2011/01/25

Зүрх /өгүүллэг/

“Яг л нүд зовхи хоёрын завсараар гүйгээд байх юм. Ямар сонин юм бэ. Тэг дугираг, цагираг хэлбэртэй юм гээч” гэж бодон бүсгүй сэргэлээ. Тэрээр зөөлхөн, алгуурхан нүдээ нээлээ. Их л гэрэлтэй өрөө байх ажээ.
Image hosting by IMGBoot.com
Тэр дээр, бүүр дээр бөв бөөрөнхий, цав цагаан гэрлийн бүрхүүл байна. Өөр юм харагдсангүй. Нүдэнд нь харагдаж буй бүхэн мэлийсэн цагаан. Тэгтэл тэртээ хол юмуу эсвэл тэрүүхэн тэнд юмуу хүмүүсийн ярих нь бөглүүхэн сонсогдов.

- Ухаан орлоо. Сэрлээ. Нүдээ нээлээ гэцгээнэ. “Тийм байна. Би сонсоод байгаа юм байна” Бүсгүй зовхио алгуурхан, бүр аажуухан буулгалаа. Гэтэл зовхин завсар нь гэрлийн бүрхүүлийн бөөрөнхий дүрс яг л хар цагаан гэрэл зургийн хальс шиг эсрэгээр бүрэлзэнэ. Наагуур нь түрүүний цагираг хэд хэдээрээ дээш доош гүйж харагдана. Нүдээ гараараа удаан нухсаны дараа нэг тэгдэг дээ, яг тэрэн шиг. Тэгтэл гэнэт тэнцвэр алдаж эхлэв. Харанхуй ангал руу хариугүй уначих гээд байх шиг санагдан тэнцвэрээ олох гэсэндээ хоёр гараа сарвагас хийлгэн арай хийж тогтлоо. Дэргэд нь байгсад
- Хүүе! хараа, хуруу нь хөдлөх шиг боллоо гэх нь сонсогдов. “Хүн унах гээд байдгаараа хичээн тэнцэж байхад чинь” гэж гоморхон багынхаа зангаар уруулаа унжуулах гэсэн чинь аманд нь юу ч юм зуулттай байх юм. Нүдээ нээтэл гэрлийн бүрхүүл арай тодорчээ. Гэрэл тодрох тусам нүдний угаар хатгуулан жирвэгнэнэ. Дахин нүдээ зугуухан анилаа. Дахиад л өнөөх цагирагнууд хэд хэдээрээ хөвнө.
“Юу билээ. Би ингэхэд хаана байгаа билээ? Аан! тийм, эмнэлэгт шүү дээ. Яагаад эмнэлэгт гэж? Нээрээ би чинь хагалгаанд ор байгаа шүү дээ. Тийм, тийм хагалгаа. Тэгвэл би амьд гэж үү? Аль эсвэл бүүр холын хол яв. . . чих. . . сан . . . гэж үү
Үгүй ээ, үгүй. Арай үгүй байлгүй дээ. Хурдхан мэдэх юмсан. Ээжээ! ээжээ! Та хаа байнаа” Энэ үед зүрхний аппаратын дүүд! дүүд! гэх дохио хурдсав. Бүсгүйд зах хязгааргүй харанхуй хонгил руу хашгирч, тэндээс хөндий хоосон цуурай эргэн ирж байх шиг мэдрэмж төрж байлаа.
“Ямар аймаар юм бэ? Би айж байна . . . айж байна. Би үхчихсэн юм гэж үү. Энэ яриад, дүнгэнэлдээд байгаа хэн юм бэ? Би сонсоод, ойлгоод байна шүү дээ. Эд л намайг хашгираад байхад сонсохгүй юм. За байз, байз. Түр хүлээе. Учир нь олдох байгаа”
Дахиад нүдээ анилаа. Гэрлийн бүрхүүл хар дүрс болон зовхинд үлдэнэ. Өнөөх ижил дасал болсон цагирагнууд хөвсөөр байна. Хоорондоо мөргөлдөөд хоёр тийшээ ойж байна гээч. “Эрэгтэй хүний дуу гарч байна. Энэ хэн бэ? Эрхэмээ минь энэ чи мөн үү” Дээрээс нь хүн тонгойх шиг болов. “Эрхэмээ мөн байгаасай” Түүний аниатай зовхинд халуун амьсгаа мэдрэгдэв. “Энэ Эрхэмээгийн үнэр биш байна. Би хаа ч байсан түүнийхээ үнэрийг мэднэ”
- Энэ охин сэргэлээ. Одоо удахгүй бодит байдлыг мэдрэх болно гэж хэн нэг нь хэллээ. Нүдээ аажуухан нээлээ. Тиймээ түүний дээрээс амны хаалт нүүрэндээ зүүсэн гурван хүний толгой тонгойж байлаа. Тэдний толгойны хажуугаар бөв бөөрөнхий гэрлэн бүрхүүл тэртээ дээр харагдана. Түрүүчийнхийг бодвол бүсгүй бүх юмыг тодоор харж байв. Тэд бүгд нүүр нь битүү учир хэн нь хэн бэ гэдэг нь мэдэгдэхгүй байх нь нэг л аймаар.
Бүсгүй хамгийн түрүүнд нөхрөө хайлаа. “Эрхэмээ! чи хаана байнаа? Би эргээд ирлээ шүү дээ хань минь.
Нээрээ! Хань минь гэснээс би чинь хүүтэй шүү дээ. Хүү минь, хүү минь. Миний хүү!. . .” гэж байдгаараа хашгирлаа. Гэвч нөхөр хүүхэд нь байтугай чанх дэргэд нь байгаа хүмүүс түүний хашгирахыг сонсохгүй байлаа. Харин дийд! дийд! гэж ойрхон дуугарахыг сонсож, дэлгэцэн дээр гүйх ногоон гэрэл рүү анхаарцгаана. Дараа нь аавыгаа, ээжийгээ дуудлаа. “Ээжээ! ээжээ! эд нар намайг сонсохгүй байна шүү дээ. Та хаана байгаа юм бэ? Охин нь энд байна, Эргээд ирлээ” Бас л хариу алга. Яагаад ч юм бүсгүй энэ л дарааллаар бүгдийг дуудлаа. Амьдрал яагаад ийм дараалал тогтоодог юм бол бүү мэд.
Тэдний хэн нь ч энэ өрөөнд байсангүй. Тэд хүлээлгийн өрөөнд байлаа. Хүү нь машин түрэн тоглож, нөхөр нь тамхи татан цонхоор ширтэж, аав нь ээжийг нь “Ядаж чи минь тайван бай” гэж тайтгаруулж, ээж нь л харин “Охин минь! охин минь!” гэж дуудан “бурхан минь! охины минь оронд намайг аваач” гэж зай завсаргүй шивнэж байсан юм.
Энэ бол зүрх шилжүүлэн суулгах хагалгаа амжилттай дууссаны баталгаа, бүсгүйг сэрээх үеийн дүр зураг. Тиймээ! бүсгүй бүрэн сэрлээ. Одоо энэ зүрхийг өөрийн болгож авах нь бүсгүйн бие махбодь болон сэтгэл санаанаас ихэнх хувь нь шалтгаалах хэрэг. Бүсгүйн дээрээс эмч тонгойн
- Урнаа чи намайг харж байна уу? “Тиймээ би харж байна. Гэхдээ та хэн бэ? би танихгүй байна” Гэвч эмч сонссонгүй
- Би ойлгож байнаа. Чи одоохондоо ярьж чадахгүй. Тэгэхээр чи миний асуусан асуултанд нүдээрээ хариулаарай. Чи чинь маш хөөрхөн нүдтэй охин байна шүү дээ. Тэгэхээр чи чаднаа гэж зоригжуулаад
- “Тийм” гэхээр нэг удаа, “Үгүй” гэхээр хоёр удаа нүдээ цавчаарай за юу гэж зөөлхөн хэллээ. “Яагаад заавал нүдээрээ гэж. Би яриад л байна шүү дээ” гэж бүсгүйг хэлэхэд эмч мэдээж сонссонгүй. “За яахав таныхаар л болохоос”
- Чи намайг харж байна уу?
... Нэг удаа анив.
- Урнаа гэж чиний нэр мөн үү?
... Нэг удаа. . .
- Маш сайн байна. Өнөөдөртөө ингээд болно. Чи амрах ёстой. “Байз л даа. Манайхан хаана байгаа юм бэ? Миний хүү . . . Байзаа ч дээ”
- Чи өдөр өдрөөр сайжрах болно. Одоо ганцхан тайван л амрах хэрэгтэй за юу? “Өө! хүн юм асуугаад байх чинь . . .” бүсгүй аргаа барахдаа
... Хоёр удаа анив.
- Үгүй гэнээ. Өнөөдөртөө болноо охин минь. Одоо амрах хэрэгтэй гэж эмч хэллээ. Энэ удаагийн ярилцлага үүгээр төгслөө. Бүсгүйн нүднээс болор нулимс шүүрэн гарч, шанааг нь даган гялтаганан унав. Үүнээс өөр яах ч билээ дээ.
“Тиймээ би нээрээ зүрхний өвчтэй байсан шүү дээ. Би үхэж байсан. Үхэх ёстойгоо би ч, манайхан ч бүгд мэдэж байсан. Гэтэл үхээгүй юм байж. Тэр байтугай надад зүрх шилжүүлэн суулгасан гэв үү? Өөр хүний зүрх миний цээжинд байгаа гэсэн үг үү. Тэгж л таарах нь” Энэ үед зүрх нь байж ядан дэлсэж байгааг тэр мэдрэв. Маш хүчтэй. Бүр хэдэн хавиргыг нь өвчүүнээс нь хадаж байх шиг нүднэ. Дүүд! дүүд! гэж аппарат дуугарч байв.
Хүүхэн өвчнийг мэдэрч эхлэв. Үнэхээр цээжин бие нь өөрөөс салах гэхдээ хаа нэг тийшээ зүтгэж байх шиг мэдрэгдэж, бүх яс нь нэг нэгээрээ салж байх шиг өвтгөнө. Зүрх нь маш хүчтэй савлаж, доргионд нь тархи ангалзана. “Би үхлээ шүү дээ. Намайг авраач ээ. Эрхэмээ. . . миний хүү . . . ааваа, ээжээ. . .” гэж яг л түрүүнийхээ дарааллаар хашгирсаар байв. Гэвч тэд сонсохгүй. Харин сувилагч
- Эмчээ зүрхний цохилт нь хурдасаад, даралт өөрчлөгдөж байна.
- Өвчин намдаах тариа хий. Хөөрхий минь маш их өвдөж байгаа. Бүр тэсэхүйеэ их. Аргагүй шүү дээ. Одоохондоо бүтэн юм нэг ч байхгүй байгаа гэж хэлээд эмчийн гарах нь бүсгүйд сонсогдоно.
Урнаа хэдэн сарын өмнө хагалгааны дараа ингэж л ухаан орж байсан. Эмчийн хэлсэнээр тэр өдөр ирэх тусам илааршсаар. . .
Урнаагийн гэр бүл тэр чигээрээ аз жаргалтай байгаа. Хорвоод ганц олдох ханиа, төрсөн ганц охиноо алдах гэж байсан тэд баярлахгүй гээд яахав. Урнаа ч гэсэн дүүрэн жаргалтай. Хүүдээ ээж нь амьд байж, хүүгийнхээ гэрэлт ирээдүйг харан хамтдаа олон жил амьдрана. Тэр ч байтугай түүнд дүү гаргаж өгнө. Хүүгээ хөтлөн, хань ижлээ сугадан, нарт ертөнцөд нүүр дүүрэн алхана. Үүн шиг жаргал гэж хаа байхав. Тэр яг хоёр удаа төрсөн юм шиг азтай. Шинэ зүрх нь хааяа нэг сэтгэл хөдөлсөн үед хүчтэй дэлсэхээс өөр зовиур үгүй. Эмнэлэгээс гарах ч дөхөж байв. Харин ганцхан бодол Урнааг зовооно. “Энэ ямар хүний зүрх бол”
- Түг. . түг. . түг түг . . . түгшүүртэй
“Зүрх гэдэг чинь ямар бөөр биш. Ганцхан байдаг эрхтэн. Тэгэхээр энэ зүрхний эзэн одоо энэ ертөнцөд байхгүй байж таараа. Хэн бол? Ямар хүн байсан бол?” гэж бодоход зүрх нь
- Түг түг түг түг түг түг цохилон галзуу юм шиг савчин, тархи ангалзуулна.
“За тэр эхлэх нь. Бодвол энэ зүрх уурлаад байгаа бололтой. Ёо ёо л доо. Өвдөөд байна шүү дээ” ийм тохиолдол Урнаад өдөрт хэд тохиолдох боллоо. Нэг өдөр тасгийнхаа үүдэнд ирээд хоёр хүүхний
- Харин тиймээ. Азтай азтай. Цаад хүн нь хорин хэдхэн настай залуу байсан гэсэн.
- Аз л гэх юм даа. Дээд ял авсан л болохоос хүн шүү дээ уг нь гэж санаандгүй ярихыг хальтхан сонсоод өрөөндөө орж чадалгүй буцав. Урнаа хэний тухай ярьж байсныг мэдэхгүй ч өөрийнхөө тухай юм шиг санагдан сэтгэл нь эвгүйрхэнэ. Санаа дагаад тэр үү зүрх нь
- Түг түг түг түг . . . тавгүйрхэн дэлсэв.
Үүнээс хойш Урнаа цээжин дотроо өөр нэг хүнтэй хүн шиг боллоо. Ямар нэгэн юм болвол зүрхээ чагнах нь ихсэв. Мэдээж тэр зүрх ямар бодож сэтгэж, ярих биш. Гэхдээ л Урнаад тийм сэтгэгдэл төрнө. Түүнээсээ болоод тэр үү ямар нэгэн юманд дүрсхийн уурлах нь ихсэв. Яагаад ч юм “Тэр хүн яг л ийм огцом ширүүн хүн байсан байх” гэж бодогдоно.
Заримдаа . . . Заримдаа бүр хачин. Сараалжин төмөрнөөс гав зүүсэн хоёр гараараа зууран, гуниг цөхрөл нүүгэлтсэн нүдээр гөлрөх хоригдол шиг шинэхэн зүрх нь бороолон эдгэсэн хавирганых нь завсараар өөрийг нь ширтээд байх шиг санагдана. Түүний нүд нь гунигтай л болохоос дүрлэгэр, гялтгар хар. Тэрийг нь батлах гэсэн шиг зүрх нь жигтэйхэн хурданаар
- Түг түг түг түг хийн дэлссээр. . .
Нөхөр нь эргэлтээр ирэх болгондоо үхэл хагацалын хар ангалаас эргэж ирсэн эхнэрээ хайрлаж, энхрийлэн үнсэх гэнэ. Урнаа өөрөө үнсүүлмээр байвч хэн нэгэн хаа нэгтэйгээс хараад байх шиг санагдан цааргалана. Эсвэл . . . “Тиймээ тийм энэ зүрх дургүй байх шиг байна. Тэгээд л уурлаад л . . .”
- Түг түг түг түг . . . ууртайгаар савчина.
“Эрэгтэй хүний зүрх болохоороо дургүй байдаг байхаа даа”
Харин хүүгээ үнсэхэд төдийлөн дэвхцээд байхгүй шүү. Гэхдээ Урнаа хүүгээ үнсэж байхдаа зүрхээ чагнадаггүй ч байж болох юм.
Тэрээр юм болгон дээр ингэж зүрхээ чагнах нь үнэхээр хэцүү байлаа. Ийм хэцүү байхад эмч нь
- Охин минь чи их сайхан эдгэж байна. Хэрвээ хүсэж байвал маргааш ч гэсэн гарч болно шүү гээд байх нь хачин. Урнаа өөрт байгаа энэ сэтгэлийнхээ зовлонг эмчдээ хэллээ.
- Надад үнэхээр хэцүү байна эмчээ. Би ингэж үргэлж хоёр хүн шиг амьдрах гэж үү?
- Охин минь айн! гэж бай. Чиний дотор өөр хүн орчихоод байгаа юм байхгүй. Магадгүй чи зүрхнийхээ тухай ямар нэгэн таагүй юм сонссон байх. Манайхны зарим ахархан ухаантай атаархуу нэг нь амнаасаа айхтар бодлогогүй үг унагадаг юм. Гэхдээ энэ бол бэрхшээл биш ээ охин минь. Хамгийн том бэрхшээл чинь үхэл юм шүү дээ. Чи түүнийг ардаа аль хэдийн орхисон. Чиний дотор байгаа энэ зүрхийг эзэн нь сайн дураараа донор болгон өөрөө гарын үсэг зуран байж өгсөн юм шүү дээ. Хэдийгээр буруу юм хийсэн ч гэсэн хойд төрөлдөө сайн сайхан байхыг боддог нь хүний зан. Тэгэхээр чи зөвхөн өөрийнхөө төлөө биш, гэмээ цайруулах гэж байгаа тэр хүний төлөө урт удаан, жаргалтай амьдрах ёстой юм даа. Тэгж байж гэмээж нь бид чинь хүмүүн төрөлхтөн гэдгээ тэнгэр бурханд харуулдаг юм шүү дээ. Ганцхан чи ч биш бусдаас эрхтэн авсан бүх л хүн ингэж боддог юм.
Урнаагийн нулимс чимээгүйхэн урсана. Тэр нулимсаа арчиж
- Тэгээд янз бүрийн таагүй юм болохоор л энэ зүрх улам их дэлсэх юм.
- Тэгэлгүй яахав охин минь. Энэ чинь амьд хүний, амьд зүрх шүү дээ. Тэгэхээр чиний сэтгэлийн хөдлөлөөр цусны чинь эргэлт ихсдэг учраас түүнийг чинь гүйцээж шахах гэж зүрх чинь хурдан ажиллаж байгаа нь тэр. Түүнээс биш . . . гэж үгээ таслан хэсэг байзнаснаа
- Чи заавал уурлаж догдолсон үедээ ч биш зүгээр энгийн эсвэл баяр баясгалантай үедээ ч гэсэн зүрхээ чагнаарай. Тэр чамд бас баярлан булиглаж байх болно. Тэр үед нь чи зүрхтэйгээ яриад үзээрэй л дээ за юу. Зүрх ч гэсэн баярладаг юм шүү дээ гэлээ.
Эмчийн энэ намуухан итгэлтэй яриаг сонсоод Урнаагийн сэтгэл нь онгойж, сүүлчийн хэд хоног дарагдаад байсан хар бодлууд цувран хөврөн гарах шиг санагдана. Тэгтэл эмч түүнийг бодлыг улам чимэх гэсэн шиг
- За охин минь маргаашнаас гарах бэлтгэлээ хийгээрэй. Гэрийнхэн чинь хичнээн их хүлээж байгаа гэж бодно. Удахгүй шинэ жил ч болох нь хүү чинь ээжгүйгээр яаж баяраа тэмдэглэх билээ,тийм үү дээ гэхэд Урнаагийн сэтгэл бага зэрэг онгойн, баярын нулимстай нүдээр эмчийгээ харан суулаа. Эмч нь
- Чи одоо чагна даа гэхэд нээрээ зүрх нь мөн л баярлан догдолж байх шиг
- Түг түг түг түг. . . хийн хөгжилтэйхэн цохилно. Урнаа эмчийнхээ үгэнд итгэж эхэллээ. Эмч хүн өвчтөнтэйгөө сэтгэлээрээ цуг байдаг ажээ.
Ямар нэгэн чимээ түүнийг сэрээлээ. Тэр өнгөрсөн шөнө сүүлийн хэдэн сар магадгүй сүүлийн хэдэн жил байгаагүйгээр сайхан унтжээ. Нойр нь үнэхээр ханасан байлаа. Урнаа зүрхээ чагнав.
- Түг . . .түг . . .түг . . . намуухан цохилно. Тэр түүнээс эрт сэржээ. Нүдээ нээж хэсэг хэвтсэнээ “Өнөөдөр хоёулаа гарна” Урнаа өөрийн эрхгүй ингэж бодов. Тэр эмчийн хэлсэнээр зүрхтэйгээ зөөлөн аядуухан ярьж байгаа нь энэ. Тэрээр өндийж зөөлөн үсэрхэг материалаар хийсэн улавчаа углахдаа
“Чи нэгийг нь, би нөгөөг нь”
- Түг . . .түг . . . түг. . . бас л намуухан. Тэр энэ харьцаанд дуртай байгаа бололтой. Урнаа нойр ханасаны илрэл болгож нэг сайхан суниагаад цонхон дээрээ ирлээ. Тэрээр халаадныхаа энгэр лүү баруун гараа зөөлхөн шургуулж, эрхий хуруугаар хөхөө түшин, дөрвөн хуруугаараа хөхнийхөө доороос ивэн өргөхөд, зүүн суганаас нь эхлээд хөхнийх нь доогуур ороон өвчүүн дээгүүр нь дээш өгссөн гүрэлзсэн ухаа ягаан сорвины гүвдрүү дунд хуруу тэгээд алганы хонхороор дамжин эрхий хуруунд мэдрэгдэнэ. Эмч энэ сорвийг “Одоохондоо ийм байгаа ч яваандаа юу ч мэдэгдэхгүй шахам нарийхан цагаан сорви болон үлдэнэ” гэсэн юм. Урнаа сорвио энхрийлэх мэт илэн бодолд дарагдана.
Ертөнцийн шинэ өглөө тэднийг угтаж байлаа. Цонхны шилэн дээр цасан ширхэгүүд талстаараа гялтганан унана. Урнаа намрын сүүлээр л ирж хэвтсэнсэн. Одоо арван хоёр сар гарч, өвөл бараг дундаа оржээ. Удахгүй шинэ он гарна.
“Өнөөдөр хоёулаа эмнэлэгээс гарна. Гоё байна уу?”
- Түг . . түг . . түг . . жаахан хурдсав.
“Надад ч гэсэн гоё байна. Чи ч сандарч л байгаа байх л даа. Гэхдээ зүгээрээ би чамд дасаж байгаа шиг чи ч гэсэн тэдэнд дасах болно. Чамайг эрэгтэй хүний зүрх байсныг би мэднэ. Гэвч чи одоо эмэгтэй хүний, эх хүний зүрх болсон. Чи хайр энхрийлэл шингэсэн тийм зүрх болно. Чиний урдны эзэн ямар хүн байсан, тэр хүн юу хийсэн нь надад хамаагүй ээ. Магадгүй чи ч гэсэн тэр хүний хийх гэж байсан зүйлд дургүй байсан байж болно шүү дээ тийм үү?”
- Түг түг түг түг . . . бүр хурдлав.
“Тийм байхаа. Би ч гэсэн тэгж бодож байна. Тэр хүн буруу юм хийхэд нь чи их айдаг. Айсандаа бүр даардаг байсан байх.
- Түг түг түг түг . . . чичрэх шиг
“Тэр хүнийг би одоо гэмээ цайруулсан гэж бодож байна. Яагаад гэвэл тэр хүн миний амийг аварсан. Миний хүүг ээжтэй нь үлдээсэн. Бас . . . бас чамайг ч гэсэн амьд үлдээлээ зүрх минь
- Түг түг түг түг . . . зөвшөөрөх мэт
“Тиймээ тийм чи баярлаж байгаа. Би ч гэсэн хязгааргүй баярлаж байна. Чи бид хоёр хоёулаа азтай. Магадгүй намайг ахиад хүүхэд гаргаарай гэсэн байх даа”
- Түг түг түг түг . . . час улаан болсон байх
“ Хи хи. Яасан? чамд эвгүй байна уу? Зүгээрээ. Чи одоо миний зүрх шүү дээ. Эрхэмээ ч гэсэн намайг хайрладаг шигээ чамайг хайрлах болно. Магадгүй, намайг аварсан болохоор чамд улам их хайртай болох байх. Харин чи битгий ичээд байгаарай”
- Түг түг түг түг . . . сандрангуй
“Ичимхий гэдэг нь. Эрэгтэй хүн чамайг хайрлана гэхээр сонин байгаа юм уу”
- Түг түг түг түг . . . ичингүйрэн
“Үгүй дээ чи чинь одоо минийх шүү дээ. Удахгүй би хэвлийдээ үрээ тээж, зөөлөн булбарайхан хөхөнд минь уураг ивлэхийн цагт чи минь хэзээ ч урдынх шигээ айж, даарахгүйгээ мэдэрч, минийх болсон гэдэгтээ итгэх болноо. Тэр үед чамаас эх хүний цагаахан сэтгэл ундрах болно.
- Түг . . . түг . . . түг . . . намуухан
“Тийм ээ итгэж болно. Би чамд сайхан хайрын халамж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, хүүхэд багачуудын жаргалтай инээд, өглөөний ув улаахан нар, тув тунгалагхан агаар, шөнийн гялалзсан одод, шүлэг нойрны сайхан зүүд гээд сайхан бүхнийг үзүүлнээ”
- Түг түг түг түг . . . догдлонгуй
“Тэгнээ тэгнэ. Удахгүй. Одоо ингээд хувцас ирэхээр л хоёулаа гарна шүү дээ. Бас чамд шинэ өглөө, шинэ жил, шинэхэн цасыг үзүүлнэ. Бүр олон олныг үзүүлнэ”
- Түг түг түг түг . . . яарангуй
“Яарч байна гэж үү? Би ч бас яарч байна”
Хаалга онгойх чимээнээр бүсгүйн бодол тасарсан ч сайхан бодлын гэрч болсон инээмсэглэл нүүрэнд тэр хэвээрээ үлдэнэ. Сувилагч
- Урнаа чиний хувцас ирлээ. Ингээд хонгорхон бүсгүй минь гарах боллоо доо. Чи минь гамаа сайн хийгээрэй. Чамд сайн сайхныг . . . гээд ямар нэгэн юм хоолойд нь торох шиг болоход үгээ таслан хэсэг байзнаад
- За алив үнсье гээд нүдэндээ цийлэгнэсэн нулимсаа нуух гэхдээ Урнааг удаан тэвэрлээ. Энэ сувилагч бүсгүй ч гэсэн хүний амь аврахад гар бие оролцсон. Хүмүүн бид бие биенээ аврах шиг хамгийн сайхан үйл хаа байхав.
Урнаа гарч ирлээ. Гадаа гараагүй удсан тул нарны гэрэлд түүний нүд гялбана. Гэвч түүний дотроос гэрэлтэх баярын гэрэл нарнаас хүчтэй. Гэхдээ наранд гялбана гэдэг бас л сайхан. Тийм ээ! Урнаа гэрэлт энэ ертөнцдөө эргэн хөл тавьж байгаа нь энэ. Эрхэмээ тэвэр дүүрэн цэцэг бэлэглэлээ. Хүү нь ээждээ хоёр гараа сарвалзуулан гүйн ирж үнсүүллээ.
- Түг түг түг түг . . . сандрангуй
“Би чамд хэлээгүй юү. Гэхдээ сандрах хэрэггүй ээ. Тэд бүгд чамд баярлаж байгаагаа илэрхийлж байгаа юм”
Амьд хүнд, эх хүнд, тэр тусмаа энэ хорвоод эргэж ирсэн хүнд энэнээс илүү сайхан юм гэж хаана байна. Бид хамгийн сайхан юмаа төдийлөн анзаардаагүй бололтой. Эрхэмээ эхнэрээ тэврэн чанга гэгч нь үнсэж
- Би чамдаа хязгааргүй . . . бүр хязгааргүй их хайртай гэлээ
- Түг түг түг түг. . .түг түг сандран догдолно
“Ичээд байгаа юмуу? Амьдрал хайрласан атгахан улаан зүрх минь би ч гэсэн чамд хайртай” гэж Урнаа өрөөсөн гараараа зүрхээн даран бодоод нөхөртөө
- Би ч гэсэн чамдаа хайртай. . . гэж хэллээ. Түүний царайд хязгааргүй баяр гэрэлтэнэ.
Гадаа өвлийн намуухан өглөө. Шинэхэн цасан будран орж эхлэв. Гудамжинд хүмүүс нөгөө л урдынх шигээ байдгаараа, ямар нэгэн юманд яарцгаан, хаа нэг тийшээ алхацгаана. Тэдний хэн нь ч Урнааг ийм үүх түүхтэй гэж мэдэхгүй. Мэдрэхгүй. Тэд үхэл амьдралын заагийг одоохондоо мэдэхгүй. Тэр нь ч дээр. Урнаа будран орох цас руу нүдээ анивчуулан харж, алгаа тосоход цасан ширхэг түүний жижигхэн цагаан гар дээр зөөлхөн буун баярын нулимс шиг бөнжийн хайлна. Тэр ахин учирсан бүхнээ ээлж дараалан шимтэн шимтэн харж, өглөөний цэнгэг агаараас цээж дүүрэн амьсгална.
“Тээр би чамд сайхан юм бүхнийг үзүүлнэ гэж хэлээгүй юү. Одоо ингээд эхэлж байгаа нь энэ дээ”
- Түг түг түг түг . . . итгэж ядан
“Харин . . . харин . . . би чамдаа ганцхан юмыг л үзүүлж чадахгүй нь дээ”
- Түг түг түг түг түг . . . гайхангуй
“Юу вэ ? гэж үү. Зүрх минь би чамдаа анхны хайрыг л амсуулж чадахгүй . . .”
- Түг . . . түг . . . . . . .түг . . . түг . . . гунигтай
“Уучлаарай . . .”

Түмэнбаярын Бум-Эрдэнэ. 12. 17. 2008

blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино