2010/10/13

Бүсгүйчүүд "Муу залууст" илүү их татагддаг

Сайн залуу, муу залуу хоёр юугаараа ялгаатай вэ гэж үү?

Party-ны үеэр муу залуутай хамт орж ирэхэд бараг бүх бүсгүйчүүдийн харц түүн дээр тусна. Замд таарсан хүн бүр шахуу түүнтэй мэндлэж, нэг нь удахгүй өөрийн төрсөн өдөр болох гэж байгаа талаар хэлэхэд дуртай нь аргагүй урилгыг хүлээн авна. Хажуугаар зөрсөн аятайхан бүсгүй бүрийг дээрээс нь доошоо сонжиж харахын зэрэгцээ, олон эмэгтэйчүүдтэй учир ургуулж явсан тухайгаа сайрхаж ярих дуртай. Дэгжин, дээгүүр харцтай, дэндсэн гэмээр өөртөө итгэлтэй ийм эрийг бид "Муу залуу" хэмээн түр нэрийдье.

Харин сайн залуус нэг их сүр болголгүй орж ирээд чимээгүйхэн суудаг. Өөртөө таалагдсан ганц нэг бүсгүйтэй үг сольчихоод, асуудал үүсгэлгүй үдэшлэг тарангуут гарч оддог нэгэн. Тэр тийм ч чамирхах, онгирох дургүй. Амьдралдаа нэг их олон бүсгүйтэй холбогдож байгаагүй, дурлалдаа үнэнч залуу.

Гэвч эмэгтэйчүүд хамгийн гол нь сайнд нь биш мууд нь илүү татагддаг нь нууц биш. Хөнгөмсөг гэдгийг нь мэдсээр хэдий ч түүний нүдэнд өртөхийг хичээж, дэргэд нь суувал үс зүсээ ямаршуухан байгаа бол хэмээн санаа зовниж эхлэдэг. Охид сайн залуу руу эелдэг гэгч нь хардаг бол, муу руу нь өөрийн эрхгүй талимаардаг шүү дээ.
Үүний нууц нь юунд байгаа юм бол?

Тийм ээ. Муу залуус үргэлж хамгийн царайлаг нь байсаар ирсэн. Гэвч асуудлын гол нь тэр чигтээ сайхан царайнд байгаа хэрэг биш аж. Тэд бол гарамгай "Don Juan"-ууд. Эмэгтэй хүний сэтгэлийг хэрхэн татах, яаж өөртөө дурлуулахаа хэнээр ч заалгалтгүй мэднэ. Тэд таны сонсохыг хүссэн үгсийг хэлж, авахыг хүссэн мэдрэмжийг бэлэглэх болно. Сайн залууст өөрсдийн хүслээ ойлгуулахын тулд нхилээдгүй мэрийх шаардлага гардаг бол муу залуус таныг нэг ч үг хэлээгүй байсан ч юу хүсч байгааг тань мэдчихнэ. Тиймээс ч харьцахад илүү дөхөмтэй, тааламжтай байдаг. Мөн даруухан эрсийг бодвол илүү санаачлагатай.

Нэгтгэж хэлвэл сайн залуусыг таны зүрхний түлхүүрийг олох гэж тэмтчиж байх зуур, муу залуус түүнийг чинь аль хэдийн олчихоод, дотор нь орчихсон зогсож байдаг гэсэн үг. Иймээс л бидний дунд Дон Жуан нар илүү эрэлттэй байдаг.
Хэдий бидний мөрөөдлийн эр муу залуусын нэг байх нь олон ч, тэд зөв сонголт мөн эсэх нь эргэлзээтэй.

Хөнгөмсөг эрчүүдийн хувьд эмэгтэйчүүд яг л кино гэсэн үг. Төгсгөлд нь ямар үйл явдал болохыг мэдчихвэл, үзэж байсан кино маань сонирхолгүй санагдаад эхэлдэг шүү дээ. Түүнтэй адилаар таны талаар их мэдэх тусам, тэдний сонирхол нь буурчихдаг. Тэгээд л өөр "кино", өөр адал явдлын эрэлд гарна даа. Залуудаа хүүхэмсэг байсан эрчүүд гэр бүлтэй болоод бүрэн "засарсан" жишээ сонсогддог ч, энэ нь ховор тохиолдол юм. Ихэвчлэн "Сурсан юмыг сураар боодоггүй" гэсэн зарчим тэдэнд үйлчилдгийг мэдэхэд илүүдэхгүй болов уу.

Түүнээс гадна хуумгай залуусыг бүр мөсөн "өмчлөх" хүсэл бидэнд төрдөг бол, үнэнч эрийг насан турш дэргэдээ байлгамаар санагддаг. Өөрөөр хэлвэл муу залууд дурладаг бол, сайн залууг хайрладаг юм. Сайн залуутай гэрлэвэл салах магадлал ч илүү багатай.
Магадгүй таны найз залуу, эсвэл нөхөр хүслийг тань ойлгохгүй анхаарахгүй байж мэднэ. Гэвч тэдэнд жаахан л туршлага дутсанаас биш, анхаарал халамж тавихыг хүсээгүйдээ тийм зан гаргаагүй гэдгийг ойлгоход гэмгүй. Мөн сайн залуусыг мэдрэмжтэй байхад сургаж болдог бол, муу залуусыг номхотгох хялбаргүй шүү. Тиймээс бидний эцсийн сонголт сайн залуу байх учиртай.

Өөрийнхөө хайртай эрийг биш, өөртөө хайртай эртэй амьдралаа зохиосон эмэгтэй илүү амар тайван амьдардаг. Хуумгай залуу түр зуурын дүрэлзсэн жаргал эдлүүлж болох ч, үнэнч залуу насан туршийн амь бөхтэй жаргал амсуулна.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино