К нэгэн компанийн Европ дахь салбар компанид ажиллаж байгаад буцаж ирээд хэлтсийн дарга болж тушаал дэвшлээ. Одоо тэрээр ажлын арвин туршлага улс хоорондын харилцааны мэдрэмж хоёрыг хослуулсан чадварлаг ажилтан гэж үнэлэгдэж байгаа боловч хэдэн жилийн өмнө Европ явах зардлын мөнгө ч үгүй нэгэн байсан юм.
К их сургуульд байхдаа ар гэр нь боломж муутай байсан ч цагийн ажил хийж мөнгө цуглуулаад Англи руу хэлний курст яваад иржээ. Хэдийгээр богино хугацаанд байсан ч тэр газар түүнийг соёлын шоконд оруулж энэ газар түүнд илүү тохирох юм биш үү гэж бодоход хүргэлээ. Солонгост буцаж ирээд тэр хэзээ нэгэн цагт Англид очиж тэнд ажил хийнэ гэж шийдсэн юм. Бүсгүй өнөө маргаашгүй сургуульд явах гэж байгаа юм шиг зав л гарвал англи хэлний мэдлэгээ сайжруулж Англи орны талаар судаллаа.
Бүсгүй Англи руу явахаар шийдсэнээс хойш 3 жил өнгөрлөө. Нэг өглөө ажилдаа ирмэгц яарч сандарсан дуугаар нэг хүн залгаад огт хамаагүй гадаад харилцааны албаны хэн бугайг ч билээ хаана байгааг асуулаа.
"Яаралтай ажилтай байхад утсаа авахгүй юм" гэж хэлсэн тэр хүн нь Европ дахь салбарын ажилтан байв. Бүсгүй гадаа харилцааны хэлтэст очсон боловч хариуцсан хүмүүсээс хэн нь ч байхгүй байв. Тиймээс тэр утасны цаана байгаа хүнд ийм санал тавив.
"Хэлээд байгаа Англи материал тань манай хэлтсээр дамждаг учраас би явуулж болно л доо. Гэхдээ эмхэлж цэгцлээгүй болохоор та өөрөө л ялгаж авах хэрэгтэй болох байх. ингээд ч болсон явуулчих уу?"
Дараа өдөр нь бүсгүйн ачаар чухал гэрээгээ эсэн мэнд хийж чадлаа хэмээн талархснаа илэрхийж Лондон хотын захад байрлах салбар компанийн газрын дарга Ким утасджээ. Тэр явдлаас хойш Ким даргатай үе үе мэнд мэдэлцдэг болж Солонгост ирэхэд нь биеэр уулзаж үзэв. Тэр жил К бүсгүй салбар компанийн захирлынсанал болгосноор уг компанид очиж ажиллах томилолт авав. Англи улсад ажиллаж амьдрах юмсан гэсэн түүний хүсэл ингэж санаандгүй байдлаар биеллээ олжээ.
К бүсгүйн нэг хэлтэст хамт ажилладаг хүмүүс нь "цэвэр аз" гэж ам нэгтэй хэлж байв.
Яахаараа заавал тэр өдөр гадаад харилцааны хэлтсийнхэн урт бөгөөд чухал хурал хийж яахаараа заавал өдий төдий олон хүн дундаас К ганцаараа утсаа авдаг байна аа. Хүн болгон л К-г азаар энэ бүхнийг хүртчихлээ гэж хагас шархалсан, хагас атаархсан харцаар харж байв.
Хүмүүс өөрийнх нь дорд үзэж байсан хүн нэг өдөр урд нь гараад явж байхыг хараад хүнд цохилтонд ордог. Тэгээд яаран сандран өөрөө биш тэр хүний сайжирсны шалтгааныг эрж хайдаг. Хэсэг хугацаанд бодоод өөрийнхөө хүссэн хэсгээсээ хариултаа олдог. "Азтай болоод л тэгсэн юм байна" гэж. Мөн зэрэгцээд хүмүүс одоо өөрөө хүссэнээрээ амьдарч чадахгүй байгаагийн талаар ч гэсэн азгйү болоод л тэр гэсэн дүгнэлтэнд хүрдэг юм.
Өөрийгөө азгүй хэмээн сана алдаж суухаас урьтаж тэр хүн азыг атгахын тулд юу хийснийг бодож үзье. К бүсгүй өөрийн мөрөөдлөө ажил хэрэг болгох гэж маш их хичээл зүтгэл гаргасан. К биш магадгүй өөр нэг ажилтан харилцуурыг авсан бол тэр жирийн нэг нөхцөл байдал аз болж хувирах байсан болов уу?
Аз гэдэг агаар шиг нүдэнд үзэгдэхгүйгээр бидний эргэн тойронд хэдэн мянгаараа хөвж явдаг. Бид амьдралын орон зайд явж байгаад агаар дахь баталгаатай азтай нэгэн цагт нийлнэ гэдэг бол цэвэр санаандгүй учралын хүрээ байдаг. Гэтэл азтай учраад түүнийг алдалгүй барьж авч чадах уу үгүй юу гэдэг нь бидний хэрэг. Заримдаа хүмүүс азыг барьсан ч гэсэн түүнийгээ аз болгохоо мэдэхгүй алдаж орхидог. Аз болохыг нь таньсан ч гэсэн түүнийг барих чадваргүй болохоор хий хоосон зүйл болгоод ууршуулчих тохиолдол ч байдаг. Хэрэв К ямар ч хичээл зүтгэл гаргалгүй цэвэр азаар салбар компанидаа томлогдож ажилласан бол тэр газраас хангалттай үнэлгээ авч чадалгүй хөөгөдж ирэх байсан нь дамжиггүй. Аз ч гэсэн чадвартай хүндээ л аз байдаг юм.