2010/10/22

Хэзээ, хаана дүрсгүйтэж болох вэ?

"Дүрсгүйтэл" гэдэг үг зөвхөн жаахан хүүхдүүдэд тохирсон үг биш юм.

Эмэгтэйчүүд бидний дотор заримдаа гаднаа харагдаж байгаагаасаа огт өөр бүсгүй байдаг. Даруухан, бичиг цааснаас өөр зүйл мэддэггүй мэт харагддаг эмэгтэйгийн сэтгэлд бяцхан зугаа цэнгэлд дурлагч байхыг үгүйсгэхгүй. Үргэлж бүрэг дуугүй харагддаг охины дотоод мөн чанарт өөртөө итгэлтэй чанар, бардамнал байж болно. Энэ чанараа хааяа нэг ил гаргахад яагаад болохгүй гэж? Ямар үеэр дүрсгүйтэж болохыг ЗАЯАЗ зөвлөе.

1. Гайхмаар амжилт олсон үедээ.
"Эрдэмтэй хүн даруу их мөрөн дөлгөөн" гэдэг зүйр цэцэн үгийг хаа нэг зөрччихөж байгаарай. Бусдад өөрийн мундаг амжилтын талаар сайтар гэгч нь хэлэхээс нааш тэд таны хөдөлмөрийг бүрэн үнэлэхгүй байж мэднэ. Ийм үед нүүр бардам онгирч бай. "Амны билгээс Ашдын билэг" гэдэг үг байдгийг ч бас бүү март. Та хэдий чинээ өөрийгөө үнэлнэ, тэр чинээний эмэгтэй болж, "тэнгэрт" гялалзах болно.

2. Өөрийнхөө зөвийг мэдэж байгаа үедээ.
Зарим бүсгүйчүүд хүнтэй маргалдахаас эмээсэндээ, харваас буруу зүйлийг хүлээн зөвшөөрдөг. Жишээ нь солонго 7 өнгөтэй гэдгийг мэдсээр байж, 6 өнгөтэй гэж хэлсэн хэн нэгний мунхаг няцаалтанд бууж өгдөг тал бий. Ингэснээр муудалцаанаас мултарч болох ч, өөрийгөө бусдын өмнө мэдлэггүй нэгэн мэт харагдуулж болох юм.
Өөрийнхөөрөө зүтгэ. Гэвч хий хоосон бус, баримттай, үндэслэлтэй зүтгэ.

3. Янаглалыг "гартаа авсан" үедээ.
Өөрөөр хэлвэл хайртынхаа дээр гарсан байрлалтай үед та "Би хүссэнээ авдаг, тачаангуй, хүчирхэг эмэгтэй" гэдгээ мэдрүүлээрэй. Биеийнхээ сайхан хэсгүүдийг илж таалж, түүний нүд рүү эгцэлж харах замаар тэр шөнийг та гайхалтай мартагдашгүй өнгөрүүлж чадна. Биеэ хураахаа болиод, чөлөөтэй бай.

4. Уур амьсгалыг бүрдүүлэх үедээ.
Төрсөн өдөр, шинэ жилийн баяраар та гэртээ "бут авах"-аар төлөвлөсөн байтал, зочид тань амаа үдүүлчихсэн юм шиг суугаад, халуун дулаан уур амьсгал нэг л бүрдэж өгөхгүй байсан уу?
Энэ үеэр та өөрийн дотор байдаг "дүрсгүй охин"-оо ил гаргаарай. Тэр үдэшлэгийн эзэн нь та өөрөө учраас, инээж ханиаж, найз нөхдөө хооронд нь танилцуулж, тэдний талаархи хөгжилтэй, бөгөөд гэмгүй дурсамжуудаас ярих нь тэр үдшийг сайхан өнгөрүүлэх зам юм. Аз жаргал халвдарладаг болохыг Харвардын их сургуулийн эрдэмтэд тогтоогоод байгаа билээ.

5. Өөртөө итгэл алдраад байгаа үед.
Даргынхаа даалгасан ажлыг сайн хийж чадахгүй байхдаа, эсвэл тайзан дээр гарахын өмнө гэх мэт өөртөө итгэл алдарч, эргэлзэх үе бидэнд бишгүй таардаг. Ийм үед өөрийгөө зоригжуулахын тулд жаахан дүрсгүйтээд үзээрэй.
"Чи хамгийн мундаг нь. Чи угаасаа чадна" гэсэн үгийг өөртөө хэлээд, нэг үгээр хэлвэл сэтгэлээ жаахан "хөөргөөд" ав.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино