Хүн өдөрт хэдэн арван удаа том жижиг сонголтуудтай тулгардаг бөгөөд тэдгээр сонголтыг хийх болгондоо өөрийгөө хамгийн зөв, сайн сонголт хийж байна гэж итгэдэг. Гэтэл үнэн хэрэгтээ тийм биш байдаг. Хүмүүс өнөөг хүртэл өөрийнхөө амьдарч ирсэн хэв маяг юм уу дур сонирхол зэрэгтээ хамгийн дасал болсон хамгийн ойр зүйлийг сонгоход хүрдэг. Бүр тэр сонголтоос өөрт нь ашигтай юм юу ч байхгүй байхад хүртэл тэгдэг гээч. Гэхдээ тухайн хүн өөрөө тэрийгээ сайн мэддэггүй.
Бидний хувь заяа гэж итгэдэг амьдралын чиглэл заагч нь сонголтондоо хандах хандлагаас өөр юу ч биш билээ. Тийм учраас магдагүй та телевизийн нэвтрүүлэгч болохыг мөрөөдөж байгаа бол сэтгэл дотроо аль хэдийн нэвтрүүлэгч болсон байх ёстой. Та яг л цаг хугацааны машинд сууж ирээдүйд очоод өөрийгөө нэвтрүүлэгч болсон байхыг харсан мэт өөрийгөө нэртэй нэвтрүүлэгчийн хэмжээнд бодож хүндэлж, шагнаж урамшуулж байх ёстой. Тэгж чадаж гэмээнэ мөрөөдлөө биелүүлэхийн төлөө хийх ёстой хэдэн мянган сонголтууд тань таныг нэвтрүүлэгчийн замд хөтлөн оруулна.
Гэхдээ зөв сонголт хийж чаддаг хүн ч гэсэн хааяа буруу сонголт хийх нь байдаг. Бүр тэр нь заримдаа тэсч болохын аргагүй ноцтой алдаа болох үе ч бий.
М бүсгүй зураг авах туйлын дуртай нэгэн байлаа. Үүнийгээ ч мэргэжлээ болгон нэгэн газар дагалдангаар ажиллаж байхдаа одоогийнхоо нөхөртэй танилцаж хайр сэтгэлд умбажээ. Залуу ч гэрлэх санал тавихад их л бодож эргэлзсэн боловч гэрлэснийхээ дараа ч дуртай ажлаа хийхэд нь түшиг болно гэсэн үгэнд нь итгэж зөвшөөрчээ.
Гэрлээд төд удалгүй тэр өөрийгөө буруу сонголт хийснээ мэдэв. Нөхөр нь амлалтаа биелүүлэхийг хичээж байсан боловч гол асуудал нь хадмуудад байлаа. Хадам ээж аав нь түүнийг ажлаа орхиод гэрийн ажлаа амжуул, эсвэл орлого сайтай өөр ажил олж хийхийг шаардаж, бүсгүйд сэтгэл санааны асар их дарамт үзүүлж эхэллээ. Тэр бүх зовлон шаналлын шалтгаан нь гэж бодсондоо тэр юм уу нөхрөө хайрлах хайр нь аажимдаа хөрч эхэллээ.
Ингээд бүх нөхцөл байдлыг аваад үзэхэд өөрт нь 3 сонголт байв. Хийсэн буруу сонголтоо буцааж нөхрөөсөө салах, үхэхээс буцахгүйгээр дурлаж байсан мөрөөдлөөсөө татгалзаж гэрийн сайн эзэгтэй болох, үйлчилгээний газарт зэрэг ажиллаж мөнгө олж ирэх...гэтэл энэ гурваас алийг нь ч сонгохыг хүсэхгүй байлаа. Түүний толгойд хэрэгжүүлэхэд хэцүү боловч сэтгэлд нь хамгийн их нийцэж байгаа нөөц сонголт орж ирэв.
"Юу хийх нь хамаагүй мөнгө л олоод ирвэл болох биш үү? Тэгвэл би өөрийнхөө хүсээд байгаа фото зургаар мөнгө олдог болчихвол болох биш үү?"
Тэгээд ахлах сургуулийнхан дээрээ зориг гарган очиж олдсон ажлыг голохгүй хийн, энд тэнд фото зургийн уралдаан болж байвал алгасахгүй ордог болов. Шөнөжингөө зургийн ажлаа хийж цурам ч хийхгүй хонох үе олон. Түүний хувьд фото зураг бол зүгээр нэг сонирхол төдий хийх юм биш, амьд үлдэх зэвсэг нь байлаа. Тэгж улайран амьдарч байсан бүсгүйд нэг өдөр компанийн сурталчилгааны сэтгүүлийн зураг авах ажил дайралдаж тэр нь сайн үнэлгээ авлаа. Төд удалгүй нэг кадр зургийг зуун мянган воноор авдаг зурагчин болж жижиг боловч өөрийн студитэй болсон юм. Орлого нь ч гэсэн сайн бөгөөд бүсгүйд өөрийн дуртай ажлаа хийж амьдрах бололцоо олдсон нь зүүд шиг л байлаа. Мэдээж хадам ээжийн дарамт шахалт үгүй болоод бараг мартагдах шахжээ.
М өөрийн буруу сонголтоосоо болж томоос том саадтай учирсан боловч эцэст нь мөрөөдлөө биелүүлж чадсан нь бүсгүй нэгэнт хийж орхисон буруу сонголтондоо биш цаашид хийх сонголтондоо анхаарлаа төвлөрүүлсэний үр дүн юм. Хэдий зөв сонголт хийх чадвар эзэмшсэн хүн байлаа ч бүх сонголттонд амжилт гаргадаггүй. Гэлээ гээд нэг буруу сонголт нь түүний амьдралын голдиролыг өөрчилж чаддаггүй нь тэд үргэлж араас нь хийх сонголтоо зөв болгож засдагт байгаа юм.
М шиг буруу сонголт хийсэн эмэгтэйчүүд түүндээ сүр сүлд нь үхэж одо өөр ямар ч арга байхгүй хэмээн бат итгээд зовлон шаналал бүхнийг биеэрээ туулсаар буудуулсан элээ шиг болдог. Тийм чиг хандлагатай эмэгтэй М-ийн оронд байсан бол хадамдаа бууж өгөөд үнэ цэнэтэй мөрөөдлөө орхих байсан биз. Өөрийгөө хэзээ ч гаргуунд нь гаргадаггүй, өөрийгөө гол дүрд тавьж, зоригтой шийд гаргаж чаддаг эмэгтэй л гамшиг зовлонг амьдралыг тэтгэгч бордоо болгон ашиглаж чаддаг.
Цэл залуу насны чинь өмнө дэлгээтэй байгаа тэр олон сонголт боломжийг харахгүй өөрийгөө цэвэрлэх байгууламж уруу ачигдаж байгаа хэргээ барсан эд мэт үзэх нь амьдралыг хэт дорд үзсэн хэрэг болно.
Одоо бидний хийх ёстой зүйл бол хэзээ ч хаана ч буруу замаар орсон өөр зөв зам руу дахин биднийг хөтөлж оруулах зорилго гэдэг зүйлийг бий болгох явдал юм. Нөхцөл байдал тань яаж ч өөрчлөгдөж байсан эргэлт буцалтгүй сонгосон ирээдүйн амьдралын дүр төрх бий юу? Хэрэв байдаг бол ямар ч буруу сонголт хийсэн түүний дараах хоёр дах сонголтоо ухаалаг зөв хийхэд энэ дүр төрх чинь их тус нэмэр болох болно.