2010/10/13

Бүлээхэн...

Би түүнд “хайртай” гэдэг тэр нандин үгийг хэлснээс хойш яг сарын хугацаа өнгөрчээ.
Image hosting by IMGBoot.com
Би өөрөөсөө хэзээ ч гарч байгаагүй хамгийн чанга зоригийг гаргаж /гэхдээ зөвхөн хайр дурлалын хувьд л даа/ тэр үгийг хэлсэн боловч тэр хариуд нь юу ч хэлээгүй. Яг л хээр талыг чимэглэнхэн найгаж буй гоёмсог цэцгийн сайхныг нь хараад уулга алдахад тэр өөдөөс чив чимээгүй найгасаар л байдгийн адилаар...
Үргэлжид бардам, сэхүүн, чанга хатуу байдаг надаас эцсийн хүчийг минь сорон авч, туйлдуулан сул дорой болгочихоод, огт гэм буруугүй мэт чив чимээгүйгээр сэтгэл рүү минь улам л хүчтэй довтлон байдаг хайр шиг.

Тиймээс ч би түүнийгээ хайр гэж нэрлэдэг юм. Тэр залууг харахад, мэдрэхэд хайр яг л ийм байдаг болов уу гэмээр сэтгэгдэл өөрийн эрхгүй төрдөг. Өө сэвгүй, цайлган, дөлгөөхөн... бас муу муухай юм түүнд минь огтхон ч үгүй. Хүмүүс хайрыг янз бүрээр ойлгодог ч хайранд муу муухай, хорсож зэвүүцмээр зүйл огтхон ч байдаггүй гэдэгт би итгэдэг, тиймээс ч хүн бүр хайр гэдэг тэр зүйлийг тэгтлээ хайрлан энхрийлдэг биз ээ. Тэр минь ч бас ямагт сэтгэлийг соронздон татаж, хайр энхрийлэл дүүрэн нүдээр ширтэхээс өөр аргагүй байдалд оруулдаг. Тиймээс ч би хайрыг хүйтэн жихүүнээр төсөөлж чадахгүй нь. Хэдийгээр дурлал минь бүтэлгүйтчихээд байгаа ч гэсэн шүү дээ. Тэгээд ч түүний тэр дулаахан, уярам, зөөлхөн харц надад хайрыг болоод түүнийг жихүүнээр төсөөлөх боломжийг анх учирсан цагаасаа хойш өдийг хүртэл хэзээ ч олгож байгаагүй юм.
Урьд өмнө хэнд ч хэлж байгаагүй тэр үгийг түүнд зориулан хэлсэн минь миний хувьд хамгийн их зориг гаргасан, эмэгтэй хүн үнэ цэнэтэй байх ёстой гэсэн хамгаас бардам зангаа анхны болоод эцсийн удаа ялан дийлсэн хэрэг байсан билээ. Тиймээс ч хариуд нь ганц ч үг сонсоогүйдээ хичнээн урам хугарсан гээч. Энэ л учраас тэгж их зориг гаргачихаад, өөрийнхөө хувьд хэн ч биш болчихоод, тэр бүхнийг зүгээр орхихыг хүссэнгүй. Тиймээс яг л энэ өдрийг урьдаас товлосон мэт өглөө босмогцоо үс, зүсээ гоодож гоодож түүний өглөө бүр хичээлдээ явахаар очдог автобусны буудлыг зорилоо. Түүний цагийн хуваарийн дагуу “яг одоо л ирнэ дээ” хэмээн анасан боловч автобусны буудал дээр тэр залуугийн сүүдэр ч үзэгдсэнгүй. “Би арай л оройтчихож. Хичээлээ тараад, гэртээ ирэхэд нь тосож уулзъя” гэж бодлоо. Гэвч миний аз дутахад өнөөдөр түүний хичээл хэдэн цагаас тарахыг мэддэггүй. Тиймээс өдөржин энэ хавиар эргэлдэхээр шийдлээ. Түүнтэй уулзаад юу гэж хэлэх вэ, бардам сэхүүн зангаа хэрхэн дарж, түүнтэй эелдэг хүлцэнгүй харьцах вэ гэдгээ бодож боловсруулсаар зогстол өдөр ч ядаж цөхөх юмгүй өнгөрчээ. 19,00 цаг. Тэр ирээгүй л байна. “Жаахан оройтох юм болов уу” ахиад л хүлээлээ. Автобуснаас бууж буй хүн болгон түүнтэй адилхан харагдаад л... Гэхдээ тэд түүн шиг өөлөх юу ч үгүй, хайр татам биш юм даа. 23,00 цаг. Зөвхөн энэ өдөр өнгөрөхөд би юу эсийг бодож, түүний болоод өөрийнхөө тухай, бас хайр дурлал, өнгөрсөн болоод цаашдын амьдралынхаа талаарх бүхий л хувилбарыг гарган эргэцүүлж амжсан байлаа. Тэгээд урьд нь өөртөө хэзээ ч ийм их юм бодох зав гаргаж байгаагүйгээ ухаарлаа. Гэвч тэр ирээгүй л байна. Түүнийг яагаад өнөөдөр энэ автобусны буудал дээр үзэгдээгүй талаар түмэн хувилбар сэтгэлдээ дэвшүүлсээр гэрийн зүг урамгүйхэн алхлаа. Гадаа тийм ч дулаахан байгаагүйг сая л мэдэрлээ. Бүр сэтгэл хүртэл даарч байна гээч. Гэхдээ энэ л салхинд алхаад л баймаар. Гэтэл автобусны буудлаас манайх хүртэлх зам ямар ч богинохон юм бэ дээ.
Нэг л мэдэхэд гэрийнхээ гадаа ирчихсэн, хашааныхаа хаалгыг дур муутайханаар татаж зогсов. Гэтэл ард хэн нэгэн хөдлөх нь мэдрэгдлээ. Өдрөөс хойш бодлоосоо өөр юуг ч анзаараагүй явсан надад тэр өчүүхэн төдий хөдөлгөөн яагаад тийм хүчтэй мэдрэгдсэнийг бүү мэд. Надаас өөр хэн ч байсан энэ харанхуй гудамжинд ийм хөдөлгөөнийг мэдэрвэл шууд л айж эмээхийн мэдрэмжийг авч, өчүүхэн ч эргэлзэлгүй хашааныхаа хаалгыг дотроос нь хүчтэй хаах байсан биз. Гэтэл би тэгсэнгүй. Харин ч “эргэж харах хэрэгтэй, заавал” гэсэн бодол сэтгэлийг эзэмшиж, яг архан талаас минь нэг тийм бүлээхэн юм сэтгэл рүү үлээгээд ирэх нь тэр. Эргээд харлаа. Хайр...
Гудамжины бүдэгхэн гэрэлд яг тэр минь зогсож байна. Хэсэгхэн хугацаанд бид биестээ юу ч хэлсэнгүй. Бас зогссон газраасаа, биесээ харахаас өмнө авсан байрлалаасаа өчүүхэн ч хөдөлсөнгүй. Би хэдхэн эгшиний өмнө даарах гэдэг тэр сайхан мэдрэмжийн дунд үүрд үлдмээр санагдаж байсан бол одоо энэ л бүлээхэн мэдрэмжтэй үүрд үлдэхийн тулд энэ биеэ арилжихад ч бэлэн болсон байлаа. Яг үүнийг ухаарах агшинтай минь зэрэгцэж тэр “Өглөө ажилдаа явахаас чинь өмнө ирье гэж бодсон боловч би оройтчихжээ. Тэгээд өдөржин хүлээлээ. Яагаад ийм их оройтоо вэ? Ажил ихтэй байсан юм уу?” гэх нь тэр.
“Бурхан минь, хайр ийм зөөлхөн, намуухан, уярам байдаг бил үү?”. Ингэж бодоод би өнөөх л сурсан зангаараа хайр дүүрэн нүдээр түүнийг ширтэж зогслоо. Тэгж зогсохдоо түүнийг даарчихсан зогсоог ч анзаарсангүй. Учир нь тэр намайг гэсэн сэтгэлдээ халууцаж байгаа мэт мэдрэмж төрж байсан юм. Гэхдээ л “Чи бүр даарчихаж” гээд хэлчихлээ. Түүнтэй уулзсанаасаа хойш хэлсэн анхны үг маань энэ. Би эндүүрсэнгүй. Тэр “Үгүй, ээ харин ч чамайг харсан чинь халууцаад...” гээд инээмсэглэж байна. Тэгсэнээ над руу ойртож, гаднаасаа даарч байсан ч дотроосоо дүүгэж байсан миний биеийг цээжиндээ наалаа. Тэгээд чихэнд минь уруулаа наагаад “Би чамд хайртай” гэж шивнэв. Тийм ээ, хайр үнэхээр бүлээхэн, уярам, зөөлхөн байдаг юм байна. Бас чи бид хоёрын хоорондох зай автобусны буудлаас гэр хүртэлх зам шиг богинохон байжээ.
Ц.Баттуяа
2010-05-06
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино