч. Орцноос гаран гартлаа тэр “Муу хар архичин “хэмээн эцгээ хараасаар явлаа. Ядаж хаврын хавсарга тавьсан хачин муухай өглөө байлаа. Гадаа ч тэнгэр гэж авах юмгүй, сэтгэлд нь ч гэж хавсарганаас дутахгүй шуурга тавьж байв . Гэвч бүсгүй гэрээсээ гарахдаа хагас дутуу угласан хувцас хунараа янзалж зогсохдоо дорхиноо тайвширч, “Одоо би яахав, юу хийхэв “ гэсэн хүйтэн тооцоо хамаг ухааныг нь эзэлжээ. Уурлаж бухимдсан үедээ тэр “За Золтуяа, тайвшир. Уурлалаа гээд юу ч бүтэхгүй” хэмээн өөрийгөө ятган тайвширч сурсан хүн. Ширээнийхээ нүдэнд бүтэн хавтас дүүрэн цуглуулсан элдэв зөвлөгөөний хайчилбаруудаасаа ч иймэрхүү үед биеэ хэрхэн барьж, ухаалаг шийдвэр гаргах тухай бишгүй ихийг уншсан юм чинь. Тэр автобусанд суухаар буудал дээр ирээд юуны түрүүн зарын сонин худалдан авчээ. Тэгээд л хичээлийнхээ дараа гэртээ ирж тухтайхан уншиж байгаад утасдаж гарав. Эцэст нь гурван байр үзээд л сайн зассан нэг өрөө аятайхан байр олсон билээ. Байраа олчихоод Бадралаас мөнгө авахад ядах юм байсангүй . Харин хөлсний байранд суух болсноо ээждээ хэлэх л хэцүү байв. Амьдралд нухлагдсан тэр хөөрхий эмэгтэйд ганц тус болдог нь л Золтуяа юм чинь. Түүнийг Их сургуульд орчихлоо гээд ирэхэд нь ээж нь баярлан байх суух газраа олохгүй сандарч, байгаа бүх махаараа бууз хийн “Миний охин тийм сайхан сургуульд орчих гэж. Маргааш ажлынхандаа очиж гайхуулнаа. Манайхны хүүхдүүд дандаа хувийн сургуульд орсон. Ээж нь Багшийн дээдэд ч орж чадаагүй юм. Тэгсэн бол ядаж цэцэрлэгийн эрхлэгч болчихсон байхгүй юу. Дээд мэргэжилтэй хүн надаас л хамаагүй дээр амьдарнаа.” гээд л хөөрч суухыг хараад Золтуяа өөрийн эрхгүй уярсан сан. Yнэн хэрэгтээ Бадрал байгаагүй бол сурлага муутай, ядуу охин яаж Их сургуульд орж чадах юм бэ. Гэвч ямар ч хамаагүй аргаар сургуульд орж ээжийгээ тэгж баярлуулсандаа л тэр урамтай байдаг юм. Ээж нь түүн шиг эрт хэрсүүжиж чадаагүй гэнэхэн цагаан сэтгэлтэй хүн.Болох болохгүй юм ярихад нь ч юм уу, аавд нь залидуулан махны мөнгөө өгөөд архидуулчихад нь “ Ээж минь та яасан ч гэнэн юм дээ” гэж Золтуяаг уцаартайхан хэлэхэд эмээнгүй инээмсэглээд “ Яахав дээ, ээж нь ийм л хүн . Энэ чигээрээ явсаар байгаад үхнэ биз” гэдэг юм. Бүсгүй тэр өдөр дэлгүүрээс бэлэн банш авч, ээжийгээ орой ирэхэд нь сайхан хоол хийчихсэн сууж байв. Аав нь бас л байдаггүй . Ер нь сүүлийн жилд улам л их ууж, гэрээсээ гадуур хонох нь нэмэгдээд байгаа билээ. -Миний охин яасан сайхан хоол хийчихээв? Өнөөдөр чинь “Төгөлдөр хуур” гарах бил үү? гэсээр ээж нь орж иржээ. Тэгээд бүр хоол идэхээр ширээнд суусан хойноо : -Аав чинь ирээгүй юу? Өнөө орой гэртээ ирдэг л байгаа даа гэхэд нь Золтуяа : -Таныг юм хэлдэггүй болохоор бүр даварчихсан юм. Аягүй бол цалингаараа уугаад явж байгаа биз. Ингээд гадуур хоноод ирэхээр нь хөөгөөд явуулж байвал таарна гэж шилбэлзэхэд банштай цайгаа дуу чимээтэй гэгч нь сорон сэтгэл хангалуун суусан бага дүү нь: -Эгчийн хэлдэг яг үнэн. Аав эртүүд манай ангиар шагайхдаа шал согтуу байсан чинь багш “Аавыгаа битгий сургууль дээр согтуу ирж бай гэж хэл” гээд л хүүхдүүдийн өмнө ёстой байдалд оруулдаг байна ш дээ гэхэд ээж нь: -Яахнав дээ. Та нар муу эцгийгээ битгий ад үзээд бай. Яахав жаахан уугаад байгаа ньүнэн л дээ. Тэглээ гээд би л лав гэр орноос нь хөөж чадахгүй гээд нулимс нь цийлэгнээд иржээ. Золтуяа өглөөний болсон явдлыг санасан ч нулимсыг нь хараад өрөвдөхдөө ээждээ юу ч хэлсэнгүй. Харин орой нөгөө солонгос киногоо үзээд сууж байхад нь хулгаж, хулгаж: -Ээж ээ. Би маргааш юмаа аваад явлаа. Манай найзууд 11 дүгээр хороололд байр хөлслөхөөр болсон. Сургуультай ойрхон болохоор автобусны мөнгө гэхгүй надад ч амар юм гэхэд ээж нь: Юу? Байр хөлслөх чинь аймаар үнэтэй биз дээ? Та нар үнийг ньдийлэх юм уу? Миний хүү гэртээ л бай л даа. Би аавыг чинь архиа боль гэж хэлье хэмээн аргадангуй хэлсэн ч Золтуяа ээжийнхээ хүзүүгээр тэврэн : -Зүгээр ээ. Би ааваас болж гэрээсээ явж байгаа юм биш. Гэр холдоод байна. Мөнгөний хувьд айлтгүй. Би зун ажиллаж байсан буудалдаа дахиад ажиллахаар болсон. Бас хагас, бүтэн сайнд гэртээ ирж энэ хоёрыг чангалж байна гээд хоёр дүү рүүгээ нүд ирмэжээ.. Ээж нь яаж ч чадсангүй. Тэр охиноо хэзээний л өөрөөсөө илүү ухаантай гэж боддог тул хориглож чадсангүй ч эх хүний зөнгөөр охиноо өөрөөсөө холдуулахдаа дурамжхан байсан билээ. Ингээд л Золоо бүсгүй маргааш нь гэхэд байрандаа нүүн ирж найзуудаа авчран бяцхан “тэмдэглээд” авчээ. Байранд орсныхоо маргааш Золоо ажлаасаа ирээд Ананд руу ярилаа . Тэр урьдынх шигээ нэг их баяр хөөр болсон шинжгүй байхыг анзаарсан бүсгүй ойр зуурын хэдэн үг солиод утсаа урам муутайхан тавьж “Хулантайгаа их эвтэй байгаа юм байна. Тэгсэн ч би чамайг тавихгүй дээ. Одоо тэгвэл аргаа өөрчилье. Чиний тэр нүцгэн хэвтээ зургийг хараад тэр ихэмсэг хатагтай чинь яахыг харна даа гэж өсөрхүү гэгч нь бодлоо. Тэр өдөр нь Хулантай юу ч болоогүй мэт утсаар ярьж эмээгээ сахиж байгааг нь мэдээд авсан билээ. Ингээд маргааш нь утасдан Хуланг эмнэлгээс гэртээ харьсныг мэдээд нөгөө зургийг дугтуйлан гадаа тоглож байсан хүүд шоколад өгөөд гүйлгэчихэв. Хулан хаалганы хонх дуугарах үеэр хүүгээ хөхүүлэнгээ найз Нандиндаа мейл бичээд сууж байв. Түүнийг хариу бичиж чадаагүй байтал Нандингаас дахиад л мейл иржээ. “Сайн уу? Найз минь. Хүүхэдтэй болохоор зав муутай байгааг чинь ойлгож л байна. Гэхдээ танайх асрагч авсан гээ биз дээ? Тэгэхээр завгүй гэхээсээ илүү үнэнд гүйцэгдээд надад хариу бичихгүй байгаа юм биш биз дээ. Уг нь чи өдийд Англид сурч байх ёстой байсан. Хоёулаа амралтаараа бие биенийдээ айлчилж хамт аялж байна . Би чамайг Женевт, чи намайг Лондонд хүлээж авна гээд олон юм мөрөөдөж байснаа чи мартчихсан гэж үү? Хэн ч алдаж болно . Тэглээ гээд залуу насаа алдааны золиос битгий болгооч. Чамд Анандтай суух шаардлага байхгүй ш дээ. Хувийн амьдралд чинь хэтэрхий оролцоод байгаа бол уучлаарай. Гэхдээ би чамайг сайн мэднэ дээ. Аав, ээж хоёртоо хүүгээ өгчихөөд сургуульд яваач, Хулаан. Гадаадад сурах ямар гоё гээч. Бид ээж болж, гэрийн эзэгтэй байх нас болоогүй ш дээ. Сайн ээж болж чадах ч үгүй. Эндхийн залуучууд гучин тав хүрч байж л гэрлэдэг. Чи бид хоёрын насныхан гэрлэнэ гэж байх ч үгүй. Румыны цыгын охин 12 насандаа хурим хийлээ гээд эндхийн хэвлэлүүд хачирхан бичиж байна.Хатуухан хэлэхэд чи ч гэсэн ийм эрт хүүхэд гаргаж хурим хийх ямар хэрэг байгаа юм бэ? Ядаж хайртай хүнтэйгээ бол ч яахав. Гэхдээ л хайртай хүнтэйгээ ч гэсэн 19 насандаа сууна гэдэг арай л дэндэнээ. Би Цэнгэлтэй хоёр жил үерхсэн . Бид хоёр унтсан. Гэтэл би наашаа ирээд л Цэнгэл ч Хятад яваад л хоёр тийшээ болсон. Одоо тэнд girlfriend-тэй болчихсон гэж саяхан надад бичсэн. Ийм л байгаа юм даа. Бидний насныхны хайр гэж. Цэнгэл одоо надад мартагдсан аялгуу болсон. Дандаа чамайг сургаад байгаа бол дахин уучлаарай. Энэ сэдвийг ингээд орхиё. Сониноос Америкт байгаа Түвшингээс надад мейл ирж байгаа. Сонин зантай хөвгүүн шүү. Надаас чиний тухай их асуусан байдаг юм. Та хоёр чинь хонь чоно байсан биз дээ? Одоо бодоод байхад тэр чамд сайн байсан юм шиг. За энэ яахав. Би саяхан нэг герман найз залуутай болсон. Араб, германы эрлийз залуу. Амур гэдэг юм. Их царайлаг боловч би царайнд нь болоогүй. Yзэл бодолд нь европ, дорнын шинж хосолсон сонин залуу. Анх танилцахдаа л намайг монгол гэхэд хэтэрхий европ хүмүүжилтэй юм гэж шүүмжилсэн. Бид хоёр үнсэлцсэн. Түүнээс цаашаа хэтрээгүй л дээ. Би энд амралтын өдрөөрөө найзуудтайгаа дундад зууны цайз үзэж яваад хэнийг харсан гээч. Клаудиа Шифферийг амьдаар нь үзлээ. Швейцарид нэг харш нь байдаг юм байна. Зүгээр л “Wrangler” жийнс өмсөөд үсээ задгай тавьчихсан явж байна лээ. Биднийг хараад байхаар гараараа даллачихаад машиндаа суугаад явчихсан. Сэтгүүл дээр гардаг шигээ тийм ч шүтмээр гоё харагдаагүй шүү. Швейцарийн хавар их л сэрүүхэн юм. Ер нь хаана ч хавар онцгүй байх юм аа. За, за. Ажилдаа явах цаг болчихлоо. Танай хөөрхөн Бөртэ болон Ананд, хүүд чинь мэнд хүргэе. Хариу!!!! Nandin Geneүa.” гэжээ. Энэ үеэр Цэндээ жижигхэн дугтуй авчран өмнө нь тавиад гарсныг ч тэр анзаарсангүй. Хүү нь мээмээ хөхөж дуусаад гараа сарвалзуулан үймүүлж байгаад тэр дугтуйг ширээний араар унагачихсан тул Анандын нүцгэн зургийг энэ удаа Хулан олж харсангүй . Хулан найздаа “Hi, Nandia, чамаас аймаар нухацтай үгтэй мейл авч хэд хоног өөрөө ч сэтгэл үймэрчихлээ. Хажуугаар нь эмээгийн бие муудаад. Тэгээд хариу бичиж амжаагүй байсан чинь өнөөдөр дахиад нэг мейл ирээд сандарсандаа хариу бичиж байна. Би тийм ч нээлттэй хүн биш гэдгийг чи мэднэ ш дээ. Анандын хувьд гэвэл би тэрэнд хайргүй нь үнэн. Хүн ганц амьдралдаа хичнээн тэнэг юм хийдэг билээ. Би ноднин тэгж л алдаа хийсэн. Дараа нь “Галт тэрэг хөдөлчихлөө” гэж бодоод хүүтэйгээ тэднийд очсон. Яваандаа хайртай болох байх гэж бодсон. Бас би хүүгээ бодсон юм. Аавгүй хүний зовлонг чи мэднэ ш дээ. Очироог аавгүй болгохын оронд өөрөө бүхнийг тэвчье гэж бодсон чинь бас л биш юм байна. Гэтэл Ананд надад аймаар хайртай. Тэгээд хайрынх нь хариуд би юу ч өгөхгүй болохоор цаашид яахыг бүү мэд. Яахаа мэдэхгүй л байна. Уг нь би өөр хүнд хайртай. Гэхдээ хэн гэдгийг нь яг одоо хэлмээргүй байна. Миний бүх нууцыг эмээ л мэдэж байгаа. Уучлаарай цаг нь болохоор чамд хэлнээ. Чиний бүх зэмлэлийг хүлээн зөвшөөрч, бас над шиг алдаа хийлгүй гоё газар сурч байгаа чамд атаархаж байна шүү. Гэхдээ би хичээлээ орхиогүй. Оюутны илтгэлийн уралдаанд оролцоод сургуулиасаа шалгарсан. Хэрэв эцсийн шатанд түрүүлбэл Америкт нэг жил сурах болзолтой. Би түрүүлнэ гэж бодож байгаа. Би маргаашнаас эмээг хэд хоног сахих тул завгүй болох байх. Энд шороо босоод л. Гэвч зуныг авчирдагт нь хаварт би дуртай. Bye, bye. Hulan.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино