2010/11/15

Танихгүй залуу /бэсрэг өгүүллэг/

Т.Аззаяа
/Бүсгүй заяа-Бэсрэг өгүүлэгийн цуврал-2/
Би өнөөдөр түүнтэй уулзана. Зүрх цээжин дотор түг түг цохилоод л дуулмаар, нисмээр, орилмоор санадгдаж байх чинь. Хоёр жилийн турш энэ мөчийн төлөө л амьсгалж байсан юм шиг. ТЭР БОЛ МИНИЙ ХАНХҮҮ. Тэмдэглэлийнхээ дэвтэр дээр яг ингэж томоос том бичнэ ээ.

Түрүүн эгч намайг хараад "Тэнэг хүн шиг яагаад ганцаараа инээгээд байгаа юм бэ?" гэсэн. Би нээрээ тэнэг хүн шиг харагдаж байгаа юм байх даа. Дурлал намайг тэнэг болгосон юм байлгүй.
Үнэндээ би түүнтэй нэг ч үг сольж үзээгүй. Цонх л миний хайрын гүүр байсан. Хэдий тийм ч би төсөөлөл дотроо түүнтэй бүтэн хоёр жилийн турш үерхэж үзсэн хүн. Бодлын минь ертөнцөд бид хоёр өдөр бүрийг хамтдаа өнгөрөөж, мянга мянган хайрын үгсийг солилцож байсан. Гараас нь хөтөлж, үнсүүлж, тэврэлдэж, бүр найзуудтайгаа хүртэл танилцуулаад амжсан гээч, тэнд. Нүдээ аниад, жаахан хичээхэд л би түүнийг өөрийнхөө дэргэд байгаагаар харж чаддаг. Гэхдээ одоо дахиж тэгэх шаардлагагүй болсон. Яагаад гэвэл би өнөөдөр түүнтэй жинхэнээсээ уулзана. Гарыг нь жинхэнээсээ атгаж, жинхэнээсээ түүнтэй ярилцаж үзэх нь байна ш дээ.
Байзаарай. Цаг...Цаг 2 дөч болчихсон байна. Хурдлахгүй бол болзооноосоо хоцрох нь. Тэр цагаа баридаг. Баридаг л байх. Баридаг юм шиг л харагддаг.
Гадаа бороо дуслаад л...зулай дээрээс минь зөөлөн зөөлнөөр товшиж байна. Түүн лүү минь очих зам хол хэрнээ, юу юугүй оччихмоор ойрхон ч юм шиг. Бид хоёрыг зоогийн газраас гараад ирэхэд бороо зогсоогүй байгаасай. Тэгвэл тэр надаас "Даарч байна уу?" гэж асуугаад цамцаа нөмрүүлнэ. Яг л миний төсөөлдөг байсан шиг. Гэхдээ тэр хувцсаа өөр хүнд өмсгөх дургүй бол яана? Тийм байх ёсгүй ээ. Мөрөөдөл минь бодитой гэж найдъя.
Би гарцаагүй түүний найз охин болно. Орой болгон тэр намайг хичээлээс тарахад ирж авах болно. Бид хоёр элдэв янзын юм яриад хотын гэрэлт гудамжаар удтал алхана. Тэр их эелдэг учраас намайг яаж ч тунирхсан аргадаад л, энхрийлээд л...Би хайр халамжинд нь бөмбөрөөд л...Бид хоёр хэзээ ч муудалцахгүй ээ...Муудалцах гэснээс, өчигдөр хүргэн ах уучихсан ирээд эгчийг алгадсан. Тэгэхэд ээж "бүх эрчүүд адилхан. багаа л солисон болохоос тэд бие биенээсээ ер ялгагдах юмгүй" гэж ирээд л, эгчийг тэвэрч байсансан. Үгүй ээ. Миний хайртай залуу бол хэзээ ч тэгэхгүй. Тэгэхгүй шүү дээ. Эргэлзээ мэдрэгдэж байх чинь. Тэр бусдаас өөр, үгүй, үгүй. Тайвшир.
Миний төсөөлөл доторхи ТЭР бол эелдэг, үнэнч, сайхан сэтгэлтэй, халамжтай тийм эр. Гэвч энэ бол зөвхөн миний төсөөлөл гэж бодохоос бага зэрэг тээнэгэлзэнэ. Бодит амьдрал дээрх түүнийг би давхраатай жижиг нүд, дугариг цэвэрхэн царай, нүдээ салгахын аргагүй инээмсэглэл, хэн хүний анхаарал татам дэгжин хувцаслалт, ганган машинаас нь цааш мэдэхгүй. Сайхан харагддаг шигээ бүх юмаараа л сайхан байгаасай...Би яагаад гөлрөөд зогсчихов оо. Хурдан алхаач. Хоцорлоо ш дээ. Хөл минь нэг л урагшилж өгөхгүй байх чинь. Чиний итгэл ийм өчүүхэн байлаа гэж үү? гэж өөрөөсөө асуумаар. Түрүүн гүйх нь холгүй л тэмүүлээд байсан юмсан, уг нь. Юу ч бодмооргүй байна. Зүгээр л яваад очъё.
...Ирчихлээ. Нөгөө зоогийн газрын өмнө. Явсаар явсаар хүрээд ирэх шив. Зүрх ийм хурдан цохилдог билүү? Хөлөө нэг нэгээр нь удаан, удаан зөөсөөр дотогш орлоо. Ухаан санаан дотор юу нь үл мэдэгдэх бөөн цагаан юм бүрэлзэн, нүүгэлтэнэ. Мансуурчихсан юм шиг.
Гурван ширээний цаана цаашаа хараад суучихсан байгаа савхин хүрэмтэй, халимаг үстэй залуу ТЭР мөн бололтой. Би очих ёстой юу? Яах ёстой вэ? Хэт их мөрөөдөл миний урд тээглээд, садаа болоод байна. Зориг дутлаа. Тэр зарим эрчүүд шиг аймшигтай зан гаргавал, миний гараас хөтлөхгүй, тэврэхгүй үнсэхгүй бол яана? Тэгээд бид хоёр нэг л өдөр салчихвал...тэр урьд нь миний үерхэж байсан залуусын л адил надад үнэ цэнэгүй болно. Ер нь би түүнд таалагдахгүй байвал яах уу? Дутагдлыг нь харахаас бүр ч их айж байна? Тэр ерөөсөө л миний төсөөлж байснаас өөр...Төгс биш байвал...
Ухарч байна. Болохгүй л юмсан. Өөртөө итгэх итгэл нуран уналаа. Хулчгар зан гаргаж байгаа ч дараа нь урам минь хугарвал би үүнээс хэцүү байдалд орох болно. Тийм ээ. Би ер нь яагаад илүүг хүссэн юм бол оо? Сэтгэлдээ түүнээс аль хэдийн маш сайхан хайрыг амсчихсан шүү дээ, би? Миний дурлал нууцхан байхдаа л жаргалтай, бас гэгээхэн юм бол чи зөвхөн миний зүрхэн дэх төгс ХАНХҮҮ хэвээрээ үлдэг дээ. Насан турш. Ингээд би явъя.
Нүдээ аниад, баруун гараа хөнгөхөн атгасхийн, мишээгээд гэр лүүгээ дуу аялан алхлаа. Би түүнтэй хөтлөлцөж байна. Зүрхэн дотроо...

2010.11.17
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино