2011/01/18

Танихгүй эмэгтэйн захидал /2-р хэсэг/

“Манай байранд амьдардаг” юм гэж би ичингүйрэн бувтнав.
Image hosting by IMGBoot.com

“Тэгвэл чи яагаад улайж орхив” хэмээн найз маань хүүхдийн хорлонтой зангаар тавлан инээв. Намайг шоолж нууцыг минь мэдэх гэсэнд миний хүзүү хүртэл халуу оргин ичсэндээ түүнд хандан заналхийлсан дуугаар

“Усан тэнэг” гэж хашгирлаа. Найз маань намайг шоолон улам чангаар хөхрөхөд би хэрвээ чаддагсан бол багалзуурдаад авмаар байсан ч хүч хүрэхгүйдээ бачимдан нүдийг минь нулимс бүрхэв. Тэгээд бушуухан эргэж дээшээ гүйлээ. Энэ учралаар л би чамд дурласан юм. Чамд ийм үг хэлсэн хүн зөндөө байгааг би мэдэж байна. Гэсэн ч надаас өөр хэн ч ингэж боол мэт үнэнчээр дурлаагүй гэдэгт итгээрэй. Миний энэ дурлал чамаас бусад хүүхнүүдийн адил юу ч улиглаж шаардаагүй, энэ дэлхий дээр өөр юугаар ч сольшгүй хүүхэд насны минь дүрэлзсэн халуун дурлал хэвээрээ чамд үнэнчээрээ үлдсэн юм. Бусад хүүхнүүд бол аль хэдийн хамаг юмаа хэнд ч хамаагүй чалчиж, зарим нь айдсаа бусдад нялзаахыг санаархдаг, тэд бүгдээрээ энэ тухай үе үе сонсож, уншиж мэдсэн байдаг бөгөөд энэ нь хэн бүхэн зайлшгүйгээр дайран өнгөрдөг зүйл билээ. Тэд дурлалыг тохуурхан дооглож, үүнийг эрэгтэй хүүхдүүд анх удаа тамхи татсанаа гайхуулдаг шиг сайрхан ярьцгаадаг. Би хэнд ч итгээгүй болохоор хэн ч надад зөвлөж болгоомжлуулсангүй.

Ямар ч туршлагагүй гэнэхэн амьтан би харанхуй ангал мэт өөрийнхөө хувь заяа руу өөрөө л зүтгэсэн юм. Эцэг маань эрт нас барж, тэтгэврийн хэдээрээ амь зуудаг ядуу бэлэвсэн эхээсээ хөндий байдаг, сургуулийн хөнгөн зантай найз охид маань намайг ойлгодоггүй болохоор би ганцхан чамд өөрийн хүсэл мөрөөдөл болсон чамдаа л итгэдэг байлаа. Би чамд яаж тайлбарлахаа мэдэхгүй байна. Чи бол миний хувьд бүхнийг орлосон амьдрал минь байсан юм. Чамд хамаатай бүхэн сэтгэлийг минь эзэмдэж миний амьдралд нөлөөлөх боллоо. Хайхрамжгүй тааруухан сурч байсан би ангидаа тэргүүний сурагч болж чиний номд дуртайг мэдсэнээсээ хойш хэдэн зуун ч ном уншив. Мэдэхгүй. Чамайг хөгжимд дуртайг мэдээд төгөлдөр хуур хөгжмөөр уйгагүй хичээллэдэг болсон минь ээжийн гайхшийг төрүүлж билээ. Чиний нүдэнд арчаагүй муухай харагдахгүй гэж даашинзаа үргэлж цэвэрлэж индүүднэ. Ээжийн хуучин бошинзоор хийсэн дөрвөлжин нөхөөстэй хормогчноосоо хачин их ичдэгсэн. Энэ нөхөөсөө чамд харагдуулахгүйг хичээж номынхоо цүнхийг баруун гартаа барин шатаар гүйж гардаг байв. Чамайг харчих вий гэхээс ухаан алдталаа айна. Миний айдас ямар хөгийн байгаа вэ. Гэтэл чи намайг бараг хэзээ ч хараагүй шүү дээ. Би бүх л өдөржин чамайг харуулдаж өнжинө. Манай хаалганы зэс хүрээтэй шагайвчаар танай хаалга яг харагдана. Намайг шоолж инээх хэрэггүй хайрт минь. Тэгэх тусмаа одоо бүүр ч хэрэггүй, энэ нүх надад бүх л бүтэн ертөнцийг нээдэг байсан болохоор чамайг л харах гэж гартаа ном барин ээжийг мэдчих вий гэж айн айн өдөржин бээртлээ суудаг байв. Чамайг ойртон ирэхийг мэдмэгцээ би чивчирсэн хөгжмийн утас луугаа чичирч эхэлдэг байлаа. Би чамайг хэзээ ч орхилгүй чиний юу хийж буйг байнга ажиглаж яг л чиний дандаа хэрэглэж, үргэлж халаасандаа авч явдаг цагны чинь пүрш шиг үл анзаарагдах хэрнээ хэзээ ч хамт байсны минь мэдэхгүй. Чиний тухай бүгдийг өөрөөр хэлбэл юу сонирхдог, ямар ааш араншинтай, хэдэн зангиа, хэдэн костюмтай, тэр битгий хэл ямар өнгөтэй болохыг ч би мэддэг байсан. Удалгүй чиний танилуудыг хүртэл андахаа байж тэднийг өөртөө таалагддаг таалагддаггүй гэж хоёр хэсэгт хувааж билээ. Би арван гурваас арван зургаан нас хүртлээ чамтай хамт амьдарч чиний төлөө л төрсөн юм шиг байдаг байсан. Би ямар их тэнэг юм хийдэг байсан гэж чи санана. Чиний гар хүрсэн хаалганы бариулыг үнсэж, чиний татаад хаячихсан тамхины ишийг түүдэгсэн. Орой бүр ямар нэг шалтаг олж зөвхөн чиний гэрэлтэй цонхыг харж чамайг тэндээ сууж буй эсэхийг мэдэх гэж өчнөөн, төчнөөн удаа гудамжинд гүйж гараад л... Тэгээд чамайг аль нэг тийшээ явахаар болж, зарц хөгшин чиний шар чемоданыг доош нь буулгаж ирэхийг харахаараа зүрх минь базагдах шиг болж, олон арван хоногоор миний амьдрал утга учраа алдан хүйт даадаг байв. Гунигтай, дүнсгэр, уур уцаартай болсон миний нүдэнд нулимс цийлэгнэн хичнээн зовж шаналж байгааг ээж маань ч үл анзаарна. Би чамдаа хүүхдийн инээдэмтэй түүх ярьж байгаагаа мэдэж байна. Энэ бүхэн ичгэвтэр хэдий ч би хэзээ ч ичихгүй, яагаад гэхээр миний дурлал тэртээ хүүхэд ахуй цагий минь бахархал болсон ариун нандин асаж дүрэлзсэн хэвээр байгаа билээ.

Миний зүсийг ч бараг мэдэхгүй чамд тэр үед чиний төлөө амьдарч байсныгаа бүтэн цаг, бүх л өдөржин ярьсан ч чадна. Би чамтай шатан дээр таарчихаараа гал шиг харцтай чинь тулгарахаасаа айж толгойгоо гудайлган хажуугаар чинь галаас зугтан ус руу гүйж буй хүн шиг хурдхан өнгөрдөг сөн. Хэдийгээр би чиний тэр үеийн амьдралын тухай бүхэл өдөржингөө өчүүхэн ч зүйл орхилгүй ярьж чадах боловч чамайг зовоож залхууг чинь хүргэхийг хүсэхгүй байна. Би зөвхөн хүүхэд насныхаа аз жаргалтай мөчүүдийн тухай л дурсах гэсэн юм.

Чи намайг битгий шоолоорой. Энэ явдал өчүүхэн зүйл боловч жаал охин надад хэмжээлшгүй их аз жаргал байсан юм шүү. Лав нэг сайн өдөр тохиолдсон санагдана. Тэр үед чи эзгүй, зарц чинь том хивс сэгсэрч цэвэрлээд, танай өрөөний хаалгаар оруулж яваа харагдсан. Хөгшин зарцыг хүч хүрэхгүй ядарч байхыг нь хараад шууд зориг гарган очиж, би хамжилцах уу гэж асуухад зарц өвгөн гайхсан боловч туслахад минь татгалзсангүй. Чиний өрөөнд би тэгэж анх удаа орж үзсэн юм. Өрөөнд чинь байгаа эд агуурс, чиний суудаг ертөнц, хөх ваартай цэцэг тавьсан чиний бичгийн ширээ, ном шүүгээг ямар их хайр хүндэтгэлтэйгээр элэгсэг дотно харж байснаа хэлэх үг олдохгүй байна. Чиний үнэнч зарц Иогани мэдээж намайг дэргэд нь очиж харахыг зөвшөөрөхгүй байсан болохоор чиний амьдралыг хальт хараад өнгөрч билээ. Харин ингэж цорын ганц удаа харахдаа би чиний тасалгааны юм болгоныг нүдэлж аваад энэ явдал чамайг хүсэн мөрөөдөж, өдрийн бодол шөнийн зүүд болж санаашран суухад сэтгэлийн тэжээл болдог байж билээ. Өчүүхэн энэ мөч, энэ явдал миний хүүхэд ахуйн амьдралд хамгийн аз жаргалтай нь байж.

Намайг гэж танихгүй чи минь дэргэд чинь амьдралаа чамд зориулсан нэг хүн яаж уйтгарлаж, яаж тэсэж ядан байсныг мэдэж аваг гэсэндээ л үүнийг ярьж байгаа юм шүү. Чамд ярьж буй энэ явдлын дараахан өөр нэг аймшигтай явдал тохиолдсон юм. Би чамаас бусад юм болгоныг мартаж, ээжийгээ ч тоохоо больж, ер юуг ч анхаарахаа байсан гэж чамд хэлсэн шүү дээ. Инсбург хотоос ээжийн минь холын садан сүлбээ нэг хижээл насны худалдаачин манайхаар байсхийгээд ирж удтал ярьж суудаг байсныг би анзаарсангүй. Заримдаа тэр хүн ээжийг минь театрт юм үзүүлэхээр авч явахад нь би харин баярладагсан. Ганцаараа үлдээд ямар ч саадгүй чамайг бодож, чиний ирэхийг харуулдан суух нь миний ганц дээдийн жаргал байсан юм. Тэгтэл нэг өдөр ээж минь намайг өрөөндөө дуудаж аваачаад их чухал юм ярина гэхэд нь ямар нэг юм тааварлан, сэжиг аваагүй байгаа гэж айхаас царай минь хувхай цагаан болоод, зүрх хүчтэй цохилж эхлэв. Хамгийн түрүүнд л ертөнцтэй намайг холбож өгч байгаа нууц чи минь л бодогдов. Гэтэл ээж минь өөрөө сэтгэл зовсон байдалтай намайг их л энхрийлэн хэд хэд үнсээд (уг нь ер үнсдэггүй юмсан) зөөлөн вандан дээр хажуудаа суулган царай нь улайж түгдэрснээ өөрийн нь холын хамаатан бэлэвсэн эр сууя гэж гуйхад чамайг бодоод л суухаар шийдлээ гэж ярив. Зүрх минь улам ч хүчтэй булгилж, би юуны түрүүнд ганцхан чамайг л бодож

“Би эндээ байх уу?” гэж арай ядан асуухад ээж минь

“Үгүй ээ. Бид Инсбург руу нүүнэ. Тэнд Фердинандад сайхан байшин бий гэнэ” гэлээ.

Би өөр юу ч дуулсангүй нүд минь харанхуйлаад явчихсан. Би муурч унаснаа сүүлд нь мэдсэн. Хаалганы цаана хүлээж байсан миний хойт эцэг болох гэж байгаа тэр хүнд намайг гэнэт гуйвалзан шалан дээр гараа алдлан савж ойчсон гэж ээжийнхээ хэлж байгааг сонслоо. Тэрнээс хойших хэдэн өдөр юу болж өнгөрсөн, арчаагүй жаал охин би томчуултай яаж тэмцэлдэж байснаа санахаас дотор арзасхийж одоо ч тэр тухай бичихэд гар минь салганаж байна. Тэгээд би нууцаа задалж хэрхэвч болохгүй байсан болохоор намайг тэнэг зөрүүд зан гаргаж байна гэж бодоцгоосон биз. Тэгээд надтай ярих хүнгүй болж, юм болгоныг надаас далдуур хийж, намайг сургуульдаа явсан хойгуур нүүхээр юмаа төхөөрч, сургуулиасаа буцаж ирэхэд минь нэг юм худалдчихсан, нэг юм алга болчихсон байдаг байлаа. Миний нүдний өмнө өрөө тасалгаа минь хоосорч, түүнтэй хамт амьдрал минь сарнин эвдэрч байлаа. Нэг өдөр сургуулиас ирэхэд гэрийн хэрэгсэл хогшлыг маань хүн аваад явчихжээ. Хов хоосон өрөөнд ачиж явуулахад бэлтгэсэн хэдэн авдар, ээж бид хоёрын эвхмэл ор үлджээ. Бид сүүлчийн ганц шөнийг өнгөрөөж, өглөө нь Инсбург тийш явах ёстой болсон байв. Би тэр сүүлчин өдөр чамаас хол амьдарч чадахгүйгээ гүйцэд тодорхой ойлгож, намайг аврах хүн ганц чи гэж бодсоон. Би чухам юу бодож байсан, цөхрөнгөө барсан тэр үедээ би ухаалаг зөв шийдсэн эсэхээ хэзээ ч мэдэхгүй юм. Харин ээжийгээ гараад явмагц би сургуулийнхаа хувцастай чигээрээ танайх руу гүйж очлоо. Үгүй. Үнэндээ би өөрөө очоогүй, харин ямар нэг далдын хүч намайг чиний хаалганы дэргэд түлхэн аваачихад хоёр хөл минь хөшиж хамаг бие дагжин чичирч байв. Би чухам яах гэснээ өөрөө ч сайн мэдэхгүй, би чиний хөлд сөхрөн унаж намайг боол, шивэгчин болгоод ч атугай гэртээ аваад үлдээч гэж сөхрөн гуйхад бэлэн байсаан. Арван тавхан настай охины хийрхүү занг чи шоолон элэглэх болов уу даа. Гэвч хонгор минь ээ, үүдний чинь хүйтэн шалан дээр яаж айн дагжиж, зогсож байсныг минь чи мэддэгсэн бол шоолохгүйсэн биз дээ.

Чухам яахаа шийдэж ядан үүдэнд чинь зогссон тэр хэсэгхэн хугацаа надад бүхэл бүтэн үе өнгөрөх шиг санагдсан. Тэгээд нууц далдын ямар нэг хүний эрхээр чичирч салгалсан гараараа өөрийн эрхгүй чиний хаалганы хонхыг дартал хонх огцомхон жингэнээд чимээгүй болсон нь одоо ч чихэнд дуулдах шиг болж байна. Тэгээд чамайг хаалгаа тайлж өгөхөөр ирж явна уу, үгүй юу гэж сэтгэл түгшин чагнаж байхад цус минь гүйхээ болиод зүрхний минь цохилт зогсох шиг санагдаж билээ.

Гэвч чи гарч ирсэнгүй. Хэн ч гарч ирсэнгүй. Чи лав гэртээ байгаагүй. Иогани хоршооноос юм авахаар явсан байсан биз. Тэгээд би эмх замбараагаа алдаж, хоосорсон өрөө рүүгээ салганан очоод баглаатай юман дээрээ тэгнэн унахад, хонхны чинь дуу чихэнд хадаастай үлдсэн юм.

Дөрөвхөн алхам ингэж явахдаа би гүн хунгар дундуур хэдэн цаг явснаас илүү их ядарсан байж билээ. Гэвч ямар ч байсан хамаагүй намайг аваад явахаас нь өмнө чамайг олж харах, чамтай ярилцах хүсэл зориг улам улам бадарч байлаа. Надад миний ухаан санаанд чамаас өөр юу ч байгаагүйг тангараглая, чамд. Би чамайг бодохоос өөр юу ч мэддэггүй байсан юм шүү. Би зүгээр л чамайг олж уулзаад ойр дэргэд минь байгааг чинь мэдрэхсэн гэж хүсээд тэр, хайрт минь. Ээжийгээ дөнгөж орондоо зүүрмэглэмэгц би үүдний өрөөнд сэмээрхэн гарч ирж чамайг ирж байна уу, үгүй юу гэж чагнан зогсов. Би чамайг нэгдүгээр сарын тэсгэм хүйтэн тачигнасан тэр шөнийн турш ингэж хүлээж байхад, хамаг бие янгинаж жигтэйхэн их ядарлаа. Ядаж суух сандал ч байхгүй болохоор хүйтэн шалан дээр тэр чигээрээ хэвтэхэд хаалганы доогуур жавар үлээж байлаа. Хэрэв бие дулаацвал унтаж орхиод чиний ирэхийг мэдэхгүй өнгөрөөчихнө гэж айхдаа хатуу нүцгэн модон шалан дээр хөнжил нөмрөлгүй дан ганц дээлтэйгээ хэвтлээ. Би хөл гараа бүлээцүүлэхийн эрхээр өвдтөл нь үрж байсан даа. Тэр харанхуй хонгилын мухарт тэсэхийн аргагүй хүйтэн болохоор би жаахан ч болов бүлээцэхийн тулд бас ч холхиж эхлэв. Би өөрийнхөө хувь заяаг хүлээж байгаа юм шиг чамайг хүлээгээд л хүлээгээд л байлаа.

Лав шөнийн хоёр гурван цагийн үед дор хаалга дуугарч, дараа нь шат өөд хүн өгсөх хөлийн чимээ сонсдов. Тэрхэн агшинд би хүйтнийг огт мэдрэхээ больж хамаг бие халуу оргиод явчихлаа. Би хаалгаа аяархан онгойлгоод, урдаас чинь гүйж очоод өлмий дор чинь унахад бэлэн байв... Тэгэхэд жаал охин би яаж тэнэглэх байсан бол, чухам бүү мэд. Хөлийн чимээ ойртож, гэрэл үзэгдэхэд чамайг мөн болов уу? гэж бодсоор хаалганыхаа бариулаас бариад чичрэн зогсож байв. Хайрт минь нээрээ чи мөн байж билээ. Харин ганцаараа биш нэг хүүхэн дагуулаад иржээ...
Торгон хувцас шажигнаж, бачимдсан эмэгтэй хүний сөөнгө инээд, чиний намуухан дуу гарахыг би сонссон.
Тэр шөнийг би яаж зовж тарчилж өнгөрөөснөө санахгүй байна. Өглөөний найман цагт намайг Инсбург хот руу аваад явлаа. Дахиад эсэргүүцэх сөxөө үнэндээ байсангүй...
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино