Яруу найрагчийг дурлуулахсан
Янагийн тансаг мөртүүдийнх нь
Ятга шиг уянгалаг охин тэнгэр
Янжинлхам нь болохсон
Яруу найрагчийг дурлуулахсан
Яагаад ч юм тэрний Жульетта нь болоод
Яг Шекспир шиг солиортол нь эзэмдэхсэн
Ягаахан уруулаа нүдэн дээр нь албаар шилэмдээд
Яагаа ч үгүй юм шиг өрөөлийг үнсэж зовоохсон
Яруу найрагчийг дурлуулахсан
Яадгаа алдтал нь галзууруулахсан
Ямар чөтгөрийнх нь адислал вэ гэж үсээ зулгаагаад
Яасан ч тааламжтай тамлал вэ гэж уулга алдуулахсан
Тамхиныхаа утааг миний дүрээр суунаглуулж
Тасартлаа уусан хүн шиг мансууруулахсан
Тааралдсан ч харцаараа дуудаж, гараараа түлхээд
Таавар шиг толгойг нь гашилгаж, тархийг нь бусниулахсан
Яруу найрагчийг дурлуулахсан
Дурлуулчихаад сийх ч үгүй орхиод одохсон
Дурсамжинд нь гэгээн дүрээ хадчихаад
Дуу аялан, бардам нь аргагүй алхахсан
Эхнэрийнхээ дэргэд намайг ургуулан бодоод
Эхэр татан нулимс дуслуулахыг нь үзэхсэн
Энгэрийн минь үнэрийг шөнөжин мөрөөдөж хоноод
Энэ адын хүсэлдээ хоргодон жингүйдэхийг нь харахсан
Өөрийг нь алдаршуулах ганцхан шүлэгний анхил домог
Өнө мөнхөд хөглөдөг танхил шүтээн нь болохсон
Үхэн үхтлээ хүрч чадашгүйн гаслан нь болоод
Үнсэлтээ салхиар дамжуулан түүнд л гэрээслэхсэн
Яруу найрагчийг дурлуулахсан, өөрөө
Яруу найраг нь болж амилах юмсан
Янагш бодогддог цор ганц нь болоод
Ялтан шиг надаас зүрхээ гуйхыг нь үзэхсэн
Яагаад ганцхан би л чамд дурлаж тарчлах ёстой гэж?
2011.03.04 Шөнийн 12:25 мин
Хэнгэнэтэл уйлмаар
Хэн нэгэнд хайртай гэж худлаа шивнэмээр
Хэсэг нөхдөө
Хэтэвчээ хоосортол дайлмаар
Хэлээгүй үгийг чинь дотроо
Хэлсэн болгож төсөөлөөд
Хэнэг ч үгүй тачигнатал инээмээр, бас
Хэнгэнэтэл уйлмаар
2011.03.04 Шөнийн 12.10 минут