Би сайн мэдэхгүй л дээ.Түүний талаар. Тэр зарим нэгэн шиг ганган машин, моодорхсон хувцсаар өөрийгөө чимдэггүй. Тийм ядмаг биш л дээ. Харин залуу нас, шүлэг хоёрооро онгирч чадах нэгэн. Би тэгж боддог.
Дунд хэрийн өндөртэй байдаг л нэг залуу л даа, уг нь. Гэхдээ шүлэгнүүд нь өөрийн гэсэн яруусалтай. Эзэндээ гоёдсон ч юм шиг.
Бид хоёрын үг солилцсон хугацаа нийтдээ ч 60 хором хүрэхтэй үгүйтэй байх. Гэвч мэргэжил, сонирхол нэгтэй үеийн залууг эрхэм андуудын нэг тооцдог.
Хүний баруун мөрөн дээр бурхан зүүн мөрөн дээр чөтгөр суугаад, сайн муу, сайхан муухайг ээлж ээлжээрээ шивнэдэг гэдэг дээ. Энэ үнэн бол С.Начингийн баруун сонсгол нь л сайн бололтой. Анхны номыг нь нээгээд нэг өгүүлбэр уншихад л бодол нэг тийм цагаан өрөөнд ороод гэгээн гунигшилд автаад суучихдаг юм.
Омар Хайям
Жүнзэнд хөвөх дарсны эсгэлүүн амтыгЧи л мэднэ, Омар
Жинхэнэ яруу сайхны төгс гэгээрлийг
Чи л шагшина, Хайям
...Сартай шөнө нөмрөгөө тайлаад
Чам руу дөхөх ялдамхан хонгор
Сайхан чиг төрснийг нь чи л нээх шиг
Чам шиг амьдраад л үзэхсэн...
Мөр сүүлийг нь тэгтлээ нямбайлаагүй, хальтхан уншихад эмх замбараагүй санагдам түүний шүлгүүдийг тогтож нэг үзэхээр санаашрал дунд өөрийгөө гээчихнэ. Омар Хайямын мөртүүдийг уншихуйд төрдөгтэй төстэй мэдрэмж. Гэвч дөнгөж 20 хүрч яваа залуухан яруу найрагчийг яахин Омартай зүйрлэж болохов. Харин тэр үзгээ улам хурцлаад байвл Монголын Хайям болж мэдэх л юм. Сэтгэлд буугаад л байгаа юм даа. Бялдуучлах гэсэн юм биш шүү. Тэгж л санагдсан юм.
Би түүнд нэг удаа “Хүний сэтгэлийн утсыг хөндөж, өөрийн эрхгүй санаа алдуулж чаддаг мундаг яруу найрагч болоорой” гэж хэлж байсан юм. Гэтэл би мэдээгүй явжээ. Аль хэдийн “удирдлагагүй” бодолд автуулчихдаг шидтэй шүлэг бичдэг байсан юмсанж, миний найз.
...Тодорч бүдгэрэх орчлонгийн тийм намуунаас
Тоож хардаггүй нүдний чинь ганцхан илтэс болохсон...
...Зүрхнийхээ мөсөн агуйг
Чамайг надад ирсэн цагт л хайлуулна
Зөрөөд өнгөрөх халуун зүрхтэй бүсгүйчүүлээс
Чамд гэсээр хөлдүү хэвээр нь хадгалах болно...
...Яг одоо гудамжаар гараад алхвал
Сормуусан дээр чинь тогтсон цас
Хайлж урсахдаа нулимстай чинь цуг асгарахад
Нүүрийг чинь далдалсан уртхан үсийг чинь
Хойш шуугаад тэвэрвэл
Зүрхний чинь хаалга
Аяар аяархан эмтэрнэ дээ...
...Өчигдөрхөн намайг атгасан
Гарын чинь илбэлт зүрх сэтгэлд мэдрэгдэж
Зүйргүй сайхан санагдсан учир
Үзэг шүүрүүлэв
Хонгор бүсгүй минь...
Дээрх хэдэн мөртүүдийг уншаад би хэн нэг яруу найрагчийн “үзгийг шүүрүүлж үзэхсэн” гэж бодоод яльгүй санаа алдсанаа нуугаад яахав. Романтизм.
Модны мөчир дээр
Ганцхан шаазгай бодлогширон сууна
Яг миний өөдөөс бодлогширон сууна
Өнө эртний хийгээд
Одоо цагийн түүхийг амилуулах мэт
Энэ гүнзгий ширтэлтэнд зүрх минь тайвширна...
Яг энэ шүлгийг бичих мөчид миний нүд рүү тэр шаазгай ширтсэн бол би магадгүй хормын дараа мартчих байсан биз. Харин тэр шүлэг болгоод биччихэж. Үүгээрээ надаас илүү. Өөрөөсөө илүү найзтай байх сайхаан.
Яруу найрагч хүний ажиглангуй бөгөөд бодлогширонгуй харцыг нэг их урт сормуусныхаа дор нуучихаад хоёр гараа халаасандаа хийн алхлах нь гаднаасаа тогтуун. Гэвч тэр одоо ч хаа нэгтээ дурласан охиноо бодоод дотроо эд эс бүрээрээ шатаж яваа байх.
Ямартай ч “Зүрх зүсэгдэх чимээ” хэмээх тагтааны далин дээр суусан бүсгүйн зурагтай номыг хаахад яагаад ч юм эрэгтэй хүнд, тэр тусмаа яруу найрагч эрчүдэд атаархах сэтгэл төрж билээ. Үсний ширхэг, үнэрний анхилаан, гарын илбэлт, харцын сүлбэлт бүрээс бүсгүй хүний гоо үзэсгэлэнг бүх сэтгэлээрээ мэдэрч чаддаг тэдний төсөөлөлд нэг шумбаж үзэхсэн.