2010/11/01

Өөртөө таалагдах хүн болцгооё

"Хүн өөрөө өөртөө таалагдаж байж л, хүссэн амжилтандаа хүрч чадна"

А бүсгүй ухаалаг, чадвартай, хэний ч дор орохооргүй сайхан бүсгүй. Тэр үргэлж сарын шилдэг ажилтнаар тодорч, бусаддаа үлгэр жишээ болдог байсан ч 3 жил болоход яагаад ч юм албан тушаал нь нэг байрнаасаа хөдөлсөнгүй. Буурсангүй, гэвч хамгийн гайхмаар нь дээшилсэн ч зүйл бас үгүй.
Хамт олондоо мэрийлттэй, хичээнгүйгээрээ гайхагддаг түүнтэй зэрэг ажилд орсон М бүсгүй хажууд нь хэд хэд дэвшээд авав. Түүгээр ч баралгүй, өчигдөрхөн ажлынхаа шугамаар гадаад руу 6 сарын сургалтанд явсныг нь дуулаад гэнэт А өөрийнхөө сул дорой байдлыг анзаарч эхэлжээ. Уг нь М эхэндээ дадлагын оюутнаас ч муу хэмээн хэлэгддэг байсан. Ур чадвар нь ч бас тэр үеийнхээсээ эрс дээшилсэн нь үгүй. Туршлага нь л нэмэгдсэн. Гэтэл түүнийг нэг байрандаа зогсох зуур, өөрөөс нь хавьгүй хойно явсан М одоо өөрийг нь хол хаясан байлаа. Асуудлын гол нь А үргэлж өөртөө итгэлгүй байдагт оршиж байв. Ямар нэг боломж түүнд гараа сунган өгөхөд, хуруунд нь ч болов хүрэхээс зүрхшээсэндээ зугтаачихдаг байсан аж. Ганцхан ажил дээр ч биш, хайр дурлал, гэр бүлийн асуудал дээр ч мөн л адил хий хоосон айдас замд нь тээр болдог байв.
Арван хуруу төгс гэж хэлж болохоор залуутай учирч байсан ч, ээжид нь таалагдахгүй байх вий, миний муу талыг мэдээд намайг хаячихвал яах юм бэ, хүнд муу хэлүүлмээргүй байна зэрэг олон хэрэггүй бодлууд түүнийг зовоодог байлаа. Ингэснээрээ аймшигтай муудсан нь үгүй ч, сайн сайхныг өөрөөсөө холдуулсан байжээ. Одоо түүний дэргэд дундаж зүйлс л үлдсэн байв. Өөрөөр хэлвэл тэр үргэлж өөрийгөө голж, өөртөө таалагддаггүй байжээ.
Бүсгүй минь таны сэтгэлийг зовоодог дутагдалтай чанар бий юу? Ганцхан тэр чанар л амьдралд чинь садаа болоод байгаа мэт санагдах үе байсан уу? Тэгвэл нэн даруй түүнийгээ засч залруулахыг хичээгээрэй. Тэрхүү дутагдлаасаа болоод гаргасан алдаа болгон чинь таны өөртөө итгэх итгэлийг хугалах учраас өө сэвтэйгээ эвлэрч болохгүй. Гэм биш зан хэмээн үүнийгээ өөгшүүлж бүр ч болохгүй. Зоригтой шийд гаргаж, эртхэнээс засахгүй бол энэ хэвээрээ явсаар амьдралын тань дадал зуршлын нэг болчихож мэднэ.
Ихэнх бүсгүйчүүд өөрийнхөө ийм занг олохоороо эхэндээ уурлаж эхэлдэг. Өөрөө өөртөө тэр шүү дээ. Гэвч засахаас цааргалж, сүүлдээ эвлэрч эхэлдэг. Мэдээж төгс хүн гэж байдаггүй. Хэн нэгэн төгс мэт санагдаж байвал тэр хүнийг та сайн мэддэггүй юм уу, эсвэл тэр хуурамч баг зүүсэн нэгэн байх вий. Тийм байлаа ч бид өөртөө таалагдаж байвал илүү итгэл дүүрэн, бардам, хүний өмнө нүүр улайхааргүй бас, хэний ч дор орохооргүй байж чадна.
Эхлээд та өөрийнхөө шилдэг болон муу талуудаа жагсааж бичээд үзээрэй. Юу таныг бусдаас илүү, онцгой болгож, харин юу нь таныг доош нь чангаадаг вэ? Бичсэнийхээ дараа та баяр хөөр, урам хугаралтын аль альныг нь мэдрэх болно. Гэвч энэ нь дараагийнхаа алхмыг хийхэд маш тустай.
Өөрөө өөртөө таалагддаг хүн гэдэг нь өөрийнхөө "хүссэн хүн" болж чадахыг хэлж байгаа юм. Та удирдагч болмоор байна уу? Та хэний ч сэтгэлийг булаам эмэгтэй болмоор байна уу? Та сайн ээж болохыг хүсч байна уу?
Тэгвэл эргэн тойрныхоо үлгэр жишээ эмэгтэйчүүдэд байдаг нийтлэг чанарыг өөртөө бий болгохыг хичээгээрэй. Хүнтэй яаж харьцаж байна, жижиг зүйлд ч хэрхэн хандаж байна гэх зэргээр. Жүжиглэж байгаа мэт сэтгэгдэл төрж магадгүй. Гэвч хамгийн гол нь чин сэтгэлээсээ тэмүүлсэн цагт, нэг л өглөө сэрэхэд тэр чанар аль хэдийн өөрийнх тань болсон байна. Дашрамд дурдахад эхлээд дотор хүнтэйгээ ажиллаж чадвал гадаад төрх, биеэ авч явах байдал тань ч аяндаа өөрчлөгдөх учир үүнд яараад хэрэггүй биз ээ.
Ухаалаг бас шийдэмгий бүсгүй танд амжилт хүсье.
Өөртөө таалагдах эмэгтэй болоорой.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино