2010/11/21

Овжин бүсгүйн өмнө хорвоо ертөнц сөхөрдөг

"Бүсгүйчүүлд аз биш ов л дутдаг юм" Английн домогт загвар өмсөгч Твигги
Image hosting by IMGBoot.com
Эмэгтэй хүн байна гэдэг маш их хариуцлага. Хүүхэд төрүүлж өсгөх, гэрийн ажлыг хийж сайн эзэгтэй байх гээд л. Гэвч түүнийхээ хажуугаар асар их аз завшаан юм. Ялдам харцынхаа тусламжтай ямар ч нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар эргүүлж чадах авъяас зөвхөн бидэнд л шударга бусаар оноогдсон. Гэвч бид энэ овынхоо 30 хувийг л ашигладаг. Үлдсэн 70 хувийг нь ашиглавал танд ямар их боломж, амжилт ирж болохыг төсөөлөөд үз дээ.

Ов гэж яг юуг хэлээд байна вэ? гэж та гайхаж байж магадгүй. Үеийнхнээсээ ердөө ч ялгарахааргүй царайтай Клаудиа Шифер алдартай загварын агентлагийн эзний анхаарлыг татахын тулд албаар түүнтэй мөргөлдөж, хүрэн улаан бургунд дарсыг хөхөн дээрээ асган жүжиглэж байсан. Хэрэв тэр ингээгүй бол өөртэйгөө адилхан модел болох хүсэлтэй мянга мянган охидоос онцгойрч чадахгүй байсан билээ.

Жирийн нэг ажилчин бүсгүй үйлдвэр дээр нь нэрт фотозурагчин ирэхийг дуулаад тэр өдөр нь зориуд ноорхой хувцсаа сольж, холливудын од шиг үсээ янзалсан нь дэргэдэх хөө тортог болсон хүүхнүүдийн хажууд цэцэг шиг л харагдаж анхаарал татсан. Энэ бол Мэрилин Монрогийн амжилтанд хүрсэн "ов" байлаа.

Одоо та овжин эмэгтэйн талаар бага ч гэсэн ойлголттой болсон байх. "Сайхан эмэгтэй болгон сайхан харагдаж чаддаггүй. Харин сайхан харагдаж чаддаг эмэгтэй л сайхан харагддаг юм" гэж хэний ч юм хэлсэн үг яахын аргагүй санаанд орж байна. Зөв цагт, зөв газраа, зөв хүнийхээ анхаарлыг татаж чадсанаар таны мөрөөдөл нүд ирмэхийн зуурт бодит биеллээ олохыг та харах болно.

Хорвоо дэлхий овжин бүсгүйчүүдийн л бодлыг сонсдог. Одоо "бусад"-ын нэг байх уу, эсвэл "онцгой" нэгэн болох уу гэдэг таны л сонголт үлдлээ.

Гэвч ов мэхээ ашиглахад ч хичээл сургуулилт, хөдөлмөр хэрэгтэй. Танд хэрэгтэй хүмүүсийн анхаарал тань дээр төвлөрөх боломжтой үеийг бүү алдагтун. Түүнээс гадна энэ арга эсрэг хүйстэй хүн дээр илүү амархан хэрэгждэг гэдгийг санаарай. Тэднийг өөр дээрээ ирэхийг бүү хүлээ. Харин өөрөө тэдний байгаа газар нь очиж санамсаргүй байдлаар өөрийгөө анзааруулах төлөвлөгөө гарга. Овжин бүсгүйчүүдэд тохиолдол гэж байдаггүй. Тэд бүхнийг тохиолдол мэт харагдуулж чадсанаараа нэр цэвэр үлдэж, хүссэн хүнийхээ толгойг эргүүлдэг юм.

Хажуугаар тань сайхан боломжууд урсан өнгөрсөөр байна. Яг одоо хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд овжин байж сурцгаая. Хамгийн гол нь та заавал гоо үзэсгэлэнтэй, өндөр чадвартай байх шаардлагагүй. Харин таниас давуу талтай хүмүүсээс өрсөж хөдлөн, ер бусын аргаар дээш гарах нь чухал. Тэгж чадаагүй эмэгтэйчүүд бүгд "Хорвоо шударга бус"-ыг гайхан алтан завшаанаа булаалгасаар хоцордог гэдгийг санаарай.

Ухаалаг бүсгүй таныг хүндэтгэсэн Заяаз
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино