2010/10/25

Болохгүйг нь мэдсээр байж тэмүүлээд байх юм

Сайн байна уу? Заяаз сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Би энэ сайтыг уншдаг болоод 1 сар гаруй болж байна. Энэ хугацаанд хүмүүст тохиолдож байсан явдлуудыг л уншиж сууснаас ингээд нэг өдөр хувь тавилангийн эргүүлгэнд орчихоод, захидал бичээд сууж байх юм гэж санасангүй.

Нууцаар идсэн юм амттай, нууж хайрласан дурлал бүр амттай гэдэг үг миний толгойноос ойрд гарахгүй юм. Тийм ээ, би нууц амрагтай болсон. Гэхдээ би үүнийгээ ердөө ч нүгэл гэж бодохгүй байгаа. Би найз залуутайгаа 3 жил үерхсэн юм л даа. Би түүндээ үнэхээр хайртай байсан, хэзээ ч салахгүй гэж боддог байсан, гэвч дурлал гэдэг нэг л мэдэхэд шатаж байгаад унтарчихдаг юм билээ. Унтрах, унтрахдаа бүр ямар ч сэтгэл хөдлөл, баяр баясгалан, догдлолгүй болгочихдог гэдгийг би мэдсэн. Би хоёр сарын өмнөөс үнэхээр бүх юмнаас уйдаж эхэлсэн. Миний найз залуу надад үнэхээр хайртай, миний төлөө амиа ч өгөхөөс буцахгүй нэгэн л дээ. Гэвч тэр маань хааяа миний хүслийг үл хүндэтгэж, намайг үл тоомсорлон, хайр халамжаар дутаагаад байсан юм. Эмэгтэй хүний сэтгэл гэдэг чинь үргэлж сайахн үг, энхрийлэл, хайран дунд хөлбөрч явахгүй л бол хатаад, гандчихдаг цэцэгтэй адил эмзэгхэн.

Тэгээд л түүнийг дэргэд байсаар байтал би ганцаарддаг болчихсон байсан. Тэврэлт нь хүртэл нэг л хөндий, урьдныхтайгаа адилгүй. Гэтэл нэг л өдөр тэр маань гарч ирсэн. Түүнийг энд М гэж нэрлэе. Би эхэндээ М-тэй зөвхөн найзын үүднээс харьцдаг байсан боловч нэг л мэдэхэд бид хоёр бие биедээ маш их дурлачихсан байсан. Тэр намайг маш сайн ойлгодог, хайрладаг, дотно дулаахан үгийг миний чихэнд хайлтал шивнэдэг. Түүний энхрийлэл намайг энэ хорвоогийн хамгийн аз жаргалтай эмэгтэй мэт сэтгэгдэл төрүүлдэг юм. Харин найз залуутайгаа байхдаа би тийм зүйлийг мэдэрч үзээгүй байсан. Яг л "Би чинь эмэгтэй хүн шүү дээ" гэдгээ ойлгох шиг санагдсан гэх үү дээ. Сонин юм билээ. Нууц амрагийнхаа өвөрт дөнгөж сэрэхдээ найз залуугийнхаа дуудлагыг аваад ичих ч үгүй ярих, нууц амрагтайгаа хаа нэг газар болзож суухдаа ажил дээрээ байна гэж түүнд сэм худлаа ярих...

Эхэндээ маш эвгүй байдаг байсан. Гэхдээ одоо бараг дасчихсан гэхэд болно. Хамгийн гол нь миний найз залуу намайг өөрийг нь араар нь тавьж байгааг өчүүхэн ч болов мэддэггүй. Уг нь тоомсортой эр хүнд бол мэдэгдэхээр л байгаа. Гэтэл тэр хумсын төдий ч мэдэхгүй, гадарлахгүй, ядаж надаас шалгаах ч үгүй байгаа нь миний бухимдлыг улам төрүүлж, үнэхээр л түүнийг ямар ч мэдрэмжгүй эр юм байна гэдэгт итгэх болсон. Тэр надад үнэхээр их итгэдэг нь үнэн. Гэвч ийм тоомсоргүй, анзааргагүй байж болохгүй шүү дээ. Даанч дээ л гэж бодогдсон.

миний сэтгэл хөрсөн боловч би найз залуугаасаа салах зүрх хүрэхгүй байна. Нэг бодлын өрөвдөх ч шиг. Надтай л өөрийн бүх амьдралаа холбож боддог түүнийг би үнэхээр ингэж мэхлэх эрхгүй хүн. Гэвч би бусдын жаргалаас болж өөрийнхөө жаргалыг хорихыг хүсэхгүй байна. Би ч бас сайхан юмыг мэдрэх хувьтай биз дээ. Дөнгөлүүлсэн юм шиг амьдралд баймааргүй байна. Буруу, буруу, болохгүй гэж өөртөө хэлсэн ч миний зүрх миний хөл тэр чигтээ түүн лүү тэмүүлээд байх юм. Үүнийг би түр зуурын гэж бодохгүй байна. Гэсэн хэдий ч би найз залуугаа хаяж чадахгүй байна. Би яах вэ? Тархи, сэтгэл хоёр минь зөрчилдөж мөргөлдөөд байна.
Эх сурвалж: zayaznet@yahoo.com-оор ирсэн захидал
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино