
Нэр: Бүргэд овогт Оюунгэрэлийн Агиймаа
Орд: Хумх
Ажил/мэргэжил: Сэтгүүлч
-Хүнээс сонсч байсан хамгийн сайхан үг:
-Маш олон хүнээс олон сайхан үгс сонсож байсан. Тэр дундаас “Зүс, оюун төгөлдөр” гэсэн үгийг сонсоход хамгийн сайхан санагдсан. Гэхдээ гадаад төрхөөс минь илүү дотоод ертөнцийг минь ойлгож, магтахад дуртай
-Бухимдлаа яаж тайлдаг вэ:
-Амархан бухимдаж, амархан ч тайвширдаг. Бухимдлаа дотроо хадгалаад байхыг хүсдэггүй учраас ихэнхдээ илэрхийлдэг. Зарим үед аяндаа тайвширчихдаг.
-Эмэгтэй хүний үнэ цэнэ юунд оршдог гэж боддог вэ:
-Ер нь бол нилээн феминист үзэлтэй шүү! Би эмэгтэй хүмүүсийг бие даасан, өөрийн гэсэн үзэл бодолтой, үнэт зүйлстэй, түүнийгээ хамгаалж илэрхийлж чаддаг байгаасай гэж хүсч явдаг, түүнийгээ ч ихэнх өгүүллэгээрээ илэрхийлдэг.
Мэдээж бие даасан гээд эрчүүдийг үл тоомсорлож болохгүй л дээ. Гэхдээ нийгмийн амьдралд эмэгтэйчүүдийг үл тоомсорлосон басамжилсан хандлага маш их ажиглагддаг. Үүнд их эмзэглэж, чадах чинээгээрээ өөрчлөхийг хичээдэг. Хүчирхэг, бие даасан, нэр төрөө эрхэмлэж явдаг бүсгүйчүүдэд дуртай.
-Чин сэтгэлээсээ дурлаж байсан уу? Тухайн үеийн мэдрэмж?
-Жинхэнэ хайр дурлалд ямар нэгэн шалтгаан байдаггүй гэж боддог. Яг юунд нь болж хайрладагаа өөрөө хүртэл мэддэгүй, бүх зүйл нь л таалагддаг. Хүн жинхнээсээ дурлаж хайрлахаараа өөрийгөө золиослох чадвартай болдог юм шиг санагддаг.
-Төгс эрэгтэйн талаарх таны ойлголт:
-Гадаад төрхийн төсөөллийг орхиё, Миний хувьд төгс хүн маш ухаантай байх хэрэгтэй. Ухаантай хүн л бусдад хүндлэгддэг. Мэдээж бүх тал дээр мэдрэмжтэй байх хэрэгтэй. Учир нь мэдрэмж муутай эрчүүд эмэгтэй хүнийг ойлгож хүндлэх тал дээр дутмаг юм шиг санагддаг. Мөн ямар ч тохиолдолд итгэж найдаж болох ноён нуруутай, амьдралын үнэ цэнийг ойлгодог, аливаа зүйлд хариуцлагатай ханддаг, өөрийгөө захирч чаддаг, зөвхөн өөртөө биш бүх хүмүүсийн төлөө ямар нэг үйл хийж чаддаг, хатуужил тэвчээртэйгээс гадна романтик сэтгэлгээтэй байх гэсэн шаардлагууд байдаг. Энэ бүхэн нэг хүнд хослон заяагдах магадлал маш бага байдаг ч тийм хүн байдаг юм билээ^^
-Таны хэзээ ч биелэхгүй нууцхан хүсэл/мөрөөдөл:
-Шувуу шиг нисэх, ирээдүй болон өнгөрсөн үе рүү аялах, ертөнцийн үүслийг жинхэнээр нь мэдэх, атлант болон лемурчуудын самади агуйд орж тэдэнтэй харьцаж сурах, үхэж үзээд буцаад амь орж үхлийн талаар хүмүүст мэдээлэх зэргийг нууцхан хүсэж явдаг.
-Дурласан эрийнхээ хувьд ямар эмэгтэй нь байхыг хүсдэг вэ?
-Амьдралынх нь утга учир, хамгийн итгэлт хүн, биеийнх нь өрөөсөн хагас, тархинд нь чөлөөтэй нэвтрэгч, галзуу солиотой үйлдэл бүхнийх нь фен, бүх үйлдлийг нь харцаараа ойлгогч, дэргэд нь байхад хамгийн амар амгалан байдаг хүн нь, унаж доройтох үед нь таяг, босож сэргэх үед даруулга нь, амьдралынхаа сүүлийн хоромд атгах гар нь байхыг хүсдэг дээ. Миний “Заяаны хань” гэдэг өгүүллэг яг энэ асуултанд бүрэн хариулт өгнө
-Нүдэнд харагдах Агиймаа, таны дотор байдаг Агиймаа хоёр хоорондоо хэр ялгаатай вэ?
-Ялгааг нь багасгах гээд хичээж л байна. Ер нь бол гадаад төрхөндөө анхаарал хандуулж хийсвэр байсан үе бий. Гэхдээ одоо доторх би-гээ таньж мэдээд гадаад төрхтэйгөө адилхан болгох гээд оролдож байгаа. Гэтэл гадаад төрх маань жоохон муудаад байх шиг хэхэ, энэ хоёр яг адилхан байж болдоггүй л юм байлгүй дээ
-Таны амьдралын “багана”?
-Харьцангуй л дээ. Олон удаа өөрчлөгдөж байсан. Одоогийн байдлаар миний өөрийнхөөрөө, шудрага зан “багана” минь болж байна. Ирээдүйд яаж өөрчлөгдөхийг би мэдэхгүй. Магадгүй ханьтай болвол өөрийнхөөрөө зан минь арилаад, оронд нь гэр бүл маань амьдралын багана болох байх.
-Өөрийгөө ямар нэг киноны дүртэй адилтгавал?
-Багадаа өөрийгөө Walt Disney-ын Sleeping Beauty киноны хайрт ханхүүгээ ирээд авартал нь цамхгийн оройд гүн нойрсдог Аврора гүнжтэй жишдэг байлаа. Гэхдээ өөрийнхөө амьдралын төлөө юу ч хийлгүйгээр зүгээр л унтаад хүлээх нь тийм ч зөв биш юм гэдгийг ойлгож эхлэсэн. Магадгүй маш эрс тэс зантай дүр л тохирох байх.Tim Burton-ы Corpse Bride хүүхэлдэйн киноны Эмилитэй төстэй байж магадгүй юм. Учир нь тэр хайртай хүнээ аз жаргал руу нь явуулаад өөрөө замхран алга болж чаддаг шүү дээ. Бас Tim Burton-ы Alice in Wonderland киноны Алисатай ч адилхан байж магадгүй. Учир нь бодит ертөнц түүний хувьд утгагүй санагддаг . Тэр Гайхамшгийн ертөцөөс өөрийгөө олж Галзуу Малгайчинд хайртай болдог. Харин миний хувьд төгсгө л нь арай өөр. Алиса уйтгартай, нэгэн хэвийн, жирийн ертөнц рүү буцалгүй, өөртэйгөө адилхан галзуу хүмүүсээр дүүрэн Гайхамшгийн оронд үлдэх байсан...
-Үлгэр жишээ авдаг эмэгтэй?
-Мэдээж эмэгтэй хүн бүр ээжээсээ үлгэр авдаг байх. Миний ээж үнэхээр сайхан эмэгтэй. Гоо үзэсгэлэнтэй, боловсролтой, ухаалаг бас мэдрэмжтэй. Тийм ч болохоор намайг миний зан араншинд тохируулж хүмүүжүүлсэн. Ээж минь хэзээ ч миний хувийн орон зай, бодолд халдаж юу хийхийг минь зааж, өөрийн бодлыг хүчээр тулгаж эсвэл хүсэл мөрөөдөлд минь хориг тавьдаггүй харин амжилт гаргахад минь урам өгч ямар нэг авъяасаа хөгжүүлэхэд үргэлж дэмждэг байсан. Эргэлзэж тусламж гуйтал тэр миний асуудалд оролцдоггүй байсны ачаар би биеэ даасан, хэн нэгнээс хараат бус зантай болсон гэж боддог. Миний үзэл бодлыг хүндэлж өсгөсөн болохоор би одоо ч гэсэн өөрийн үзэл бодлоо хамгаалж чаддаг, бас бусдын нөлөөнд автдаггүй маань ээжтэй минь шууд хамааралтай.
Агиймаагийн дотоод ертөнцтэй илүү их танилцахыг хүсвэл http://gunjiin-nulims.blogspot.com/