
Би өөрийгөө жирийн байхыг хүсдэггүй жирийн эмэгтэй гэж тодорхойлмоор санагддаг. Гунхалзтал алхаж, дурлатал талимаармаар байсан ч сэтгэл доторхи бяцхан ичимхий зандаа илүү дийлддэг.
Эмэгтэй л юм болохоороо дэлгүүр хэсэх ухаангүй дуртай. Гэхдээ 5 цаг яваад л "бензин" дуусчихна. Ядрахаараа гэртээ нураж унах шахсан юм орж ирээд, хувцсаа ийш тийшээ шидчихээд онхолдоод өгдөг. Гэртээ ганцаараа байхдаа өдөржин нэг сайн "буулгаж" авчихаад, орой нь зад цэвэрлэдэг зантай.
Ээжээсээ өөр хүнд загнуулж сураагүй гэмтэй. Харин хаа очиж өөдрөг шүү. Өнөө шөнийн хүйтнээс маргаашийн дулаанд илүү итгэдэг. "Надад ямар ашигтай вэ?" гэлгүй "Надаас ямар юм унах биш?" гэж бодоод юм хийх нь амар байдаг. Хүнд магтуулах дуртай. Тэр дундаа хэн нэгэнд "ухаантай" гэж хэлүүлвэл мишээгээд л явчихна гээч. /хэхэ/
Шүлэгнээс би урам зориг ордог. Харин өгүүллэгийг би зүгээр л сонирхлоороо бичдэг.
"Санамсаргүй" гэдэг үгэнд итгэдэггүй. Бүх үйл явдал цаанаасаа хувь заяагаар зохицуулагддаг гэдэгт сүсэгтэй. Иймдээ ч тэр үү, ямар нэг юм бүтэлгүйтвэл "Ингэх л ёстой байж дээ" гэж боддог зуршилтай болчихсон.
Хүнээс үг харамлах дургүй. Аман дээр гарч ирээд байвал, тэр дор нь хэлчихээд санаа амар бодох юмгүй байх дуртай. Хүний итгэлийг алдахаас хамгийн их айдаг. Үргэлж нүүр дүүрэн инээмсэглэсэн, сайхан царайнуудаар хүрээлэгдэж байхдаа дуртай.
Товч өгүүлэхд нэг иймэрхүү л хүн. Миний вебблогоор өдөр бүр зочилдог охид бүсгүйчүүддээ маш их баярладаг шүү. Арваад жилийн дараа нэртэй сэтгүүлийн ахлах эрхлэгчийн роль-оор та нартайгаа уулзана гэдэгт итгэж байна.