
Гоолиг сайхан биетэй эмэгтэйтэй хамт зогсох төдийд л сэтгэл санаа чинь тавгүйтэж, хүмүүсийн харьцуулсан харцнаас зугтахыг хүсдэг үү?
Арай өөр жишээ татъя л даа. Таныг зүгээр суух хооронд бусад хүмүүс аль хэдийнэ таниас өрсөж, хол хаян түрүүлчих гээд байгаа мэт санагддаг уу?
Тийм бол бүсгүй та өөрийгөө бусадтай хэтэрхий их харьцуулж боддог юм байна. Ийм зуршил таны өөртөө итгэх итгэлийг бууруулж, амьдралын идэвхгүй болгож, хий хоосон айдаст автуулдаг. Улмаар ирээдүйг чинь бүр мөсөн нэг л хэвийн, уйтгартай болгож мэдэх зуршил юм шүү.
"Хэн нэгэнтэй өөрийгөө харьцуулж байж л бид хөгждөг"-Энэ мэтийн үгээр өөрийнхөө зуршлыг бүү зөвтгөөрэй.
"Харьцуулах", "Эерэг хор шартай байх" гэдэг ойлголтууд хоорондоо их ялгаатай. Өөрийгөө үргэлж бусадтай харьцуулдаг охид хэн нэг сайхан бүсгүйг хараад "Би яагаад ийм царай муутай юм бэ?" гэж боддог бол атаархдаг охид "Би ч гэсэн яагаад ийм хөөрхөн болж чадахгүй гэж?" хэмээн хамгийн түрүүнд боддог. Үүнд л гол учир байгаа юм.
Бүсгүй та харьцуулагчдын нэг бол яг одоо үлгэр дууриал авагчдын нэг болон хувираарай.
Та бодож байгаагаасаа ч илүү үзэсгэлэнтэй, ухаантай, чадварлаг эмэгтэй. Гэвч үүндээ итгэхийн тулд урьд нь "тусгай" хүмүүсийн л хийдэг гэж боддог байсан зүйлсийг өөрийн биеэр оролдоод үз. Бид өөрсдийгөө яаж мэдэрнэ, яг тийм л харагддаг.
Үүнээс гадна хааяа өөрөөсөө гадаад байдал, мэдлэг чадвар, авъяасаараа жаахан дутуу хүмүүсийн хажууд бай. Энэ нь бас л нэг харьцуулах хэлбэр боловч таны сэтгэл санааг өөдрөг болгодог хэлбэр болох нь нууц биш. Ингэснээр та өөрийн давуу талуудыг олж харж, дутагдалтай талаа мартана. Өөрөөсөө илүү хүнээс үлгэр дууриал авахад ч бас урам зориг хэрэгтэй.
Харин хэзээ ч өөрчилж болохгүй зүйлсээ байгаагаар нь л хайрла. Тэр чинь л таныг ТА болгодог юм шүү дээ. Өөрийгөө хайрлах нь бүх амжилтын үндэс гэдэгтэй санал нийлдэггүй хүн үгүй.