2010/05/08

Энхрийлэн /өгүүллэг/


Бүх охид над шиг болохыг хүсдэг. Харин би зүгээр л “бүх охид” шиг болмоор байна.
Дахиад л нэг хичээлийн өдөр.Ангийнхаа босгыг давахад урьдын адил оюутнуудын намайг сонжих харц угтан авна. “Өнөөдөр Энхрийлэн ямар шинэ хувцас өмсөө бол? Яаж үсээ янзлуулаа бол?” гэсэн асуултууддаа хариулт олох гэж тэр.




Би айдаг. Нэг л өдөр жирийн байдалтай ирвэл, ямар их хов жив хойноос дагах бол гэхээс өдөр бүр гадаад төрхөндөө зүтгэл гаргахаас аргагүйд хүрнэ. Үнэндээ би сул футболк, хямд жинсэн өмд өмсөж, үсээ дээр боох дуртай.


Салааны дундуур доороос минь дээшээ цахилгаан утас мэт гүйлдэх харцуудыг анзаараагүй царайлан алхсаар хамгийн хойд талын ширээнд очиж I-Pad-аа асаагаад суулаа. Энэ танхимд Макро эдийн засаг гэдэг хичээл ордог гэнэ лээ. Даваа гаригийн эхний цагт анх удаа сууж үзэж байгаа минь энэ. Урд ширээнд сууж байсан үл таних охин эргэж хараад, их л танимхайран надтай яриа өрнүүлэхийг оролдож байв. Хөгжмөө улам чангалаад, сонсоогүй ч сонссон царай гарган инээлээ. Юу ярьсныг нь мэдэх ч хүсэл төрсөнгүй. Хуурамч боловч миний инээмсэглэл хэн хүнийг баярлуулж чаддаг.

Ширээн дээрээ гараа дэрлээд хэвтэж байтал, багш ирээд нөгөө л нэг “дүнг чинь гаргахгүй” энэ тэр зүйлээ ярьж эхлэх шиг боллоо. Бүгд ёс хэмээн ингэж хэлдэг ч, жилийн эцэс болоход дүнгийн дэвтэр дээр минь 100%-иуд өрөөстэй байдгийг би мэднэ. Өөрийнхөө сонголтоор муу ч гарах эрхгүй гэдгээ би эрт ухаарч дээ. Амьдралын минь бүхий л зүйл хүслээс минь үргэлж гадуур, нэг л мэдэхэд сонгогдчихсон байдаг. Гэр бүлийн бизнес, олны дундах нэр хүнд зэрэг нь миний сэтгүүлч болох мөрөөдлөөс илүү хүчтэ учир би эдийн засагчийн ангид элсэн орсон. Шөнө унтсан хойно минь ирж, өглөө сэрэхээс минь өмнө явчихсан байдаг гэрийнхэн минь сэтгэл дотрыг минь яаж ч мэдэх вэ дээ.Тэдний надад зориулсан хамгийн том халамж нь “мөнгө” билээ. Заримынх нь цусаа урсган олдог тэр дэвсгэртүүд картанд минь өдөрт л зуу зуун мянгаараа шилждэг. Эцэг эхийг минь эрээн цаас л орлож өсгөсөн дөө. Бүгдийг нь хоосортол үрчихмээр санагддаг ч данс руу минь минут тутамд нөхөгдөөд орчихдогт нь дургүй хүрнэ. Ялангуяа хүмүүсийг надад тал засахад хүргэдэгт нь, бас намайг өөрөө өөрөөс минь холдуулж байгаад нь би тэрийг үзэн яддаг.

Хичээлийн цагууд урсаар арай л гэж дууслаа. Нарны шилээ зүүж, уруулаа өнгөлөөд гарахад хойно үлдэх хүмүүсийн миний тухай шивнэлдэх яриа чих дэлсэнэ. Зэвүүцэл хүргэм атаа хорсол нь намайг аль нэг талаараа аз жаргалтай болгох шиг.
Гадаа гарахад өсгийтэй гуталны доор шинэхэн тогтсон ус цийлэлзэж байв. Дахиад л бороо юу даа? Яасан ч уйлж дуусдаггүй тэнгэр вэ? Яг над шиг.
Хашааны цаана зогсох benz-s500 машины хаалгыг татан суугаад урд талын толийг хартал үл таних төрх үзэгдлээ. Халааснаасаа тамхи гарган асаах зуураа
-Чи бас л шинээр ороо юу? Хэмээн намайг асуухад
-Тиймээ та хаашаа очих вэ гэсэн шинэ ажилтны долигоносон өнгө аясаар эргшүүлэн асууж байх юм. Чигээрээ гэсэн дохиог гараараа ойлгуулаад уушиг руу минь нэвтрэх хорт утаанаас жаахан ч гэсэн таашаал авч байгаадаа сэтгэл ханан замыг элээнэ. Цээжний гүнд бөөгнөрсөн хоосон мөртлөө нягт, өтгөн бодол...Жолоочийг солигдох бүрт өнөөх зүрх зүсэм дурсамж өөрийн эрхгүй толгойд орж ирэхийг нь яана.

Би түүнд л дурлаж байсан...чин сэтгэлээсээ. Хоёр жилийн өмнө анх их сургуулийн босго алхаж байхад минь надад тусдаа машин гаргаж өгөн юм. Тэр миний анхны жолооч байсан. Халимаг үс, давхраагүй хэрнээ том нүд, өндөр хамар нь сайхан инээмсэглэлийг нь улам тодруулдаг гээч. Түүний өмнө би юуг ч эсэргүүцэх тэнхэлгүй болж, зөвхөн царайг нь нарийвчлан ажихдаа ямар нэг инээдтэй хэсэг олох бүртээ дотроо шоолосхийн улам хайрладаг байж билээ. Хааяа бид хоёр гэрийнхнээс нууцаар хотоос гадагш гарч салхилна. Гол дамнан өрсөн том чулуунууд дээр алхахдаа, хөтөлж байсан гар нь үл мэдэг чичирч байсан. Бараг л надад ойртдоггүй ч, намайг хайрласан хайраа дотроо нууж явааг нь би мэдэрдэг байлаа.

Тэр удалгүй ажлаасаа халагдсан. Явахдаа хамгийн сүүлийн удаа хацар дээр минь үнссэнсэн. Зүрхийг минь савчуулсан тэр үнсэлтйиг уруул дээрээ болгож, төсөөлөн суухдаа галзуурах шахдаг байлаа. Хэсэгтээ л би эцгийгээ үзэн ядсан. Бидний бие биенээ гэсэн сэтгэлийг мэдмэгцээ дур мэдэн надад сар бүр шинэ жолооч авах болсон. Эрх чөлөөтэй харагддаг хэрнээ, дэндүү боогдмол охиноо дахиад тэдэнд дурлачих вий гэж айсандаа тэр. Ядаж нэг тэнгэр дор байгаа гэдэгтээ тайвшрах гэж гадаадад сурахаас татгалзсан юм даа.

Замаар явж байгаад Mass nightclubийн урд машинаа зогсоох тушаал өглөө. Дотор орон лааз пиво бариад бүжгийн талбай дээр гарав. Хэд хэдэн таньдаг залуусын царай эргэн тойронд. Бүгд надтай нэг шөнийг өнгөрүүлэх юмсан гэсэн шуналтай харцаар намайг гижигдэнэ. Нэг нь хойноос ирээд, чихэнд “Төрсөн өдрийн мэнд хонгор минь” гэж шивнээд бүсэлхийгээр минь тэврэн бүжиглэж эхэллээ. Өнөөдөр төрсөн өдөр мнь байсныг сая л санав. Өнөөх залуугийн зөөлөн амьсгал хүзүүг минь шүргэх нь тааламжтай. Хэсэг бүжиглэж байгаад “Чамд бэлдсэн тусгай бэлэг бий шүү.” Гэж хэлээд тэр намайг VIP өрөөнүүдийн нэгт дагууланорлоо.

Дотор нь хэн ч алга. Тэр гадур хувцасныхаа халааснаас жижигхэн шилтэй юм, нэг тариуртай гаргаж ирээд “За, чиний захиад байсан юм энэ дээ. Хамгийн үнэтэй нь шүү. Яаж олсон гэж бодно.” Хэмээн инээгээд над руу сарвайлаа.

Үнэндээ би маш их баярлаж байв. ”Хар тамхичин” нэрийг зүүх дургүй ч, тэрхү аймшигт хоронд өдрөөс өдөрт донтож буйгаа мэдэрч байлаа.
Төрсөн өдрийнхөө бэлгийг тариурын хоолой дүүртэл соруулаад, өнөөх залууд атгуулангуутаа нүдээ анилаа. Хэсэг хугацааны дараа гарын минь чангарсан судас руу ховорхон шингэн бодис дусал дуслаар орж эхлэв. Аажимдаа ухаан санаа минь балартаж, хийж байгаа зүйлээ мэдрэх сөхөөгүй болохоо би мэдэж байв. Биед минь хар тамхи шахаж байгаа залууг ч намайг бүрэн мансуурсан хойно, биеэр минь өөрийн хүслийг гүйцтэл хангахаа би мэдэж байна. Уйлж байна...гэхдээ л сайхан.
2010.05.02
blog comments powered by Disqus
:
Вебсайт захиалгаар чанартай хийж үйлчилнэ. zayaznet@yahoo.com Биотогоор бариа засал хийнэ, эмчилнэ. 96688201, 97671271
 
Copyright © 2010 Zayaz.net Сайтын мэдээллийг ашиглах тохиолдолд заавал нэрийг дурдана. Вебсайтын загварыг Да Пино