2011/01/29

Урагшаа бүсгүй минь, та заавал зорилгодоо хүрнэ!

Санасандаа хүрэх Заяазын алтан жор
Image hosting by IMGBoot.com
"Чи Дархан орно доо гэж бодоод машинаа асаавал Дарханд л очно. Өөр газар очихгүй"
Зорилгынхоо төлөө тууштай тэмцэх талаар сургамжилсан олон үг байдаг. Тэднээс миний ой тойнд хамгийн тодоор үлдэж, сэтгэлээр унасан үед дотроос сэм сэм шивнэдэг нь дотны найзын маань хэлсэн дээрх үг байгаа юм. Гол санаа нь мэдээж Дархан хүрэх замын тухай биш л дээ. Амьдрал бол тэр чигтээ аялал хэмээн Ральф Валдо Эмерсон нэгэнтээ хэлсэн байдаг. Амьдралд хаана очно, ямар оргилд хүрнэ гэж бодоод оюун ухааныхаа "хөдөлгүүр"-ийг асааж, тэмүүллийнхээ "түлхүүрийг" мушгина, гарцаа байхгүй тэндээ л очно гэсэн утгатай.

Аялал дунд төөрөх, будлих, замаасаа хазайж мурийх, ядаж л "хадаасанд дугуйгаа хагалах" гээд мөн ч олон бэрхшээлүүд тулгардгийг бид андахгүй. Гэвч "Дарханд очно" гэсэн бодлыг тээгээд урагшилж л байвал хүнээс зам асуугаад, явуулын машинаас шинэ дугуй аваад ч болтугай хэзээ нэг цагт очиж л таардаг шүү дээ.

Таны урдаа тавьсан хамгийн том зорилго юу вэ? Тэр зорилгодоо хүрнэ гэсэн бат итгэл, бодол бий юу? Тэгвэл цаг алдалгүй хөдөлгүүрээ асааж, жаахан ч атугай зам хороож л бай. Зорилгодоо хүрэх замыг нэг газарт очих богино хэмжээний аялал гээд бодчих. Тэгвэл амьдрал гэдэг үнэндээ бодож байснаас тань хялбар, ядах юмгүй, учрыг нь олоход амархан зүй тогтолтой "эд" болохыг ойлгоно. Харин тийм зорилгогүй бол таны амьдрал ямар ч утгагүй тэнүүчлэл болоод л өнгөрнө.

Миний нэг танил А арван жилд байхын л "Ирээдүйд юу хийх гэж байна?" гэсэн асуултанд "Бүү мэд. Тэгж байгаад л болох биз" гэж хариулдаг хүн байлаа. Тэр тэгэс ингэсхийж яваад нэг сургуульд, хүссэн хүсээгүй нь мэдэгдэхгүй ангид элсэн орж билээ. Дараа нь сургуулиа төгсөөд ч салхины аясаар хөлбөрч явсаар, ангийнхаа хэсэг бүтэхгүй нөхөдтэй нийлж нэг мэдэхэд засрашгүй мөрийтэй тоглоомчин болчихсон байсан юм даа.

Хүний мөн чанар нь угаасаа буруу юманд татагдахдаа амархан байдгийг бид мэднэ. Гэвч А-гийн оронд зорилготой хүн байсан бол мөрийтэй тоглоомыг ганц нэг сонирхох ч өөрийгөө татаад авчих байсан болов уу. Түнийг хараад би "яаж ч хазгай мурий гишгэж байсан заавал хүрнэ гэж төлөвлөсөн ирээдүйн амьдралын төрх"-гүй хүн нэг хэлбийхээрээ тэр чигтээ хэлбийдгийг ойлгосон юм.

Ажаад байхад энэ зарчим дэлгүүр хэсэхэд хүртэл хамааралтай байдаг юм шиг. Итгэмээргүй байгаа биз? Өнгөрсөн долоо хоногт би энэ хаврын коллекцоос олж харсан сэвсгэр зөөлөн материалтай нуруундаа ухлаадастай, гүн ягаан өнгийн цамц авахаар зэхэж дэлгүүр гарлаа. Гадуур тийм ч их дэлгэрээгүй байсан болохоор авна гэдэгтээ тэгтлээ найдаагүй байсан ч гэсэн яг тэр цамцаа авч чадсан шүү. Авна гэсэн зорилго тавьж яваагүйсэн бол би өлгүүрийн хамгийн цаана "нуугдчихсан" байсан тэр цамцыг олж харалгүй хажуугаар нь өнгөрөх байсан биз. Тэгээд төлөвлөгдөөгүй зардал их гаргаж, дорвитой юм аваагүй хэрнээ дараа нь бараг зүүхээргүй ээмэг зүүлт сэлтэд хэтэвчээ хоосруулах байсан байж мэднэ.

Аялалд явахад ч бас адил. Хаашаа, яах гэж гарч байгаагаа мэдэхгүй, зорилгогүй үед шал дэмий олон газруудаар явж, заримдаа очиж болох байсан газраа өнгөрөөд явчихсан байдаг.
Тиймээс та зорилгоо тодорхойлоод, түүн лүүгээ очихоор урагшилж л байвал заавал хүрнэ.

Ингээд "Та зорилгодоо хүрэхэд хэр ойр эсвэл хэр хол байгаагаа мэдэх боломжгүй. Алсын бараанаас хавьгүй ойр ч байж мэднэ" гэж хэн нэг алдартны хэлсэн үгээр нийтлэлээ өндөрлөе.

Амьдралын гарамгай аянчин таныг хүндэтгэсэн Заяаз
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино