2010/12/03

Давс чихэр хоёрыг зэрэг амталсан үдэш...

-Хүүе Заяаз чинь чи байсан юм уу?
Би танай байнгын уншигч шүү дээ. Энд чамайг дэмжих гэж ирсэн юм.
-Тийм үү маш их баярлалаа.
-Хоёулаа цуг зургаа татуулъя.
-За тэгье.


Ийм нэг яриа өчигдөр болж өнгөрсөн юм. "Монгол блогчид-2010" тэмцээний шагнал гардуулах ёслолын ажиллагаан дээр. Давс чихэр зэрэг амталсан үдэш. Та бүхнийхээ дэмжлэгээр манай вебблог хамгийн их санал хураасан ч хараахан цомын эзэн болж чадсангүй. Найдлага тавин хүлээж байсан Заяаз-д нэг тийм "гашуувтар хэрнээ, биед сайн хужир амтагдах" шиг болсон. Гэвч түүнээс илүү сайхан зүйлийг олж авсан нь "Хүн хүндээ эрдэнэ" гэсэн үгийг бүх бие сэтгэлээрээ ойлголоо.
"Чи угаасаа л түрүүлчихсэн байх даа" гэсэн тэдний үг, аль хэдийн ялчихсан аятай цэцэг, бэлгээр даруулсан тэр мөч дэндүү "чихэрлэг". Ганцхан манайхыг дэмжих гэж цугласан олон хүн ямар ч цомоос илүү том ялалт байлаа. Сэтгэлд асар том давалгаа цалгих шиг, ийм сайхан хүмүүс байхад өөр юу хэрэгтэй юм бэ? гэж бардам хашгирмаар.
Эгзэгтэй мөчид ч, хүнд хүн л хамгийн чухал эрдэнэ байдаг аж. Орчлон сайхан түмнээр дүүрэн. Хичнээн том амжилтанд хүрлээ гээд, урам зориг өгч, баярлуулах хүнгүйгээр тэр хэн ч биш бололтой. Харин чамайг гэсэн хүмүүс байгаа цагт хорвоо дэлхий бүхэлдээ алганд багтсан мэт, ямар ч өргөмжлөл, алтан медалиар үнэлэшгүй том баяр баясгалангийн эзэн болох амархан. Энэ л чухал.
Хүн гэдэг сэтгэлийн амьтан учраас бид бие биенийхээ хүчинд сүр оруулж, амжилтанд амт нэмэрлэж амьдрах жамтай. Заяаз нь уншигч та бүхэндээ маш их баярлаж явдгаа дахин дахин илэрхийлье. Та нар бол бидний эрч хүчний ундарга юм шүү.
...Хүн ганцхан эрдэнэ нь болохоороо
Хүн хүндээ хайртай байдаг юм аа...гэж аялсаар амьдралын давс чихрийг ээлжлэн амтлангаа хорвоогийн жимийг гаталсаар...
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино