2010/10/24

Инээмсэглэл таны өмнө шинэ хаалга нээнэ

С,М хоёр бүсгүйчүүд их сургуулийн сайн найзууд. Тэр хоёр царай зүс, бие галбираараа хэнд ч гологдохооргүй сайхан охид юмсанж.
Image hosting by IMGBoot.com
Сурлага, ухаанаараа ч хоёул ангидаа толгой цохидог. Гэсэн хэдий ч эргэн тойрныхон нь С-д л сайн хандаад байхаас, М-д төдийлөн тааламжтай ханддаггүй байсанд битүүхэн атаархдаг байжээ. Багш нар, ангийн оюутнууд, гудамжинд явж байгаа хүмүүс хүртэл С-тэй дотночлон харьцдаг мөртлөө, М-ийг үл тоомсорлодог байж. Нууц нь С-ийн инээмсэглэлд байсныг М мэдсэнгүй. Үргэлж төв царай гарган, бусадтай цаанаа л нэг хөндий харьцдаг М-ийн хажууд, цаг тутамд инээмсэглэж, хүнтэй эелдэг харьцдаг С илүү нэр хүндтэй байжээ.

Энэ бол зүгээр нэг зохиомол түүх боловч, амьдралд олон тааралддаг зүйлсийн нэг. Бид инээмсэглэдэггүйгээсээ болж ямар олон боломжийг алддагаа мэддэггүй. Инээмсэглэл таны өмнө шинэ хаалга нээдэг юм.

Алдарт уран илтгэгч Дейл Карнегийгийн "Хүнд таалагдах 6 арга"-ын 3-т "Та толинд хараад нэг инээмсэглэ дээ. Ямар ч гоо сайхны мэс засал хийснээс хавьгүй сайхан харагдаж байгаа биз?" хэмээсэн байдаг. Харилцааны хамгийн чухал мөртлөө, амархан, мөн хамгийн олон боломжийн гүүр болдог элемент бол инээмсэглэл юм.

Сэтгэл татам инээмсэглэлтэй эмэгтэйг ямар ч том байгууллага, хамт олон таатай хүлээн авдаг. Сайхан инээдэг болохын тулд ялихгүй дасгал хэрэгтэй. Толинд хараад шүдээ гаргаж, бүтэн нүүрээрээ, эсвэл зөвхөн уруулаараа зэрэг янз янзын хэлбэрээр инээмсэглэж үзээрэй. Аль нь танд илүү зохиж байна?

Инээмсэглэж байгаа хүний өөдөөс уурлаж чаддаг хүн цөөн. Тэдэнтэй харьцахад илүү амар байдаг. Тийм ч учраас уруу дорой царайлдаг хүний хажууд, нүүрний баясгалантай хүн найз нөхөд, танилын хүрээлэл өргөнтэй байдаг. Мэдээж өнөөгийн нийгэмд "танилтай бол талын чинээ" гэдэг хууль 100 хувь үйлчилдэг учраас хүрээлэл сайтай эмэгтэйчүүдийн ажил амьдрал илүү урагштай бүтдэг юм.

Ажлын ярилцлага, сайхан залуугийн төлөөх өрсөлдөөн гээд амьдралын бүх жижиг, том "тэмцээн"-ий ялагчид үргэлж сайхан инээмсэглэдэг бүсгүй байдгийг ямагт санаж яв.
Инээмсэглэлийн хүч чадал гайхалтай. Та яг одоо эргэн тойрныхон руугаа хараад сайхан инээмсэглээд үзээрэй. Таниас эерэг энерги цацарч, хүмүүсийн хандлагаас буцаад та эерэг энергээр цэнэглэгдэх болно.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино