2010/10/07

Зүрхний гуниг /өгүүллэг/

Би 36 настай эмэгтэй. Бусдын л адил ажил хийж амьдардаг.

Авдаг хэдэн төгрөг маань амьдралд минь хангалттай хүрэлцэхээр үл барам дахиад ч хоёр хүнд хүрэлцэхүйц хэмжээний “под” хийсэн цалинтай. Өглөө ажилдаа явж, орой ажлаа эрт дууссан ч би гэдэг хүн гэрлүүгээ нэг их яарахгүй. Учир нь гэрт минь намайг хүлээх хүн гэж огт байдаггүй болоод л тэр... Өдий насандаа ганцаараа амьдарна гэдэг тийм ч сайхан хэрэг биш. Надад байр, машин гээд энгийн сайхан амьдарч болох хэмжээний бүх юм бий.

Би хүссэн үедээ дэлгүүрээс шинэ гутал, цүнх, нүдний шил худалдаж авлаа ч энэ бүхэнд одоо сэтгэл минь хууртагдахаа больжээ. Царай зүс бие хаа минь хэнд гологдохгүй гэдэг бардам зангаа гээгээгүй хэрнэ, хэзээ ч, хэн нэг нь надад “эхнэр минь болооч...” гэж хэлэхгүй бол яана гэдэг бодол намайг зовоох боллоо. Би амьдралдаа нэг ч удаа гэрлэж байгаагүй. Мэдээж надад найз залуу байсанч одоо бол уулздаг хүн ч байхгүй. Бүтэлтэй бүтэлгүй болзоонд очиж, элдэв янзын зоогийн ширээний ард худлаа инээж суухаас яг үнэндээ залхсан хэрэг. Хааяа ажлаа эрт дуусгаад найз бүсгүйчүүдрүүгээ утас зохиж ганц нэг вино ууж суухыг санал болгоно. Тэд маань ч завтай бол дургүйцэхгүй. Миний найз хүүхнүүд бүгд нөхөр хүүхэдтэй, амьдрал нь тэгширчихсэн азтай бүсгүйчүүд. Гэхдээ тэд миний сэтгэлийг маш ойлгодог болохоор би тэдэнтэйгээ ядаж 14 хоногт нэг удаа уулзахыг юу юунаас илүү чухалчилна. Бид нэг аятайхан газар орж суугаад элдэв сонин хачин, амьдрал, үр хүүхэд гээд ярихгүй юм гэж үгүй. Гэрлээгийн нөхөрт ойрд хэн нэг танихгүй эмэгтэйгээс мессэж ирэх болсон тухай, Удвал нөхөртэйгөө секс хийгээгүй хэд хонож байгаа тухай, Хандаагийн охин нь салхин цэцэг тусаад эдгэсэн тухай ч юм уу ихэнхдээ тэдний гэр бүлийн тухай яриа өрнөнө. Ийн ярилцах зуур тэдний утас байнга дугарах нь төвөгтэй боловч харин тэдний хувьд бол өөр.. Тэд утсаа аваад “өө миний хүү юу захих гэсэн юм? Ээж нь одоо удахгүй очно. Миний хүү аавынхаа үгэнд ороод хүлээж бай!!! Аав нь юу хийж байна?” гэх мэт бүгд нэг иймэрхүү ижил төрлийн яриа хийж утсаа таслах нь атаархамаар ч юм шиг.
Одоо хэрнэ намайг хаа ч явсан эрчүүдийн нүд дагахыг би байнга мэдэрдэг. Гэвч би хэзээний л бардам зангаараа дээгүүр харж, хэн нэгэнрүү яарсан царай гаргаж хурдан хурдан алхаж өнгөрнө. Эс тэгвэл эмэгтэй хүний эрхэмсэг нандин чанар бас өөрийн үнэ цэнээ алдаж, өрөвдөлтэй харагдах юм шиг санагдана. Бас тэрхэн зуур би “надад боломж байсаар л байна” гэсэн өчүүхэн төдий итгэл найдвар тээж өнгөрдөг.
Би хорин нэг хоёртой байхдаа миний найз залуу царайлаг байх ёстой гэж боддог байлаа. Харин хорин найм естэйдөө миний нөхөр болох хүн өндөр боловсролтой байх ёстой гэж бодох болсон. Гэтэл одоо надад хань болж чадах түшигтэй л хүн байхад болно гэж бодож бас тийм л хүнийг хүлээж сууна. Би залуу насныхаа цэнзүүрээр хичнээн сайхан залуусыг өөрөөсөө түлхэж гомдоож явснаа бодохоор заримдаа өөрийгөө тэнэг л байж дээ гэж зэмлэдэг. Гэвч одоо бас л тэр хүн голдог зан минь арилаагүй бололтой. Тэр ч дэмий, энэ ч арай л биш гээд л... Хэдий болтол ингэж явахаа мэдэхгүй ч бас ингэж амьдрахыг хүсдэггүй. Жаахан хүүхэд хичнээн өхөөрдөм энхрий болохыг хараад би ч бас удахгүй ийм хөөрхөн хүүхэдтэй болно доо гэж бодно. Гэхдээ ингэж бодохын хэрээр цаг хугацаа улам бүр хурдлаж, миний нас нэг нэгээр нэмэгдсээр л...
Ямар нэгэн баяр ёслол болоход хичнээн тансаг гайхалтай ширээ зассанч тэр баярын ширээнийхээ ард би ганцаарханаа л сууна гэхлээр заримдаа өөрийн эрхгүй нүдэнд мниь нулимс бүрэлзэж, би хэнээс ч юм ичэхдээ бушуухан нулимсаа арчдаг.
Хэд хоногийн өмнө би найз бүсгүйчүүдтэйгээ бас тэднийхээ гэр бүлийнхний хамт салхинд гарах зуураа Ээж хаданд очиж мөрөгсөн. Нүдээ аниад, хамаг л ухаан бодлоо төвлөрүүлж ганцхан зүйлийг гуйсан минь “намайг заяаны минь ханьтай учруулж өгөөч” гэсэн ганцхан гуйлт байлаа.
Би одоо 36 настай эмэгтэй...

Д.Мөнх-Эрдэнэ
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино