2010/10/12

Хүүгээ уучил /Тунгаамал/

Image hosting by IMGBoot.com
Хүүгээ ирэхийг хүлээн цонхны тавцан түшч зогссоор...цаг аль хэдийн шөнө дунд өнгөрснийг зааж байв. Орц руугаа харсан цонхтой тул цөхрөлтгүй цонхон дээрээ зогссоор. Ашгүй орцных нь үүдэнд хөлсний тэрэг ирж зогсоод хүү нь дотроос нь буув. За ашгүй хэмээн санаа нь амарч орондоо орлоо. Аавыгаа эзгүйд дандаа л ээжийнхээ өвөрт унтдаг хүүгийнх нь багын ааль одоо ч хэвээрээ. Аавыгаа томилолтоор явангуут ээждээ урьдынхаасаа илүү эрхлэн нялхамсана. Хүү нь ч гэхдээ одоо том хүн болж дээ. Ямартай ч тангараг өргөсөн Цагдаагийн албан хаагч хүүтэй хүн шүү дээ би чинь. Барагтай аавын хүү тэнцдэггүй сургуульд тэнцээд, баргийн хүн давдаггүй давааг хүү нь харин бүдрэх ч үгүй давж яваа. Одоо ингээд л удахгүй бэр чинь ээ гээд л нэг охин хөтлөөд ороод ирэх байх даа хүү минь. Хааяахан утас нь дуугараад болохгүй болохоор авчихна. Гургалдай адил дуугарах охидын адтай хоолой хүүтэй нь ярихыг хүснэ. Хааяахан бас утсанд нь ирсэн мсж-ийг санамсаргүй уншчихна. Бас л хайрын чамин гоё үгстэй мсж. Сайн л охин таараасай билээ дээ. Ийнхүү бодсоор хэвттэл хүү нь гэртээ ороод ирлээ. Унтаж байгаа дүр эсгэн чимээгүйхэн хэвтэх эх.
Манцуйдаа дэрвэж байсан нялх сэвлэгнийх нь үнэр саяхныг хүртэл үнэртдэг л байсан сан. Гэтэл одоо үнсэн үнэрлэсэн хүүгийнх нь толгойноос тамхи, ямар нэгэн үнэртэй усны нялуун үнэр, өөр бас юу ч юм өчнөөн юм холилдсон эвгүй муухай үнэр үнэртэж, ангир уургаа амлан байсан тэр амнаас нь архины эхүүн үнэр ханхийх нь юу вэ...??

Сэрүүлэгний дууг тээршаан хөнжилдөө шургахуй ам нь учиргүй цангаж, толгой нь ангалзан байв. Ээж нь ирэн толгойг нь илж “Миний хүү одоо бос оо” гээд эргэв. Биеэ дааж ядан босч зовхио арайхийн нээвэл ээж нь хажууд нь стакантай ус орхисон байв. Өнөөхийг аван гуд гудхийтэл залгилчихаад нүүрээ угаан гал тогоо зүглэвэл сайхан бантан хийгээд ширээн дээр тавьчихсан байлаа. Өнөөхийг идэж хар хөлс нь цутган ээждээ хязгааргүй баярлаж суув. Гэтэл ээж нь энэрэл хайр нэвт гэрэлтсэн нүдээр харж, ухаарал хайрласан намуун дуугаар
- Миний хүү юу л уугаад байна даа? гэв.
Хэдий аашилж загнаж, зандран хашгираагүй ч ээжийнх нь дуу зүрхийг нь зүсэн гарах адил болов. Сэртэсхийн цочиж ээжийгээ харлаа. Ээжийгээ үүрдийн залуу, үхэшгүй мөнх мэтээр бодож явснаа энэхэн мөчид л ухаарав.
Задгай хүрэн үсээ намируулж, тас тас инээсэн идэрхэн хүүхэн...түүний хувьд ээж нь үргэлжид л эрч хүчтэй, цовоо гялалзаж явдаг байв. Ээж шиг нь хүчтэй, мундаг хүн үгүй.
Гэрийн цэнхэр халаттайгаа эгчид нь цай найруулан зогсох ээжийнхээ нүд нь сэлхэрснийг хараад шөнө бас л миний ирэхийг нойргүй хүлээсэн дээ. Өглөө ч тэр хар үүрээр босож бантан хүртэл хийгээд, өмд кителийг минь индүүдчихдэг...энэ сайхан эмэгтэйг энгүй хайртай ээжийгээ ингэж зовоохын хэрэг юусан билээ гэж бодохуй, хоолой дээр нь нэг юм тээглэн түгдэрэн байж
- ...аан жаахан пиво л...гээд босов. Эгч нь зөрөн гал тогоонд орж ирэхдээ чимээгүйхэн толгой сэгсрээд өнгөрөв.
Тэр энэ айлын бага хүү. Бас энэ айлын голомт залгах цор ганц хүү. Эрх дураараа давилуун хэдий ч ухаанаа алдсан мунхаг нэгэн биш ээ.
Гэрээс гарахад ардаас нь
- Миний хүү эртхэн ирээрэй, аав нь ирж яваа...

Тэгнээ ээжээ, хүү нь эрт ирнэ. Ахиж таныхаа нойрыг хугаслан шөнөөр хүлээлгэхгүй...хүү нь хүлээлгэхгүй ээ...ээжээ. Ийнхүү дотроо шивнэсээр, ахиж ээжийгээ зовоохгүй ээ хэмээн өөртөө андгайлсаар...
Энхрийлэл хайр
Энэрэл ухаан
Энэ бүгд таниас үүдэлтэй
Эгэлгүй нэгэн
Эрхэмсэг хатагтай
Ээждээ хүү нь зөндөө их хайртай....

2008.11.05

zayaznet@yahoo.com-оор ирсэн захидал
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино