2011/01/02

2011 оны ерөнхий зурхай

Image hosting by IMGBoot.com
Хонь
Сүүдэрт нуугдан бусдад мэдэгдэхгүйгээр удирдаж чадваас атаархуу зан агуулсан мэхлэгчдээс өөрийгөө хамгаалж чадна. Хэн нэгний хуурмаг дур булаам байдал таныг урхидаж амжилтанд тань муугаар нөлөөлж болзошгүй. Өнгөрсөн жилийг бодвол хайр сэтгэлийн хувьд тийм ч таатай байж чадахгүй л болов уу. Бүтэхгүй зүйлийн араас хэт улайрах нь таны амжилтаас хойш татах магадлалтай гэдгийг анхаар. Энэ ордонд хамаарагсад хаврын улиралд бүтэлгүй дурлал хууран мэхлэлттэй учирч багагүй бэрхшээлтэй тулгарна. Урьдчилан сэргийлэлт арга хэмжээ авч чадвал эрүүл мэнд тун чиг сайн байх нь. Хавар ханиад шуухтинаа тусахаас өөрийгөө хамгаал. Санхүүгийн хувьд хамтран ажиллагсад болон түншүүд тань хэр итгэл дааж чадах улс вэ гэдгийг сайтар магадлахгүй бол алдагдалд орж болзошгүй. Зээлийн асуудалд маш нухацтай хандахыг зөвлөж байна.

Үхэр

2011 он таны тэсвэр тэвчээр сэтгэлийн хатыг шалгана. Бүх зүйл таны эсрэг тэмцэх мэт санагдах хэдий ч сэтгэлээр уналгүй үлгэр бүхэн аз жаргалтайгаар төгсдөг гэдгийг санаарай. Уйгагүй хөдөлмөрлөсний үр дүнд чинь санаанд багтамгүй их баялагийг ч өгч болох юм. Гэхдээ энэ бүхэн зөвхөн таны л бодит байдалд хэр мэдрэмжтэй хандаж тэрхүү баялагийг өөрийн болгохоос чинь ихээхэн хамаарна. Оны сүүлийн саруудад боломжоо зөв тооцоолоогүйгээс санхүүгийн багагүй алдагдал хүлээж болзошгүй. Хайр сэтгэлийн хувьд оны эхээр ганц бие хүмүүс хайр сэтгэлтэйгээ учирах болно. Энэ үед учирсан учиралаа 9 сар хүртэл сайхан хадгалаж чадвал оны сүүлч гэхэд гэр бүл хамтын амьдралын харьцаанд шилжиж аз жаргалаар дүүрэн байх болно. Энэ жил эрүүл мэндийн хувьд тун ч таатай байх нь. Гэхдээ хаврын улирал ямарч хүний хууч өвчнийг хөдөлгөдөг гэдгийг санан сэрэмжтэй байхад илүүдэхгүй.

Ихэр

2011 он танаас хэцүү их хүчин чармайлт шаардах боловч сонирхолтой байх болно. Тун саяхан ажил хэргийн хүрээнд эхлүүлсэн зүйл тань ирээдүйд сайхан үр дүнд хүрэх боловч танаас ихээхэн хүч хөдөлмөр шаардана. Бүхнийг эхнээс нь амжилттай эхлэхийн тулд шинийг танин мэдэж бүх хүчээ дайчлан ажиллах жил. Хуучинаа эргэн дурсаж танд саад болох хүмүүсийн зөвөлгөөг сонсох хэрэггүй. Амьдарч буй орчиноо өөрчлөх хүсэлдээ хөтлөгдөн өөр газар өөр улсад амьдардаг холын найз нөхөд хамаатан садантайгаа харилцаа холбоогоо сэргээнэ. Эрүүл мэнддээ анхаарч сэтгэл санаагаа ариусгах зам нь түрэмгий зан бусдыг захирах хүсэл дутагдалтай муу талуудаа өөгшүүлэхгүй байх явдал.

Мэлхий
Мэлхийнхэнд олон жил хүсч тэмүүлж байсан тогтвортой үе ирж байна. Ажил мэргэжил хувийн амьдрал гээд өөр өөрийн тогтвортой горимд шилжиж энэ бүхэн танд сэтгэлийн ихээхэн тайвшралыг авчирна. Тиймээс амарч аялж зугаалах хамгийн таатай үе. Мөнгөтэй зөв зохистой харьцах дүрмийг мөрдөж хариуцлага үүрэгээ ухамсарлаж байгаа бол бизнес ажил хэрэг тань амжилтаар дүүрэн байх болно. Аливаа асуудлыг тэр дор нь шийдвэрлэх боломжгүй үе байх ч хэсэг хугацааны дараа байдал аяндаа танд таатай байдал руу эргэнэ. Жилийн эхний хагасыг та ихэнх цаг заваа хайр сэтгэлийнхээ асуудлыг зохицуулахад зориулвал таатай үе. Ганц бие хүмүүс хайр сэтгэлтэйгээ учирах ч тэр харьцаагаа удаан хугацаанд барьж чадахгүйд хүрнэ. Хардах сэтгэлийн улмаас хайр сэтгэлдээ сэв суулгах бололтой. Эрүүл мэнд ерөнхийдөө эрүүл чийрэг байх ч 3, 11 дүгээр саруудад хууч өвчин сэдэрч хөдлөх аюултай байх болно. Гэхдээ амьдралаас юу ч шаардалгүй өгсөнд нь хангалуун байж сурах хэрэгтэй.

Арслан

2011 онд амьдралын бүх л салбарт өөрчлөлтүүд гарч янз бүрийн үйл явдал тохиолдоно. Гэвч удаан бодож эргэцүүлэх цаг хугацаа олдохгүй. Бүтэн жилийн турш эрчимтэй хөдөлмөрлөх шаардлагатай байгаа. Таны удаан бодож байсан төсөл ажил тань биелэлээ олж та сэтгэл хангалуун байх болно. Санхүүгийн байдал хэдийгээр сэргээд сайхан байх ч үүнтэй зэрэгцээд зарлага тань өсөх болно. Салалт хууралт тохиолдож таны амьдралын эрч хүч амьдрах итгэлийг тань үгүй хийх ч та ухаалаг байж шинэ учралыг хүлээж ав. Эрүүл мэндийн хувьд таатай сайхан байх ч эцэг эх гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийн байдал таныг түгшүүлсээр байх нь. Одоо эсвэл хэзээ ч үгүй гэдэг асуудал тулгарна.

Охин

Зорилготой идэвхитэй жил болж өнгөрнө. 2011 онд хувийн амьдрал болон ажил мэргэжилд тань томоохон өөрчлөлтүүд гарах бололтой. Хэрэв та амьдралдаа бүрэн дүүрэн итгэлтэй байж чадваас энэ бүхэн үр өгөөжөө өгөх болно. Оны эхний хагаст аливаа үйл ажиллагаа тогтворгүй байх хэдий ч энэ байдлыг сайн тийш нь өөрчилж мэргэжилийн түвшингээ дээшлүүлэх боломжууд ч танд нэлээд гарна. Санхүүгийн хувьд нэлээд хүндэвтэр байна. Гэхдээ энэ байдал нь таны эргэн тойрныхны үнэн мөн төрх болон таныг хүлээн зөвшөөрдөг эсэхийг харуулах бас нэгэн сорилт болж өгнө. 2012 он гарахад санхүүгийн хүндрэлтэй асуудлуудаа ардаа орхиод гарах сайхан боломж ч бас танд тохионо. Ганц бие хүмүүс хайр сэтгэлтэй учирах хэдий ч энэ жилдээ багтан гэрлэх гэж бүү яар. Учир нь энэ жил танд гэрлэлтийн хувьд тийм ч таатай жил биш. Өнгөрсөн жилүүдийг бодвол эрүүл мэндийн байдал тань таныг зовоохгүй нь бололтой. Гэнэтийн аваар осолоос өөрийгөө хамгаалж чадвал таны эрүүл мэнд хэвийн сайхан байна.

Жинлүүр

2011 он тэмцэлтэй шалгуур ихтэй эрч хүчтэй жил байна. Өөрөөр хэлбэл маш их хөдөлмөрлөхийн хажуугаар танилын хүрээ өргөжин тэлнэ. Энэ нь танд маш эерэгээр нөлөөлөх болно. Өөрийн байр суурийг бататган бусдыг байлдан дагуулахын тулд танд дайчин зан чанар хэрэгтэй. Түншүүдтэйгээ үл ойлголцолд хүрсэнээс танд багаахан хэмжээний санхүүгийн хямрал үүсэх нь. Зоригтой үл хөдлөх хөрөнгө худалдан авах засвар хийх амьдрах орчиноо солих зэрэг хүсэлдээ автан өөрийгөө ч золиод хамаагүй өрсөлдөөн рүү орно. Гэр бүлд ялихгүй жижиг зүйлээс зөрчилдөөн үүсч зарим нэг хосууд энэ байдалдаас шантран салж ч мэднэ. Өмнөх жилүүдийг бодвол эрүүл мэнд тааруухан байна. Сүртэй биш өвчинөөр маш хүндэрч өвдөнө. Гэсэн ч таны хувьд идэвхитэй ажиллах жил болохоор амралт ажлаа зөв зохицуулаарай.

Хилэнц
Эд баялаг өөд даллан дуудаж байна Энэ онд таныг эд баялаг өөд даллан дуудаж байна. Хийхээр төлөвлөсөн ажлууд тань хэрэгжиж өндөр ашиг өгөх боломж их байна. Жилийн эхний хагаст гэр бүлийнхний чинь амжилт танд баяр баясал авчирна. Ах дүү төрөл төрөгсөдтэйгөө аялаж чөлөөт цагаа өнгөрөөх нь танд тун таатай мэдрэмжийг авчирах болно. Жилийн сүүлийн хагаст үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлыг шийдэхэд ашигтай байна. Аялал зугаалгаар явах нь танд шинэ эрч хүч шинэ санаа оноо нэмэгдэх болно. Есдүгээр сар танд өндөр ашиг олох магадлал өндөр байгаа тул боломжийг бүү алдаарай. Энэ жил танд хууч өвчинүүд тань танд төвөг удах бололтой. Зүрх судасны систем ходоод гэдэсний өвчин болон мэдрэлтэй холбоотой өвчинүүд таныг шаналгаж болзошгүй. Амралт рашаан сувилалын газрууд ад сайтар сувилуулах хэрэгтэй. Ардын эмчилгээ нэн тохиромжтой.

Нум
Энэ жилд тохиолдох томоохон өөрчлөл үйл явдлууд таны амьдралд хэзээ ч мартагдашгүй байх болно. Сэтгэл хөдлөл амжилт өсөн дэвшилт эрч хүчээр дүүрэн байх нь. Бусдыг өөртөө соронзон мэт татах чадвартай дур булаам нумынхан хайр дурлалд амжилтаар дүүрэн байна. Хайр дурлалын тоглоом болсон эрх чөлөөтэй ихэмсэг занг тань эвдэхийг хүссэн эсрэг хүйсний хүмүүсийн хүрээлэлд байх болно. Санхүүгийн хувьд илүү ихийг олох боломж танд байна. Өмнө нь та аливаа эрсдэл алдагдал болон цаг хугацааны байдлаас хамааран мөнгө хөрөнгийг гартаа дөнгөж оруулаад алддаг байсан бол энэ удаа чанга атгаж чадна. Ялангуяа 1, 2 сар таны санхүүгийн байдалд таатай нөлөөлөх бөгөөд бат найдвартай хөрөнгийг бүрдүүлэх зорилго тань нэг шатаар ахих болно. Ажил амралтаа зөв зохицуулж зөв зохистой хооллож байвал эрүүл мэндийн талаар санаа зоволтгүй. Дараа хоёр дахин ихийг авахын тулд заримдаа өгөх ёстой болдгийг бүү март.


Матар
Шинэ он бүхэлдээ хүндхэн жил байх болно. Бодит байдлыг анхааралтай зөв тодорхойлж чадваас амьдралынхаа чухал асуудлуудыг бэрхшээлгүй давж чадна. Гэр бүлтэй болох гэж төлөвлөж байгаа бол энэ жил маш их азтай байх болно. Энэ асуудалтай холбоотой зарим нэгэн төлөвлөгөөгөө зуны сард хэрэгжүүлэхэд зохистой. Аравдугаар сар хүртэл өөрийн эрүүл мэнддээ илүү ихээр анхаар. Ажил ихтэй цаг зав багатай хүмүүс нэн түрүүнд эрүүл мэндийн бүрэн шинжилгээнд орохыг зөвлөж байна. Ялангуяа гэнэтийн аваар осолоос өөрийгөө байнга хамгаалж бай. Санхүүгийн хувьд амжилт хэд хэдэн зүйлээс шалтгаалах болно. Юуны түрүүнд өөрийн санхүүгийн байдлыг зөв тодорхойлж хөрөнгө оруулах гэж буй ажилдаа хэр зэрэг мэдрэмж туршлагатай хандах зэргээс ихээхэн хамаарна.

Хумх

Хумхынханы хувьд 2011 он амьдралд өөрийн байр сууриа олох жил. Хүрэх тэмүүлэл ажил төрлийн хувьд өсөх боломжийг алдахгүй байх нь чухал. Хувийн амьдрал тань ч гэсэн бодсон шиг чинь амар тайван биш байна. Өөрийн гэсэн байх орон сууцтай болох эсвэл их засвар хийх зэрэг таатай явдал тохиолдоно. Хүүхдүүдийн зүгээс асуудал үүсгэж нэлээд зөрчилтэй байна. Санхүүгийн хувьд тогтвортой бус байна. Хуучин өрийн асуудал сөхөгдөн найз нөхөд тань нэлээд гомдоллох явдал гарна. Жилийн эхний хагаст зарим хүмүүсийн байр суурь ганхаж ажилгүй болж болзошгүй. Жилийн дунд үеээр буюу хавар зуны завсар биеэ сайн бодохгүй бол өвдөх юмуу өвчин сэдэрч хүндрэх магадлал маш өндөр байна. Мөн оны эхээр аваар ослоос болгоомжил.

Загас

Хүнд хэцүү нь их болов ч баяр хөөртэй олон өөрчлөлт таныг хүлээж байна. Энэ бүх өөрчлөлт хувийн ч ажил мэргэжилд ч хамаарна. Хэт их ачаалалтай ажилласанаас мэдрэлийн ядаргаанд орж болзошгүй. Урьдчилан амин дэм витамин хэрэглэхгүй бол бие чилээрхэж үүний зэрэгцээ тооцоогүй зардал маш өндөр гарах магадлалтай. Албан тушаал ахих олон жил мөрөөдөж байсан хүсэл тань биеллээ олж ихээхэн ашиг орлого авчирна. Гэхдээ амжилтанд хүрэх тийм ч хялбар биш тул зорьсондоо хүрэхийн тулд урдаа байгаа аливаа бэрхшээлээс шантралгүй байх нь чухал. Хайр сэтгэлийн хувьд халамж энхрийллээр дүүрэн гэгээлэг тод дурсамж үлдээсэн жил байх болно. Өөрийгөө хайр дурлалд азгүй нэгэн гэж бодож явдаг хүмүүс сэтгэл хөдөлгөм сайхан харьцааг бий болгоод зогсохгүй сайхан гэр бүлийг бий болгож чадна.

Эх сурвалж: gogo.mn
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино