2011/02/25

Догдлол дагуулсан хайрын шүлэгс

Хайрын шүлгийн "Цагаан Уул" наадмын 1991-2006 оны цомын эзэд , залуу яруу найрагчдын шүлгүүд
Image hosting by IMGBoot.com

"Хавар болоод...Хажуугаар чихрийн цаас хүртэл хосоороо хийсээд байх юм" гэж нэг найз маань хэлж билээ. Хэтрүүлэгтэй зүйрлэл хэдий ч нэг талаараа яг л оноод хэлчихсэн байгаа биз. Тэнгэрт хургаах үүлс хүртэл бундан хэлбэртэй харагдаж, шинэхэн зүлэгний сэрчигнэх чимээ ямархан нэг хайрын аяс чихэнд исгэрэх шиг мэдрэмжийг зөвхөн хавраас л би олж авдаг. Өнөөх "Синдром" гээч нь эхэлж байгаа нь тэр.

Гэгэлзэл авчирдаг энэ улиралд надтай адил санааширч, догдолж яваа уншигчиддаа сайхан хайрын шүлэгнүүдийг хүргье гэж бодлоо. Гэхдээ зүгээр ч нэг мөр холбосон тэнэглэлүүд биш, улсад нэртэй "Цагаан Уул" наадмын 1991-2006 оныг хүртэлх наадмуудаас тэргүүн байрын шагнал хүртсэн шүлэгнүүдийг мэлмий дор тань өргөж байна.

1991 оны тэргүүн шагналт яруу найрагч Цагааны Оюундарь
Зүүд
Хөнжил нэвтлэн, сарны мөнгөн туяа намайг эрхлүүлнэ
Хүүгтэл уурссан салхины элч хөнжилд шурган, саранд тэрсэлнэ
Гайхширсан одод тормолзон дальдчиж, нуугдах газар хайн тэмтчинэ
Галзуурсан шуурган үүлсийг тууж, миний мэлмийг хөшиглөнө

Орог саарал орчлонд би жингүйдэн нисэж
Ороолдсон заяа, жаргал, зовлон бүхнээс дальдчиж
Зүрхнийхээ сувдыг ичимхий оддод бэлэг болгон цацаад
Зүүдний дагинад тэврүүлсээр захгүй тэнгист живнэ

Тэнд миний аньсан шарх бүхэн сэдэрч
Тэнд миний зангирсан нулимас бүхэн мэлмэрч
Оргилд нь хүрээгүй хүсэл эмтэлсэн зүрхийг хөвөрдөж
Очилсон цучил аажуухан сүүмэлзсээр намайг алсаас даллана

Тэнд чи хагацахаас өмнөх хайрын тэнгэр хэвээрээ
Тэнд чи жаргалдаа цадсан энхэр танхил янзаараа
Тэнд салаагүй зам өргөн дардан зурайхуй
Тэвчээр алдруулж чиний халуухан гар магнай илбэнэ

Манан дундаас альсан сормуус итгэл муутайхан сөхөгдөж
Мандсан нарны алтан утсыг сүвлэн сүвлэн дээшлэхүй
Хагацахаас өмнөх хайрын тэнгэрт эрхэлсэн шувуу цуцаж
Хад чулуутай орчлондоо дайвсаар буцаж ирнэ ээ.

1992, 1998 оны тэргүүн шагналт яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир
Хичээлдээ, бас чамд яарч...
Хичээлдээ, бас чамд яарч сургууль руу эрт очдог байлаа
Хэлхээтэй сувд шиг өдөр хоногийг хайраараа тасдаж мартдаг байлаа
Үүрийн зүүд чам руу эрвээхэй шиг нисдэг байлаа
Үлэмж сайхнаараа чи зуны ягаан цэцэг шиг байлаа

Азтай өдөр тохой золгодог цагаан хормогчтой охин
Арван тавтай хүүгийн сэтгэлийн гижиг байлаа
Би чиний цэнхэр туузтай гэзгээр чинь оролдоход
Бэх нүүсэн шиг хацар чинь ягаардаг байлаа

Үнсэж хайрлаад нар сарнаас ичиж явсан биш
Үзгийг чинь л хааяа дэмий гуйхаас хэтэрдэггүй байлаа
Үргэлжийн ямар хүүхэд хэвээрээ явах биш
Үзэх нүдээ нээхийн зуур арав төгссөн байлаа.

Арга барсан бүсгүй

Цагаахан даашинз
Энхрийхэн мөр хүзүү
Цахилан зугатах харц
Эрхэмсэг гоо үзэсгэлэн

Чамайг хараад аргаа бардаг би
Цамцаа тайлж урж тасдмаар
Галзуурмаар болдог би

Чамайг бодоод аргаа бардаг би
Шархтай юм шиг
Шаналан хэвтдэг би

Цэцгийн дэлбээ шиг гарыг чинь
Цээжин дээр байна гэж зүүдэлдэг
Өнө мөнхөд чамайг зүүдлэн
Унтах юмсан
Өглөө болсон байхад
Уур хүрдэг би...

Чамайг хараад аргаа бардаг би
Зөрөөд өнгөрөхөд чинь эргэн харж
Зүрхээ авч араас чинь шидмээр болдог би
Арга барсан бүсгүй чи...

1998,10,24

1993 оны тэргүүн шагналт яруу найрагч Гомпилдоогийн Мөнхцэцэг
Дурлахсан
Дуутай сэтгэлийн уянга ээдүүлж
Дундуур ч болов нэг дурлахсан
Дунд голын ногооны үндэс атаархуулж
Дуу болгож хэн нэгнийг эгшиглүүлэхсэн

Хөмсөг сормуус хоёрын бараанаар бишүүрхэж
Хөөрхөн нүдний давхраанд эвхээтэй нэг хонохсон
Эвлэж ч чадахгүй уруулаар хацар дунд нь төөрч
Эсгий тасартал ичиж нэг үзэхсэн

Сарны гэрэл саравчилсан сайхан хөл үзэж
Салхи сандааж санаа алдтал хайрлахсан
Сайхан чиг сайхны дунд санаа алдуурахаа мэдэхгүй
Салхитай зүүдэндээ хэн нэгнийг аргамжих юмсан

Зөндөө олон удаа дурласан шиг дурлаж
Зөвхөн чамд л...гэж худал нэг хэлэхсэн

1994 оны тэргүүн шагналт яруу найрагч Лувсандоржийн Өлзийтөгс
Хүлээлт
Гадаа зогсоод л баймаар
Нүүрээ тэнгэрт л харуулан
Зогсоод баймаар
Царай зүсэнд минь
Цагийн төрх тодортол
Зогсоод
Зогсоод л баймаар
Урсатлаа
Урсаад арилтлаа
Бороонд зогсоод л баймаар
Чиний үнэрийг авч явсан салхи
Авчирч өгөхөөс өөр
Аргагүй болтол нь
Зогсоод л баймаар
Чихэнд минь зүүсэн ээмэг
Чиний нэрээр жингэнэтэл
Зогсоод
Зогсоод л баймаар

1995 оны тэргүүн шагналт яруу найрагч Гун-Аажавын Аюурзана
Зузаан уруулт
Зургар хөмсөгт минь
Зурсан юм шиг нүдэт минь
Шулуун хамар зузаан уруулт минь
Шувуу мэт үл танигдах бүсгүй минь

Хамаг бие сэрвэлзүүлээд хаячихдаг
Хар сормуус, зузаан уруулт минь
Хачин гүн ухлаадастай бошинзот минь
Хасын сийлбэр хүзүүт минь

Гунхсан алхаа тансаг үнэрт минь
Гудамжинд цэх зөрчихөөд эргэж харахын ичгүүрт минь
Гуймаар сул хүүхэн явдалт минь
Ойноос гарамгүй эгдүүт минь

Чамайг харлаа, зургар хөмсөгт минь
Цаашаа юу боллоо, зурсан юм шиг нүдэт минь?
Бүсгүй хүнтэй ойртоод сэрсэн өглөө шиг
Бүхий сэтгэл өег басхүү хоосон байна аа
Зузаан уруулт минь

1994.11.16
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино