2011/02/14

Хайрыг хайрла!

/Гэгээн Валентиний өдөрт зориулав/
Image hosting by IMGBoot.com
Чамд дурласан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо, бүсгүй минь
Чамайг хайрласных нь хариуд хайрла!
Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж ч болох шүү /Б.Д/

Өнөөдөр коридорт хүн хүлээгээд зогсож байтал дэргэд минь хоёр бүсгүй хоорондоо хуучилж байна. Хэрэгт дурлаагүй ч, тэдний яриа яахын аргагүй чихний сонорт дуулдчихлаа.

-Өчигдөр нөгөө хар юм чинь гэрийн үүдэнд ирээд явсан.
-За яасан? Бэлэг өгч байна уу?
-Аан. Нэгхэн ширхэг сарнай өгсөн. Тэгснээ бас зүрхэн шоколад барьчихжээ.
-Ямар гоё юм?
-Тиймэрхүү юманд чинь сэтгэл хөдлөхөө больсон ш дээ. Арай олигтойхон юм бодож олж чадаагүй юм байх даа. Надад лав хөгийн санагдсан.
-Гэхдээ тэр чамайг хайрлаж чадах байх аа. Дажгүй цэвэрхэн, ажил төрөлтэй аятайхан л залуу ш дээ.
-Яг ш д. Юу нь аятайхан байгаа юм? Хүмүүс хэмжээгээ мэдэхэд яадаг байна аа. Арай ч дээ, нээх хачин аймшгийн юм. Би шууд өөртөө таарсан юмаа олж уулз гээд л хэлээд явуулчихсан. Тэгээд цэцгийг нь нүдэн дээр нь хаячихсан.

Тэдний хооронд нэг иймэрхүү яриа болж өнгөрөв. Танихгүй ч гэсэн хөөрхий залууг өрөвдөж, бас бэлэгний эзнийг мөрнөөс нь барьж байгаад нэг сайн сэгсэрчихмээр санагдлаа.
"Жинхэнэ эмэгтэй хүн эргэн тойрондоо гоо сайхныг мэдрүүлж байх ёстой" гэсэн танилын минь үг толгойд зурсхийн орж ирсэн юм, тэрхэн үед. Ямар ч байсан тэр бүсгүйн хажууд байхад гоо сайхны өчүүхэн хэлтэрхий ч мэдрэгдсэнгүй. Гаднаасаа хүүхэлдэй шиг гоёсон, дэрвэгэр сормуус, урт хөлтэй сайхан эмэгтэй ч гэлээ амнаас нь гарсан үг түүний гадуур үл үзэгдэх саарал бүрхүүл үүсгэчихлээ.

Бидэнтэй л адилхан "амьтай" үзэсгэлэнт цэцгийг өөдөөс нь өргөн барьж байхад хүртэл жаахан ч атугай сэтгэл нь хөдлөхгүй бол, тэр эмэгтэй энэ хорвоогоос ер юунд нь баярлаж, юунаас нь аз жаргал олж авах болж байна? Магадгүй тэр цэцэг хэлтэй байсан бол өнөөх бүсгүйг л баярлуулахын тулд үндэслэж, ургаж, тордуулж, тасдуулж, дэлгүүрийн лангуун дээр зөндөө удаан хүлээсэн гэдгээ өчих байсан биз.

Бүсгүй хүний эелдэг хандлага бол энгэсэг будагнаас илүү гоо сайхныг бүрдүүлэгч чухал хүчин зүйл бололтой. Сүүлийн үед манай эмэгтэйчүүдэд "БИ" төвт үзэл хэтэрхий их ноёрхосноос болоод Халхын сайхан харчуулын сэтгэлээр унасан царай гудамжийг сүүдэртүүлээд байх шиг. Өөрөөр хэлбэл "эрхэмсэг зан" "дэмий их зан" хоёрыг хольчихдог гоо охид олширчээ.

Эрхэмсэг зан бол эргэн тойрныхоо хүмүүсийн сэтгэлийг байгаагаараа л дулаацуулж чаддаг, зөөлөн хэрнээ, цаанаа л нэг ухаалаг, халдашгүй, өөрийн эрхгүй үл ялиг эмээмээр мэдрэмж төрүүлэхийг хэлнэ. Эрхэмсэг бүсгүй хэзээ ч өөрт нь чин сэтгэлээсээ сайн сайхныг хүссэн хүний сэтгэл рүү ус цацдаггүй. Өөрийнх нь хэмжээнд хүрэхээргүй хүнийг ч дорд үзэлгүй, бодлоо эвтэйхэн гэгч нь ойлгуулж чаддаг. Тийм бүсгүйг ямар ч эр хүн хүндэлдэг. Харин дэмий их зан бол яг үүний эсрэг.

Яг одоо танд хэн нэгэн сэтгэлээ илчилвэл, ухаалаг эмэгтэйн зангаар ямар ч байсан хүлээж аваарай. Хайрыг хүндэл. Бас хайрыг хайрла. Хүнд хайрлуулна гэдэг хичнээн сайхан гээч.

Таныг Амур бурхан үргэлж ивээх болтугай.

Эрхэмсэг эмэгтэй таныг хүндэтгэсэн Заяаз
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино