2010/11/10

Хулан /Б.Шүүдэрцэцэг/

9-р хэсэг

Хулан хайртынхаа и-мэйлийг уншаад түмэн бодолд дарагдчихав. Ялангуяа “нэг охинтой танилцсан” гэсэн үг сэтгэл зүрхийг нь хүйтнээс хүйтэн хойд туйлын шуургаар тас ороолгох шиг шаналгах аж. Хулан нүдээ алгуурхан анихад том том нулимс хацар дээгүүр нь бөмбөрөхөв. Бүсгүй уруулаа тас зуун нүүрээ дарлаа. Ай хөөрхий Хулан… Тэр сургуулийнхаа хамгийн хөөрхөн охин байсан сан. Мөрөө шүргэсэн шулуухан хар үсээ ихэнхдээ шуучихдаг. Бусад охид шиг үсээ, шар, бороор буддаггүй, сор тавьж задгай орхидоггүй. Урт сормуус, цоргисон харцтай тунгалаг хархан нүд, гонзгой царай, шулуун хамар, жимбэгэр уруул, жижигхэн чихтэй охин байлаа. Баруун нүднийхээ дор бяцхан хар мэнгэтэй. Эмээ нь “Миний охин нулимс тоссон мэнгэтэй юм. Зовох вий дээ.” гэдэгсэн.
“Бүх юм надаас л болсон. Би л Түвшинг явангуут Анандтай үерхэж, тэнэг юм шиг жирэмсэн болсон. Өөрөө хүний хүүхэд гаргачихаад Түвшинг тэр Лхагваа гэдэг охиноос нь яаж харамлах юм бэ?” гэж тэр бодоод гүнзгий санаа алдав. Урьд нь Түвшингээс ирсэн захиаг хадгалж яваад Анандад баригдаж, бөөн хэрүүл болсноо санаад тэр и-мэйлийг устгах гэснээ больчихлоо. Хөөрхий Ананд одоо хүртэл тэр захидлын нарийн учрыг мэдэхгүй л яваа билээ. Ананд миний и-мэйл хаяг руу орох пин кодыг мэдэхгүй юм чинь. Ер нь ч би Анандад долоон булчирхайгаа дэлгэх ёстой юм уу.” гэж бодоод устгахаа больчихлоо. Түвшин “Лхагваа гэдэг охинтой танилцсан.” гэдгийн араас “чамайг мартаж чадахгүй л явна.” гэсэн нь бүсгүйд зүйрлэшгүй сайхан үг шиг санагдаж байлаа. Энэ нь өөр ямар ч бүсгүй байсан Хуланд хайртай. Түүнээс өөр хэнд ч Түвшин хайраа, сэтгэл зүрхээ өгч чадахгүй гэсэн үг. Түм түмэн бээрийн алс зай, хүнд л байдаг дур хүсэл, физиологийн хэрэгцээ нь түүний Хуланд тэмүүлэх их хайрын дэргэд юу ч биш гэсэн үг билээ. Энэ бодол нь бүсгүйн сэтгэлийг хачин их тайвшруулав. Одоо тэр ааваасаа ирсэн и-мэйлийг нээлээ. “Миний охин сайн уу? аав, ээж хоёр нь Эрхүүд ирээд “Интурист” буудалд буусан. 303 тоот өрөө авсан. Ээжийг чинь усанд орох зуур аав нь үүнийг бичиж сууна. Дүү, эмээ хоёроо эргэж байгаарай. Бид хоёр тав хоноод очно. Эрхүүгийн хавар их сайхан байна. Зээг минь миний өмнөөс үнсээрэй. Ээж чинь бас Очироог санаж байна гэсэн. Хадмууддаа мэнд хүргээрэй. Аав нь илтгэлээ явууллаа. Миний охин англи орчуулгыг н ь хяначихаарай.
Баяртай. Охиноо үнсье. Аав нь.” гээд Эрхүүд буунгуут татуулсан бололтой Ангар мөрний эрэг дээр ээжтэй нь авахуулсан, бас ээж нь зочид буудлын өрөөндөө толины өмнө суугаа, өөрөө Очир, Бөртэ, Хулан гурвын зургийг хацартаа наагаад инээсэн хэдэн зургаа явуулсан байв. Аав нь зурганд хоббитой хүн билээ. Тэр ердийн болон дижитал хоёр аппарат заавал авч явна. Тэгээд гадаад явахдаа дижитал аппаратаар авсан зургуудаа заавал и-мэйлээр гэрийнхэндээ явуулдаг заншилтай.
Хоёр охин, зээгийнхээ зургийг хацартаа наасан зургийг нь хараад Хулан өөрийн эрхгүй инээчихлээ. Аав нь ингээд л хаана ч явсан охиноо сэргээж, зоригжуулж, инээлгэж явдаг билээ.
Дараа нь Швейцарьт байгаа Нандин найзынхаа и-мэйлийг уншлаа.
Найз охидын л хоорондоо бичдэг байгаа газрын сонин хачин, ангийнхан, шинэ танил, сүүлийн үеийн моодны тухай урт захидлынхаа төгсгөлд “Хулаан, чи нэг л юм нуугаад байх шиг санагдах юм. Бодоод л байхад чи Анандад хайргүй юм шиг. Урьд нь огт тоодоггүй байснаа яг ноднин өвөл чи яагаад гэнэт Анадтай үерхэх болов оо? Хүүхэдтэй болсноо яагаад хүмүүсээс нуув? Бас чамайг “Энэ зун хурим хийх болсондоо ерөөсөө баярлахгүй байна лээ.” гэж Уянгаа бичсэн байсан. Яагаад? Миний энэ асуултуудад заавал хариулаач гэж би албадах эрхгүй. Гэхдээ бие биенээсээ юугаа ч нууж үзээгүй ганц найзын чинь хувьд санаа зовсондоо л асуусан юм.
Бүр эцэст нь ганцхан юм асууя. Чи аз жаргалтай байна уу? Үүнд л эргэлзэх юм.
Хариулахыг бодоорой.
Ву, ву Nandin. Geneүa” гэсэн байлаа.
Анандтай үерхэх болсноос хойш Хулан өөрийгөө ч ойлгохоо больсон үе бий. Сурагч насны сүүлчийн өвөл. Түвшинг явангуут юу ч бодож эргэцүүлэлгүйгээр Анандыг сонгосон нь ямар том алдаа боллоо доо. Алдаа нь томорсоор одоо засах нь ч өнгөрч, харин яаж зөв шийдэх вэ? гэдэг асуултанд Хулан хариулт олж чадахгүй яваа билээ. Гэтэл ойр дотныхноос нь хэн нэг нь түүнээс асуух л ёстой байсан асуулт тулгарах нь тэр. Амьдралд гашуун үнэн нэг л байдаг. Эрт орой хэзээ нэгэн цагт сарнай шиг анхилуун биш, шарилж мэт гашуун тэр үнэнд гүйцэгдэх л болно гэдгийг Хулан ойлгох цаг иржээ.
Нандин бол Уянга биш. Түүнд үнэнээ хэлэх л хэрэгтэй. Тэгээд ч эмээгээсээ өөр хэнд ч хэлээгүй, сэтгэл зүрхэндээ бул чулуу мэт тээсээр яваа энэ үнэнийг ядаж Нандинд бичиж дотроо онгойлгох хэрэгтэй байлаа. Дараа нь аавдаа хэлэх хэрэгтэй. Тэгээд бүх хүнд, ялангуяа хайртай бүсгүйтэйгээ хуримлан аз жаргалтай амьдрах мөрөөдөлдөө автчихсан яваа Анандад хэлэх л хэрэгтэй. Нээрээ Ананд. Түүнд тэр нүцгэн үнэнийг, өөрт нь хайргүй гэдгээ, Түвшинг мартах гэж, хоосорч гүйцсэн сэтгэлээ тайвшруулах гэж, хар амиа бодсондоо л хайрыг нь хүлээж авснаа хэлнэ гэдэг л Хуланд хамгийн аймшигтай санагдаж байлаа.
Хулангийн өөрийнх нь тэнэглэл, амьдралдаа хийсэн алдааных нь золиос болж хохирох хүн Ананд болж үлдэнэ. Тэнгэр минь. Хуланг хайрласан нь нүгэл биш юм бол өөр ямар ч буруугүй, охидын харцыг унаган явдаг энэ сайхан залуу л зүрхээ шархлуулан үлдэх болно гэж бодоход дэндүү шударга биш санагдана.
Гэтэл хаалганы хонх дуугарав. “Хулан эгч нь бий юу?” гэсээр Ананд орж ирэх нь дуулдав. Удалгүй Ананд сурсан зангаараа гэрийн шаахайгаа углан, гараа угаачихаад хүүгээ тэвэрчихсэн:
-Хоёулаа ээж дээрээ очъё гэж хүүдээ хэлэн Хулан, чи юу хийж байна гэсээр орж ирэв. Ананд ширээнд дөхөж ирэн инээмсэглэж, “За, нүдээ аниарай.” гээд гар дээр нь юм тавилаа…
_________________
-Хулаан , одоо нүдээ нээ гэхэд бүсгүй алган дээр нь тавьсан тэр хөнгөхөн хүйтэн, гөлгөр юм нь хийлч Дээгийгийн CD байсныг харжээ. Энэ бэлэг Хуланг үнэхээр их баярлуулав. Тэр ийм цомог гарсныг ч сонсоогүй, хэрэв сонссон бол авах гээд шууд “HI FI “ руу гүйх байсан нь мэдээж хэрэг. Тэр Анандын энэ сюрпризэнд баярласандаа:

-Өө, ямар гоё юм бэ? Баярлалаа, хайрт минь гээд хэлчихэв. Харин Ананд тэр санамсаргүй хэлсэн “Хайрт минь” гэсэн үгэнд нь үгээр илэрхийлшгүй их баярлан нүд нь гялалзаад явчихыг хараад бүсгүйн сэтгэлийг түрүүчийн гэмшил дахин нөмрөн авлаа.
-Би чамайг баярлана гэж мэдээд байсан юм аа. Одоо задлаад хөгжимд тавьчих уу? гээд Ананд түүнээс дискийг авахдаа нүдэн дээр нь үнсээд авчээ. Аавдаа тэврүүлж явсан хүү нь ээжээ харчихаад шүдгүй амаараа маасайн инээж, хоёр гараа сарвалзуулан эх рүүгээ тэмүүлэв. Ээждээ оччих санаатай хачин хөөрхнөөр хамраа зангидан инээж шүлсээ гоожуулан зүтгэх хүүгээ авахаар Хулан гар сарвайн:
-Хараач, миний муухай хүүг. Ээждээ ирэх гээд налж унаж байгааг нь. За нааш ир гээд авахад нь Ананд “Өө, яасан өөдгүй эр вэ? Аав нь дөнгөж ирж байхад чинь ээж рүүгээ яваад өгдөг гээд хүүг өгчихөөд хөгжим асаан тохируулах зуур “ Энэ аав одоо гэр орондоо ирэхгүй хааччихдаг юм бол оо? Ямар арван найм естэй залуучууд биш дээ. Өвөө болчихоод гэрээсээ гүйж гэнэ. Шал онигооны юм. Утасдсан чинь ажил дээрээ байж л байна лээ. Би ямар та гэртээ ирээч гэлтэй нь биш” хэмээн үглэхэд Хулан “Залуу хөгшиндөө ч биш байх аа. урьд нь хүүтэй байснаа, урдын амьдралаа яриагүйд нь л ээжид чинь гомдсон байх…” гээд шанаа тулан чимээгүй болов. Ананд ч “Харин тийм ээ, өчнөөн олон жил хамт амьдарсан хойноо би урьд нь хүүхэдтэй байсан юм аа гээд хэлж л байдаг. Ээж ч гэж ээж“ гэж их л бухимдангуй хэллээ. Яг энэхэн агшинд Анандын үгийг сонсоод Хулан “Хэрэв Түвшинд хайртай гэдгээ нэг л өдөр ингээд Анандад палхийтэл хэлбэл яах” бол гэж бодохдоо дуугаа хураасан нь тэр байжээ. Нөгөөтэйгүүр амьдралдаа анх удаа аав нь гэрээ орхин явсанд шаналсан Анандыг их л өрөвдөж байлаа. Харин Ананд бол “Золтуяатай болсон тэр явдлыг Хулан мэдвэл надад яасан их гомдох бол оо“ гэж бодох зуур хөгжимд “Хэнтийн өндөр ууланд “ намуухан эгшиглэв. Хулан сэтгэл үймрээсэн олон бодлоо үргээн нүдээ хагас аниад сандлын түшлэг налан “Өө ямар гоё юм бэ” гэхэд хүү нь урдаа байгаа компьютерийн гарыг “Баа баа “ хэмээн балбаж гарчээ.
Ганхуяг тэр нэгэн орой гэрээсээ хаалга саван гарснаас хойш хоёр хонож байв. Тэр орой ерөөсөө гэрийнхээ хувцсан дээрээсээ цув нөмрөн гарсан хүн чинь буудалд очиж хоночихоод өглөө нь Цэндээг байхад ирж ойр зуурын хэдэн юмаа аваад явчихсан байв. Хэдийгээр нэлээд зэрэглэл сайтай буудалд хоносон боловч маргааш нь буудлаас гарахад хүн амьтан харчихвал юу гэж бодох ч юм билээ гэж бодохоос яггүй эвгүйцэж байжээ. Тэгээд маргааш нь зун Анандыг хуримаа хийхээр нь тусад нь гаргахаар бэлтгээд хөлсөлж байсан айлыг нь гаргачихсан хоосон байрандаа очихоор шийдлээ. Хэдэн жилийн өмнө аав нь нас барснаас хойш дандаа өөр айл суулгаж байсан тэр байрандаа хоёр хонохдоо Ганхуяг их юм боджээ. Ганцаараа өнгөрөөсөн тэр хоёр хоногт Цэрэнхандыг л хачин их үгүйлж байгаагаа мэдрэхдээ улам ч их гомдож байлаа. Мань эрийг ажил дээрээ байхад нь Ананд нэг удаа утасдан “Та чинь амьд уу? Хаашаа алга болчихдог юм бэ? Ядаж ганц утасдчихаж болдоггүй юм уу?” гэж зэмлэнгүй хэлэхэд нь “Аав нь зүгээр, зүгээр. Ажил дээрээ л сууж байна.
Очироо гайгүй юу? Ач хүү зүгээр л бол яахав.” гэхчлэн дүйвүүлж байгаад өнгөрөөсөн билээ. Тэгээд дотроо Цэрэнхандыг утсаар ганц залгаагүйд хачин их гомдмоор санагдан “Өдий олон жил ханилчихаад бид хоёрын байж байгааг дээ.
Би л түргэдчихлээ. Эмэгтэй хүн нөхөртөө урьдын амьдралаа яриад байх юу нь тийм сайхан байгааж дээ“ гэж нэг бодон өөрийгөө буруутгаж, нэг болохоор “Очиж очиж куба хар юмтай шүү. Миний ханилсан хань гэж байх. Тэрнийгээ аягүй бол одоо ч бодож явдаг болоод л надаас нууж өдий хүрээ биз. Би муу ч гэсэн эр хүн. Аятайхан хүүхнүүд зөндөө л байхад …” гэсэн адын бодол төрөх аж. Үнэндээ Цэрэнхандтай амьдарсан хорин жилд мань хүн хааяа нэг томилолтоор явахдаа аятайхан хүүхэн таарах юм бол энгэр зөрөөд өнгөрсөн явдал байгаагүй биш байсан. Харин тэр хүүхнүүдтэйгээ хэзээ ч дахин уулзаж харилцаагаа гүнзгийрүүлж байгаагүй билээ.
Одоо ч авгайтайгаа тар түр хийснээ далимдуулъя гэвэл ганц утасдахад л гүйгээд ирэх бэлэн хүүхэн байж л байлаа. Гэвч түүнд энэ удаа авгайгаасаа өөр хүүхэн шуухан эргүүлж гүйх сонирхол өчүүхэн ч байсангүй.
Одоо бодоход тэр явдлууд нь эр хүний саваагүй зан, хөнгөн зугаа төдий л байснаас биш үр хүүхдийнх нь эх, амьдралын нэг багана болсон хань нь гэж ямар эрхэм хүн байсныг энэ өдрүүдэд л тэр ухаарч үгүйлж, ганцаардаж, энэлж шаналж байлаа. Тэгээд эхнэртэйгээ хамаг сэтгэл зүрхээ уудлан ярья, хүү, бэр, ач хүүдээ ер нь халуун дулаан гал голомтондоо харья гэхээр эр хүний нэг муу хор шар нь хөдөлгөдөггүй. Хэрэв Цэрэнханд өөрөө уулзаж ч юм уу, утсаар ярьж “Чи минь эргээд ирээч. Хоёулаа ямар дөнгөж сууж байгаа залуус биш дээ. Анхны амьдралаа чамаас нууж явсан нь миний буруу. Уучлаач“ энэ тэр гэх юм бол гэртээ харимаар байдаг. Гэтэл Цэрэнханд шиг өөрийн бодолтой гөжүүд хүн хэзээ ч тэгж нөхрөө гуйж явахгүй гэдгийг ман эр даанч сайн мэдэж байлаа
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино