Өөрчлөгдөх хэрэгтэй гэдгээ ухаардаггүй
Эмэгтэйчүүдийн энэ насандаа хийж эхэлдэг хамгийн том алдаа бол "юу ч хийхгүй байх" явдал юм. Үсэндээ сам хүргээгүй, нүүрэндээ энгэсэг түрхээгүй байсан ч цаанаасаа хөөрхөн харагддаг нас ард хоцорсон гэдгийг бүрэн ойлгоогүй явдаг гэсэн үг. Нас нэмсэн ч намбалаг баймаар байвал өөртөө тодорхой хэмжээний өөрчлөлт хийх хэрэгтэй. Олон эмэгтэйчүүд хэдэн жилийн турш хэрэглэж ирсэн гоо сайхны бүтээгдэхүүнээ солихыг хүсдэггүй. Гэвч тэр нь он жил солигдохын хирээр, нас нэмэгдэхийн хирээр таарч тохирохоо больж эхэлдгийг мэддэггүй. Яг үүнтэй адилаар найз нөхөд, ажлынхан нь харсаар улиг болсон стилдээ шинэчлэлт хийхийг бодохоо больчхдог.
Хувцсанд мөнгө зарахаас зайлсхийх
"Хэндээ сайхан харагдах гэж гоёх вэ дээ?" гэсэн бодолд хүчтэй автдаг хүмүүс бол дунд орчим насны эмэгтэйчүүд. Салхинаас хамгаалах төдий юм байвал л болох нь тэр хэмээх үзэл ч мөн 40 настнуудад тардаг. Учир нь залуу байхдаа зөвхөн өөрийгөө хувцаслаж, өөрийгөө тордох үүрэгтэй байсан бол энэ үед гэрийнхнээ тэжээх хүнд даалгавар тохогддог тул нэг л мэдэхэд өөрийнхөө үзэмжинд мөнгө зарахаас төвөгшөөдөг болчихдог. Эхэндээ сайхан хувцас таарсан ч нэг гараараа нөгөө гараа барьдаг болж, дараа нь дэгжин хувцаслах талаар бодохоо ч больчихдог аж. Энэ насныханд сүүлийн үеийн мода, шагай мултлам өндөр өсгийт санал болгохгүй. Гэвч орчин үеийн охидын загварын элементийг яльгүй агуулсан хэрнээ, яг л таны насныханд тохирох хувцсыг олох нь чухал.
Өөрийгөө хорьтой байсан үетэйгээ харьцуулах
Зургийнхаа альбомыг нээж үзэх болгондоо уртаа гэгчийн санаа алдаад, дараа нь өөрийгөө толинд хармагцаа цаг хугацааг буцаах талаар бодож үзэж байсан уу? Тэгвэл та энэ алдааг гаргадаг эмэгтэйчүүдийн нэг юм байна. Өөрчилж болохгүй зүйлийн хойноос өөрийгөө стресстүүлэх хэрэггүй. Хамгийн сайхнаараа харагдаж, чадлаараа эрүүл байвал л болох нь тэр. Залуу байхдаа та юу ч мэдэхгүй жаахан охин байсан. Гадаад байдлаасаа илүүтэй дотоод ертөнцдөө та тэр үеийнхээс хамаагүй дээрдсэн шүү.
Мөн зарим алдартнууд, одууд наснаасаа залуу харагдахын тулд хэтэрсэн оролдлого хийх нь бий. Арьсандаа таарсан тос, түрхчихсэн үед будаагүй мэт харагдуулах энгэсэг, царайнд таны зохисон нүдний будаг байхад хангалттай гэдгийг санаарай.
Сексийн эрх чөлөөгөө хязгаарлах
"Буурь суурь" гэдэг үгнээс болоод 40 настай олон эмэгтэйчүүд сексээс өөрийгөө хазаарладаг. Гэвч "хүүхэд олох" зорилгогүйгээр өөрийн дураар таашаал авах боломж энэ насанд хавьгүй илүү олддог гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Түүнээс гадна залуухан байхад туршлагагүйтэх, ичингүйрэх гэдэг том бэрхшээлд түүртээд, хамтрагчдаа таашаал өгөхийн тулд өөрийгөө мартах тохиолдол олон байдаг бол 40 насанд өөртөө ч, хайртдаа ч бүрэн жаргал эдлүүлэх хэмжээнд туршлага суусан байдаг.
Хүүхнүүд ээ, хөгшрөл бол сүйрэл биш. Харин ч өдөр ирэх тусам жавхаажих хэрэгтэй.