2010/10/04

Эрчүүдийн эмэгтэйчүүдээс хүсдэг 10 чанар

Бүсгүй хүн бүрт эрчүүдэд тавих өөрийн гэсэн цензурь бий. Тэгвэл эрчүүд ч бас бидэнд сэтгэлдээ нууцхан шалгуур тавьдаг гэнэ шүү.

Доорхи 10 чанарыг бүх эрэгтэйчүүд биднээс хүсэн хүлээдэг аж.

1. Өөртөө итгэлтэй байдал
Мэдээж өөртөө итгэлтэй байдал эрчүүдийн биднээс хүсдэг хамгийн гол чанар. "Чаддаггүй байсан ч оролдоод үзвэл заавал чадна" гэсэн бодолтойгоор бүхнийг эхлүүлдэг эмэгтэйчүүд аль ч салбарт залуусын анхаарлыг татсаар ирсэн. Гэвч итгэлтэй байна гэдэг нь зөрүүд, хямсгар зангаас огт өөр зүйл юм.

2. Амбиц

Олон хосууд үерхэл, цаашилбал гэр бүлийн амьдралд мөнгө хамгийн чухал хэмээн эндүүрдэг. Гэвч мөнгөнөөс илүү амбиц гэрэл гэгээнд хөтөлдөг аж. Юунд хүрэхийн тулд амьдарч буйгаа мэддэг, түүн лүүгээ тэмүүлэлтэй дайчин эмэгтэйг эрчүүд хүсч явдгаа нуусангүй.

3. Хошин шогийн мэдрэмж

Өөрсдийг нь инээлгэж чаддаг, тэдний хошигнолыг ойлгодог бүсгүйчүүлтэй хамт байх эрчүүдэд хамгийн сайхан байдаг гэнэ. Гэвч болзооны турш инээхээргүй зүйлд ч тас тас хөхрөөд байвал эмэгтэй та "оноо"-гоо алдлаа л гэсэн үг. Мөн хошин шогийн мэдрэмжинд тоглоом, тохуурхал даах ч бас ордог гэдгийг хэлэхэд илүүдэхгүй байх.

4. Бадрангуй
Таны урам зоригийг юу бадраадаг вэ? Юу таныг хурцалж, үзүүрийг тань ирлэдэг вэ? Өөрийн давуу талаа сайн мэдэж, түүнийгээ хэрхэн тодотгохоо сайн мэддэг, өөрөөр хэлвэл сэтгэлээ дүрэлзүүлэх аргаа олсон бүсгүйчүүл эрчүүдийн дунд хамгийн эрэлттэй байдаг.

5. Ухаалаг байдал
Сайхан бүсгүй болгон математикийн томъёонуудыг нэгд нэггүй цээжилсэн байх албагүй шүү дээ. Түүний оронд амьдрал дээрх жижиг, том бэрхшээлээс өөрийгөө аваад гарчихдаг чадвар илүү хэрэгтэй. Наад зах нь болзоон дээр яриагаа эвтэйхэн үргэлжлүүлчихдэг, юу хийж байгаагаа мэддэг, ухаалаг бүсгүйчүүлтэй эрчүүд дахин уулзах хүсэл илүүтэй төрдөг.

6. Нигймийн оролцоо
Та нэг төсөөлөх гээд үз дээ. Баасан гаригийн орой найзын тань төрсөн өдрөөр, бүх хүмүүс хөгжилдөж байхад ганцаараа буланд чимээгүй бүгэж байгаа эмэгтэй аятайхан харагдаж байна уу? Үгүй л болов уу. Нийгмийн оролцоо гэдэг нь орчноо мэдэрч, цугтаа яваа хүмүүсийнхээ дунд идэвхтэй байхыг, олон хүнтэй газар дасан зохицох чадвар юм. Өөрөө өөрийгөө орчноос тусгаарлаж, уйтгартай байдалд умбадаг эмэгтэйчүүд хэзээ ч сайхан эрийн харааг булааж байгаагүй.

7. Харилцааны ур чадвар
Өөрөөр хэлвэл хүнтэй яриа өрнүүлэх, тэдний сэтгэлийг татах чадвар. Хүнийг чин сэтгэлээсээ сонирхож, өөрөө ч бас тэдний хувьд сонирхол төрүүлэхүйц гэдгээ харуулж сураарай. Энэ нь аль ч төрлийн харилцааны алтан дүрмийн нэг. Мэдээж хайр дурлалын ч тэр.

8. Өөдрөг үзэл
Амьдралд гутрангуй ханддаг хүний хажууд гучин минут суухад л эрч хүч барагддаг. Харин цаанаасаа л нэг өөдрөг бүсгүй эрчүүдэд баяр баяслыг бэлэглэнэ. Гэвч илт муу байгаа зүйлийг маш сайн мэтээр хэлээд байвал дүр эсгэж байгаа мэт харагдах болно. Таны ерөнхий суурь үзэл санаа л өөдрөг байх хэрэгтэй гэдгийг санаарай.

9. Гадаад үзэмжиндээ анхаарал тавих
Нүүрээ хэт их буддаг эмэгтэйчүүдэд эрчүүдийн 90 хувь нь дургүй. Оронд нь жигд энгэсэг тавиад, сормуусаа аятайхан будчихаад, уруулаа өнгөлчихөөд сууж байгаа эмэгтэйчүүд гадаад үзэмжиндээ анхаарал тавьдаг болох нь харагддаг. Цэвэрхэн бөгөөд дэгжин байдал хамгаас чухал.

10. Биеэ даасан байдал
Ээж ааваараа бүхнээ бэлдүүлээд сурчихсан эмэгтэйчүүд нэг талаар сул дорой харагддаг. Өөрөө өөртөө арчаатай, ганцаараа байсан ч байрандаа тогтвортой бат зогсож чаддаг бүсгүйд л тэд бүрэн итгэдэг гэнэ.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино