2010/06/30

Хүний хайрыг дааж яваарай!

Нэг л өдөр би энэ орчлонг харж чаддаг болсон...А үсэгнээс өөрийг бичиж чадахгүй балчир байхад минь хорвоо энэ ертөнцийг өөрийн мэлмийгээр харах эрхийг минь хассан юм. Түүнээс хойш 20 жилийн турш би гар, хөл, таягаараа нүдээ орлуулж байсан.
Photobucket
Ээж аав минь намайг жаргалтай байлгахын тулд хамаг чадлаараа хичээдэг байсан ч, сэтгэлийнхээ гүнд "Би бусдаас дутуу" гэдгээ мэдэрдэг байлаа. Миний нэрийг Номин гэдгийг ч хэлэх үү, үргэлж л байрныхаа хүүхдүүдэд "Сохор номин" гэж дуудуулдаг байлаа. Багаасаа бусдад доромжлуулсан учраас би гэр бүлийнхнээсээ бусад хүмүүсийг, ер нь энэ хорвоо ертөнцийг бүхэлд нь үзэн яддаг байсан юм. Хор шар хөдөлдөг байсан гэх үү дээ. Тиймээс ч би хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай сургууль руу шилжилгүй хуучин сургуульдаа үлдсэн. Хараагүй боловч дэлхийд гайхагдаж чадсан хүмүүсийн үлгэрээр амьдарна хэмээн өөртөө амласан байсан юм.
Гэтэл бурхан намайг 8 дугаар ангид ордог жил зүрхэн дэх мөсөн уулыг минь хайлуулахаар түүнийг надад илгээсэн. Арван жилд байхад бараг жил бүр шинэ хүүхэд ангид маань шилжиж ирдэг байлаа. Тэр үед ангийхан надад сайн хандахыг хичээдэг байсан ч багын хүнээр өрөвдүүлэх дургүй байсан учраас би бүх хүмүүсийг өөрөөсөө түлхдэг байсан. Гэтэл тэр намайг өөрчилсөн. "Нэрийг нь Ганболд гэдэг юм. Танилцацгаагаарай" гэж багш минь хэлж байсныг би сайн санаж байна. Хамгийн хойно ганцаараа сууж байсан миний чихэнд нэг л сайхан хүний над руу чиглэн ирэх гутлын чимээ сонсогдож байлаа. Эхний өдөртөө тэр надтай юу ч дуугарсангүй. Харин дараагийн өдрөөс бид хоёр хичээлийн холбоотой аахар шаахар зүйлсийн талаар ярилцдаг болов. Хагас сарын дараа гэхэд бид өөрсдийн гэр бүл, хувийн амьдралын талаар ярилцдаг боллоо. Би анх удаа түүнийхээ л дэргэд сэтгэлээ онгойтол хамаг зовлонгоо яриад уйлж үзсэн. Би анх удаа хүнд өөрөөсөө илүүгээр итгэж үзсэн юм. Нэг л мэдэхэд бид хайрын тухай ярилцдаг, гудамжаар хөтлөлцаад алхдаг болсон байлаа.
Тэр үдшийг би хэзээ ч мартдаггүй. Хичээлийн давтлага орой тарсан үед намайг үүдэнд минь хүргэж өгчихөөд, баяртай гэж хэлэхдээ тэр миний анхны үнсэлтийн эзэн болсон. Би урьд нь хэзээ ч тэгтлээ их хараа орохыг хүсч байгаагүй санагддаг юм. Түүнийхээ намайг үнссэн уруулыг нь харахыг намайг тэвэрдэг гарыг нь харахыг ер нь түүнийхээ ямар сайн сайхан хүн болохыг нүдээр үзэхийг хүсч эхэлсэн. Тэр үдэш гэртээ ороод би анх удаа аав ээжээсээ надад нүдний донор олж өгөөч гэж гуйсан юм. Миний түүнийгээ харахсан гэсэн хүсэл хичнээн их байсан ч, юм бүхэн миний санаснаар болох биш дээ. 3 жилийн турш тасралтгүй донор хайгаад олдоогүй. Тэр маань ч Анагаах ухааны их сургуулийн 3-р курсын оюутан болж, харин би хараа ортлоо их сургуульд сурахаа хойшлуулахаар шийдсэн юм.
Анх танилцаж байснаасаа нас бие гүйцсэн бид хоёр гэрлэлтийн талаар ярилцдаг боллоо. Намайг хурдхан эхнэрээ болгох хүсэлтэй байгаагаа илэрхийлэхболгонд нь би хараа орохоос нааш хэрэггүй гэсэн хариултыг хэлдэг байсан. Одоо ингэж хариулдаг байсанда өөрийгөө зүхээд зогсдоггүй.
2008 оны 6 сард надад эмнэлгээс донор олдлоо гэсэн хариу ирлээ. Би ч яахав, аз жаргалдаа умбасан амьтан түүнийгээ гэртээ дуудаад баяр тэмдэглэлээ. Долоо хоногийн дараа мэс засалд орох болсноо дуулгахад тэр минь наанаа баяртай байна гэж байгаа ч цаанаа хөнгөн гунигтай байгаа нь надад мэдрэгдэж байсан. Тэгэхэд надаас "Чи минь энэ хорвоог хардаг болоод миний эхнэр болно биз дээ" гэж асууж билээ. Би ч эргэлзэх юмгүй толгой дохисон.
Товлосон өдөр ч болж, би мэс засалдаа орлоо. Би хэдий сохор байсан ч, хүний намайг ширтэж байгааг сэм гадарладаг байсан юм. Намайг мэс засалд орохын өмнө тэр намайг удаан харж байгаа юм шиг надад санагдсан. Яг л сүүлийн удаа намайг хараад авъя гэсэн шиг.
Одоо би тэр мэс засалд яах гэж орвоо гэж өөрийгөө зүхдэг. Хагалгаанаас 3 сарын дараа би боолтоо тайлсан. Нүдээ нээсэн өдөр нар тэнгэр ээж аав дүү нар, ширээ сандал гээд бүх юм надад сонин байсан ч ганцхан түүнийгээ харах хүсэл сэтгэлд минь юу юунаас илүү оргилж байлаа. Түүнийхээ гэрт очиход өөдөөс минь хар нүдний шилтэй таяг тулсан залуу гарч ирлээ. Тэр сохор байсан. Өөдөөс минь одоо чи минь надтайгаа гэрлэнэ тийм үү гэж асуухал нь би зугатаад явчихсан. Зүгээр л тэр үед юу ч бодоогүй. Насан туршдаа сохор хүн тэжээнэ гэж үү дээ, арай гэж өөрийнхөө зовлонгоос салж байхад гэсэн бодол шууд орж ирсэн юм. Анхнаасаа л зовлн нэгтэй болохоор над дээр ирсэн юм байна. Ийм байж яаж надтай гэрлэнэ гэж бодсон юм бол гэсэн хувиа хичээсэн өөдгүй тэнэг ухаангүй бодол толгойд эргэлдээд зүгээр л зугтчихсан. Над руу залгахад нь утсаа тасалж, дугаараа хүртэл сольсон. Тун удалгүй би Япон руу сурахаар явсан юм. Явж байгаа тухайгаа ч түүнд хэлээгүй. Харин би сүүлд түүнийг миний донор болсон гэдгийг мэдсэн юм даа.
Энэ захиаг над шиг олон охид амьдралдаа ийм алдаа битгий гаргаасай гэж хүсээд бичлээ. Одоо би түүнийг хичнээн санаад ч сургийг нь гаргаж чадахгүй байгаа. Тэр маань надаас болж энэ хорвоог харж чадахгүй болчихоод ямар их зовж байгаа бол гэхээс сэтгэл эмтэрдэг юм. Намайг түүн шиг хайрлах хүн одоо хичнээн хүсээд ч гарч ирэхгүй. Яагаад гэвэл надад заяагдсан тийм сайхан хайрыг би дааж чадаагүй учраас. Одоо энд энэ бүхнийг бичээд уйлж суугаадаа итгэхгүй байна. Хүний хайрыг дааж яваарай. Хүнд хайрлуулах шиг сайхан зүйл байдаггүй юм шүү.
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино