2010/11/14

Хулан /Б.Шүүдэрцэцэг/

13-р хэсэг

Хулан уг нь Анандыг хэзээ ирэх вэ?, хаана явна ?гэж хойноос нь утасдан мөрдөж мөшгөдөггүй билээ. Харин энэ удаа яагаад ч юм утасдмаар санагдаад гар руу нь залгатал дуудаад байгаа мөртөө авсангүй удаж удаж тасалчихав. Хааяа нэг залгахад нь “Яагаав, хайрт минь би тэнд энд явна, одоохон очлоо” гээд л зөвхөн өөрийг нь утасдсанд бөөн баяр болдог асан Ананд сүүлийн үед нэг л хачин болоод байгаад бүсгүй бяцхан гайхаж мөрөө хавчаад утсаа тавилаа. Уг нь тэр хүрээд ирсэн бол өдий хүртэл цээжинд хуралдаж явснаа нэгмөсөн ярилцъя гэж бодож байжээ. Бүсгүй хүүгийнхээ хажуугаар хэвтэн хонгорхон даахийг нь, үнэрлэн “Аав чинь хаагуур яваад байгаа юм бол доо. Миний хүү удахгүй таван сар хүрэх нь шүд нь яагаад гарахгүй байнаа. Витамин Д өгөөд

л байхад чинь “ гэж бодсоор нэг мэдэхэд дугхийчихжээ. Тэр эмээгээ нэг их өргөн голын цаад эрэг дээр зогсоод Хулан руу гараа сарвайгаад нэг юм хэлэн зүтгээд л байна гэж зүүдлээд сэрчихэв. Цаг оройн найм өнгөрчээ. Ананд ирээгүй л байв. Түүнийг сэрмэгц Цэндээ охин орж ирэн тоос сорогч ёнгинуулан цэвэрлэгээ хийж байснаа ширээн доороос өнөө гайт дугтуйг гаргаад иржээ. -Өө, та энэ захиагаа уншаагүй юм уу? Өдөр нэг хүүхэд авчирч өгөхөөр нь ширээн дээр чинь тавьчихаад хэлэхээ мартчихаж. Очироо унагачихсан юм байх даа гэсээр тэр царай муутай цагаан дугтуйг сарвайлаа. Дөнгөж саяхан эмээгээ зүүдлэн хар дараад сэтгэл тавгүй байсан Хулан эмнэлэг рүү залган эмээгийнхээ биеийг асуугаад санаа нь бяцхан амарч “Надад ийм марк энэ тэр ч үгүй захиаг хэн явуулдаг байнаа?” гэсээр дурамжхан авав. “Хуланд” гэж гараар бичсэнээс эхлээд л тэр “захиа” түүнд нэг л таалагдсангүй. Заримдаа задлах хэрэггүй захиа ч гэж байдаг. Гэхдээ хүн гэдэг амьтан бурхан ч юм уу, хэн нэгэн өөрөөс нь ч асуулгүй шийдчихээд байдаг хувь тавилангийнхаа эрхэнд байдаг тэр л жамыг хэн тойрох билээ. “Зуун жилийн ганцаардал” дээр Хосе Аркадиод ирсэн захиаг цонхон дээр тавиад хэзээ ч задлалгүй орхидог шиг задалдаггүй ч байж уу?” гэж бодсоор бүсгүй дугтуйг нь урлаа. Дотор нь хүний урманд түүнд бичсэн ганц ч мөр байсангүй. Зүгээр л хоёр гэрэл зураг унаад ирэв. Yзвэл хямдхан тавилгатай , хайш яйш засалтай танихгүй өрөөнд Анандын чармай нүцгэн хэвтэж байгаа зураг ... Хулан цочин эргүүлж тойруулан үзлээ. Ижил хоёр зургийн ард “ Дөрөвдүгээр сарын 10” гэснээс өөр юу ч алга. Муухан аппаратаар тааруухан авсан зураг байлаа. Анандын хэвтэж байгаа буйдангийн ар талын хананд наасан нүцгэн хүүхний зураг бүдэгхэн ч гэсэн ялгагдахаар гарчээ. Бүсгүй зургийг шууд шидээд: -Энэ балай юмыг хэн авчирч өгсөн юм бэ? гэж Цэндээгээс ууртай гэгч нь асуучихсан хойноо “Хөөрхий амьтан, энэний буруу гэж юу байхав дээ” гэж бодоод дуугаа зөөлрүүлэн “Миний дүү тэр дор нь надад өгчихгүй “гэв. Өөрт нь Хулан барагтай бол уурладаггүй болохоор хөөрхий охин тоос сорогчоо унтраачихаад хивсэн дээрээс хоёр зургийг яаран авч үзээд: -Яанаа гээд шидсэнээ: -Ямар хачин зураг вэ? Нэг танихгүй жаал л байсан ш дээ. Би танд саад болчих байх гээд ширээн дээр чинь тавьчихсан юм гээд хоёр гараа оролдон зогсоно. Хүү сэрэн уйллаа. Хулан хүүгээ аваад хөхүүлэнгээ овоо тайвширч “Хэн энийг явуулсан байж таарах вэ? Мэдээж Золтуяа л биз. Анандад тэрнээс олигтойхон юм олдоогүй юм байх даа. Дөрөвдүгээр сарын 10 гэдэг чинь бид хоёрын хэрэлдсэн өдөр. Ананд гуай тэр шөнө гэртээ хоноогүй. Тэгээд Золтуяагийнд хоносон юм бол үнэнээ л хэлчихгүй дээ. Баагийгийнд хоноод ч гэх шиг . Эрчүүд ямар хөгийн байдаг юм бэ. Надад өөр хүнээс захиа ирсэн л бол газар дээр нь хариугаа аваад өөртөө хайртай хүүхнийд очиж хонодог байна ш дээ. Би ямар Түвшинтэй унтаж хэвтсэн биш дээ” гэж бодон суутал бухимдал нь арилж “Ерөөсөө энэ бүхнийг Золтуяа л анхнаасаа ашиглаад үймүүлээд байсан юм биш үү?” гэсэн бодол орж ирэхэд нь хажуудаа зогссоор байгаа Цэндээд: -Миний дүү, чи тэр шүүгээн дээрээс альбом аваад өг дөө гээд ангийнхаа төгсөлтийн зургийг гарган ирж, Золтуяагийн зургийг зааж “Чи энэ хүнийг таних уу? гэлээ. Золтуяа Цэндээг ашиглан үймүүлдэг ч байсан юм бил үү хэн мэдлээ гэж тэрхэн агшинд л сэтгэжээ. Охин зургийг нүдээ онийлгон хөдөөний хүний няхуур зангаар удаан харж байснаа “Танина” гэж шууд хэлсэнд Хулан тааварлаад байсан мөртөө багагүй гайхав. Цэндээ түүн рүү гэмшингүй харж: -Энэ эгч чинь өөрийгөө та хоёрын сайн найз гээд л , хэрэв цаадуулыгаа муудалцвал эгчдээ хэлчихэж байгаарай . Би учрыг нь олоод өгнө гээд л байсан. Бас нэг удаа Очироог гадаа гаргаж байсан чинь ирээд л Ананд ахыг асуугаад байхаар нь би танд хэлье гээд л бодоод байсан юм. Өөрөө намайг танд битгий хэлээрэй гэхээр нь би “За” гэчихсэн юм. Энэ зургийг чинь тэгээд Золоо эгч явуулсан юм уу? Ямар муухай хар дотортой хүүхэн бэ гэснээ амаа барив. Хулан хүүгээ түүнд өгч: -Гурвуулаа харьцгаая. Эгч нь юмаа бэлдье гээд шуудхан ор ширээн дээр нь ил байсан юмаа хам хум цуглуулж эхлэв. Бараг нөхөр нь болох гэж байсан Ананд очиж очиж хар багын л өөрт нь дандаа атаархаж хорсч явдаг байсан худалч, зальтай, хутган үймүүлэгч, царай муут Золтуяатай унтаж хоноод явсан байдаг. Энэ бол түүний хувьд тэвчишгүй доромжлол байлаа. Харин Цэндээ хүүг нь тэврэн айж гэмшсэндээ хярсан туулай шиг атгахан болчих оод хөдлөлгүй сууж байснаа” Хулан эгч ээ, та ингээд л Ананд ахаас салах гэж байгаа юм уу? Очироо тэгээд яах юм бэ?” гэж дорой дуугаар асуужээ. Тэр Золтуяагийн арганд орж Ананд, Хулан хоёрыг муудалцуулсан гол буруутнаар өөрийгөө тодруулчихаад гэмшсээр л суулаа. Хүүгийнхээ тоглоом, хувцсыг том үүргэвчинд яаран чихэж байсан Хулан “Эгч нь мэдэж байна аа” гэхээс өөр юу ч хэлсэнгүй. Тэр гурвыг хувцаслан гараад яг машинд сууж байх үед Цэрэнхандын тэрэг байрныхаа хаалгаар орж явлаа. Харин Ананд Золоогийнд очоод цагаан дарсанд нэлээд халчихсан ёстой л “Гэрээ мартсан Гэсэр хаан”-ы дүртэй сууж байв. Золоогийн хуурамч төрсөн өдрийг үнэмшилтэй болгох үүрэгтэйгээр Урнаа найз нь ирж жаахан сууж байснаа “ За, найз нь явахгүй бол гэрийнхэн дуудаад байна. Тэгээд ч гурав дахь нь илүү гэдэг биз дээ. Ийм сайхан хосод саад хийгээд яахав” гээд босчээ. Санасан бүхэн нь ёсоор болж байгаад баярласан Золоо “За Урнаа битгий хошгируулаад байгаарай. Энэ чинь манай ангийн найз, цаанаа эхнэр хүүхэдтэй хүн “ гэж ёжтойхон хэлсэн ч дотроо “Хулан яг Анандын эхнэр болж харагдаач. Та хоёрыг би хэзээ ч суулгахгүй дээ, харж л байгаарай” хэмээн хорсолтой бодож суулаа. Ширээн дээрх ягаан сарнайн баглаа, болор сагс гээд чамин юмс бол Анандын бэлэг. Энэ бол түүний амьдралдаа хэнээс ч авч үзээгүй, жинхэнэ төрсөн өдрийн бэлэгнүүд байсан ч “Уг нь чи өөрийгөө л надад бэлэглэчихвэл хорвоод хосгүй бэлэг байх сан” гэж бодсоор энхрий харц илгээсээр Урнааг гармагц тэр Анандыг хүзүүдээд авлаа. Бүсгүй бүтэн сар хадгалсан хайрын баландаа өөрөө согтон, санаж тэмүүлсэн сэтгэлээ барьж нэгэнт чадахгүй болжээ. Тэр Анандын үсийг базлан, халуу шатсан янаг зузаан уруулаа урууланд нь наагаад хоёр гараараа цамц, өмдийг нь мулт мулт татан тайчлаа. Түүний энэ гал дөл шиг халуун хайр, галзуу юм шиг оргилсон тачаалын хуй салхи залууг эрчээрээ нөмрөн авч орчлонг нэгэнт умартуулжээ. Эр хүнийг ямагт дутагдаж явдаг юмаар нь ховсдон татах шиг амархан юм хаа ч үгүй. Золтуяа энэ шидэт нууцыг өөртөө нээчихсэн бүсгүй билээ. Ананд ийнхүү эр хүний сониуч шунаг зангаар гал халуун учралд согтож суухдаа эрх бага насны хайрынх нь эзэн Хулангаа алдаж, мөрөөдсөн бүх амьдрал нь сүйрч байгааг даанч мэдсэнгүй. -Түүнийг өглөө сэрэхэд Золтуяа босчихсон гал тогоондоо юм хийж байв. Эхлээд мань эр гэртээ байгаа шиг санан нүдээ аниатай чигээрээ гараа явуулан тэмтрээд гэнэт сэрчихлээ. Залуу хаана байгаагаа санаад агшин зуур нүдээ нээлээ. Тэр уг нь Хуланг унтаж байхад нь чимээгүйхэн ширтэн удаан хэвтэх, хүүгийнхээ нүцгэн хөөрхөн хөлийг үнэрлэхдээ зүйрлэшгүй их аз жаргал мэдэрдэг сэн. Гэтэл ингээд байх ёсгүй газраа шаналгаат жаргалд автагдан хоночихоод сэрэхийн зовлонг мэдрэн зүрх шимшрэн хэвтсээр байв. Гал тогоонд дуу аялан байсан Золтуяа шуртхийн шагайснаа гүйн ирж тэврээд “Сайхан нойрссон уу, хайрт минь?” гэхэд тэр бүр яахаа ч мэдэхээ больчихов. Золтуяа богинохон хормойтой, цагаан торгон халаттайгаа цээжинд нь наалдан хэвтээд үсийг нь илбэнгээ нүд рүү нь эгцлэн ширтээд: -Чи эртээдийнх шигээ шууд босоод явчихгүй юм байгаа биз дээ? Надтай хамт өглөөний цай уу л даа. Тэгэх үү? гээд энгэрт нь шургачихлаа. Энгэрт нь ингэж шургаад, хайр халамж нэхсэн бүсгүй хүнд “Їгүй” гэх эр хүн ховор гэдгийг тэр сайн мэднэ. Түүний энэ өрөвдмөөр, өөрийг нь хүсч гуйсан ялдамхан дуу, үсийг нь зөөлөн илбэн буй гар залуугийн сэтгэлийн утсыг олоод аргамжчих шиг л боллоо. Тэгээд анх удаа өөрийнхөө санаачлагаар Золтуяагийн уруул дээр зөөлөн үнсэж” За, би гялс цай уучихаад явахаас” гэлээ. Хэдийгээр түүний үнсэлт нь хайр энхрийллээс илүү анд найз, ахан дүүсийнх шиг элэгсэг үнсэлт байсан ч бүсгүйн сэтгэлд үүр гийх шиг баяр хөөр авчирчээ. Золоо залуугийн энэ үнсэлтэнд үгээр хэлэхийн аргагүй жаргалтай хүн болон хувирч ухасхийн өндийгөөд ардаа хавчсан үсээ задлан нуруу руугаа намируулаад халатныхаа үрчлээсийг зассанаа эргэн харж нүдээрээ инээмсэглээд, орноос өндийн өмдөө авах гэж байгаа Анандыг буцаан хэвтүүлж: -Хэрэггүй. Чи хэвтэж л бай л даа. Би идэх юм аваад ирье гээд шуртхийн гарч тавиур дээр шилэн аягатай бүлээн сүү, зөөлөн талх, чанасан өндөг тавьчихсан өмнө нь авчрав. Ингэж бүсгүй хүнээр халамжлуулан орондоо өглөөний цайгаа уух нь Анандад их л аятайхан байлаа. Хулан хэзээ ч түүнд ийм халамж тавьж байсангүй.Бас тэр нэгэн өдөр хэлсэн “Би чамд тийм ч их хайртай биш” гэсэн үг нь сэртхийн бодогдоод явчхав. Золоо орны өмнө сөхрөн сууж, шанаа тулаад түүний идэж уухыг инээмсэглэн харж байснаа цайлж дуусангуут нь тавиурыг авч явган ширээн дээр тавиад хувцсыг нь авчирч өгөхдөө: -Танай Хулан ямар азтай хүн гэдгээ мэддэг болов уу? Өглөө бүхэн чамтай ингэж сэрэхийн төлөө би амьдралынхаа хагасыг ч харамлахгүй өгчихнөө гэж хэлэхдээ харцанд нь гуниг шингэсэн байлаа. Яг энэ үг түүний сэтгэл зүрхний гүнээс, цэгнэж бодохын зуургүй гарчихсан болохоор туйлын үнэн үг байлаа. Эр хүнд хэзээ, юу гэж хэлэхээ үргэлж бодож, цэгнэж чаддаг Золоо бүсгүй энэ удаа эмэгтэй хүний жөтөөч зан, хайртай хүнээ харамлах сэтгэлээ дийлсэнгүй амнаасаа ийм үг унагачихжээ. Яаран сандран хам хум хувцаслаж байсан Ананд юу ч хэлсэнгүй. Ээждээ ч утасдаж хэлэлгүй, Хулантай ч ярилгүй хэл чимээгүй бүтэн хоногоор алга болсондоо, эхнэрээ болгох гэж байгаа бүсгүйгээ хууран өөр хүүхэнтэй дахин унтсандаа гэмших сэтгэл түүнийг эзэмдээд шаналгаж байлаа. Ананд чимээгүйхэн хувцаслаж дуусаад гар утас, машины түлхүүр зэрэг ойр зуурын юмнуудаа халааслаад, амандаа “Орбит” бохь хийснээ нэг гартаа хүрмээ бариад эргэн харж: -За би явъя даа. By гээд гарах гэтэл цонхны тавцан түшин зогсч байсан Золоо гүйн ирж, энгэрт нь нүүрээ наагаад: -Чи ингээд зүгээр “By, by “ гээд л болоо юу? Тэгээд би яах юм бэ? Чи дахиад ирнэ биз дээ? Ирнэ гэж хэлээч дээ гээд нүүр нүдгүй үнсэж гарлаа. Анандын сэтгэл уярахгүй байж чадсангүй . Бүсгүйн нүүр рүү асгараад байгаа намирсан үсийг нь хойшлуулан хацар дээр нь үнсээд: -Би ирнээ, Золоо гэчихэв. Түүнийг орцны жижүүрт таван зуун төгрөгөө өгөөд машинаа асаан хөдөлтөл арван тав зургаатай болов уу гэмээр нэг жижигхэн турьхан охин гар өргөн зогсч байв. Анандыг хурдаа сааруулсхийн хажуугаар нь өнгөрөх гэтэл үсээ мөлчийтэл самнан шуусан тэр охин машиных нь урд шил рүү тонгойн “ Ах аа, намайг дуурийн театр хүргээд өгөөч. Би бэлтгэлээсээ хоцрох нь” гэлээ. Залуу яагаад ч юм үгүй гэж чадсангүй. “Тэг л дээ” гэчихэв. Охин баярлан хойд суудалд хөнгөхнөөр гулган орж суулаа. Театр орох замд Ананд гар утсаа гарган харвал зай нь суучихсан бололтой, таг. Цаг ес өнгөрч байв. Эхний цагийн хичээл ч өнгөрсөн гэсэн үг. Өөрөө философийн хичээлд сонирхолгүйг хэлэх үү, санаандгүй эхний цагаа таслахад л дандаа энэ хичээл таарчихдаг нь хяслантай. “Өдийд Хулан хичээлдээ явчихаад хүү, Цэндээ хоёр л байгаа биз. Энэ охиныг дөхүүлж буулгачихаад , ээжийн ажил дээр очиж гаалийн бичгийг нь өгье дөө. “ гэж бодон гэрлэн дохион дээр зогслоо. Танихгүй охинтой юугаа ч ярих билээ. Ингэж дүлий дүмбэ оргиж явахаар гээд “Fm”-ээ асаатал эхний тааралдсан нь “ Fm-107” байв. “Миний гар утсанд мессеж зөндөө ирсэн байна…” гээд “Камертон”-ы “Гар утас “ хангинав. Охин “Та жаахан чангалчихгүй юу , би “Камертон”-д их дуртай “ гэлээ. Ананд муухан мушийгаад Fm-ээ чангалав. Зам түгжрээгүй байсан тул “Гар утас”-ыг дуусахаас өмнө дуурийн театрын дэргэд ирчихэв. Охиныг таван зуун төгрөг гарган сарвайхад Ананд “Зүгээр ээ, чи наадхаараа шоколад аваарай” гээд инээмсэглэв. Охин гайхсан харцаар нэг харснаа бас инээмсэглээд “Баярлалаа. Ирэх долоо хоногт манайх “Жизель” тоглоно. Та ирж үзээрэй “ гээд театр руугаа гүйхдээ “ Ямар гоё ах вэ” гэж бодон өөрийн эрхгүй нэг эргэн харжээ.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино