Маргааш бараан хувцастай хар элгийн хүмүүс австай ирж хөөрхий муу ганц үрийг минь авсална. Найз нөхөд цэцэг аваад ирэх ч магадгүй дээ. Гэтэл авсны дэргэд цэцэг байх нь ямар хэрэгтэй юм бэ. Миний сэтгэлийг тайтгаруулах гэж элдэв үг ярина биз. Тэгээд надад ямар тус хүргэх юм бэ? Тэгсэн тэгээгүй би дахиад л ганцаараа боллоо гэдгээ мэдэж байна. Хүн амьтны дотор байгаа мөртлөө ганцаардахаас илүү аймшигтай юм байдаггүй гэдгийг би сайн мэднээ. Би үүнийг арван зургаатайгаасаа арван найм хүртлээ Инсбург хотод тамтаггүй хоёр жилийг өнгөрүүлэхдээ мэдсэн юм. Би тэгэхэд ёстой л торонд орсон болжмортой адилхан суудагсан. Миний хойт эцэг болох үг дуу цөөтэй, тайван зантай тэр хүн надад тун сайн байдаг байв.
Ээж минь миний өмнө санамсаргүй буруу хэрэг үйлдчихээд түүнийгээ цагаатгах гэж байгаа мэт хүссэн бүхнийг минь биелүүлдэг байсан юм. Залуучууд надад нүүр талтай болох гэж яддаг байсан боловч би тэднийг огт хавьтуулахгүй түлхдэг байсан юм. Би чамаас алсад жаргалтай байхыг хүссэнгүй. Би өөрийгөө зориуд ганцаардуулж уйтгарын байдалд байсан. Ээжийнхээ авч өгсөн шинэ даашинзуудыг ч өмсдөггүй, театрт юм үзэх, зугаалгаар явахад нь хүртэл нэг ч удаа дагаж явдаггүй байлаа. Би гэрээс бараг гардаггүй болохоор бүтэн хоёр жил амьдарсан энэ жижиг хотын дөнгөж арваадхан гудамжийг мэднэ. Чамтай уулзахгүй байх гэдэг айдсаар өөрийгөө тарчилган, улам шаналж байсан. Гэхдээ би энэ айдсаа өөрөөсөө ор мөргүй зайлуулахыг хүсэхгүй байв. Учир нь зөвхөн чинийхээ төлөө л амьдармаар байлаа. Би гэртээ бүх л өдөржингөө юу ч хийлгүй чамайгаа л бодож өнгөрөөдөгсөн. Чамтай уулзсан тааралдсан тэр мөчүүдийнхээ тухай өчүүхэн ч юм орхилгүй дахин дахин бодож яг л жүжиг үзэж байгаа мэт санаандаа төсөөлнө. Тийм ч болохоор хүүхэд ахуй насандаа тохиолдсон бүх л учрал тохиолдлыг өчигдөрхөн болсон юм шиг тун ч тодорхой санаж байна. Тэр үед би зөвхөн чамтай амьдарч байв. Чиний номнуудыг гарах бүрд нь худалдан авч хэрвээ сонин дээрээс нэрийг чинь олж уншвал бөөн баяр болно.
Намайг чиний бичсэн бүх шүлгийг цээжээр мэддэг гэхэд чи итгэхгүй байх. Хэрвээ намайг шөнө дунд сэрээгээд аль нэг хэсгээс уншаач гэвэл би одоо ч гэсэн уншиж чадна. Хэдийгээр арван гурван жил өнгөрсөн боловч чиний үг болгон надад Евангели судрын амны уншлага шиг үнэтэй байсан болохоор хэзээ ч мартдаггүй. Бүхнийг чамтай холбон бодож сонин дээрээс шинэ жүжиг концертын тухай уншихдаа хүртэл түүнд минь таалагдаа болов уу, яагаа бол гэж санана. Орой болонгуут л чамайг санаандаа ургуулан одоо концертын танхимд орлоо. Хүмүүсийн дундуур явсаар суудалдаа суулаа гэж бодно. Нэг л удаа чамайг концерт үзэж байхыг харснаасаа хойш үргэлж л ингэж төсөөлдөг болсон билээ. Хэн ч хэзээ ч үл мэдэх хүүхэд насныхаа аймшигт ганцаардлын тухай, хэн ч мэдрэн ойлгоогүй юмны тухай ярьж байгаа минь хэнд хэрэгтэй юм бэ? Тэр үед би хүүхэд байсан гэж үү? Би чинь тэгэхэд арван долоо найм хүрчихсэн, гудамжаар явж байхад залуучууд өдөж хоргоохоор миний уур их хүрдэг байв. Өөр хэн нэг хүнд дурлана гэж би хэзээ ч боддоггүй, энэ бол яагаад ч байх боломжгүй, хэрвээ ийм юмтай орооцолдоход хүрвэл үхсэн минь дээр гэж боддог байлаа. Хүүхэд нас минь өнгөрөх тусамд чамд тэмүүлэн тачаадах минь улам гүнзгийрч илүү энхрий ялдам, бүр ч хүчтэй дүрэлзэхийг яана. Чам руу өөрийн эрхгүй тэмүүлж, бушуухан л үг дуугүй захируулах юмсан гэх бодлоор бялхсан байсан амьдралын наана цааныг мэдэхгүй охин нас минь өнгөрч, харин танай хонхыг дараад чамд өөрийгөө тушаах гэсэн ганцхан хүсэл намайг эзэмдэх боллоо. Ойр дотны хүмүүс намайг хулчгар, бүдүүлэг амьтан гэж тооцдог ч би шүд зуун нууцаа хадгалсаар байв. Би нэг юмыг хатуу шийдсэн. Ямар ч байсан Вена хотод буй чам руугаа очно гэж эргэлтгүй шийдэв. Би санасандаа хүрэхээр зориг шулуудаж, манай гэрийнхэн миний зан авирыг ойлгохгүй гайхшаа барна.
Хойт эцэг минь намайг өөрийн төрсөн охин шиг хайрладаг байсан юм. Гэвч би өөрийнхөөрөө зүтгэж, ажил хийж өөрийгөө тэжээх хүсэлтэй байгаагаа эрс хамгаалсаар байв. Аргагүйн эрхэнд минийхээр болж, намайг өөрийнхөө хамаатны бэлэн хувцасны дэлгүүрт ажиллуулахаар Вена руу явуулах болов. Эцсийн эцэст миний зам намайг хөтөлсөөр намрын нэгэн бүрхэг орой Вена хотноо авчирсан гэдгийг чи минь хэлэлтгүй ойлгох бизээ. Галт тэрэгний буудалд чемоданаа орхичихоод танайх руу явдаг трамвайнд сууж хуучин байрандаа ирэв. Чиний цонх гэрэлтэй байгааг харуутаа л зүрх минь хэм алдан булиглав. Намайг хүйтэн хөндий дуу шуугианаар угтсан хот сая л нэг хөгжөөнтэй сайхан санагдаж, хүсэл санааг минь эзэмдсэн чиний тухай бодол амилж байгааг мэдэрлээ. Чамаасаа ямар ч олон уул тал, гол мөрнөөр алслагдаж, холын хол амьдарч байснаа, чиний гэрэлтэй цонхны шил л миний баярласан нүднээс чамайг тусгаарлаж байгааг хөөрч догдолсон би тэр даруйдаа ухаарсангүй. Зөвхөн өөрийн хуучин байшин, чинийхээ амьдардаг өрөөг л шуналтай харсаар удаан зогсов. Энэ жаргалтай мөчийг би бүтэн хоёр жил хүлээж одоо л нэг учирч байна. Намрын дуниартсан урт орой, чиний цонхны гэрэл унтартал зогссоор л байв. Дараа нь өөрийнхөө амьдрах газрыг хайхаар явсан. Орой бүр л чиний цонхон дээр зогсоно. Би дэлгүүр дээрээ оройн зургаан цаг болтол хүнд хүчир ажил хийдэг байсан бөгөөд чиний гэрэлтэй цонхыг харахаар миний зүдгүүртэй сэтгэлийн зовлон нимгэрсэн байдаг болохоор ажлаа баяртай хийдэг байсан юм. Миний ард төмөр самбар нижигнэн хаагдахад би танайх руу яардаг байлаа. Дахиад ганц удаа ч болсон чинийхээ царайг харж чамтай уулзахсан гэдэг миний цорын ганц хүсэл танайх руу хөтөлдөг байв. Долоо хоногийн дараа санамсаргүй байж байгаад чамтай тааралдав. Танай цонхны доор зогсож байсан чинь чи гудамж хөндлөн ирж яваа харагдлаа. Чиний харц над дээр тусахад би арван гуравтай жаахан охин байсан шигээ хацар минь халуу шатан ичингүйрч чиний дэргэдүүр толгойгоо бөхийлгөн өнгөрөв. Дараа нь ийм өчүүхэн зан гаргаж зугтаасандаа өөрөөсөө хүртэл ичив. Одоо бол би сургуулийн сурагч биш аль хэдийнээ насанд хүрсэн тэгээд ч чамтай л уулзах гэж, олон жилийн турш надад дурлаасай гэж хүсэж мөрөөдөж явсан биш билүү. Би орой бүр, тэр ч бүү хэл цасан шуургатай байсан ч танай гудамжинд очдог байсан боловч чи намайг олж харахгүй урт хугацаа өнгөрлөө. Би заримдаа бүтэн цагаар хий дэмий хүлээнэ. Заримдаа чамайг зочдоо гаргаж өгч байгааг харна. Азгүй би нэгэнт бяцхан охин биш болохоор энэ бүхний цаана ямар харьцаа байдгийг нарийн ойлгож чамайг өөр бүсгүйн гараас барьж явахыг хараад зүрх минь шархиран учиргүй их шаналдаг байв. Энэ бол надад тийм шинэ зүйл байгаагүй бөгөөд бага охин байхын л чамайг өөр бүсгүйчүүлтэй уулздагийг мэддэг байсан боловч миний шаналан зовох улам их болов. Нэг удаа хүүхдийн бардам шулуун зангаар хуучин байснаараа үлдэхээр шийдэж танай гадаа очилгүй өнжсөн. Тэр орой надад ямар хэцүү, хоосон ханхна байсан гэж чи санана. Маргаашнаас нь дахиад л очиж, нөгөө цонхон дороо чамайг хүлээдгээрээ хүлээж байхдаа чамайгаа олж харсан. Нэг л мэдэхэд би чамтай танилцах юмсан гэдэг хүслээ өөрөөсөө аль хэдийнээ зайлуулж зөвхөн харж л байх юмсан гэдэг хүсэлтэй болчихсон байв. Тэр үед гудамжаар ямар нэг юм ачсан цуваа өнгөрч чи аргагүй байдлаас болж над руу шахаж зогсох хэрэг гарав. Чи намайг харахад, чинийхээ нүднээс нөгөө л охин байхын танил энхрий ялдам харцыг олж хараад надад ямар хачин санагдсан гэж бодно. Энэ бол урин дуудсан, намайг хэзээний байлдан дагуулсан, чиний өнөөх гайхамшигтай, намайг чамд ухаан алдтал дурлуулсан тэр л харц байлаа. Дараагийн эгшинд чи аль хэдийнээ миний дэргэдүүр өнгөрөөд явчихсан байв. Зүрх минь галзуурсан мэт цохилж өөрийн мэдээгүй алхсан атлаа эргэж харахад чи бас зогсоод намайг эргэн харлаа. Чиний харж байгаа харцыг хараад би намайг танихгүй байгааг чинь эргэлзэхгүй ойлгов. Тэр үедээ ч дараа нь ч, чи намайг таниагүй билээ. Чамтайгаа учирчихаад жаргалтай байсан ч ямар их урам хугарснаа чамдаа би хэрхэн ойлгуулахаа мэдэхгүй байна. Хайрт минь, тэгэхэд л би анх удаагаа чамайг огт таньж мэддэггүй чигээрээ байсан болоосой гэж бодов. Ямар их урам хугарснаа чамд хэрхэн ойлгуулах билээ. Инсбургт би хоёр жил болохдоо чиний тухай үргэлж бодож, Вена хотод очоод чамтайгаа уулзах тэр баярт мөчийг хамгийн сайхан сэтгэл хөдөлмөөр, бас хамгийн гунигтайгаар дурсан дүрслэн боддог байсан юм. Би тэнд байхдаа чи намайг үзэн ядаж өөрөөсөө түлхэн зайлуулж байгаагаар төсөөлдөг асан. Яагаад гэхээр би дэндүү жижигхэн царай муутай амьтан билээ. Хөөрхий би зовон, чиний хөндий хүйтэн байдал хайхрамжгүй занг ухамсарлан тэвчдэг байлаа. Одоохон ингээд хагацах гэж байхдаа чамайг надад дурлахгүйг улам хурцаар мэдэрч байна. Гэхдээ энэ бүхнээс намайг хамгийн аймшигтай алж байгаа юм нь миний сэтгэлийг чи хэзээ ч ойлгоогүй явдал билээ. Охид бүсгүйчүүдийн зүс царай олон жилийн дотор өөрчлөгдөн хувирч өмссөн хувцас нь хүртэл хүнийг өөрчилдөг болохоор бүсгүй хүнийг таних нь эрчүүдэд тийм ч амаргүйг би одоо л ойлгов. “Чи намайг юм ойлгодог болгосон юм”. Үнэнийг хэлэхэд ухаанаар л өөрийн хувь заяаг өөрчилж чадах ажээ. Би одоогийнхоосоо залуу байсан болохоор чиний мартамхайг эс тооцон намайг хаана ч гэсэн бодож хүлээж байгаа гэж чиний тухай сэтгэлээ хууран боддог байсан даа. Хэрвээ би өөрийгөө чиний тухайд юу ч биш тэр ч байтугай миний тухай хальтхан ч гэсэн бодох нь чамд ямар ч сэтгэгдэл төрүүлэхгүй гэдгийг мэдсэн бол амьд явж чадахгүй биз. Миний талаар юу ч санахгүй байгаа чинь надад илэрхий мэдэгдэж байсан болохоор энэ нь миний хувьд чамайг надтай холбож байсан тэр дурсамжийн нарийхан холбоог үгүй хийх шахсан амьдралд минь тохиолдсон анхны хүнд цохилт байсныг би үнэндээ тэгэхэд л ойлгосон. Тэгэж уулзахдаа чи намайг үнэхээр таниагүй. Хоёр өдрийн дараа чи бид хоёр дахин тааралдахад чи намайг хэдхэн хоногийн өмнө учирсан өнөөх аятайхан бүсгүй байна гэж бодсон болохоос намайг мөн л таниагүй билээ. Чи намайг гайхсан элэгсэг харцаар ширтэхдээ уруул дээр чинь инээмсэглэл тодрохыг би ажив. Чи дахиад л миний дэргэдүүр өнгөрөхөд аз жаргалдаа би чичрэн мансуурч чамайг надтай ярилцаасай гэж дотроо залбирч байлаа. Би аажуухан алхаж явахдаа чамаас зугтаасангүй. Харин анх удаагаа л чиний анхаарлыг татав гэдгээ мэдрэв. Мэгдэн сандарснаасаа болоод зүрх минь дэлсэн золтой л зогсчихоогүй байтал чи минь ашгүй гүйцээд ирлээ. Бид хуучин танилууд шиг хөгжилтэй ярилцсаар (бурхан минь чи намайг хараажаар ерөөсөө танихгүй, миний амьдралыг мэдэхгүй байв) гудамжны үзүүр хүртэл хамт явав. Чиний ил цагаан хөгжилтэй яриа миний сэтгэлийг татаж, чи юу асуусан ч хариулах хүч тэнхээ өгч байв. Чи надаас оройн зоог хамтдаа идэх үү? Гэхэд би татгалзсангүй. Чамд би яахин татгалзах билээ. Бид нэгэн жижигхэн ресторанд хооллосныг чи санаж байна уу. Нээрээ чи минь тиймэрхүү олон уулзалтаас зөвхөн тэр оройг л яаж ялгаж чадах билээ дээ.
Би тэгэхэд чиний хувьд хэн ч биш байсан юм чинь. Гинжин хэлхээ адил тасралтгүй үргэлжилсэн олон зуун үдшийн л нэг шүү дээ. Юмыг яаж мэдэх вэ, чи миний тухай санаж ч магадгүй. Чинийхээ дэргэд дуу хоолойг чинь сонсож суухдаа дэндүү жаргалтай байсан болохоор би яриагүй. Энэ үнэтэй учралыг алдчихгүй гэсэндээ би ямар нэгэн асуулт тавьж илүү үг дуугарахаас айж байсан. Миний хүсэн мөрөөдөж явсан хүнийг чи энгийн өрөвчхөн, сэтгэлд нийцтэй зангаараа баталсныг би ямагт талархан дурсаж явдаг юм. Урьд нь би чамд өөрийн бүх амьдрал хүсэл сэтгэлээ зориулаагүй байсан ч гэсэн чи анхны хормоос эхлээд л надтай эелдэг зангийн үүднээс бус чин сэтгэлээсээ нөхөрсөг сэтгэл булаам зангаар харьцаж эхэлсэн нь намайг өөртөө татаж чадсан билээ. Миний таван жилийн турш хүлээсэн хүлээлтийг талаар өнгөрүүлэлгүйгээр чи миний ямар их хүсэл мөрөөдлийг биелүүлснээ яаж мэдэхэв дээ. Биднийг ширээний араас босоход хэдийнэ орой болчихсон байлаа. Рестораны үүдэнд очоод чи надаас
“Завтай юу, эсвэл яарч байна уу?” гэж асуув. Чамтайгаа хамт явахад бэлэн байгаагаа би хэрхэн нууж чадах билээ. Би завтай гэж хэллээ. Чи хэсэг зуур зогсосхийснээ
“Манайд очиж жаахан ярилцах уу?” гэв. Дотоод сэтгэлдээ дийлдэн “дуртай зөвшөөрнө” гэж яаран хэлчихсэн хойноо л би тэрхэн дороо миний үг чамайг баярлуулаагүйгээр үл барам яс чинь хавтайх шиг болж чи үнэхээр цочирдсон. Одоо бол чиний гайхсаныг ойлгож байна. Эмэгтэйчүүл голцуу нууцхан хүслээ нууж, хамт явахаас айж буй дүр эсгэн шаргуу гуйсны дараа л сая зөвшөөрч ам тангараг авдаг гэдгийг би мэддэг болсон билээ. Ийм хурдан зөвшөөрөх нь явж сурсан янхан юмуу, эсвэл ямар ч туршлагагүй гэнэхэн охидын шинж байдаг. Гэхдээ миний хариулт бол уйтгар шаналгаатай олон өдрийн хүлээлтээс болж сэтгэл минь надад баригдалгүй өөрийн эрхгүй уруул даван гарчихсан бодлын минь үг гэдгийг чи хэрхэн тааварлах билээ. Тиймгүй бол миний чамайг сонирхож байгааг чи гайхахгүйсэн. Чи гайхсанаа нууж ядан намайг харж байгааг чинь би мэдэрсэн. Чиний өндөр мэдлэг, зөн билэг чинь энэ итгэмтгий аятайхан бүсгүйн үгийн цаана ямар нэгэн онцгой нууц байгааг чамд хэлээд өгөө биздээ. Болгоомжтой атлаа хэтэрхий шимтсэн асуултуудаас чинь энэ оньсогыг таахыг хүссэн сонирхол төрснийг би ойлгов. Би шууд хариулахаас татгалзаж, зайлсхийж чамд өөрийнхөө нууцыг дэлгэснээс тэнэг юм шиг санагдаад өнгөрсөн нь хавьгүй дээр гэж бодлоо. Чи намайг дагуулан гэртээ орлоо. Хайрт минь намайгаа уучлаарай. Гэхдээ танайд орохоор шатаар өгсөж явахдаа аз жаргалдаа бахардан үхэхээс наагуур догдолж явсныг чи ойлгохгүй л дээ. Одоо энэ тухай нулимс гаргахгүй санахад надад хүнд байна. Гэвч нулимс минь хатжээ. Чи бодоод үз л дээ. Тэнд миний хүүхэд нас, хачин дурлалтай холбоотой бүхэн байсан болоод л тэр. Олон удаа чамайг хүлээж зогссон орц, чамайгаа анх харж хөлийн чимээг чагнадаг байсан шат, гэртээ орон ортол чинь хардаг асан хаалганы шагайвар, үүдэнд чинь байнга хэвтдэг хөл арчдаг хивсэнцэр миний нэг удаа сөхрөн сууж байхдаа сонсоод босон харайсан түлхүүр цоожны харжигнах чимээ...Сэтгэлд минь гэрэлтэн үлдсэн хүүхэд ахуйн минь амьдрал энэ л давчуу газарт өнгөрч одоо ч энд миний бүх амьдрал эхэлж зөвхөн чамтайгаа хамт чинийхээ, өөрийнхөө гэрт ирлээ. Чи минь бод л доо. Миний хэлж байгаа бүхэн чихэнд минь чийртэй сонсогдож байж болох юм. Гэхдээ би өөрөөр хэлж чадахгүй. Миний хувьд танай хаалганаас наана байгаа бүх амьдрал нэгэн хэвийн үргэлжилсэн мохоо амьдрал байсан бол танай хаалганы цаанаас ид шидэт үлгэрийн хаант улс Алладины хаант улс эзэлж байлаа. Бидний одоо ирж байгаа энэ хаалгыг би хичнээн удаа гялалзсан нүдээр ширтдэг байсныг чи мэдэхгүй. Энэ агшин миний хувьд ямар агшин байсныг чи зөвхөн мэдэрч л чадахаас хэзээ ч ойлгож чадахгүй. Би танайд шөнийг өнгөрүүллээ.
Өглөө нь явах гэж тун их яарав. Миний ажил эрт эхэлдэг болохоор дэлгүүр дээрээ цагтаа амжиж очих гэж яарснаас гадна чиний зарцад харагдахгүйн тулд бушуухан арилж өгөхийг хүслээ. Хувцасаа өмсчихөөд чиний дэргэд очиход чи намайг өөр лүүгээ татан тэвэрч царайг минь харцаа тогтоон удаан харсан. Тэртэээд болсон энэ явдал чамд цухасхан ч гэлээ санагдаж байгаа болов уу? Миний царай баярласнаасаа болоод сайхан харагдсан юм болов уу даа. Дараа нь чи миний уруул дээр үнссэн. Би чамаас аяархан хөндийрч хаалга руу эргэлээ. Чи надаас
“Цэцэг авахгүй юм уу?” гэж асуув. Би “Тэгье” гэлээ. Чи бичгийн ширээн дээрх цэнхэр өнгийн болор цэцгийн савнаас дөрвөн ширхэг цагаан сарнай сугалж авлаа. Би энэ цэцгийн савыг бүр хүүхэд байхдаа танай өрөөнд харсан билээ. Чиний өгсөн тэр цэцэгнүүдийг би олон өдөр үнсэж билээ. Бид дахин уулзахаар болзов. Дахиад л бүх юм гайхамшигтай сайхан байлаа. Гурав дахь удаагаа уулзсаныхаа дараа чи томилолтоор хол явах гэж байгаагаа надад хэлэв. Хүүхэд байхдаа би ингэж аялан явахыг чинь үзэн яддаг байж билээ. Чи гэртээ эргэж ирүүтээ надад хэл дуулгана гэж ам гарлаа. Би чамд нэрээ хэлэхийг хүсээгүй учраас өөрөө хүлээн авахын хаяг өгөв. Би нууцаа алдахыг хүссэнгүй. Чи салахдаа надад дахиад сарнай бэлэглэв. Бүтэн хоёр сарын турш би өдөр бүр лавлаж...үгүй ээ үгүй энэ олон өдөр зовж шаналснаа би юунд бичих билээ. Чамайгаа би буруутгаж чадахгүй. Би чамд ямар их хайртай юм бэ? Би чамайг мартамхай итгэлгүй урьд нь ямар л байсан яг байгаагаар чинь хайрладаг байсан бөгөөд тэр л хэвээрээ үлдсэн юм. Чамайг аль хэдийн эргэж ирсэн гэдгийг би гэрэлтэй цонхоор чинь мэдэж байсан ч чи надад захиа бичсэнгүй. Надад чамаас ганц ч мөр захиа ирээгүй. Би чамд бүхий л амьдралаа зориулсан боловч сүүлчийн мөчийг хүртэл чамаас ганц ч зурвас авсангүй. Би цөхрөлгүй тэвчээртэйгээр хүлээсээр л байсан. Гэтэл чи намайг дуудаж нэг ч мөр юм бичсэнгүй. Нэг ч мөр юм...