2010/11/12

Хулан /Б.Шүүдэрцэцэг/

11-р хэсэг

Хулангийн эмээ эмнэлэгт хэвтсэний маргааш аав, ээж хоёр нь Эрхүүгээс ирлээ. Эмээгээ сахин эмнэлэг дээр хоносон Хулан, Ананд хоёр тэр орой гэртээ ирээд ядарсандаа бүр нойргүй болчихжээ.
Үймээний эзэн бяцхан хүүг унтсаны дараа л тэр хоёр үг солих завтай болов. Хулан цонхоо бүтнээр нь онгойлгоод хаврын шөнийн тэнгэрт түгсэн сэргэлэн оддыг ажин цээж дүүрэн амьсгаа авлаа. Хүйтний үе өнгөрч, хотынхон нүүрс түлэхээ больдог үе болохоор утаа униар бага, агаар хачин цэвэрхэн байлаа. Үнсэлт мэт эелдэг бүлээн салхи үлээсэн цонхны дэргэд зогсоод л баймаар.
Ананд сурсан зангаараа шүдээ угаан, хүүхдийнхээ ганц нэг цамцыг базаж тавьчихаад угаалгын өрөөнөөс оо сэнгэнүүлэн ирж, бүсгүйн бэлхүүсээр тэврэв.
-Чи эмээдээ л санаа зовоод байна уу? Одоо жаахан амар л даа гэж залуу хэлээд хоёр гар дээшлүүлэн хөх, хүзүү, хацрыг нь энхрийлэн иллээ. Энэ энхрийлэлд сэтгэл уярсан Хулан эргэж түүний цээжинд толгойгоо наагаад санаа алдав. Тэгснээ толгой өндийлгөн Ананлын нүүр рүү ширтэж:
-Харин тийм. Эмээ... эмээг ингээд алдчихна гэхэд надад дэндүү санаанд ормооргүй, дэндүү хатуу санагдаад итгэж чадахгүй байсан. Эмээ надад аав, ээжтэй адилхан, бараг илүү дотно санагддаг... гэснээ нулимс нь бөмбөрч цээжинд нь нүүрээ наалаа.
Ананд үсийг нь илэн духан нь зөөлөн үнсч:
-Би ч гэсэн өвөөдөө их хайртай байсан. Чамд ямар хэцүү байгааг сайн мэдэж байна. Тэгэхдээ чи эмээгээ алдахгүй ээ. Тэр хавдрыг тэжээгч судсыг нь боочихдог хагалгаанд орох юм чинь, болох бүтэх талаас нь бодож бай. Би л лав тэгдэг. Чамд аав, ээж чинь байна. Хүү байна. Бас би байна. Бид бүгд чамд хайртай гэдгийг чи мэднэ хэмээн ярьснаа:
-Үгүй. Би эм уухгүй. Чи битгий надаас холдооч гэж шивнэлээ. Ананд түүнийг өргөж орон дээр хэвтүүлээд хажуугаар нь хэвтлээ. Хулан дэрэн дээрээ тохойлдон өндийгөөд санаа алдахад нойтон сормуус нь үл мэдэг чичирхийлэх аж. Ананд дээш харан хэвтээд:
-Хулаан, чи эмээгээсээ гадна өөр юманд сэтгэл зовоод байх шиг санагдах юм. Чамайг надад хайргүйг би мэднээ. Харин... чи надаас өөр залууд хайртай юм биш байгаа гэж би бодох юм хэмээн ганцаараа ярьж байгаа мэт хэллээ.
Санаандгүй мөртөө үнэнийг олоод хэлчихсэн энэ үг Хуланг цочоосонгүй.
-Тийм ээ, би чамд тийм ч их хайртай биш... гэж тэр хэлснээ залгаад:
-Гэхдээ, гэхдээ чамд аажмаар дасчихжээ. Энийг хайр гэж хэлж болох юм уу үгүй юу бүү мэд гээд Хулан түүний цээжинд нүүрээ наалаа...
Яг энэ мөчид бүсгүй харин Түвшинг биш Анандыг л бодож байсан юм.

Анандад өврөө нээснээс хойш анх удаа энэ орой л Хулан ханашгүй таашаал амсчээ. Гэвч сайхан мөч бүхэн ер бусын богинохон байдаг хойно. Хүсэл тачаалын зүйрлэшгүй амтат оргил мөч өнгөрсөн хойно бүсгүйн сэтгэлийг өгүүлшгүй их гуниг нөмрөн авлаа. Хайргүй хүний өвөрт зүрх сэтгэл жаргадаггүй ажээ.

-Чи нээрээ тавьсан уу, хайрт минь? гэж Анандыг асуухад Хулан тэврэлтээс нь мултран цааш эргээд хөнжлийн захыг амандаа зуун нүдэндээ дүүрч ирсэн нулимсаа эргэж залгихыг оролдон чимээгүй хэсэг хэвтсэнээ эргэж хараад :
-Надад үнэхээр гоё байсан. Гоё байсан шүү гээд уйлчихлаа. Ананд түүний мөрөөр тэврэн цээжиндээ наагаад үсийг нь илэн:
-Тэгээд юунд уйлсан юм бэ? Надад чиний уйлж байгааг харах ямар хэцүү байдгийг чи мэднэ ш дээ. Бас орондоо уйлах муу гэдэг. Одоо ингээд унт даа, хайрт минь. Намайг байгаа цагт чи юунд ч битгий санаа зов хэмэн аргадав. Хулан уртаар шүүрс алдаад:
-Юунд уйлж байгаагаа ч мэдэхгүй байна. Гэхдээ бид хоёр амьдралаа дэндүү эрт эхэлчихсэн юм шиг санагдах юм. Тийм биш үү ? гэснээ шанх руугаа орж ирсэн үсээ хуруундаа ороон:
-Дэндүү эрт… ээж, аав болчихдог. Чи жинхэнэ гэрийн эзэн болж чадах юм уу?
-Эрт л дээ. Гэхдээ би гэрийн сайн эзэн болж чадна гэж л боддог.
-Танай найз Батхаан чи бид хоёрыг үерхэж эхлэхэд дургүйцэж байсан гэсэн байх аа? Нээрээ Батхааны зөв ш дээ. Намайг байхад юунд ч битгий санаа зов гэж чи хэлж байна. Чи дөнгөж арван есөн насандаа бүхэл бүтэн хоёр хүний хувь заяаг нуруундааавч явж даах юм уу? Жилийн дараа, хоёр жилийн дараа, бүр хорин жилийн дараа чи энэ амьдралаасаа уйдвал яана… Ананд үгийг нь таслан хоёр гараараа бүсгүйн хацраас бариад:
-Хэрэггүй ээ, Хулаан, хэрэггүй. Би өнөөдрөөрөө л амьдармаар байна. Өнөөдөр, яг одоо л чи миний дэргэд байвал боллоо. Батхааны юу бодох нь надад ямар хамаатай юм бэ? Чамайг л хажуудаа байж байвал би жаргалтай байдаг гэж цээжний гүнээс л гардаг намуун дуугаар бараг шивнэн хэлээд уруул дээр нь удаанаар үнслээ. Энэ нь Хуланг яриагаа бүү үргэлжлүүлээч гэсэн үггүй гуйлт байсан юм. Анандын үнсэлтэнд багтрах шахсан Хулан ч тэсэлгүй инээд алдаж “ Тавь л даа. Би бүтэж үхэх нь . Яасан чанга үнсдэг юм бэ ? Хүн илэн далангүй ярих гэхээр ингээд айчихдаг юм ш дээ” гээд хоёр гараа дэрлэн бодлогширлоо. Хөшигний завсраас туссан сарны бүдэг цагаан гэгээнд Хулангийн урт сормуус сүүдэртэн, шулуун хамар, цэвэрхэн уруул нь уран зураг шиг үзэсгэлэнтэй харагдахыг нүд салгалгүй хэвтсэнээ тохой дээрээ өндийн:
-Хулаан, чи хэдтэйдээ анх үнсэлцэж үзсэн бэ? гэж асуув. “Чамайг л хажуудаа байвал би жараглтай “ гэсэн Анандын үгнээс болж найз охин Нандингийнхаа “Хулаан, чи жаргалтай байна уу?” гэсэн асуултыг санан “Нээрээ би жаргалтай байж чадаж байгаа бил үү? Ер нь жинхэнэ жаргалтай хүн гэж байдаг юм болов уу? Ананд намайг л хажууд нь байхад жаргалтай байдаг юм бол би юундаа зовоод байгаа юм бэ? Өнөөдрөөрөө л амьдар гэж Карнеги сургадаг. Нээрээ би өнөөдөр л жаргалтай байвал боллоо юм биш үү? Юу дутсандаа хаа хол Америкт байгаа Түвшингийн төлөө шаналдаг юм бэ? Надад хайртай хүн байна. Аав, ээж, эмээ, Бөртэ байна. Хүүгий минь асардаг Цэндээ хүртэл байна. Зун хурим болно. Гэтэл сэтгэлд заавал нэг юм дутагдаад байх юм “ хэмээн бодолд автан хэвтэж байсан бүсгүй Анандын энэ асуултыг эхлээд сайн ойлгосонгүй .
-Юу гэнээ гээд Ананд руу харахад залуу :
-Чи ийм бүдэг гэрэлтэйд ямар хөөрхөн харагдаж байна гээч. Тэгээд л чамайг харж байснаа хэзээ анх үнсэлцэж үзсэн бол гэж бодлоо. Арай чамтай анх үнсэлцсэн азтай эр нь би юм биш биз дээ? гээд Хулангийн нүүр рүү орж ирсэн хэсэг үсийг иллээ. Хулан гэрлийн болор унжуурга сарны гэрэлд хачин чамин гялтганахыг харан хэвтсэнээ:
-За байз, цэцэрлэгт байхдаа ангийнхаа Долгионтой үнсэлцэж үзсэн юм байна шүү. Би долоотой байсан байх аа. Тэгэхдээ надад лав гоё санагдаагүй . Харин чи? гэхэд Ананд бүсгүйн гарыг атган:
-Эхлээд чи ярь л даа. Цэцэрлэгт үнсэлцсэнийг тооцохгүй ээ. Жинхэнээр хэзээ үнсэлцэж үзсэн юм бэ? гэхэд Хулан :
-Чамтай л байхгүй юу. Харин чамтай үнсэлцэх гоё байсан шүү. Одоо санаа чинь амарсан уу , хартай амьтан минь ? Чи өөрөө хэзээ үнсэлцэж үзсэн юм бэ? гэхэд Ананд дэрээ хөвсийлгөөд дээшээ харан хэвтсэнээ :
-Би бас цэцэрлэгт байхдаа ангийнхаа Булгаа гэдэг охинтой үнсэлцэх гэсэн чинь тэр зөвшөөрөөгүй . Дараа нь дөрөвдүгээр ангидаа “Найрамдал” зусланд Халиунаа гэдэг охинтой үнсэлцэж үзсэн. Тийм ч лаг санагдаагүй. Харин наймд орох жилээ зуслан дээр Хандаа гэдэг охинтой л жинхэнэ үнсэлцсэн юм байна. Дискон дээр Мэрай Керригийн дууны аянд уянгын бүжиг бүжиглэж байхдаа үнсэлцэхгүй юу. Тэр л гоё болсон. Тэр ч аймаар туршлагатай амьтан байсан л даа. Тэгээд би тэмдэглэлийн дэвтэртээ “Kiss me, kiss me” гээд л үнсэлцэж байгаа охин, хөвгүүн хоёрын зураг зурсан гэж байгаа юм. Чи уурлаагүй биз дээ? Тэр Хандаа одоо хүүхэдтэй, нөхөртэй болчихсон байна лээ.
-Юу гэж дээ. Юу гэж уурлаж байх юм. Тэгвэл чи хэзээ анх охинтой унтаж үзсэн бэ? гэж Хуланг асуухад Ананд:
-За одоо яриа бүр аюултай сэдэв рүү ордог байна шдээ. Одоо хоёулаа унтъя. Бүр оройтчихлоо. Хоёулаа маргааш хичээлтэй ш дээ. Би чамд седуксин авчраад өгөх үү? гээд өндөлзөхөд Хулан инээд алдаж , гараас нь татан хэвтүүлээд :
-Үгүй ээ, би эм уухгүй гэж түрүүн хэлсэн ш дээ. Чи миний асуултанд хариул л даа. Юундаа хулчганаад байгаа юм гэхэд Ананд:
-Юу ч гэх юм дээ. Баагий бид хоёр тэдний байрны нэг эгчтэй анх унтсан юм. Нөхөргүй хүүхэн байхгүй юу. Баагий одоо ч тэр хүүхэнтэй хааяа унтдаг юм шиг байна лээ. Би тэгэхэд наймдугаар ангид байсан. Эр хүн болох гэж л унтсан хэрэг. Тэгээд л тэр.
Хулан бодлогшрон хэвтсэнээ :
-Би секстээ жаахан нойл байх аа, тийм үү? Жишээ нь тэр хүүхэн чинь надаас хамаагүй туршлагатай байсан байх тийм үү? Ананд бүсгүйг энхрийлэн тэврээд :
-Би чамайг ямар ч секс машинаар солихгүй . Яагаад гэвэл би чамд хайртай , за юу гэж хэлсэн мөртөө дотроо яагаад ч юм Хуланг Золтуяа шиг янаг байсан ч болоосой гэсэн бодол зурсхийн орж ирлээ. Хулан түүний худлаа яриад байгааг мэдсэн юм шиг инээд алдаад:
-Тэгвэл чи Мадоннатай унтах боломж гарвал татгалзахгүй биз дээ? гэхэд Ананд Золтуяатай өнгөрөөсөн тэр халуухан шөнийг санан санасаар:
-Тэр Мадонна шиг хөгшин юмаар яах юм гэлээ.
-Тэгвэл Бритнитэй?
-Тэр чинь надад ерөөсөө таалагддаггүй юм.
Нэг л мэдэхэд Хуланг тэвэрсэн Анандын гар сулран суларсаар мань эр нойрондоо дийлдэн нам унтчихав. Шөнө дунд хэдийнэ өнгөрчихжээ. Нээлттэй салхивчаар хаврын эелдэг бүлээн салхи үлээх нь таатай. Нойр нь хулжин одсон Хулан тайван нойрсож байгаа бяцхан хүүгээ орноос нь аваад хажуудаа тавилаа. Сүү үнэртүүлсэн тэр бяцхан амьтан л ээжийнхээ сэтгэлд амар амгаланг авчирч чаддаг байлаа. Харин Ананд Золтуяатай амраглан жаргаж байна хэмээн зүүдэлж , нойрон дундаа энэ үнэнч бус мөртөө амттайхан жаргалдаа гэмшин гэмшин нойрсож байв.
Энэ шөнө Ганхуяг, Цэрэнханд хоёр ч бас л ор орондоо нойр нь хулжчихсан элдвийг бодон хэвтэцгээж байлаа.Өдөр нь тэр хоёр эмнэлэг дээр уулзсан билээ.
Хулангийн эмээг эмнэлэгт хэвтсэнийг дуулаад Ганхуяг эмнэлэг дээр нь очихдоо энэ хэдэн хоногт эхнэртэйгээ анх нүүр тулан уулзжээ. Худуудын нүдэн дээр нэрэлхэхдээ тэр хоёр юу ч болоогүй мэт байхыг хичээцгээж байлаа. Харин хөгшний өрөөнөөс гараад эмнэлгийн гаднахь модон сандал дээр суугаад хэн хэндээ юу хэлэхээ мэдэхгүй бишүүрхэн чимээгүй болцгоов. Хаврын нарны илчинд нүд гялбан хөл дор дөнгөж цухуйж байгаа ногоог сая анзааран харах зуур Ганхуяг түрүүлэн ам нээж:
-Бие чинь зүгээр үү дээ? гэлээ. Цэрэнханд цувныхаа хормойг хумхиад:
-Зүгээр ээ. Би ч яахав. Хүүхдүүдтэйгээ байгаа хүн. Чи ганцаараа… ямархуу байна даа? гэлээ.
-Би яахав дээ. Аминдаа хашир хүн. Чамд л санаа зовох юм. Ананд бол Хуланг л гэхээс чамд санаа тавихгүй ээ. Цай хоолгүй яваад байгаа юм биш биз дээ гэж Ганхуяг яриад эхнэр рүүгээ ялимгүй дөхөж суув. Цэрэнханд нөхрийнхөө нүд рүү эгцлэн хараад :
-Би анхны амьдралынхаа тухай чамд анх танилцахдаа л ярих байсан юм. Тэр хүүгийнхээ хойноос би их л шаналсан. Чамд ярьсан бол арай ч бага шаналах байсан ч юм бил үү гэхэд Ганхуяг сандлынхаа түшлэгийг налан тэнгэр рүү ширтэнгээ:
-Би чамайг ойлгох л байсан даа. Надад итгэдэггүй юм байна гэдэг л тиймхэн санагдсан даа. Гэрээсээ яваад их л юм бодлоо. Дандаа л чамайг үгүйлж суусан. Чамайг ингэж их хайрладаг юм гэдгээ би мэддэггүй л явж.
-Би ч гэсэн. Чамайг явчихсаны дараа л чамгүй бол миний амьдрал ямар ч утгагүй юм гэдгийг ойлголоо. Ганхуяг ч тэнгэр ширтэхээ болиод эхнэрийнхээ нүд рүү харахад тэр хоёрын харц яг тулгарч, нэг л мэдэхэд мань эр эхнэрийнхээ гарыг атгачихсан сууж байв. Гэтэл Ганхуягийн гар утас дуугарч, тэр ажлынхаа нэг хүнтэй:
-Манайхны нэг хөгшний бие чилээрхээд эмнэлэг дээр явна. Poul ирчихсэн үү? гээд босч:
-Хөгшин чинь “Чингис” дээр уулзалттай юм. Цаг нь болчихож. Явъя даа гээд эргэн эргэн харсаар машиндаасууж аажуухан хөдлөв. Цэрэнханд нөхрийнхөө хойноос харсаар эмнэлгийн гадаахьмодон сандал дээр суугаад хоцров. “Чи гэртээ хүрээд ирэхгүй юм уу?” гэсэн асуулт аман дээр нь хэд хэд гарч ирсэн ч асууж чадсангүй үлджээ. Хэрэв эхнэрээ тэгж хэлсэн бол Ганхуяг уухайн тас “Тэгье” гэх байсан биз. Гэвч тэр нөхрөөсөө тэгж асууж зүрхэлсэнгүй. Нөхөр нь ч тэр үгийг нь хүлээсээр сэтгэл хоргодон хоргодон ажил руугаа явжээ. Хэн хэн нь ажил ихтэй байсаар орой л Ганхуяг эхнэр рүүгээ залгав.
Цэрэнханд утасныхаа клипээс нөхрийнхөө дугаарыг хараад залуухан бүсгүй шиг зүрх нь түг түг цохилон хөөр баяр болсондоо өөрөө ч гайхжээ.
-Байна.
-Би тарах гээд л чам руу залгаж байна. Битгий л их оройтоорой доо.
-Чи ч гэсэн замын түгжрээ ихтэй байхад болгоомжтой яваарай.
-Ач хүүгээ миний өмнөөс үнсчихээрэй. Өвөө нь Очироогоо санаад байх юм аа. Гадаа сайхан байхад Цэндээ хүүг сайн гаргаж байгаа биз? Хүүгээ нэг үнэрлэх юм сан. Цэрэнханд “Тэгвэл чи гэртээ хүрээд ирээч дээ” гэж хэлэх гэсэн ч энэ үг уруул давсангүй.
-Зүрх чинь өвдөөгүй биз, хөгшөөн? Бамбайн хандаа орондоо ойр тавьж байгаарай. Сайхан амраарай.
Сайхан амраарай гээд Цэрэнханд санаа алдлаа. Ширээн дээр нь тавиатай гэрэл зураг дээрээс ч Ганхуяг халамжтай харцаар ширтэх ажээ. Тэр ажил дээрээ суусаар нэлээн орй харьж ирэв. Гэрийнхээ босгоор даваад л нөхрөө үгүйлэв. Тэгээд л одоо нойр нь хулжин хэвтэж байгаа нь энэ. Гэхдээ энэ эмэгтэй одоо аз жаргалтайгаа мэдсэн хүний ёсоор сэтгэл нь тэнэгэр байлаа.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино