2010/11/11

Солонго /өгүүллэг/

Т.Аззаяа /"Бүсгүй заяа" бэсрэг өгүүллэгийн цуврал-1/


Солонго шүршүүрийн онгоцноос бууж ирээд өөрийн нүцгэн биеийг толинд харлаа. Төсөөлж байснаас нь яльгүй дор байсанд урам хугарав. Хөх нь бага зэрэг унжиж, урьдных шигээ сэргэр чанга байхаа больжээ. Гарынх нь арьс суларсан байлаа. Уртаа гэгчийн амьсгаа авч хэвлийгээ илээд дотроо "Зүгээр ээ, би чадна. Чадах ёстой. Гэр бүлээ аварч үлдэнэ" хэмээн шивнэв. Яг энэ л биеийг 7 жилийн өмнө нөхөр нь энхрийлэхдээ өөр ямар ч эмэгтэй надад хэрэггүй хэмээн сэм амлаж явсан. Гэвч гэр бүл болсноос хойш олон зүйл өөрчлөгджээ. Урьд нь Солонго ханийнхаа энгэрт наалдаад, элдэв сонин хачин ярьж, инээлдэж, хааяа гэмгүй тунирхдаг байсансан. Харин одоо жаахан л хавьтах гэхээр ажил ихтэй ядарснаа ярин, нүүрээ буруулаад хэвтчихдэг болсон. "Эр хүн өөр хүүхэнтэй болохоороо л ингэдэг юм даа. Сэтгэл нь нэг л эргэсэн бол буцааж залуурдахад хэцүү" гэж хэлсэн найзынхаа үгийг санахгүйг хичээн тэр сүүлийн үед хүйт даах болсон гэр бүлийнхээ харилцааг сэргээхээр зориглож байгаа юм.

Анхны шөнөдөө зориулан авч байсан торон дотуур хувцсаа шүүгээнийхээ булангаас гаргаж ирээд өмслөө. Тэр үед жаахан томддог байсан ч одоо яг таарч байгааг нь хараад буцаад урам орох шиг болов. "Яг таарч байна шүү. Яагаад ч юм нөхрийн маань сэтгэл эргээд ирчих юм шиг л санагдаад явчихлаа" хэмээн бодоод, өөрийнхөө энэ байдлаас жаахан хүүхэд шиг ичингүйрэв. Дараа нь уруулаа өнгөлж, нүдээ найзынхаа зааж өгснөөр яльгүй залирхаг маягаар будаж үзэв. Сэвсгэр зөөлөн үсээ задлаад өөрийгөө харахад 20 настай энэ өрөөний босгоор алхаж байсан тэр л Солонго эргээд ирсэн шиг л санагдлаа. "Хөөх, би чинь ийм эмэгтэй байл уу?" хэмээн амандаа шивэгнээд тачаангуй байдлаар тольныхоо өмнө хэд хэдэн зогсолт үзүүлэн аальгүйтээд амжив. "Ийм сайхан хүүхнээс харцаа буруулах гээд байна гэнэ ээ. Өнөөдөр муу ханийгаа сэргээгээд өгнө өө" гэж хэлэхэд нь ярианых үг нь хэдий шийдэмгий боловч өнгө аяс нь сулмагхан байгааг тэр битүүхэндээ мэдрээд санаа алдлаа.

"Дин дон" гэсээр гэрийнх нь хонх дуугарав. Солонго анхны болзоондоо гарах гэж байгаа өсвөр насны охин шиг л сандарч эхлэв. Тэр хамгийн сүүлд хэзээ ингэж догдолсноо мартжээ. Гэрийнхээ халаадыг дээгүүрээ нөмрөөд хаалгаа тайлж өгөв. Өөрөөс нь яльгүй намхан нүдэнд дулаахан эр үүдээр орж ирээд, шуудхан л "Би сая оройн хоолоо идчихсэн. Шууд унтлаа" гэж хэлээд банны өрөө рүү яваад орчихов. "Гэхдээ хань нь чинийхээ дуртай тахианы махан шөлийг хийсэн" хэмээн албаар энхрий болгох гэж хичээсэн хоолойгоор хэллээ. "Асгавал асгачихгүй юу дөө. Гадаа гаргаад нохойнд өгнө үү өөрөө мэд дээ"
Цээжнийх нь дундуур нэг юм зуран орсноо, Солонго уйлахгүй байхыг хичээв. "Өнөө шөнө л уйлж л болохгүй юм шүү. Бүгдийг баллачихна" гэж дотроо бодохтой нь зэрэгцэн нөхөр нь банны өрөөнөөс гарч ирэв. Өөдөөс нь угтаж очоод, пиджакийг нь зөөлнөөр тайлаад уруул дээр нь үнслээ. Дараа нь цамцных нь товчийг нэг нэгээр тайлахдаа цээжнээс нь өөр эмэгтэйн сүрчиг үнэртэж байгааг мэдрээд дотроо зогтуссан ч гаднаа мэдэгдүүлэхгүйг хичээн үргэлжлүүлсээр. "Чи чинь гэнэт юу болчихоов?" Хоолой нь шархирч, хариугүй уйлчих гээд байсан ч "Хоёулаа 2 сар бие биедээ ойртсонгүй ш дээ. Өнөө шөнийг сайхан өнгөрүүлье" хэмээн хүчилж хэлэв. "Бөөн ажилдаа дарагдаад ядарч байхад одоохондоо тийм юм бодох сөхөө алга аа. Зүгээр л унтацгаая"
"-Өөр эмэгтэйг энгэртээ наасан байж надад зарцуулах зав алга уу?" гэж золтой л хэлчихсэнгүй. Хөмхийгөө зуун тэслээ.

Шөнийн 00 цаг гэхэд хоёул орондоо ороод хоёр тийшээ хараад хэвтчихсэн байв. Уг нь Солонго энэ үед бие биенээ ойлголцчихсон, хуучны сайхан үеүүдээ дурсаж ярилцаад сууж байгаагаар төсөөлж, бүр төлөвлөж байсан. Гэвч бүх зүйл талаар боллоо. Уйлах гэхээр эхэр татчих гээд, хий хамраа шуухитнуулан, чимээгүйхэн нь аргагүй дотогшоо мэлмэрлээ. Хажууд нь шал харь үнэр үнэртүүлээд хэвтэж байгаа нөхөр нь нулимсыг нь хамгийн ихээр харах ёстой юмсан, уг нь. Солонго шалан дээрх хивсний үзүүрийг гөлрөн хэвтэхдээ дахин хэдэн шөнийг энэ үнэртэй "цуг" өнгөрөөх талаар бодсонгүй, бодохыг хүссэнгүй. Харин хэвлийдээ тээж байгаа 2 сартай нялх үрийнхээ талаар ханьдаа хэлэх итгэл нь алдарсныг л мэдэрч байлаа.

2010.11.12
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино