2010/11/21

Хулан /Б.Шүүдэрцэцэг/

Төгсгөлийн хэсэг

Эмгэнийг ухаан орсны дараа санаа амарсан хүүхдүүд нь таран явцгааж, дараа Хулан үлдээд ийнхүү бодолд дарагдан суугаа билээ. Хагалгаа хийсэн эмч нь орж ирээд "Наркоз нь бүрэн гарахаар нойл шөл уулгаарай" гээд гарав. Эмээ нь наркозоо гарсны дараа дахиад унтаад өгөв. Тэгснээ нэг гүн санаа алдаад нойрноос сэрж, ач охиноо хараад гараа сунган толгойг нь иллээ.
-Эмээ, бие тань яаж байна?
-Гайгүй ээ. Төрөл арилжих насны тоо гүйцээгүй юм байлгүй дээ. Миний муу бүлтгэр охин ядарчихлаа даа.
-Зүгээр, зүгээр юундаа ядардаг юм бэ. Та шөл уух уу?
-Одоохондоо ч юм ууж идмээргүй л байна. Миний муу сөөсгөр жич хүү мөөмөө үгүйлж байгаа даа.
-Би хичээлээ тараад хөхүүлчихээд ирсээн. Сая Бөртэ Очироог уйлаагүй байна гэж байна лээ.
-Миний охин аавындаа харьчихаа юу? Хулан хэл халтираад эмээдээ ийнхүү ам алдчихав.
-Тийм ээ, би харьчихсан. Анандтай суумааргүй байна.
-Аав, ээждээ тэгж хэлээ юу?
-Хэлсээн. Эмээ та ч гэсэн сэтгэлгүй хүнтэй сууж хэрэггүй гэсэн биз дээ?
-Тэгж л бодож байгаа бол эргэж буцах хэрэггүй шүү, миний охин.
-Та миний занг мэднэ ш дээ. Ананд намайг буцааж аваачих гэж ээжийгээ явуулсан байсан. Би хүүтэй нь суухгүй гэж үнэнээ л хэлсэн. Эмээ, та одоо ядарчихлаа. Шөлөө уух уу?
Энэ бол яриаг цааш нь үргэлжлүүлэх хүсэлгүй байгаагийн шинж билээ. Эмээ нь чимээгүй болж эрхээ эргүүлэн нүдээ хагас анилаа. Орой тийшээ Уянга найз нь Хулантай уулзахаар ирлээ. Авга эгч нь ч ээжийгээ сахихаар ирсэн тул Хулан эмээтэйгээ хуйвалдагчдыи ёсоор нүд ирмэчихээд найзтайгаа хамт гарчээ.
Түрүүнээс хойш түүнд нэг юм хэлэх гээд хэл ам нь загатнаад байсан Уянга эмээгийнх нь өрөөнөөс гарангуут л Хулангийн ханцуй дээрээс татан зогсоогоод:
-Хүүш ээ, танай Ананд чинь яахаараа Зоптуяагаас салахаа больчихоов? Би өнөедөр тэр хоёрыг Анандын машин руу тэврэлдээд орж явахыг нь харлаа гэж нүдээ томруулан хэллээ.
-Би Анандаас салж байгааг чи сонсоогүй бил үү?
-Юу ? Яаж байгаа юм?
-Яахав. Би тэрэнд хайргүй л байхгүй юу.
-Чи чинь "алчихдаг" хүн юмаа, Тэгээд яах гэж хүүхдийг нь гаргасан юм бэ?
-Холливудын одод л иигэдэг байх. Өчигдөр суусан, өнөөдөр салсан байдаг биз дээ?
-Бид хоёр суугаагүй ш дээ.
-За, Хулаан, битгий хэгжүүрхээд бай л даа.
-Юундаа хэгжүүрхэх юм бэ. Чи ч гэсэн гадарлаж байсан юм биш үү? Нандиад намайг хурим хийнэ гэдэгтээ баярлахгүй байна лээ энэ тэр гээд л бичсэн гээ биз дээ?
-Чи үнэндээ ямар ч баярласан шинжгүй л байсан ш дээ. За, одоо яая гэхэв. Явж, явж чиний шийдвэр зөв ч юм бил үү? Ер нь чам шиг гоё охинд нөхөр мундахгүй ээ. Танай нөгөө ангийн Зоригоо чамд сайн гэсэн.
-За худлаа байлгүй дээ,
-Нээрээ, нээрзэ. Харин миний найз дахиад нэг залуугаар тоглочихов доо.
-За юу гэж дээ.
-Хулаан. Хоёулаа "Жизель" үзэх үү? Маргааш тоглолттой.
-Найз нь амжихгүй л байх аа даа.
-Тэгвэл би өнөөдөр Нандиад мэйл явуулахдаа чамайг Анандаас салсныг чинь бичлээ шүү.
-Тэг, тэг Чамайг "ССМ"-д ажилд оруулчихвал дорхиноо л Кристина Аманлуэр шиг лидер сурвалжлагч болчихно шүү гээд Хулан инээлээ.
Золтуяа Бадралыг хэл чимээгүй байгаад гайхсан ч Анандтай чөлөөтэй уулзаж байгаадаа баярлаад нэг хэсэгтээ л түүний тухай мартчихжээ. Гэтэл бямба гаригийн нэг орой таван цагийн үед Бадрал гэнэт утасдан:
-Би хөдөө яваад ирлээ. Одоо чам дээр очлоо шүү хэмээн сандаргав. Азаар Золоогийнд Ананд байсангүй. Бүсгүй түүн рүү утасдан өнөөдөр эавгүй шүү гэдгээ дуулгаж аваад санаа амрав.
-За, миний хонгор намайг эзгүйд уйдав уу? гэсээр Бадрал ч ороод ирлээ, Нүд нь ёлтолзоод нэг л сонин байгааг нь Золтуяа шууд ажигласан ч гүйж очоод энгэрт нь наалдчихав. "Уухай, чи бас намайг ингээд залилчих санаатай" гэж мань эр эгдүүцсэн ч уур хорслоо нуух тэсвэр гаргаж чадаад уруул дээр нь үнсэв. Яг энэ үеэр Ананд руу нэг залуу утасдан "Маш яаралтай Их дэлгүүрийн өмнө уулзах хэрэгтэй байна. Золоотой холбоотой юм шүү" гээд утсаа тасалчихжээ. Гэртээ реферат бичиж суусан Ананд гайхсандаа Золоо руу залгав. Утас нь дуудаад байсан ч авсангүй тул Их дэлгүүр руу очоод үзэхээр шийдэв. Хачирхалтай нь түүнийг Их дэлгүүрийн өмнөх талбайд зогсоод Золоог нүдээрээ хайсаар машинаасаа гарангуут бяртай байрын хоёр залуу дөхөж ирээд нэгэн машин руу хүчээр чихээд суулгачихав. "Та нар яах гээд байгаа юм бэ?" гээд тавиулах санаатай зүтгэвэл нэг нь "Томоотой байгаарай, очоод мэднээ, чи" гэж доогтой гэгч нь дуугарлаа. Машии давхисаар Золтуяагийн байрны дэргэд ирж зогслоо, Нөгөө хоёр Анандыг сугадан гаргаж тэдний орц руу ороод хаалгыг нь түлхүүрдэн онгойлгоод түлхэн оруулав. Буйдан дээр нэгэн бүдүүн эрийн тэвэрт нүцгэн хэвтэж байсан Золтуяа Анандыг харчихаад муухай хашгирав. Бадрал буйдан дээрээс босч ирээд пиджакаа углангаа түүнийг нэвт шувт ширтэж:
-Ийм сайхан залуу байж энэ биеэ худалддаг хүүхнээр яахнав дээ, Энэ чинь миний хөлсөлж өгсөн байр юм ш дээ. Дүү хүү эр хүн эр хүндээ хайртай байдаг юм. Чамд гэж зөвлөхөд энэнээс арай өөдтэйхэн охин олж аваач гэчихээд нөгөө хоёр залуугаа дагуулан гараад явчихав. Ананд нэг хэсэгтээ юу ч хэлж чадахгүй уйлсаар байгаа Золтуяа руу харан мэлрэн эогссоноо хаалга руу зүглэв. Араас нь Золоо чахарсан хоолойгоор;
-Ананд аа хэмээн дуудсан боловч эргэж ч харсангүй. Түүнийг гадаа гарахад нөгөө эрчүүд хэдийнээ бараа туруу ч үгүй алга болжээ. Тэр гадаахь явган сандал дээр толгойгоо салааачлан суулаа. "Золтуяа ийм амьтан байсан юм бий. Биеэ худалддаг хүүхэн. Аяаяа. Солонгост байдаг ахынхаа мөнгөөр хөлсөлсөн байр гээд байл уу? Гэтэл тэр нь нууц амраг нь байж. Юу ч гэхэв дээ. Хулангийн дургүй нь хүрэхээс яахав дээ" ингэж бодсоор тэр Их дэлгүүрийн гадаа орхисон машин руугаа дөхөхөөр бослоо, Ард нь хаа нэгтээ сонссон уяхан дуу гарч:
-Хүүе сайн байна уу? Та? хэмээн танимхайрахад нь эргэн харвал тэр нэгэн өдөр эндээс гар өргөн Сонгодог урлагийн театр хүргүүлсэн балетчин охин инээмсэглэн зогсч байлаа. Түүний тунгалагхан нүд, гэнэхэн инээмсэглэл үүрийн ягаахан гэгээ татах шиг сэтгэлийг нь сэргээгээд явчихав.
Тэр охин Анандыг дуугарч амжаагүй байхад нь:
-Та манай байранд байдаг юм биш биз дээ? Намайг Намуун гэдэг. Манайх энэ орц гээд чимээгүй болсноо халааснаасаа тасалбар гарган -өнөөдөр би "Жизель"-д бүжиглэнэ. Заавал үзээрэй гэчихээд нүүр нь үлмэдэг улсхийснээ гүйгээд явчихав. Залуу тэр билетийг нь барьсаар амандаа "Намуун" гэж шивнэн хоцорлоо.
Арван долоохон настай Намуун охин хэд хоногийн өмнө театр руу нь хүргэж өгсөн тэр сайхан нүдтэй залууг үргэлж бодох болжээ. Гэтэл нэрийг нь ч, гэрийг нь ч мэддэггүй. Зориг гаргаад "Таныг хэн гэдэг вэ?" гээд асуучих минь яав даа хэмээн хэдэн өдрийн турш харамсан гэрээсээ гарах бүрдээ сэмхэн харуулдаж явсаар өнөөдөр яг орцныхоо үүдэнд ингээд яг тааралдчихав. Охин баярласандаа ичиж эрээлэхээ ч мартан ам нээсэн нь энэ.
Дөнгөж саяхан Золтуяагийнд болсон явдалд цочирдсон Ананд гэртээ хариад л тэр билетийг нь гал тогооныхоо ширээн дээр тавиад мартчихжээ. Тэгээд гар утсаа унтраан хичээлээ уншсаар нэг мэдэхэд нэлээд орой болсныг анзаарав. Хуланг явснаас хойш түүнийг мартагнахын тулд хичээлээ унших нь нэмэгдсэн билээ. Гэтэл ээж нь нэг гартаа билет барьчихсан шагайж "Миний хүү балет үзэх байсан юм биш үү?" гэхэд нь л нөгөө Намуун хэмээх турьхан охиныг санав. Охины гэнэхэн ялдам инээмсэглэл, "Өнөөдөр би Жизельд бүжиглэнэ. Заавал үзээрэй" гээд нүүр нь хөөрхөн улсхийснийг нь санаад гэнэт театрт очихоор шийджээ.
Түүнийг яаран яаран давхисаар Сонгодог урлагийн театрт очиход танхимд хөгжим эгшиглэн алга ташилт нижигнэж байлаа. Залуу театрын үүднээс ганц ширхэг гал улаан сарнай худалдаж аваад орлоо. Харамсалтай нь улаан хүрэн хилэн хөшиг хаагдаж байлаа. Залуу охидын сүнснүүдийн бүжиг тоглосон жаахан Намуун инээмсэглэн зогсохыг тэр харж амжлаа. Ингэж Ананд Намуун хоёр танилцан дотносч билээ..
Харин Ананд Золтуяаг тэгээд хувь заяанд нь даатгаад орхичихож чадсангүй. Хэд хоногийн дараа уйлан хайлан утасдахад нь очиж уулзжээ. Тэгээд "Золоо, чам шиг сэргэлэн охин ингэж амьдарч болохгүй ээ. Би чамайг амьдралын эрхээр ийм байдалд орсныг чинь ойлгож байна. Энэ байрнаасаа гар. Би чамд тусалъя. Ажил олж өгье. Ийм замаар явах юм бол чи ирээдүйгээ баллана шүү" гээд шинэ байр хөлслөх мөнгөөр тусалжээ,
Харин энэ хооронд Хулан хуулийн чиглэлээр суралцдаг оюутнуудын дунд болсон илтгэлийн уралдаандаа түрүүлж Иелийн их сургуульд сурах урилгаар шагнуулав. Тувшингээс нэг хэсэгтээ сураггүй байснаа нэг өдөр утсаар ярив. Хулан ч "Би Анандтай суухаа больсон" гэдгээ хэлсэн нь Түвшинг магнай хагартал баярлуулжээ.
Гэвч Хулан түүнд хайртайгаа шууд хэлсэнгүй, Түвшин ч Лхагваагаас больсноо хэлсэнгүй. Хэн хэн нь нүүр тулан уулзах баярт учралыг хүлээн догдолж хамгийн нандин үгээ тэр уулзалтанд хадгалж байв.
Нэг л мэдэхэд зургаан сар гарчихжээ. Ананд хүүхдийн баяраар хүүдээ бэлэг аваад Батболдынд очив. Хулан тэр хоёр овоо угийн солиотой болжээ. Байрны гадаа хүүгээ тоглуулангаа тэр хоёр хэдэн уг солив.
-Аагий чамайг нэг хөөрхөн охинтой хамт явж байхыг харсан...
-Аа, тэр уу? Намуун гэдэг юм.
-Аан. Би та хоёрыг хараад баярласан шүү. Гоё охин байна лээ. Харин Чи хүүтэйгээ ойр ойрхон уулзаж бай л даа.
- Би хүүгээ л их санах юм. Дандаа уулзаад байхаар бүр ч их хэцүү санагддаг... Мартсанаас чи хэзээ Америк явах гэж байна?
-Намар найман сарын эхээр.
-Түвшин чамд хайртай гэж үнэн үү? Элс самардан хөөрөн тоглож суугаа хүүгээ араас нь түшиж суусан Ананд халааснаасаа амны цаас гарган хүүгийн шүлсийг арчингаа ингэж асуугаад Хулангийи нүд рүү харав.
-Үнээн. Одоо чамаас нуух юу байхав дээ. Надад ч гэсэн Түвшин таалагддаг...
-Тэгвэл... та хоёрт аз жаргал хүсэх л үлдээ шив дээ?
-Чамд ч гэсэн. Хулан энэ үгийг Анандад чин сэтгэлээсээ хэлж билээ. Харин тэгэхэд Ананд "Би чамайг сүүлчийн удаа үнсэж болох уу?" гэсэнсэн. Түүний харцнаас Хуланд одоо ч хайртай гэдгийг нь уншиж болохоор л байлаа. Энэ оройноос хойш хоёр сарын дараа Хулан Иелийн их сургуульд сурахаар Америк руу нисч явлаа. Эмээгийнх нь бие сайжирч, Ананд жинхэнэ хайртайгаа учирсан болохоор түүний хувьд хүүгээс нь өөр ардаа санаа зовох юм байсангүй. Хэдхэн цагийн дараа хөл тавих Америк оронд ямар учрал хулээж буйг л тэр мэдэхгуй байв. Харин түүний сэтгэлээс уяатай Түвшин нь Кеннедийн нэрэмжит олон улсын нисэх буудал дээр тосч байгааг Хулан мэдсэн бол "Боинг" онгоц үхэр тэрэг мэт удаан санагдах байсан байх даа.


ТӨГСӨВ.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино