Арван жилийн дараа чи намайг анх удаагаа дахиад л өнөөх өөртөө татсан тачаангуй харцаараа харав. Би дагжин чичирч барьж байсан хундагатай дарсаа золтой л унагачихсангүй. Аз болоход миний мэгдэн сандарсныг хөгжим инээд хоёрын чимээ шуугианаас болоод манай ширээнээс хэн нь анзааралгүй өнгөрөв. Чи намайг дүрэлзсэн харцаар тасралтгүй ширтэж би галд орсон юм шиг улайж орхив. Би дотроо чамайг намайг танив уу эсвэл чамд дахиад л танихгүй эмэгтэй харагдав уу гэдгээ ялган ойлгохыг оролдсон. Нүүр маань чинэрэн би нөхдийнхөө асуултанд хайнга дуугаар хариулж суулаа. Чиний харц намайг яаж догдлуулсныг чи мэдээгүй. Чи толгойгоо үл ялиг хөдөлгөн намайг үүдний өрөөнд гарч уулзъя гэж дохив. Тэгээд чи зориуд чанга дуугаар нөхөдтэйгээ салах ёс хийн тооцоогоо бодуулаад намайг хүлээж байна гэдгээ надад ойлгуулаад гарч одов. Би даарсан мэт чичрэн догдолж хөөрснөөсөө болоод нэг ч үг дуугарч чадсангүй. Яг энэ үед хос харууд шал товшин бүжиглэж, бүхний анхаарал шинэ маягийн бүжиг, хашгираанд татагдах тэр үед би цуг явсан хүндээ одоохон ирнэ гэж хэлчихээд чиний хойноос гарлаа. Чи үүдний өрөөн дэх өлгүүрийн дэргэд намайг хүлээн зогсож байснаа намайг ойртон очиход минь царай чинь гэрэлтээд явчихсан. Инээмсэглэсээр над руу ирэхдээ намайг өнөөх бүсгүй гэдгийг огтхон ч таниагүй. Анх удаагаа л учирч байгаа хүүхэн гэж бодож байгааг чинь би шууд л мэдэрсэн.
“Та надад зориулан жаахан зав гаргахгүй юу?” гэж итгэлгүй дуугаар асуухад чинь намайг ганц оройг хамт өнгөрүүлэхийн тулд худалдаад авчихаж болдог тэр эмэгтэйчүүдийн нэг гэж бодож байгааг чинь би ойлголоо.
“Тэгье” гэж догдлон өгүүлэхдээ яг л өнөөх нарийхан гудамжинд жаахан охин байхдаа уулзсан шигээ байдалд орчихов. Чи надаас
“Хэзээ уулзах вэ?” гэж асуув.
“Хэзээ ч яах вэ?” гэж хариулахдаа би чамаас ердөө ч ичсэнгүй. Чи тэртээ нэгэн цагт намайг өөртөө зөвшөөрөх үеийнх шигээ сонирхсон итгэлгүй харцаар гайхан харав. Чи шийдэж ядсан дуугаар
“Одоо болох уу?” гэв.
“Тэгье, явцгаая” гэж хэлэхдээ би өлгүүр лүү дээлээ авахаар очсон байлаа. Тэнд очсон хойноо л өлгүүрийн дугаар нөгөө хүнд маань байгааг санав. Буцаж очоод дугаараа авах боломжгүй, тэгвэл уртын урт тайлбар хэрэгтэй болж, энэ нь миний олон жил тэгтлээ их хүсэн хүлээж байсан чамтайгаа өнгөрүүлэх цагаас хороох учраас би хүссэнгүй. Би үдшийн гоёлдоо огтхон ч харамсаагүй агаад бүтэн хоёр жилийн турш гэрлэх гэж байгаа бүсгүй нь гэж яригдсан надад зөвхөн сайныг л хүсдэг тэр хүнээ ч юман чинээ бодолгүй дөнгөж уулзуутаа л чамтай хамт явахаар шийдэв. Би чамд тийм л хайртай байлаа. Гэвч энэ бүхнийг хэзээ хойно бүх юм өнгөрсөн хойно хэлж байгаадаа харамсаж байна. Хэрвээ хэвтэрт үхлүүт байхад чи минь дуудвал би чамайгаа дагаад явах л байсан байх гэж санагдах юм. Ийм хүч надаас гарах л байсан. Орцны үүдэнд машинаас бууж бид танайх руу орлоо. Би дахин чинийхээ дотно дууг сонсож хамт байгаагаа мэдэрч байхдаа бидний анхны учрал шиг жаргалдаа мансуурч явлаа. Арван жил өнгөрсөн хойно би нөгөө шатаараа ахиад өгсөж байна. Гэвч, гэвч би энэ тухай дахин дахин ярьж чадахгүй нь. Яг л урьд тохиолдсон шиг дахиад л чамтайгаа явж байсан билээ. Чиний өрөөнд ганц хоёр тавилга, хэдэн зураг номноос өөр нэмэгдсэн юмгүй, өнөө л урьдын танил хэвээрээ байв. Бичгийн ширээн дээр чинь миний чамд төрсөн өдрөөр чинь дурсгал болгон илгээсэн сарнайтай цэцгийн сав байж байлаа. Чи хэн болохыг нь санахгүй, тэр ч байтугай гараа барилцан ярилцаж байхдаа хүртэл дэргэдээ байгааг нь мэдэхгүй байгаа энэ л бүсгүй илгээсэн гэдгийг яаж мэдэхэв дээ. Гэлээ ч гэсэн миний дурлалын илэрхийлэл болсон тэр цэцгийг чи хадгалж, тэр нь танай өрөөнд байгааг би харахдаа баяртай байлаа. Чи намайг тэвэрлээ. Би танайд дахиад л урт шөнийг өнгөрүүлэв. Гэсэн ч намайг таньсангүй.
Нэг л мэдэхнээ өглөө болж бид оройхон босоод өглөөнийхөө цайг хамт уухаар болов. Хэн нэгний бэлдсэн өглөөний цайг уун, чөлөөтэй ярилцацгаалаа. Чи надтай дахиад л сонирхсон шинжгүй энгийн яриа өрнүүлэв.
Миний хэн болох, хаана амьдардаг, юу хийдгийг огт асуусангүй. Би бол чиний хувьд агаарт замхран арилдаг тамхины утаа, хэн нь ч үл мэдэгдэх учраад өнгөрдөг замын л нэг хүүхэн байлаа. Чи надад өмнөд Африк руу хоёр гурван сарын хугацаатай, аялан явах гэж буй тухайгаа ярив. Миний баяр хөөр уйтгар гунигаар солигдон айсандаа цус минь царцах шиг болж “гүйцээ бүх юм өнгөрч” гэдэг үг чихэнд минь сонсогдох шиг болов. Би хөлд чинь сөхрөн “Намайг аваад яваач, тэгвэл чи энэ олон жил өнгөрсөн хойно намайгаа одоо л ойлгох болно шүү дээ” гэж хашгирмаар байлаа. Гэвч би дэндүү зүрхгүй хулчгар амьтан, чиний дэргэд номхон “боол” шиг л байсан юм. Тэгээд зөвхөн
“Ямар харамсалтай юм бэ?” гэлээ. Чи намайг харан инээмсэглээд
“Чамд үнэхээр харамсалтай байна уу?” гэв. Би цаашид удаан тэсвэрлэж чадахгүй нь гэдгээ ойлгов. Би босож чиний царайг удаанаар ширтэн хараад тэр намайг одоо л таних байх гээд айсандаа чичрэн горьдон хүлээв. Гэвч чи над руу харж инээмсэглээд зугаатайгаар
“Аялалаас эргэж ирсэн биз дээ” гэв. Би “Тиймээ, гэвч эргэж ирээд л мартчихсан” гэлээ. Миний хэлсэн дууны өнгө чамд гайхалтай сонсогдсон юм байлгүй чи гайхсан зөөлөн дулаан харцаар харснаа мөрөөр минь тэврэв.
“Сайн хүмүүс мартдаггүй юм. Би чамайг мартахгүй ээ” гэж хэлээд чи намайг сайн тогтоож авах гэсэн мэт нүд рүү минь удаан ширтлээ. Надаас ямар нэгэн юм хайсан мэт шуналтай ширтэхэд чинь одоо л нэг юм намайг таньж миний сэтгэлийг онгойлгох нь гэж баярлав. “Тэр намайг таньж байна, таньж байна” ингэж бодоод сэтгэл минь дэвэрсэн. Гэвч чи намайг таньсангүй. Би чамд хэзээ ч ойр дөт байсангүй. Яагаад? Яагаад гэвэл чи хэдхэн минутын дараа хийснээсээ өөр юм миний тухай хийж чадахгүй байсан юм. Чи намайг шуналтай үнсэж, би үсээ дахин самнахаас өөр аргагүй болов. Толины өмнө зогсож байхдаа чиний хийж байгаа юмыг хараад айж ичсэндээ арай л ухаан алдан унасангүй. Чи миний гар цүнхний завсраар хоёр том дэвсгэрт шургуулж байгаа харагдлаа. Би яагаад хашгирч чамайг алгадчихаагүй юм бүү мэд. Аль хүүхэд байхаасаа чамд дурлан хайрлаж байсан, төрсөн үрийнхээ эхэд шөнийг хамт өнгөрүүллээ гэж мөнгө төлж байхад шүү. Би чиний хувьд ердөө л Габаренаас олсон янхан байж. Чи надад хөлс төлсөн шүү дээ. Хөлс төлсөн. Чамд мартагдсан багадаад ингэж л дорд үзэгдэх минь дутаад байж. Би өөрийнхөө юмыг яаран цуглуулав. Надад дэндүү хүнд байсан учраас явах, аль болох хурдан явах минь дээр байлаа. Бүрх малгай минь бичгийн ширээн дээрх сарнайтай ваарны дэргэд байсан. Надад дахин нэг алхам хийх дийлдэшгүй хүслэн төрж
“Чи надад цагаан сарнайнуудаасаа нэгий нь өгөхгүй юм уу?” гэв. Чи
“Тэгэлгүй яахав” гээд цэцгүүдийг савнаас нь гаргалаа.
“Энэ сарнайг чамд хайртай эмэгтэй хүн бэлэглэсэн байхаа даа” гэхэд минь чи
“Магадгүй л юм. Гэхдээ хэн илгээснийг нь мэдээгүй ээ. Тийм болохоор нь би хайрладаг юм” гэлээ. Би чамайг ширтэн
“Магадгүй чамд мартагдсан нэг бүсгүй илгээсэн ч юм билүү” гэв. Чи намайг гайхан харлаа. Би ч чиний нүднээс харц салгасангүй. “Таниач дээ намайг, таниач” гэж миний харц гуйж байв. Гэвч чиний харц юу ч анзаарсангүй. Энхрийллээр гэрэлтэв. Чи намайг дахиад л үнслээ. Гэвч таньсангүй. Нүднээс минь нулимс асгарчих гээд тэвчээр алдран чамдаа нулимсаа үзүүлэхгүй гэж л хаалга руу бушуухан алхлаа. Би гүйх нь холгүй явахдаа чиний зарцтай золтой л мөргөлдчихсөнгүй. Тэрээр замаас шалмагхан зайлан надад хаалга нээж өгөв. Энэхэн зуур би нулимстай нүдээрээ хөгшний нүдэнд ямар нэгэн оч гялсхийхийг анзаарлаа. Иогани намайг хүүхэд байхаас минь хойш нэг ч удаа хараагүй мөртөө таньсан юм шүү. Би хөгшний өмнө сөхрөөд намайг таньсных нь төлөө гарыг нь үнсмээр байлаа. Гэвч би тэгсэнгүй, зөвхөн гар цүнхээ уудлан миний намайг шившгийн тавцанд “өргөмжлөн” байж өгсөн тэрхүү бузар мөнгийг чинь хөгшинд сарвайлаа. Хөгшин зарц салганан намайг айсан нүдээр харахдаа миний тухай, чиний бүх л амьдралынхаа туршид тааварлаж байснаас ч илүү ихийг таамаглах шиг санагдсан шүү. Бүх хүмүүс бүгдээрээ намайг хайрлаж цөм л надад сайн сайхныг хүсдэг байхад ганцхан чи, чи л ганцаараа намайг санаа ч үгүй, нэг ч удаа болохноо таниагүй шүү. Миний хүү, бидний хүү өчигдөр нас барж энэ орчлон дээр надад чамаас өөр хайрлах хүн үлдсэнгүй. Гэвч чи хэн билээ. Намайг огтхон ч танихгүй, миний хажуугаар усны дэргэдүүр өнгөрч байгаа юм шиг өнгөрч, чулуунд тулсан юм шиг тойрч үнэнч хүлээлтийг минь эс ойшоон зовлонд унагасан нэгэн биш билүү? Надад чамайг хайрлах эз нэг л удаа тохиолдсон нь хүү маань билээ. Гэвч чиний л хүү байсан учир намайг бас л өрөвдөлгүй орхин одож, бүр хэзээ ч эргэж ирэхгүйгээр явчихлаа. Би дахиад л ганцаараа, цор ганцаараа үлдлээ. Надад зориулж бичсэн ганц мөр ч алга, хүү маань ч алга. Дурсагдах юм юу ч үлдээгүй. Чи миний нэрийг сонслоо ч юу ч санахгүй. Би яалаа гэж үхлийг хүсэхгүй байх билээ. Чиний хувьд үхчихсан би, чамайг надаас холдоод явчихсан хойно өөр яах юм. Гэсэн ч хайрт минь , би чамайг буруушаан зэмлэж, өөрийн уй гашууг чиний баяр баясгалант амьдралд нялзаахыг хүсэхгүй байна. Намайг уучлаарай. Хүүгээ алдчихсан болохоор сэтгэлээ чамд уудлан хэлэхгүй байж чадсангүй, бүү зовоорой. Энэ бүхнийг чамд би ганцхан удаа л тайлбарлан хэлчихээд, дахин хэзээ ч юу ч хэлэхгүй, урьдын адил таг чимээгүй байх болно. Гэхдээ энэ захиаг чи намайг амьд сэрүүн байхад хэзээ ч олж үзэхгүй бөгөөд хэрвээ энэхүү гэрээслэл чиний гарт орсон байвал тэр цагт би аль хэдийнэ хорвоогоос явчихсан байна. Энэ бүсгүй чамайг бусдаас илүү хайрлаж байсан боловч чиний хэзээ ч үл мэдэх, чиний дуудлагыг насан туршаа хүлээсэн тэр эмэгтэйн гэрээслэл юм шүү. Магадгүй чи намайг дуудлаа ч би булшин дотроос юу ч сонсохгүй шүү дээ. Би чамд дурсгал болгон ядаж ганц зураг ч үлдээсэнгүй. Яг чам шиг... Чи намайг хэзээ ч мэдэхгүй. Хэзээ ч... Миний хувь заяа тийм л байсан. Үхэл минь ч бас тийм л байг. Чи миний царай зүсийг ч санахгүй. Нэрийг минь ч мэдэхгүй болохоор би чамайг сүүлчийн мөч ирэхэд ч дуудахгүй. Яагаад гэхээр надаас алс суудаг чи миний үхэж байгааг мэдэхгүй учраас би их сэтгэл амар үхнэ. Хэрвээ миний үхэл чамд хэцүү байгаа бол би үхэж чадахгүй шүү дээ. Би үргэлжлүүлэн бичиж чадахгүй нь...толгой минь хүндрээд, хамаг бие минь шархиран халуурч байх шиг байна. Хэвтсэн нь дээр байх. Тэгвэл түргэхэн бүх юм дуусч, хувь заяа минь намайг сүүлчийн удаа ч болтугай энэрч хүүг минь авч явахыг харуулахгүй болгож магадгүй...Би цааш нь бичиж чадахгүй нь...Хагацая. Хайрт минь хагацая. Чамдаа баярлалаа. Бүх юм буруугаар эргэсэн байсан ч гэсэн би чамдаа эцсийн амьсгалаа тасартал баярласаар л байх болно. Би чамд бүгдий нь хэллээ. Чи намайг, өөртөө ямар их хайртай байсныг ойлгож байгаа биз дээ. Үгүй ээ, чи зөвхөн тааварлаж л байгаа. Миний дурлал чамд зовлон учруулаагүй юм чинь чи надаар дутахгүй, энэ л намайг баярлуулж байна. Чиний гэрэлтэй сайхан амьдралд юу ч өөрчлөгдөхгүй... Би өөрийн үхлээр чиний аз жаргалыг гутаахыг хүсэхгүй байна... Хайрт минь, би чамаас нэг л зүйл залбиран гуйя. Энэ бол миний эхний бөгөөд сүүлчийн гуйлт шүү...Намайг бодож биелүүлээрэй. Жил бүр өөрийнхөө төрсөн өдрөөр цагаан сарнай худалдан авч хөх ваарандаа хийж байгаарай. Жил бүр нас барсан төрөл садандаа буян үйлддэг шиг намайг бодож гүйцээгээрэй. Хайрт минь, би бурханд ч, буян үйлдэгчдэд ч итгэхийг хүсэхгүй, ганцхан чамдаа л итгэж байна.
Хайрт минь, би чамд ганцхан чамд л хайртай байж хамт байхыг туйлгүй хүсэж байна. Бүтэн жилд ганцхан удаа чинийхээ дэргэд байх гэж ямар их хүснэ вэ? Үүнийг л биелүүлэхийг гуйя. Чамдаа баярлалаа. Би чамдаа хайртай...Хагацая даа.
* * *
Зохиолч захидлыг уншиж дуусаад хажуу тийш тавихдаа гар нь салганан чичирхийлж байв. Тэгээд удаан гэгч бодлогоширон суув. Хөрш айлын охин, тэр нэгэн бүсгүй, шөнийн цэнгээний газрын эмэгтэйн тухай бүрэг бараг дурсамж толгойд нь орж ирсэн боловч тоймтой юм юу ч санагдсангүй. Бүдэг бадаг бүүр түүрхэн юм санаанд нь оровч зүс нь огтхон ч орж ирсэнгүй. Яаж ч бодоод санах юм алга. Энэ бүхнийг нойрон дундаа, зөвхөн зүүдэндээ л үзсэн юм шиг санагдав. Түүний харц гэнэт бичгийн ширээн дээр байж байдаг хөх вааран дээр туслаа. Цэцгийн сав нь хов хоосон харагдана. Энэ олон жилийн хугацаанд анх удаагаа хоосон байгаа нь энэ. Тэрээр цочсон юм шиг татвасхийж, анир чимээгүй өрөөнд нь ондоо ертөнцийн үл үзэгдэх хаалгаар хүйтэн салхи сэнгэнэн орж ирэх шиг болов. Өнө мөнхийн хайр сэтгэл үхлийн амьсгалыг тэрээр мэдрэн ухаан санаа нь цэлмэх шиг болж алсаас сонсогдох тачаангуй хөгжмийн ая луугаа өнгөрүүлсэн амьдралаа эргэцүүлэн бодож эхлэв ээ.
ТӨГСӨВ.