2010/09/27

Хүн гэдэг сэтгэлийн амьтан

Хүнд аз жаргал бэлэглэх ямар сайхан гээч!

Өшөө олон хүмүүст инээмсэглэл өгмөөр, дахиад сайн үйл хиймээр санагдах вий. Гэтэл нөгөөтэйгүүр үргэлж хүний сэтгэлийг шархлуулах үг хэлдэг хүмүүс, өөрсдөө ч бусдаас тийм үг сонсох нь элбэг байдаг гэх юм. Үнэний ортой ч юм шиг.

Хотын гудамжаар нэгэн сайхан бүсгүй алхаж явлаа. Хажуугаар нь өнгөрч явсан өөр нэг эмэгтэй түүний сэтгэл татам байдлыг ажиглан инээмсэглэн өнгөрөх юм. Гэтэл өнөөх сайхан бүсгүй юу гэсэн гэж санана? -Үхсэнээ хараад байгаа юм? Халтайчаад өөрийгөө хичээгээч гэж нүднийхээ хар будгийг ширүүн харцаараа билүүдээд, салхи татуулан явж өнгөрлөө. Сайн байна уу? гэсэн биш гай болов гэдэгтэй төстэй юм даа. Харин нөгөө охин нь гайхсан, айсан зэрэгцэн, гэм хийчихсэн хүүхэд шиг л гэлбэлзэж байлаа.
Энэ бол жирийн нэг түгээмэл жишээ. Иймэрхүү байдал манай эрхэмсэг охидын дунд сүүлийн үед ажиглагдах нь ихэслээ. Эсвэл би олж харах нь нэмэгдсэн байх.
...Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул,
Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх... гэсэн шад тэгэхэд л хамгийн түрүүнд санаанд буусан юм. Бүсгүйчүүд муухан үг, дориун харцыг бие биелүүгээ шидлэх нь хэвийн үзэгдэл болсон гэхэд хилсдэхгүй. Бүр зарим нь "Чи юу ч биш" хэмээн өгүүлэх харцаар нэгнийгээ мялаах нь ихэмсэг харагдах арга хэмээн ил далд ойлголттой яваад байх шиг. Гэвч ихэмсэг харагдана гэдэг нь хэний ч өмнө өөртөө итгэлтэй, нүүр бардам, харц дээгүүр боловч эелдэг ялдам байхыг хэлдэг болохоос, зэвүүрэхсэн царайны байдал биш байлтай. Дотоод сэтгэл нь зөөлөн мөртлөө, яагаад ч юм хахир хатуу харагдахыг мэрийгээд байгаа мэт.
Гэхдээ бусдад итгэл урам хайрлагч "сахиусан тэнгэрүүд" илүү олон байгаа нь баярламаар. Хүн өөрөө сэтгэлээр цутгасан уяхан амьтан гэдгийг бид бүгд мэднэ. Ялангуяа жаахан л өрөвдмөөр хэсэгтэй кинонд уйлчихдаг, нэг л эвгүй үгэнд гомдчихдог охид маань бүр ч эмзэг. Бусдын сэтгэлийг шархлуулах ийм амархан байдагтай адил, чин сэтгэлээсээ баярлуулах ч тийм хэцүү зүйл биш. Гэсэн хэдий ч хүний сэтгэлийг засахад ч өөрийн арга барил хэрэгтэй бололтой.
А бүсгүй Б-д өөрт тохиолдсон бүх л гай гамшиг, гачиг дутагдалыг тоочлоо. Б тэр бүхнийг нь маш сайн ойлгож байгаа ч, өөдөөс нь өөрийнхөө зовлонг нэмэрлэн тэр хоёр үргэлжлүүлэн цугтаа гутарч эхлэв. Амьдралын муу муухайг гайхаж, өөрсдийг нь ийм байдалд оруулсан хүмүүсийг бас л цугтаа харааж зүхэв. А-гийн сэтгэл онгойсон боловч шархтай хэвээрээ л байлаа. Эдгэсэнгүй. Яг үнэндээ түүнд элгийг нь дэвтээх ганц өөдрөг үг хэрэгтэй байжээ.
Одооноос эхэлж найз нөхдийнхөө гуниг зовлонг нь хуваалцаж цугтаа цөхрөнгөө барж суулгүй, оронд нь сэтгэлийг нь засаж өгч байя. Харин жаргалыг нь баяртай нь аргагүй хуваалцаж байя. Бид ямар ч юмыг хамгийн түрүүнд тархиндаа биш сэтгэлдээ тусгаж авдаг. Ийм л хүмүүсээр дүүрсэн энэ хорвоод нэгэндээ итгэл хайрлах ямар сайхан зүйл билээ.
Хүнд ямар үг хэлнэ, та өөрөө ч бусдаас тийм л үг сонсдог. Хамгийн хурдан хөндүүрлэж, хамгийн удаан эдгэдэг сэтгэлээ аль болох шархлуулалгүй, хайрлаж хамгаалж явъя. Бусдын зүрхийг ч бас зүсэхгүй байя. Тэгвэл таны амьдралын бүх талбар аяндаа дээшилдэг юм шүү охидоо. Амижлт хүсье.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино