СУИС-ын 20 жилийн ой, МУИС-ын "Утга зохиолын нэгдэл", СУИС-ын "Тайзны ярианы тэнхим"-тэй хамтран ажилласны 7 жилийн ойд зориулсан "Давалгаа" богино өгүүллэгийн наадмын шилдэгүүдийг тэнд тодруулсан юм. Энэ жилийн наадам урьд урьднын жилийнхээс даруухан болж өнгөрөв. Наадамд нийт 50 гаруй бүтээл ирүүлснээс сүүлийн шатанд үлдсэн арвыг СУИС-ын оюутнууд уран уншиж сонирхуулсан.
Наадамд өөрийн Шүүдрийн дусал өгүүллэгээрээ нэгдүгээр байранд орсон МУИС-ын Монгол судлалын ангийн 4-р курсын оюутан Б.Мөнхзаяатай ярилцаж, сэтгэгдлийг нь хуваалцлаа.
-Юуны өмнө баяр хүргэе. Тэмцээнд түрүүлсэн сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Мэдээж их баяртай байна. Би өөрийгөө түрүүлнэ гэж бодоогүй. Би энэ наадамд анх удаагаа оролцож байна. Ямар ч байсан эхний аравт л багтчих юмсан гэж хүсч байсан.
-Өөрийн чинь өгүүллэгийн санаа бусдаасаа их өвөрмөц байсан. "Шүүдрийн дусал"-ыг бичих сэдлийг яаж олсон бэ?
-Ээжийнхээ ярьж байсан бодит түүхээс сэдэвлэсэн юм аа. Өгүүллэг дээр гардаг хүүхэд одоо өөд болчихсон. Гэвч би тэр төгсгөлийг оруулаагүй. Гэгээлэг чигт нь орхисон.
-Урьд нь өөр өгүүллэгийн тэмцээнд орж байсан уу?
-Орж байгаагүй. Энэ бол миний анхны өгүүллэг. Өмнө нь шүлэг л бичдэг байснаас, өгүүллэг бичиж байгаагүй.
-Шүлэг бичдэг гэлээ. Ер нь шүлэг өгүүллэг хоёрыг бичихэд юугаараа ялгаатай санагдав?
-Өгүүллэг яруу найргаас илүү амар санагдсан. Үргэлжилсэн үг болоод ч тэр юм уу. Яруу найрагт санаагаа их товчхон, цомхон байдлаар бүрэн илэрхийлэх хэрэгтэй болдог. Жишээ нь "Шүүдрийн дусал"-ын санааг шүлгээр гаргавал их хэцүү байх.
-Өгүүллэг, шүлэг бичдэг олон хүүхдүүд бий. Тэдэнд өөрийнхөө зүгээс бяцхан зөвлөгөө өгвөл?
-Сэтгэлийнхээ дуудлагаар л бичвэл хамгийн сайн бүтээл гардаг гэж бодож байна. Өөрийгөө аргацаасан, албадсан үед яаж ч хичээгээд олигтой болдоггүй.
-Баярлалаа, цаашдын чинь уран бүтээлд амжилт хүсье.
Хөнгөхөн, гэгээлэг атлаа ухаарал үнэртсэн түүний өгүүллэгийг уншигчиддаа сонирхуулъя.
Шүүдрийн дусал
Саяхан л битүү бүрхэж байсан хар үүл хаашаа ч юм замхран арилж, улбар туяа татсан уудам хөх тэнгэрт ганц нэг одод гялтганана. Оройн наран баруунаа хэлбийн өдөржин барайж байсан тэнгэр ойнгойход ойрын хэдэн өдрийн бороог “зогсоосой билээ” хэмээн хүсэн хүлээж байсан Очир хүүгийн сэтгэл давхар цэлмэх шиг болов.Уулын оройгоод шингэх нарыг нүд алдан харж зогссон Очир ээжийнхээ дуудах чимээнээр сая нэг сэрж байгаа мэт цочсоноо хэдэн түлээ тэвэрч аваад гэр рүүгээ оров. Гэрийн зүүн хойморт хуучны эрээн авдар, түүн дээр гүнгэрваатай бурхан, сангийн бойпор, гуч эргэм насны эрэгтэй хүний зургийн өмнө зул өргөсөн харагдана. Баруун хоймортоо хүрэн авдар, түүн дээр жижиг зурагт, зургийн том жааз тавьж, ханандаа мөнгөн тоногтой эмээл, хазаар, суран ташуур өлгөж, гэрийн зүүн, баруунаа хуучны цагаан ор хоёрыг тавьжээ. Өөхөн тосоор гялайтал өнгөлсөн ширмэн зуухны өмнө хүрэн нимгэн тэрлэгтэй авгай гал өрдөн сууна. Эрээн торгон алчуураар даруулсан өтгөн хар гэзгэнд нь дух шанаанаас нь эхлэн цагаан сор татаж, хүрэн бор царайд нь өнгөрүүлсэн амьдралынх нь нугачаа гүн суужээ. Энэ хүн бол Очирын ээж. Залуу сайхан насандаа эр нөхрөөс хагацаж, хоёр хүүхэдтэй хоцрон, үр хүүхдүүд минь л гэсээр өөрийгөө умартсан нэгэн. Цөөхөн хэдэн малынхаа буянгаар охиноо хот газар бараадуулж, ганц хүүгээ эгчийнх нь араас явуулсан боловч санаагаар нь болсонгүй. “Хүний нутагт идээшихгүй юм байна” гэсээр байж сууж чадалгүй эргээд ирсэн хүүгээ хараад “надаас хойш яана даа” гэж бодох бүр өр өмөлзөнө.
Очир хэдий арван дөрөвхөн настай боловч үйл хөдлөл, ярих хэлэх нь хэзээний том хүн шиг. Гэсэн ч сэргэлэн цовоо хүүхэд зан, оч гялалзах мэт том алаг нүдэнд нь орчлонгийн сүүдэр унаагүй тунгалаг ариухан хэвээрээ. Очир хониндоо явж, цөөхөн хэдэн адуугаа сахин, ганц нэг сиймхийгээр даалуу шажигнуулж суугаа хөгшчүүл дээр очин тоглоом сонирхож өдрийг өнгөрүүлнэ. Үеийн багачуултай тоглож наадах нь ховор. Тэгсэнээс ээжийнхээ дэргэд байж гар хөлийнх нь үзүүрт зарагдан суух нь илүү дээр гэж бодон зав л гарвал гэрээ гэнэ. Сургууль номын мөр хөөснөөс энэ нь хэд дахин илүү мэт санаж, “Хот газрын соёл, эрдэм номыг сураад ирэхгүй, заяагүй амьтан ” хэмээн ээжийнхээ үглэх тоолонд “дэмий юм ярих юм” гэж үл тоомсорлон өнгөрүүлнэ. Хүү энэ хорвоо дээр төрүүлж өсгөсөн ээж, төрж өссөн “цэцэгт хөндийгөө” юу юунаас ч илүү хайрлан харамладаг билээ. “Цэцэгт хөндий” гэдэг нь түүний өөрийнх нь өгсөн нэр л дээ. Эднийх бага балчир наснаас нь эхлэн энэ нутгийн хамгийн их цэцэг ногоо дэлгэрдэг, бэлчээр сайтай хөндийд нутагласаар иржээ. Түүнээс өөр хэн ч энэ хөндийг “цэцэгт” хэмээн нэрлэдэггүй.
Хүү өглөө бүр үүр цүүрээр босон өөрийнхөө орон дор нуусан нэгийн бидоноо аван “цэцэгт хөндий” рүү гүйдэг байлаа. Тэгээд ээжийнхээ сэрэхийн яг өмнөхөн орж ирээд, “Хүний заяаг олж төрнө гэдэг атга будаа цацсанаас нэг нь л зүүний үзүүр дээр тогтох шиг тийм ховорхон заяа юм. Энэ ховорхон заяаг зөвхөн эх хүн л хайрлаж чаддаг юм даа” гэсэн саахалт айлын өвөөгийн хэлсэнийг бодож, наранд борлож гандсан нүүрэндээ бяцхан инээмсэглэл тодруулан хэвтэнэ. Үнэндээ хот газар хэд хонохдоо гэрээ гэхээсээ илүү “цэцэгт хөндийгөө” санаж, хурдхан л нутаг буцах юмсан гэж яардаг байж билээ. Өнөөдөр мөн л дадсан заншлаараа мөнөөх бидоноо боломгоомжтой гэгч нь аваад гарлаа. Энэ удаад харин гүйсэнгүй, энгэртээ наан нандигнаж явав. Тэгээд өнөөх л тогтсон цагтаа гэртээ ирээд мөн л болгоомжтой гэгч нь орон дороо нуув. Саахалт айлын өвөөгийн хэлсэн үг өнөөдөр бүр ч тод сонсогдох шиг баярласандаа тэсгэлгүй чангаар инээж орхилоо. “Юундаа хар өглөөгүүр инээд алдаад байгаа юм. Зүүдлээд байгаа юм уу” гэж үглэх ээжийнх нь дуу яг л тэнгэрийн элчийн дуу хоолой шиг уянгалаг зөөлөн сонсогдоно. Өглөөн ундаа уун, ус дөхүүлчихээд хониндоо гарахдаа орон дороо нуусан зүйлээ нүднийхээ булангаар сэм хараад “Удахгүй чамаар ээжийнхээ ачийг хариулна даа” гэж аяархан шивнээд гарлаа.
Хээрийн салхины сэвэлзээнд өвсний толгой намилзаж, цэцэг ногооны анхилам үнэр хамар өөд цоргино. Дэлгээд тавьсан ширдэг шиг ногоон талд энэ л үнэрийг цээж дүүрэн амьсгалан хэвтэх нь юутай жаргалтай. Очир өдөржин хонины захад хэвтэж байгаад үдийн хэрийд гэрийн зүг явлаа. Гэртээ иртэл өнөөх бидон нь хаалганы зүүн буланд хэвтэж байв. Яаран шүүрч аваад харвал дотор нь байсан зүйл юу ч үгүй. Баяр баясгалангаар гэрэлтэж байсан бяцхан бор царай нь хувисхийн цонхийж : - Э..э.. энэ дотор байсан юм хаачаа вэ? хэмээн ээрч мууран ээжээсээ асуусанд –Шөнө тэгтлээ их цангаад байдаг юм уу. Юм уумаар байдаг юм бол босоод л ууна биз. Орон дороо хар ус тавьж хонодог нь яаж байгаа юм гэх ээжий нь үг зүрхэн тушаа хүчтэй гэгч нь нудраад авах шиг. Өөрийн эрхгүй хоолой нь зангиран том алаг нүд нь харууслын нулимсаар дүүрч :– Та тэгээд асгачихсан юм уу. Яагаад?... Яаж байгаа юм бэ? хэмээн цурхиртал уйлан гэрээсээ хар хурдаараа гүйн гарлаа. – Энэ хүүхэд чинь хар усны хойноос... асгахгүй тэгээд яах юм гэх ээжийн дуу ард цуурайтан хоцров.
Хаашаа, яах гэж гүйж байгаагаа мэдэхгүй ч гүйсээр л... Өөрийн мэдэлгүй явсаар өглөө бүр нисэх шахам гүйж ирдэг байсан “цэцэгт хөндийдөө” ирэн харуулдан унаад эхэр татан уйллаа. “Тэр ховорхон заяаг хайрласан эхийнхээ ачийг хэзээ ч хариулж дуусдаггүй юм. Шүүдрийн дуслыг цуглуулан цай чанаж өглөө ч тэр нь ганцхан шөнө босож хөхүүлсэн ачийг л хариулсантай тэнцдэг юм” хэмээсэн саахалт айлын өвөөгийн үг чих дэлсэхэд “Яагаад заавал тэрийг асгачихаж байгаа юм бэ? Асуух ч үгүй...Яагаад заавал асгаж байгаа юм бэ? ” хэмээн харууслын аясаар цурхиртал уйлсаар л....
Тооноор тусах наран уулын оройгоод зочлоход үдэд гэрээс гарсан хүү нь эргэж ирсэнгүй. Гэрийн дотор хөндий хоосон оргиж, галын илч илч болсонгүй. Ижийн сэтгэлд айх, гайхах зэргэцэвч хүүгээ гомдоосон гэдгээ яахин мэдэх. Хаана яваа юм бол гэж санаашран суухад хүүгийн хаяад гарсан нэгийн бидон нүднээ тусаж, түүнийг тойрон гэрэл цацарч, халуу дүүгэх шиг санагдлаа.
МУИС-МС 4б Б.Мөнхзаяа