"Зөвшөөрч байна" гэж хэлээд л, ирээдүйн эр нөхрийнхөө уруул дээр үнсэн, цасан цагаан даашинзтай хуримын ордноос гарч явахыг мөрөөддөггүй эмэгтэй гэж байхгүй биз ээ. Гэтэл бодит байдал дээр бидний тэгтлээ их хүсэн хүлээж байсан мөчөөр таны зовлонгийн эхлэл тавигдаж байгаа юм биш биз? Бүсгүй та хуримынхаа бэлтгэл ажилд яарахаас өмнө өөрийгөө үнэхээр түүнтэй хамт амьдралаа зохиоход бэлэн эсэхээ дахин нэг бодоод үзээрэй.
-Юуны өмнө та өөрөө өөрийгөө сайн мэдэх үү? "Би" хэмээх өөрийн дотоод ертөнцөө бүрэн дүүрэн таньж чадсан уу гэдгээ тунгааж үзэхийг танд зөвлөе. Гэрлэлт гэдэг бол өөрийгөө хайж олох аялал биш юм шүү. Та дэр нэгтгэх гэж байгаа эртэйгээ яг л нэг хүн шиг байж, түүний эрх ашиг, хүсэл сонирхлыг хүндэтгэх, хүлээн зөвшөөрөх чадвартай байх ёстой. Таныг юу баярлуулж, юу уурлуулж, юу гомдоодог болохыг нарийвчлан ажиглаарай. Мөн өөрийнхөө алдаа дутагдал, биелүүлэх ёстой зорилгоо тодорхойлохыг хүсье. Өөрөө өөрийгөө таньж байж л, эр нөхрөө ойлгож чадна гэдгийг санагтун.
-Та санхүүгийн хувьд гэрлэлтэнд бэлэн байна уу? Хамтдаа шинэ амьдрал эхлэхэд хүрэлцэхүйц хэмжээний хөрөнгө танд бий юу? Салалтын шалтгааны дийлэнх хувийг санхүүгийн хангалтгүй байдал эзэлдэг гэнэ. Хамтдаа гэр бүлийн орлого зарлагаа хянаж, төлөвлөгөө боловсруулсан ч болно шүү дээ.
-Та хамтрагчтайгаа үнэхээр дотно харьцаатай байж чаддаг уу? Хэрэв үгүй бол ийм харьцааг тогтоохын төлөө хичээгээрэй. Тэр таныг яриаг анхааралтай сонсдог уу? Хамт амьдраад ирэхээр энэ байдал өөрчлөгдөнө хэмээн найдаж хэрхэвч болохгүй. Дахин бодож үзээд, хуримынхаа бөгжийг зүүхээс өмнө та хоёрын хооронд үл ойлголцол үүсгэж болох хүчин зүйлсүүдийг устгаарай.
-Хамтрагчийнхаа өнгөрсөн амьдралын талаар тодорхой хэмжээгээр мэдээлэлтэй байх хэрэгтэй. Тэр таньтай учрахаасаа өмнө хэд хэдэн сексийн хамтрагчтай байсан уу? Эсвэл тэр хэнтэй ч бэлгийн харьцаанд орж амжаагүй нэгэн үү? Бие биедээ нээлттэй байна гэдэг нь гэр бүлийн сайхан амьдралын эх үндэс юм. Та түүнээс ямар нэг юмаа нууж байна уу? Түүндээ нэг зүйлийн тухай хэлэхийг эртнээс хүссэн боловч зориг хүрэхгүй л явна уу? Тэгвэл одоо хэлэх цаг нь болжээ.
Эцэст нь зөвлөхөд найз залуу, найз бүсгүйн харьцаатай байх, мөн эхнэр нөхрийн харьцаатай байх хоёр нь хоорондоо олон зүйлсээрээ ялгаатай гэдгийг бид бүгд мэднэ. Тэдгээр ялгаануудын зарим нь аз жаргалыг авчирдаг ч, зарим нь гуниг зовлонг дууддаг. Аав ээжийн эрх охин, эсвэл ганц бие ажил хэрэгч эмэгтэйн амьдралаасаа бие даасан гэр бүлийн амьдралд орохдоо бэлэн эсэхээ сайтар тунгааж байгаад, хэрэв тийм бол хуримын өдрөө итгэл дүүрнээр "Зөвшөөрч байна" гэдэг үгийг хэлээрэй.