2010/09/20

Зүрхний дуудлага

Image hosting by IMGBoot.com

Бүсгүй:
Эргэж хараад алхлаа...Түүнтэй одоо ямар ч холбоогүй гэж дотроо шивнэсэн ч зүрхний минь талыг тэр өөртэйгөө цуг аваад явчих шиг. Зүгээр л Сайн яваарай гэж хэлээд салчихаж болмооргүй, саяных шиг жирийн гар барилтаар өндөрлөх харьцаа биш мэт санагдана. "Хойноос минь харж байгаа юм биш байгаа?" гэхээс байж ядан эргэж харлаа. Хээвнэгхэн алхалж байгаа түүнийг хараад горьдлого тасран буцаад л явав. Өнгөрсөн дурсамжуудын дундах бодолдоо төөрөлдөн алхсаар хэдэн буудал хол ирснээ анзаарсангүй. Хичнээн их нулимс урсгаж, хацар хүзүүгээ норгосноо ч мэдсэнгүй.
Цээжинд нэг л юм дутуу санагдана. Тэссэнгүй чигээ өөрчлөн, цэцэрлэг лүү эргээд явав. Бүр гүйлээ. Амьсгаа давхцан, дух минь хөлөрсөн ч тоолгүй гүйсээр л...ижил дасал болсон цэцэрлэгийн байшинг тойрох гэтэл өөдөөс сэтгэл татам өнөөх л харц тосон авав.
"Намайг ч бас үгүйлээд буцаад иржээ" хэмээн бодоод тэрхэн мөчид ухаанаа алдан цээжийг нь тэвэрлээ. Ийм л үед нэр хүнд, бардамнал, эмэгтэй хүний үнэ цэнэ гэх мэтийн зүйлс огт хамаагүй санагдах аж. Харин тайвшруулах увдистай тэр л үнэрийг нь, тэр л цээжийг нь сүүлийн удаа ханатлаа мэдрэхийг хичээж байлаа. Хэсэг хугацаанд тийм байдалтай зогссоны дараа би гараа суллаад
-Иймэрхүү байхад 3 жил тэсэх байх аа хэмээн үл ялиг мишээв.
Тэр юу ч хэлсэнгүй, гарынхаа алгаар эрүүг минь өргөж, нулимсыг минь арчаад надад дөхсөнөө...цааш энэ ертөнцийн хамгийн ариухан, тааламжтай мэдрэмж уруулыг минь шүргэн мансууруулав.

Залуу:
-Ингээд л болоо юу? Түүний намайг гэх сэтгэл иймхэн байсан юм гэж үү? Хэдий бүх юм дууссан ч урьдын харьцаагаа бодоод ядаж ганц тэвэрчихэж болоогүй юм байх даа. Энэ хайрцагтай бэлгээр ч би яах вэ дээ? Оронд нь сэтгэл дэвтээх нэгхэн үг хэлчихсэн бол илүү дээр байсан юм. За за, тэр тоохгүй байхад би ч бас юман чинээ бодох хэрэггүй хэмээн бодоод цээжээ тэгшлэн байдгаараа цэгц алхах гэж оролдов. Хөл нь өөрийн эрхгүй нугарч уначих гээд, нарийхан утсан дээр арай ядан тэнцэгнэж байгаа мэт санагдана. Тэр амьдралын минь түшиг тулгуур байжээ, түүний байхгүйд би ганхан ойчих гээд байх шиг.
Миний хойноос харж байгаа болов уу? гэж нэг харах гэснээ дэмий юманд найдаж байгаа мэт санагдан урагшаа алхлаа.
Би бүхэл бүтэн 3 жилээр явах гэж байхад Сайн яваарай гэж хэлээд л болоо гэж үү? Энэ бэлгийг ч ёс болгож л өгсөн байлгүй дээ. Тэнэгхэн минь, чамд өөрийнхөө сэтгэлийг уудлаад харуулж болдогсон бол...
Алхаад л байлаа. Хичнээн ч минут өнгөрсөн юм бүү мэд, зам хоргодож өгөхгүй бодлыг тамлана. Арай л гэж орцныхоо үүдэнд ирээд "Гэртээ очоод задлаарай" гэснийг нь санан дөрвөлжин хайрцгийг нээтэл бид хоёрын дурлалдаа жигүүрлэгдэж байсан үеийн гэрэлт зураг нүдэнд тусав. Жаазанд нь хавчуулагдсан зурвас дээрх "Мартахгүй ээ...Хэзээ ч...Чи ч бас битгий мартаарай" гэсэн үгс зүрхийг минь онох шиг.
Би буцаад гүйлээ. Яах гэж, юу горьдож явснаа ойлгоогүй. Хайрандаа хөтлөгдөн гүйсээр л. Тэнд намайг хүлээгээд зогсож байгаа юм шиг санагдаад яарсаар иртэл хэн ч алга. "Тийм дээ, яалаа гэж" хэмээн цөхрөнгүй бодоод эргэх гэтэл булан тойроод байдгаараа амьсгаадсаар тэр минь гараад ирэв. Зогтусчихлаа. Түрүүхэн нугарч уначих гээд байсан хөл минь мод шиг хөдөлж өгсөнгүй. Гэнэт тэр минь гүйж ирээд, тэвэрлээ. Өнөөх л бяцхан, ягаахан хацраа цээжинд наагаад зогсчихлоо. Нулимас нь цамцыг минь норгож байх юм. Тэр минь гараа суллаад "Иймэрхүү байхад 3 жил тэсэх байх аа" хэмээхэд нь миний зүрхнээс нэг юм огшиж ирснээ өөрийн эрхгүй эрүүг нь дээшээ өргөж, нулимсыг нь арчаад, уруулынх нь хэзээ ч амртагдашгүй амтыг мэдрэхээр түүнд ойртлоо.

2007,08,15
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино