2010/11/11

Хулан /Б.Шүүдэрцэцэг/

10-р хэсэг

Харин Цэрэнхандын хувьд эр нөхрийнх нь эзгүй энэ хэдхэн хоног өөрөө өөрийгөө таних гэж оролдон өнгөрсөн амьдралаа эргэн дурссан, Ганхуягийг үгүйлэн дурлал дөнгөж амсаж буй ор залуу бүсгүй шиг сэтгэл үйрэн дэгэлзсэн өдрүүд болжээ. Тэр саяхан хүнд өвдсөний дараа сэтгэлээ тайван байлгах гэж хичээхийн хажуугаар урьд нь хэзээ ч үзээгүйгээрээ ганцаардлын гунигийг зүрхэндээ мэдэрчээ.

Хүн өөртөө байгаа бүхнийхээ үнэ цэнийг хэзээ ч мэддэггүй. Харин солонготой хөөцөлдсөн хүүхэд мэт аль байхгүй юмныхаа хойноос л санааширч өөрийгөө зовоож амьдардаг аж. Анхны хайраа, хамаг нандин бүхнээ харамгүй зориулсан Хосегоо гэж л гансарч явахдаа тэр анх Ганхуягтай учирсан. Өөрт нь нүд хөмсөг болсон хэтэрхий царайлаг эрчүүд хэзээ ч таалагдаж байсангүй. Харин “Хаврын арван долоон учрал”-ын Штерлиц, эсвэл “Наймаалж”-ийн комиссар Каттани шиг цоргисон харцтай хурц нүдтэй эрчүүд л илүү таалагддаг билээ. Гэтэл бүсгүй 18-хан насандаа куба залууд хайраа өгчихсөн. Хосе бол испани цустай сайхан залуу байсан. Монгол эрд гоёдмоор урт хар сормуус, давирхай шиг гялтганасан өтгөн үс, хөмсөгтэй тэр залуу одоогийн поп од Энрике Иглесиастай их адилхан залуу байсан. Хүү нь ч эцгийнхээ тэр испани төрхийг илүү дууриаж тун хөөрхөн нүд хөмсөгтэй төрсөн билээ.
Гэтэл тэр сайхан хайр нь амьдрал болж чадаагүй. Хосегоос нэг л өдөр хуримаа хийх гэж байгаа гэсэн захиа авсан. Тэгээд хайртай хүнтэйгээ хэзээ ч хамт амьдрахгүй нь, алаг үрээ ч үүрд алдлаа гэдгээ мэдээд элэг зүрх нь өмөрч явахад нь Ганхуяг гэнэт зам дээр нь гараад ирсэн. Ганхуяг бас л хүүхнүүдийн харц булаасан сайхан алаг нүдтэй залуу байсан. Байсан ч гэж дээ, одоо ч байгаа юм чинь. Хорин жилийн өмнөх өвлийн нэгэн өдөр. Нэг эмээд өвчин намдаагч тарьчихаад байж байтал хамт ажилладаг Алтаа гэдэг эгчмэд хүүхэн шагайж:
-Цээгий чи тэр аймхай амьтныг аргалаад өгөөч гэхээр нь өрөөнд нь дагаад орж билээ. Түүнийг Алтаагийн өрөөнд орвол техникч хүүхэн нь цаашаа хараад гараа угаан”Гадаа өчнөөн хүн хүлээгээд байхад маягтай амьтан бэ” гэчихсэн эмчилгээний сандал дээр суугаа нүд хөмсөг болсон туранхай залуу загнаж байв. Яг тэрхэн агшинд Цэрэнханд тэр залуутай харц тулгарсан сан. Ааш муутай, хатуу гартай Алтанцэцэг хүүхэнтэй хэл ам хийдэг хүн олон . Тэр бүрд нь Цэрэнханд зохицуулагчаар дуудагдана. Үнэндээ Москвад төгссөний хувьд мэргэжилдээ ч Цэрэнханд Алтаагаас илүү чадварлаг байв.
-Яадаг юм. Чам шиг юманд загнуулдаг юм уу. Би багаасаа та нар шиг муусайн шүдний эмч нараас айдаг болчихсон хүн. Чи өвчтөнтэйгээ эхлээд эвтэйхэн харилцаад сурчих. Тэгээд хүний өмхий шүд ухаж бай. За юу хэмээн дүрэлзэж байсан залуу ч дөлгөөн зантай, бас залуухан аятайхан эмч хүүхэн ороод ирэхээр чимээгүй болчихож билээ. Цэрэнханд ч оронгуут нөгөө заргач залууг:
-Та наад хөлөө энэ дөрөөн дээр тавьчих. Алив, амаа том ангай. Биеэ битгий чангалаарай. Агт араа учраас заавал авах хэрэгтэй юм байна. Би буйл руу чинь тарилаа. Өвдөхгүй л байгаа биз дээ. За шүлсээ хаяарай.” гэхчлэн командалсаар шүдийг нь авчихсан.
Маргааш өглөө нь түүнийг ажилдаа ирэхэд нь техникч Цэвэлмаа гэдэг дуу муутай хүүхэн бүр яриа хөөрөөтэй болоод нүд нь сэргэчихсэн:
-Сайн байна уу, эмч ээ. Зөндөө сонинтой. Өчигдөр Алтаа эмчтэй хэрэлдээд танаар шүдээ авахуулдаг залуу чинь таныг нөхөртэй юу, хэдэн анстай юм бэ энэ тээр гээд хэл ам сугалчих гээд л байна лээ. Танд дурлачихсан байх аа. Тэгэхдээ тийм аятайхан залуу юу гэж авгайгүй байхав дээ. Тийм ээ? гээд л далан хэл дэлгэжээ. Мань залуугийн тухай бүр мартчихсан байсан бүсгүйд энэ яриа төдий л сонин санагдаагүй ч их л зугаатай байлаа. Тэр халаадаа өмсөөд толинд харснаа:
-Өө тийм үү. Чи тэгээд намайг юу гэж хэлэв? гээд ариутгасан багажуудаа шалгах зуур, эмэгтэй л хүн болсон хойно илүү үгэнд дурласан Цэвэлмаа хийж байсан ажлаа орхичихоод:
-Би таныг нөхөргүй гээд үнэнийг нь хэлчихсэн. Яадаг юм тийм ээ? Аягүй бол ажил тарахад хүрээд ирнэ дээ. Та болгоомжтой л байгаарай. Тийм залуучууд чинь хүүхнүүдийг жирэмсэн болгоод хаячихдаг гэмтэй шүү гэхэд Цэрэнхандын “элэг нь хатах “ дөхөж тас тас хөхрөөд
-За за. Бүр элэг авах нь. Алив, ариутгалын өрөөнд очоод багаж дутуу байна гэж хэлээд аваад ир гэжээ. Өөрт нь дурласан залуугийн тухай яриа ингээд тасарч, нэг л мэдэхэд цайны цаг болсон байлаа. Бүсгүй халаадаа тайлан ажлын газраас нь хэдхэн алхмын цаана байдаг пончикны мухлаг руу гарч явтал өглөөний ярианы “баатар” өнөө алаг нүдэн залуу яг тулгарчихав. Гэнэт улаан нүүр тулан тааралдсандаа бантаад хэн хэн нь эг маг хийн таг зогссоноо эр хүний хувьд Ганхуяг эхлэн ам нээж:
-Сайн байна уу? Эмч ээ. Би өчигдөр шүдээ авахуулсан.. хүн байна… Таньж байна уу? Өөрөөс чинь зөвлөгөө авах гэсэн юм гээд өөдөөс нь их л нухацтай ширтсэн сэн. Мэдээж тэр хоёр авахуулсан шүдний тухай ярилцсан ч үгүй. Хамтдаа пончикны газар орж цайлаад инээлдсээр гарахдаа орой нь Ленин клубт шинээр ирсэн кино үзэхээр болзжээ. Тэр нь “Сүрлэн бүрх “ гэдэг япон кино байсныг Цэрэнханд тодхон санаж байлаа. Тэр үед такси бараг олдох биш. Өвлийн тэсгим хүйтэн жаварт хацар нь хайрагдан улайсан хоёр Ленин клубийн гадаа бишүүрхэсхийн уулзаж билээ. Тэгээд Ганхуяг уулзангуутаа “Чи бүр даарчихаж:. Би гарыг чинь дулаацуулаад өгье “ гээд бүсгүйн бээрсэн жижигхэн гарыг дулаахан том алгандаа атгасан. тэгэхэд л ээжийгээ алдаад, хайртаасаа хагацаад байсан бүсгүй эр хүний хайр халамжийн халуун дулааныг мэдэрсэн нь өнөд мартагдаагүй сэн.
Цэрэнханд ийнхүү хорин жилийн өмнөх учралаа дурсан бодолд дарагдан ажил дээрээ сууж байлаа.
Тэр амьдралын эрхээр Ганхуягтай нэг дээвэр дорр орсон гэж бодож явсан нь эндүүрэл байжээ. Эр нөхөртөө хайртай, бүр хязгаарргүй хайртай гэдгээ энэ өдрүүдэд л ойлгов. Тийм ээ, өөрөө л мэддэггүй болохоос хайртай байж. Тэр оюутан байхдаа тоосгон заводод 14 хоног ажиллаж билээ. Тэгэхэд нэгэн хэвд цутгасан хэдэн мянган тоосго туузан дамжлага даган урсдаг байсан. Бүр нүд эрээлжилмээр. Яг л тэрр тоосгонууд шиг нэг нэгнээсээ үл ялгарах өдөрр хоногийн хэлхээнд хүн гэдэг амьтан зүрх сэтгэлийн шивнээгээ сонсох завгүй явсаар өнгөрдөг бололтой.
-Эмч ээ, нөгөө сонины менежер залуу ирчихсэн. Рекламын гэрээгээ хийх үү гэнээ , яах вэ? гэж туслах нь шагайгаад бодлыг нь тасалчихав. Нээрээ туслах гэдэг нь нөгөө хэрэгт дуртай техникч Цэвэлмаа нь шүү дээ.
-Наашаа орулчих гээд Цэрэнханд хөвөррсөн их бодол , дурсамжийн ертөнцөөс ажил хэрэг рүүгээ дуртай гэгч нь орж явчихлаа.
Түүнийг орой болсон хойно харихад нь Хулан эзгүй , Ананд хүүтэйгээ хоёулхнаа байж байлаа.
-Өө, миний хөгшин иррлээ. Алив хувцсаа нааш нь гээд угтдаг хань байхгүй болохоор гэр нь түүнд хачин эл хуль санагдаж байлаа. Хулангийн эмээгийн бие гэнэт муудаж Цэндээг дагуулан гэр рүүгээ явчихсан байлаа. Гэрийн эзэн нь явчихсан , хэррүүлтэй байгаа айлын шинж нь хүйтэн агаар үлээсэн энэ гэрт таван сартай жаахан ач хүү нь л гэрэл гэгээ болж байлаа. Цэрэнханд ач хүүгээ авч даахийг нь үнэрлэнгээ Хулангийн гар утас руу утасдлаа. Бүсгүй утасны цаанаас их л сандарсан дуугаар “Эмээгийн хамраас цус алдаад түргэний эмч хэвтүүл гэхээр нь нэгдүгээр эмнэлэгт авчирчихсан байна” гэв. Цэрэнханд утсаа тавиад:
-Должин гуай их муу байх шиг байна. Нэгдүгээр эмнэлэг явахаас. Би Цэндээг нааш нь явуулчихъя. Чи хойноос хүрээд очоорой гээд гарчээ.
Хаврын дулаахан орой. Гадаа гудамжинд хүүхэд шуугилдан тоглож, тэнгэрийн хаяа улайран нар жаргаж байлаа. Богд уулын мод ногоорох болоогүй, сааралтан байх боловч ирж яваа цагийн энхэр зөөлөн салхи үлээсэн сайхан орой байв.Тэр хоёр хаалгатай “Suzuki” маркийн цагаан жийпээ асаан аажуухан хөдлөв. Тэр гэрлэн дохион дээр саатан зогсч байхдаа “Хамраасаа цус их алдана гэдэг чинь элэг нь л болохоо байж дээ. Эмээ нь “явчихав” муу Хулан минь хэцүүдэх нь дээ. Ээ, хөөрхий, хүний амьдрал гэдэг яасан ч богинохон, хүний амь ч гэж яасан хэврэг юм дээ. Хэрэв элэгний хавдар мөн бол хоёрдугаар үедээ орсон байх” хэмээн эмч хүний ёсоор тооцон бодож явлаа.
Түүнийг очиход аавынхаа дүү нартай хамт эмээгийнхээ өрөөний үүдэнд зогссон Хулан “Ашгүй дээ” гэсээр уулзав. Цэрэнхандыг цагаан халаад нөмрөн ороход нэгэн сувилагч Должин хөгшинд дусал залгаад зогсч байв.
-Сайн уу, охин минь? Эмээ нь ингээд хүүхдүүдээ сандаргаад л хэвтэж байна даа. Хүү бэр хоёрын эзгүйд ч гэрийг нь мөн харав аа гэсээр их л цоглог угтсан ч дээр дээр амьсгаадан, цараай нь цаанаа л нэг чалхгүй харагдах ажээ. Гадаа хавар болж цаг наашлан байгаль дэлхий нялхран байхад энэ өрөөнд нэгэн эрдэнэт хүний амьдрал төгсөх дөхөж, сульдсан зүрх нь арай ядан цохилж байлаа. Хөгшний энэ байдал түүнд олон жилийн өмнө мөн л ийм хэцүү өвчнөөр шаналан хэвтсэн хөөрхий ээжийг нь эрхгүй санагдуулж самсаа нь шархираад иржээ. Тэгээд дэмий л хөнжлийг нь засч:
-Таны царай сайхан байна. Должин гуай. Би эмчтэй тань уулзаад ирье гээд гарахдаа “Насгүй л болчиож дээ.“ гэж бодож байлаа. Тэгээд дотрын сайн эмч нэгэн найзаа утсаар дуудан ирүүлэв. Тэр нь яаран ирж хөгшнийг үзчихээд даралтын аппарат, чагнуураа барьсаар гарч ирээд:
-Энэ эмээ чинь чиний хамаатан юм уу? “Эхо”-д харсан чинь элэг нь устаад эхэлчихэж. Элэг дэлүү хоёрынх нь хооронд хоёрыг харьцах хоёр аравны тавын хэмжээтэй хавдар ургасан байна. Энэ хүнд одоо сайндаа л хоёр сар хагасын л нас байна даа гэжээ. Тэр хоёрыг ярилцан зогсоход Анандтай хамт нэлээд холоос аврал эрсэн нүдээр харж зогссон Хулан ч хүрээд ирэв. Цэрэнханд үнэнийг түүнээс нуусангүй. Эмгэнд хоёр сар хагасын нас үлдсэн гэсэн мэдээ бүсгүйд аймшигтай хүнд цохилт болов. Тэр хоёр гараараа толгойгоо бариад хачин их цөрхөрсөн дуугаар:
-Юу ?… Арай үгүй байлгүй дээ. Эмээ, эмээ минь … гээд нүдээ анихад том том нулимс хацар дээгүүр нь урсан хүзүүндээ зүүсэн урт ороолтонд нь шингэж байлаа.
Золтуяа нууц амраг Бадралынхаа өвөрт эрхлэн хэвтэнэ. Бадрал түүний нэг шөнөд хэд л бол хэдэн удаа энгэр зөрүүлэхэд ердөө ч ядардаггүй янагхан аалинд нь татагдсаар бүтэн жил амраглажээ. Золоо амраг залуугийнхаа том гарыг атган хуримын бөгжөөр нь оролонгоо:
-Баагий, хоёулаа цаашдаа яах юм бэ? Дандаа буудалд уулзах чинь эвгүй юм аа. Хүмүүс намайг янхан ч гэж боддог юм бил үү гэж хүзүүгийн халуун амьсгаагаараа үлээн шаардангуй хэллээ. Энэ бүсгүйтэй хийх юмаа хийчихээд дур тавьсны дараахи бүх таатай мэдрэмжийг амтлан “Бачаатай уулзаж нөгөө төслийн тухай ярихгүй бол цаг нь тулчихсан байдаг. Хэрэв тэр төслийн ерөнхий гүйцэтгэгч болгоод өгвөл надад арван хувь нь унана даа” гэхчлэн ажил хэргээ бодож тайван хэвтсэн Бадралыг түүний үг халуун төмрөөр хайраад авах шиг болгов
-”Юу? Чи чинь арай сууя барья гэж намайг шантаажлах гээд байгаа юм биш биз дээ. Би авгай хүүхдээсээ сална гэжж байхгүй шүү гэж чамтай анхнаасаа тохирсон байх аа” хэмээн Бадрал уурандаа сөөнгөтөн хэлээд өндийв.
-За боль доо. Хэн чамтай суух гэсэн юм. Нэг өрөө байр хөлсөлмөөр байна гэжэ байхад хэмээн Золтуяа гомдонгүй хэллээ.


Золтуяаг анх өөртэй нь унтахдаа онгон байсан гэдэгт итгэж явдаг Бадрал энэ үгийг нь сонсоод сэтгэл онгойж :
-Ёох, чи нээрээ балладаг амьтан юм аа. Сууя барья гэж “унагалуулж “ байгаа юм байх л гэж бодлоо шүү. Байр хөлсөлнө гэдэг чинь болох л санаа байна. Чи тэгээд байр майраа олсон юм уу? Эцэг эх чинь зөвшөөрөх юм уу, тэгээд? гэж асуугаад эргэж хэвтэхэд нь Золтуяа гарыг нь тавиад гомдсон хүн болж цаашаа харан хэвтээд:


-Энд чинь манай эцэг эх ямар хамаатай юм бэ? Чи ямар миний ах юм уу? Хэрвээ жинхэнээсээ сууя гээд янзыг нь үзэх юм бол чи аймаар шинжгүй загнах юм байна даа , харин. Тэгэхдээ тайван бай . Би тэгж чамайг гуйхгүй гэхэд Бадрал мөрийг нь тэврэн :
-За, наашаа хар л даа. Золоо. Арай гомдчихсон юм биш биз дээ? Хоёулаа анхнаасаа тохиролцсон биз дээ? Би чамайг буруу ойлгочихож. За наашаа хар л даа хэмээн гуйх хоолойн өнгөнд нь нэлээд төвөгшөөсөн шинж тодрохыг анзаарсан Золтуяа тас тас хөхрөн эргэж хараад:
-Хэн уурласан юм? Би ямар чиний авгай биш. Тэгж гомдоллоод байдаг урвайсан амьтан юм уу ? гээд үсийг нь сэгсийлгэн тоглож:
-Тэгээд чи байр хөлслөхийг зөвшөөрч байгаа юм уу? Мөнгө л байвал байр олох шиг амархан юм хаа байна. Танай гэрийн хажуугийн байр л биш бол яадаг юм, тиймээ гэхэд Бадрал:
-Нээрээ чи манай гэрийн хажууд байр хөлсөлчихвөл мөн алав аа. Бодохоос айдас хүрчихлээ .Манай Чука ноднин амралтан дээр Номинтой явж байгаад авгайдаа гардуулаад ёстой баларсан гэж байгаа юм гээд инээд алдлаа. Түүний хоолойн өнгөнөөс түрүүний айдас бас л арилаагүй нь мэдэгдээд байв. Чука гэдэг нь түүний салдаггүй ганц найз. Бас нэгэн агентлагийн захирал. Хэтэвч нь саяхнаас түнтийж эхэлснээс гадна Бадралтай хамт өөрийнхөө ярьдгаар “мөнгө хийх”, хүүхэн эргүүлэхдээ хачин сайхан гар нийлдэг залуу. Номинг нь ч Золтуяа сайн мэднэ. Өөрөөс нь илүү хөөрхнөөс гадна нэлээд бололцоотой айлын охин мөртөө яагаад авгайтай , тэгээд Чука шиг тийм завхай амьтантай яваад байдгийг нь Золтуяа ойлгодоггүй юм. Тэр дөрөв нэг биш удаа хамт идэж ууж, наргиж цэнгэж байсан билээ.
Золоо даавуугаараа биеэ хагас ороон босоод толины хажууд очиж суугаад хөхөвчөө өмсөн, нөмөрсөн даавуугаа унагаад:
-Манай сургуультай ойрхон 11 дүгээр хороололд байвал ямар вэ? гээд эргэж харлаа. Түүний тэгшхэн мөр, эвлэгхэн хотойсон нуруу нь араасаа тун донжтой харагдаж байгааг тэр сайн мэдэж байлаа. Хоёр жилийн турш аэробикт явж Синди Кроуфордын дасгалыг тасралтгүй хийсний ачаар нэг ч сантиметр илүү харвингүй, ямар ч загвар өмсөгчөөс дутахгүй гоолиг биетэй болсон нь түүний ганц бахархал билээ. Бадрал ч түүнийг ийнхүү хагас нүцгэн суугааг нь харах дуртай. Айхтар нүд татахаар хөөрхөн биш ч гэсэн эр хүний арга эвийг олоод байдаг энэ охиноос өдий удаан хугацаанд уйдахгүй байгаадаа тэр өөрөө ч гайхдаг ажээ. Энэ үеэр гар утас нь дуугарлаа. Тэр цагаа хяламхийн хараад утсаа авлаа. Цаг хэдийнээ оройн арав өнгөрчээ.
-За байз, над руу 211-ээс хэн ярьдаг билээ гээд “за…” гэж уцаартайхан дуугарвал өөдөөс нь авгайнх нь ууртай дуу гарч:
-Чи хүүхдийн эцэг эхийн хуралд сууна гэчихээд хааччихдаг юм бэ? Чи ганцаараа ажилтай нь биш байх шүү. Одоо хаана явж байгаа юм. Утас мутсаа хаачихаад хаагуур зугаалаад байдаг юм хэмээн тачигналаа.
-Би бас ажилтай л яваад байна л даа. Тэр хурлыг харин таг мартчихаж ээ, хө. Би одоо ордонд нэг гишүүнтэй уулзаж сууна. Одоохон харилаа, хөгшөөн гээд ухасхийн босов.
-Баларсан юм. Хүүхдийн эцэг эхийн хуралтай байсныг нь мартчихдаг. Навчаа тэгээд 211-ээс яриад байхдаа яахав дээ гэж үглэнгээ нүд ирмэхийн зуур хувцаслахад толины өмнө суусан Золтуяа ч сандран юм хумаа цуглуулж эхлэв. Тэр хоёр буудлын өрөөнөөс цувран гараад Бадрал машиндаа суухдаа Золтуяагийн хацар дээр санд мэнд уруул хүргээд:
-Чи маргааш байраа олчихоод яриарай, за юу гээд давхин одлоо. Хаврын дулаахан орой байлаа. Золтуяа такси барихаар зам тосон зогсох зуур “Хөөрхий амьтан, авгайгаасаа айж үхэх гэж байгаагий нь. Ордонд гишүүнтэй уулзаж байна ч гэх шиг. Би л нөхөртэй болохоороо ингэж худлаа залах юм бол итгэх ч үгүй. Би тэгвэл тэр ордны чинь гадаа байж байна, гараад ир гэвэл яах бол доо. Намайг сууя гэх нь гэж айж байгаагий нь. Шал хөгийн юм “ гэж бодон өөртөө ч , нууц амрагтаа ч дургүй нь хүрээд явчихлаа. Хүнгүй такси олдохгүй алхаж явтал:
-Золоо , хөөе Золтуяа гэх аавынх нь дуу гарах нь тэр . Бүсгүйг эргэн хартал аав нь ажлын ногоон хувцас өмсөөд хуучин цүнхтэй багаж барьчихсан араас нь хар хурдаараа гүйцэж ирэв. Гудамжны гэрэлд царай нь харлаад дөхөж ирэнгүүт нь амнаас нь хямдхан архины хурц эхүүн үнэр нэлхийв.
-Чи чинь энэ орой болсон хойно буудал хэсэн завхарч явдаг юм бий гэхэд нь Золтуяа санаа зовохдоо ийш тийш хулмалзан харж :
-Аав, та аяархан яриач. Хүн амьтан сонсчихлоо ш дээ. Хаана архи уучихдаг байнаа гээд хажуудаа ирж зогссон таксинд зугтах шахам суужээ. Аав нь хойноос нь гараа хэд хий сарвалзуулаад:
-Хөөе , Золтуяа. Чи надаас зугтаад хаачдаг юм бэ? Хөөе чи шил архины мөнгө өгөөдөх гэж хашгичсаар хоцров. “ Аав одоо хаанаас гараад ирэв ээ? Арай намайг мөрдсөн юм биш биз дээ. Ичихгүй архины мөнгө нэхэж байгаагий нь ээ. Бадралыг бас харчихсан юм биш байгаа даа. Тэгээд харсан бол яах вэ? Охиноо хүн шиг явуулж чадахгүй энэ арчаагүй амьтнаас болж л би ингэж биеэ үнэлэх шахаж яваа биз дээ. Муу архичин.” гэж хорсолтойёо бодож явлаа. Энх тайваны гүүр даван давхиж яваа жолооч эргэн хараад:
-Хаашаа явах вэ гэж асуухад л бүсгүй сая сэхээ орлоо. “За байз. Гэртээ харихгүй. Урнаагийнд очдог юм бил үү?” гэж хоромхон зуур бодоод :
-Урт цагааны урд талын байр орноо гээд хэлчихэв. Гадаа харуй бүрий болж, замын хөдөлгөөн ч нэлээн татарчээ. Түүнийг Урнаагийн гадаа буунгуут бага дүү нь утасдан:
-Эгч ээ. Та хэзээ ирэх юм бэ? Аав согтуу ирээд явчихсан. Ээж уйлаад байна. Бас маргааш багш сургалтын материалын 2000 төгрөг авчир гэсэн. Ээж мөнгөгүй гээд байна гэж дуржигнуулав. “Эгчид нь мөнгө байгаа. Одоохон харина. За юу гээд тэр гэр рүүгээ явахаар дахин такси барилаа.
Бодвол аав нь согтуу очоод ээжид нь элдвийн юм яриа биз. Аягүй бол хоёр дүү нь хоосон талхтай өлсчихсөн сууж байгаа. Тэгээд л бага дүү нь утасдсан биз. “Бадралаас байр хөлслөх мөнгө авлаа гэж бодъё. Ананд дахиад миний арганд ороод тэр хөлсний байранд очлоо гэж бодъё. Дараа нь яах вэ? Хулангаас салаад миний энэ аймаар амьдрал руу орж ирж надтай суух юм гэж үү? Ээж нь гэж хувийн эмнэлгийн эзэн тэр хямсгар авгай намайг хүлээж авах юм болов уу? Дүү нар ингээд л орой бүхэн мөнгө нэхээд утасдаад байвал яах вэ? Шал утгагүй юм. Тэгэхгүй гээд яах юм. Нэг л өдөр Бадрал нүүр буруулах нь тодорхой. Өнөөдөр хамаг хүслээ хангачихаад юу бодож хэвтсэн бол оо ? Авгайгаа утасдангуут тэр сандарч байгаагий нь ээ. Ямар ч хамаагүй аргаар энэ хогийн амьдралаас л сугарч хүн шиг амьдрах юм сан. Яадаг юм, би Анандад хайртай юм чинь болохоос нь болохгүйг нь хүртэл явна даа.” гэж хаврын энэ сайхан орой дэндүү бараан бодолд автан явж байлаа.
“Тийм ээ, би өнөөдөр болзоотой байгаа
Тэгэлгүй дээ бас, догь байгаа биз…” таксины жолооч FM дээр Ариунаагийн дууг тавиад даган аялж:
-Ариунаа мөн алж байнаа. Бүх дуунууд нь хит болоод л. Циркт болсон “Чи минь “ тоглолтыг нь үзсэн. Бүжиглэнэ ч гэж алж өгч байна лээ хэмээн яриа дэлгэх нь ихэнх жолооч нарын нэгэн адил чалчаа эр бололтой.
Бүсгүй ч “Нээрээ Ариунаа шиг авьяастай байсан бол би юу гэж муу Бадралыг царайчилж буудал хэсч явах юм бэ.” гэж бодчихсон нэг л мэдэхэд “ Тэгэлгүй дээ бас …” хэмээн аялчихсан гэрийнхээ гадаа буулаа. Сагсны шиидний тэнд бөөгнөрсөн хүүхдүүд дундаас хоёр дүү нь ч гүйгээд ирэв. Энэ сагсны шийд, хуучин төмөр гулсууртай хүүхэд шуугилдсан төмөр хашаанд л тэр тоглож өссөн билээ. Хаврын ийм орой шөнө дөл болтол тоглодог асан тэр санаа зовох юмгүй, сэтгэл амар хүүхэд насандаа эргээд очиж болдог ч болоосой. Золтуяа цүнхнээсээ “Сникерс “ гарган тэнцүүхэн хувааж өгөөд “ Манайх идэх юмтай юу?” гэж лавласаар орц руугаа орлоо.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино